Uncategorized

Ч.Батцэцэг: Цогцос хадгалах зориулалттай Е240 нэмэлтийг хүнсэнд хэрэглэвэл хорт хавдар үүсгэнэ

Мах боловсруулах үйлдвэрийн махнаас Е240 кодтой хүнсний нэмэлтийг хольж байсныг тогтоосон. Ингэснээр нийслэлийнхний эрүүл мэндэд ноцтой аюул нүүрлэсэн байж болзошгүй нөхцөл үүсээд буй. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ч.Батцэцэгтэй хүнсний “Е” нэмэлтийн талаар ярилцлаа.

-Ярилцлагын эхэнд хүнсний “Е” нэмэлтийн талаарх ойлголтыг юун түрүүнд өгье. Үүнийг хүнсэнд заавал ашиглах шаардлага байдаг уу?

-Хүнсний “Е” тэмдэглэгээтэй нэмэлт гэдэг нь ДЭМБ-аас хүнсний чанарыг үнэлж олгодог код юм. Тухайн кодууд дэлхий нийтэд нэг жишигтэй. Энэ “Е” тэмдэглэгээтэй бодисыг ерөнхийд нь хүнсэнд хэрэглэж болдог. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл төрөл бүрийн эмгэг үүсгэнэ. Дэлхий дээр нийт “Е” 100-2000 хүртэлх тэмдэглэгээт бодис байдаг. Бүгдийнх нь тун хэмжээг тааруулж хэрэглэхгүй бол хүнд сөрөг нөлөөтэй. Тэрхүү бодисыг байгалийн гаралтай болон зохиомлоор хольж гаргасан гэж ангилна.

Бидний идэж уусан зүйл нэг удаагийн зүйлд “Е” нэмэлт агуулагдаж байсан бол 7-14 хоногийн дараа хортой байсан ч бодисын солилцоогоор бүрэн задарч, хүний биеэс гарах боломжтой. Гэвч өдөр бүр хүнсний “Е” нэмэлт хэрэглээд байвал бодисын солилцооноос шимэгдэж чадахгүй хорт хавдар зэрэг гаж нөлөө үзүүлдэг сөрөг үр дагавартай. Жишээлбэл, өдөр бүр кола уугаад байвал түүнд агуулагддаг Е нэмэлт бодис хүний биед задрахгүй. Учир нь задрах зай өгөхгүй тогтмол хэрэглэж байгаа учраас ясны сийрэгжилт үүсгэдэг.

-Энэ нэмэлтийг ямар зориулалтаар хэрэглэдэг вэ?

-Үүгээр гүзээлзгэнэ биш зүйлийг ч гүзээлзгэнэ шиг харагдуулж, үнэртүүлж, адил амттай болгож болдог. Аливаа бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, сийрэгжүүлэх, биежилт, хадгалалтыг уртасгах зорилгоор түлхүү хэрэглэх нь бий.  Ерөөс л органик байдлыг алдуулж буй процесс.

Хатсан хар чавга харахад их царай муутай харагддаг. Гэвч байгалийнхаа жамаар хатаасан тул харьцангуй удаан хадгалж болно. Гэтэл зуны улиралд бид бэлцийсэн том хар чавга дэлгүүрийн лангуун дээрээс хардаг. Хар чавга тийм байх үндэс байхгүй. Хэдэн тив алгасаад ирдэг учраас өчигдөр хураасан мэт байх боломжгүй юм л даа. Гадна харагдах байдлаараа хүмүүсийн анхаарлыг татаж, нүдийг хуурч байгаа хэрэг. Үнэндээ тосорхог бүтэцтэй Е202 гэх бодсонд дүрээд гаргачихдаг. Хажууд нь байгалийн жамаараа хатсан хар чавган дээр жижиг хар ялаа шавдаг. Ялаа хүртэл байгалиараа байна гэж ялгаад дээр нь очиж суугаад байгаа юм. Бид өнгө үзэмжид хууртаж эрүүл мэндээ зольж болохгүй. Тиймээс хүнсний “Е” нэмэлтийн аль нь хортой, аль нь хоргүйг мэддэг байх шаардлагатай.

-Хадгалах хугацааг нь уртасгаж, лаазалж савласан бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний биед ямар нөлөөтэй вэ?

