Uncategorized

​Б.Одмандах: Архиар шахаж согтоосны улмаас бусдад гэм хор учруулвал шахсан хүн хариуцлагыг хүлээнэ

УИХ-ын чуулганы долдугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх хуулийн шинэчлэлийн талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Одмандахтай ярилцлаа.

-Хуулийг шинэчлэн найруулах шаардлага юу байсан бэ гэдгээс яриагаа эхэлье? 

-Сүүлийн 10 жилийн гэмт хэргийн статистик үзүүлэлтээс үзэхэд жилд дунджаар 20 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэгээс 15-20 хувь нь согтуугаар үйлдэгдэж байна. Түүнчлэн жилд 100 мянга орчим хүн эрүүлжүүлэхэд орж, жилд 1000 орчим хүнийг албадан эмчилгээнд явуулдаг. Архины хамааралтай болох нь сэтгэцийн эрүүл мэнд талаасаа өвчин юм. Өвчтэй болохыг нь тогтоосон тохиолдолд хоёр төрлөөөр эмчилдэг. Өөрийгөө архины хамааралтай болсон гэж үзээд эмчлүүлье гэвэл ердийн журмаар эмчлүүлнэ. Харин эмчилгээнд явахгүй гэвэл албадан эмчилдэг. Албадан эмчлэхэд шүүхийн шийдвэрээр хамгийн багадаа гурван сар эмчилнэ. Энэхүү статистикийг харахад иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдох шалтгаан нь согтууруулах ундаа байсаар байна. Энэ нь хуулийг шинэчлэн найруулах олон шаардлагуудын нэг. Миний хувьд урьдчилан сэргийлэлт талаас нь хариуллаа.

-Хуульд ямар онцлох заалтууд орсон бэ? 

-Архины зохистой хэрэглээ, хариуцлагатай үйлчилгээний талаар хуульд тусгаж өгсөн. Согтууруулах ундаагаар үйлчилдэг газрын ажилтан зохих сургалтад хамрагдах ёстой. Үйлчилгээ үзүүлж буй байгууллага архи, согтууруулах ундаа худалдан авах гэж буй иргэний насыг 21 хүрээгүй гэж үзвэл бичиг баримтыг нь шалгах эрхтэй болж байна.

Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг ил тод, нээлттэй байдлаар сонгон шалгаруулдаг болно.

Архидан согтуурахтай тэмцэх сангийн санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгож байна. Урьд нь, ААН, иргэд сайн дурын үндсэн дээр санд мөнгө өгч болно гэж заасан байсан. Харин шинэчлэлээр согтууруулах ундааны литр тутамд ногдуулж буй онцгой албан татвар тутмаас 300 төгрөгийг Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлуулна. Энэ бол маш чухал заалт. Ингэснээр төсөвт хүндрэл учруулахгүй. Үйлдвэрлэж, импортолж буй хүмүүст ч хүндрэлгүй. Сангийн хөрөнгийг архины хамааралтай этгээдэд тусламж үзүүлэх, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг сурталчлахад зарцуулна. Сан нь удирдах зөвлөлөөрөө дамжуулан хөрөнгөө зарцуулах бөгөөд ХЗДХ-ийн сайдын дэргэд ажиллана.

Архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагын тусгай зөвшөөрлийг цагийн ялгамжтай болгосон. Тухайлбал, 11.00-22.00 цаг хүртэл, 14.00-04.00 цаг хүртэл гээд хоёр төрөлтэй байна. Шөнийн цагаар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн татвар, хураамж нь өндөр байх юм.

-Энэхүү тусгай зөвшөөрлийг давхардуулж авч болох уу. 24 цагаар ажилладаг дэлгүүрүүд заавал нэг тусгай зөвшөөрлийг авах уу? 

-Хуульдаа хоёуланг нь авч болохгүй гэж заагаагүй. Гэхдээ хууль хэрэгжиж эхлэх үед үүнтэй холбоотой журмыг ХХААХҮЯ-аас гаргана. Үүнд нарийн зохицуулалтыг оруулж өгнө. Түүнчлэн уг журамд тусгай зөвшөөрөл авахад ямар шаардлага хангасан байх зэргийг тусгаж өгнө.