-Хадгалах хугацааг уртасгасан бүтээгдэхүүний тун хэмжээг тааруулж хэрэглэвэл шууд сөрөг нөлөө байхгүй. Гэхдээ давтамж ихтэй идэж хэрэглээд байвал дутуу төрөлт, хүүхдийн хавдар, ургийн гажиг, хорт хавдар зэргийг үүсгэж байгаа гэсэн судалгаа байдаг. Манай улсад өөрсдийн гаргасан “Е” тэмдэгт ийм нөлөөтэй гэсэн судалгаа шинжилгээ, тоо баримт байдаггүй. Зарим оронд хортой байгаа учраас зарим нэг “Е” нэмэлттэй барааг улсынхаа хилээр оруулахгүй, үйлдвэрлэхгүй гэж тодорхой заасан стандарт байдаг.

-Тэгэхээр манай улсад зарим “Е” төрлийн нэмэлтэд стандарт тогтоож, хориглох шаардлага байгаа байх нь?

-Тэгэлгүй яахав. Дотооддоо судалж чадахгүй байгаа ч өөр улсад судлагдсан судалгаанд нь үндэслээд мөрдөх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй улсууд судлаад нотолчихсон байхад бид давхар нотлох шаардлагагүй. Стандарт тогтоовол наад зах нь импортлохгүй байх хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдүүд их өвдөх болсонд “Е” нэмэлтийн буруу хэрэглээ их нөлөөлж байна.

-Е240 нэмэлт Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрийн маханд хольж байгаа нь шалгалтаар тогтоогдчихлоо. Энэ нэмэлтийг юунд хэрэглэдэг юм бэ?

-Цогцос хадгалах буюу хүн, амьтны биеийг тэр хэвээр нь хадгалах зориулалтаар ашиглах нь бий. Биологийн кабинетад туршилтын амьтныг олон жил хадгалсан байдгаар нь хүмүүс түлхүү мэдэх байх. Энэ Е240 буюу формальдегидийг хэрэглэсэн бол мянган жил болсон ч хэвээрээ байдаг. Хадгалагч химийн бодис юм. Зарим нэг ургамал амьтнаас формальдегид нь байгалийн жамаараа маш бага хэмжээгээр ялгардаг. Малын төрлөөсөө хамаарч 8-16 ppm хэмжээгээр ялгардаг. Шинжилгээгээр аливаа хүнсний бүтээгдэхүүнд 16 ppm-ээс дээш агуулагдсан байвал үйлдвэрийн зориулалтаар буюу хиймлээр гаргасан байна гэсэн үг.

-Үүнийг хүнсний зориулалтаар хольж хэрэглэж болох уу?

-Хуурай бяслагны сүүг ээдүүлэх үйлдвэрийн явцад бага хэмжээгээр хэрэглэдэг. Барилгын хавтан, даавуун үйлдвэрлэл, арьс шир боловсруулах зэрэг хүнсний бус зүйлд голчлон ашиглана. Даавууг үрчийж хорчийдоггүй байхад хэрэглэдэг л дээ. Гэхдээ хувцсанд заагдсан хэмжээний тунг хэтрүүлж болохгүй. Хүнс хөнгөн үйлдвэрийн  судалгааны хүрээлэн хувцсанд заагдсан хэмжээг баталсан байдаг. Тэд орчин үеийн жишигт нийцсэн лабораторид судалгаа хийж байгаа. Боломж нь байвал хувцасныхаа формальдегидыг хэмжүүлэх хэрэгтэй. Өмсөж байгаа хувцсаа биед сөрөг нөлөө үзүүлэхүйц байгаа эсэхийг мэдэхгүй бол 2-3 удаа халуун усаар угааж болно.

-Үүнийг эд зүйлд түлхүү хэрэглэдэг юм байна. Хүнсэнд хэрэглэвэл хүний биед ямар гаж нөлөө үзүүлдэг вэ?

-Ерөөсөө л хорт хавдар үүсгэнэ. Дэлхий нийтээр хорт хавдар үүсгэнэ гэж зарласан. Байгалиас ялгарсан 16 ppm-ээс давах л юм бол эрсдэлтэй. Маханд ч мөн адил.

Нэг удаа хоолны махаа авлаа гэхэд орой бүр түүгээрээ хоол хийж иднэ. Өдөр бүр давтамжтай хэрэглэсэн бол тунгийн илүүдэл хүний биед хуримтлагдаад л байж байна. Тэр тунгийн илүүдэл хүний биеэс цэвэрлэгдэж гарахгүй. Тиймээс хорт нөлөөгөө үзүүлж л байдаг. Уг нь химийн хорыг саармагжуулах бодис гэж байдаг ч формальдегидыг яаж саармагжуулдаг нь тодорхойгүй байсаар байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!