Согтууруулах ундаагаар шахаж болохгүйг хуульчилсан. Бусдыг согтууруулах ундааны зүйлээр шахсанаас болж хэтрүүлэн хэрэглэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд согтууруулах ундаагаар шахсан хүн нь тэр гэм хорыг хариуцна. Энэ маш чухал заалт болсон.

Нэрмэл архины талаар заалт мөн орсон. Ахуйн хэрэглээнд хэрэглэхэд архи нэрж байгаа бол тусгай зөвшөөрөл шаардахгүй. Харин их хэмжээгээр үйлдвэрлэж, худалдан борлуулж буй тохиолдолд тухайн орон нутгийн удирдлагаасаа тусгай зөвшөөрөл авна.

class=”img”>
class=”description”>-Ерөнхийлөгч архины градусыг жил бүр хоёр хувиар буулгая гэдэг санаачилга дэвшүүлсэн. Хуульд энэ талаар орсон уу? -Энэ хуулийн гол үзэл баримтлал нь юм. Жилд хоёр хувиар хатуулгийг бууруулж үйлдвэрлэвэл тухайн үйлдвэрлэгч татварын хөнгөлөлт эдэлнэ. Түүхэн уламжлалаас харахад бид өндөр градустай архи хэрэглэдэггүй байсан. Бидний хэрэглэдэг байсан нэрмэл архи нь зөөлөн градустай, цагаан идээнээс гаралтай байсан шүү дээ. Өндөр градустай архи нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, богино хугацаанд согтон өөрийгөө хянах чадваргүй болж байна. Ингээд гэмт хэрэг, зөрчилд холбогдон бусдыг хохироож, өөрсдөө амь нас, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч байгаа юм.

Олон улсын жишгийг судлахад БНСУ энэ санаачилгыг хэрэгжүүлсэн юм билээ. БНСУ-д сөжү гэж архи бий. Маш бага градустай учир эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь харьцангуй бага. Энэ хуулийн хавсралтаар Ерөнхийлөгчийн санаачилга батлагдсан. Тэгэхээр хууль мөрдөгдөж эхэлснээр архины градус жил бүр хоёр хувиар буурна. Энэхүү заалт хэрэгжиж тодорхой хугацааны дараа архины градус буугаад ирэхээр өндөр градустай архи, импортын архи хамгийн үнэтэй байх болно.

Мөн савлагааны асуудлыг хуульд оруулж өгсөн. Хамгийн бага савлагаа нь 0.33 литр байна. Судалгаагаар, архины хамааралтай хүмүүс уусны маргааш шараа тайлахад 100 грамтай архи авч уудаг талаар гарсан. Бидний хэлдгээр “хөөрөг”. Үүнийг энд тэндгүй зарж байдаг. Уусныхаа маргааш үүнийг авч ууж согтоод дахин олон хоногоор уух нь ихсээд байгаа юм. Хууль батлагдсан өдрөөс хойш 100 грамтай архи зарагдахгүй. Үүнээс гадна төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглосон.

-Согтууруулах ундааг хаягаар хүргэхийг хориглосон юм билээ. Үүнийг тодруулахгүй юу? 

-Согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэлтэй холбоотой. Мөн ахуйн хүрээний архидалт, амралтын газар архидалт зохион байгуулаад архи дарсаа хүргэлтээр авдаг тохиолдол их бий. Ахуй хүрээнд хүүхдийн дэргэд архи дарс уугаад ахуйн хүрээнд гэмт хэрэг зөрчил гарч байна. Мөн амралтын газар, эзэнгүй газар архи дарс ууж ноцтой гэмт хэрэг гарах, тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг үзүүлэлт статистакаар өндөр харагддаг. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд уг заалтыг оруулж өгсөн юм.

-Хуулийг хэлэлцэж байх явцад олон нийтээс архины хэрэглээг хорих тусам гаардаг гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ хууль архи, согтууруулах ундаатай холбоотой циклийг зохицуулж байгаа юм. Бид архичин гэхээр гудамжинд архи уугаад сууж байдаг хүнийг төсөөлөөд байна. Гэтэл таван жилийн өмнө хийсэн судалгаагаар архины хамааралтай 100 мянга орчим хүн байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүхий л давхаргад архичин байна гэсэн үг. Энэ хуулийн шинэчилсэн найруулга нь архидан согтуурахыг дэмжих бус түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн гэж хэлж болно.

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!