Uncategorized

Сэтгэцийн эмч М.Далайцэрэн: Сэтгэл зүйгээ тогтвортой байлгахад туслах таван алхмыг танд санал болгож байна

Сэтгэцийн эмгэг болон цар тахлын үед сэтгэл санаагаа хэрхэн тайван байлгах талаар БГД-ийн Эрүүл мэндийн төвийн  сэтгэцийн эмч М.Далайцэрэнтэй ярилцлаа.

Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ. Сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Эрүүл мэнд гэдэг нь бие махбодын эрүүл мэнд, сэтгэл зүй оюун санааны эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд гэсэн гурван хэсгээс бүрддэг.  Өөрөөр хэлбэл, хүний бие мах бод эрүүл байж сэтгэц эрүүл, сэтгэц эрүүл байж бие эрүүл байна. Хүнд маш олон хэрэгцээ байдаг. Түүний дотроос физиологийн болон сэтгэл зүйн суурь хэрэгцээ нь хамгийн чухал хэрэгцээ болдог. Үүний дараа аюулгүй байдлын хэрэгцээ, хайр халамжийн хэрэгцээ, өөрийн үнэлэмжийн хэрэгцээ, танин мэдэхүйн хэрэгцээ, гоо зүйн хэрэгцээ, бусдад туслах замаар өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ зэрэг багтдаг байна. Орчин үед хүн амыг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар гурван бүлэгт хуваан авч үздэг. Үүнд:

Сэтгэцийн хувьд эрүүл хүн: Амьдарч буй нийгэм хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадвартай, өөрийн бүхий л чадваруудаа бүрэн дайчилж үр дүнтэй ажиллаж, нийгэмдээ зохих хувь нэмрээ оруулж байгаа хувь хүнийг хэлнэ.

Сэтгэц нийгмийн тулгамдсан асуудалтай хүн: Стресстэй, сэтгэлийн  цохилтод өртсөн нийгэм сэтгэл зүйн гаралтай, зохистой шийдвэрлэх шаардлагатай асуудалтай, сэтгэцийн түр зуурын хямралд өртсөн хүнийг хэлнэ. Завсрын энэ үе шатанд тулгамдсан асуудлыг зохистой шийдвэл, буцаад сэтгэцийн хувьд эрүүл болох боломжтой ба шийдэж чадахгүй бол сэтгэцийн эмгэг рүү шилжих эрсдэлтэй. Монгол Улсын хүн амын 38 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлтэй.

Сэтгэцийн эмгэгтэй хүн: Өвчний олон улсын 10-р ангиллын “Сэтгэц зан үйлийн эмгэгүүд” гэсэн бүлэгт оношийн шалгуураар оношлогдсон хүнийг хэлнэ.Манай улсын хүн амын гурван хувь нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй. Манай улсад 2013 онд үндэсний хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн томоохон судалгаа хийсэн байдаг. Уг судалгаагаар Монголд 10 жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл түгших эмгэг найм дахин, сэтгэл гутрах эмгэг долоо дахин өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэцийн эмгэг, сэтгэл зүйн хүнд байдалд байгаа хүний тархинд ихэвчлэн ямар, тэр дундаа сөрөг бодлууд төрдөг бол. Бид энэ эмгэгээр шаналж буй хүнтэй хэрхэн зөв харьцах хэрэгтэй вэ?

-DSM-5 буюу Америкийн сэтгэцийн эмч нарын холбооноос гаргасан жагсаалтаар 450 гаруй сэтгэц зан үйлийн эмгэг байдаг. Тухайн эмгэг нь хэдий хугацаанд эдгэрэх, сайжрах нь хувь хүн бүрд өөр, өөр байдаг. Яг энэ эмгэгт ийм бодол үүснэ, бодогдоно гэсэн юм байхгүй. Сэтгэцийн эмгэг нь хүнд дараах байдлаар тохиолддог бөгөөд үүнд сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрал, нойргүйдэл, биеийн хэлбэрийн эмгэгүүд хамгийн их тохиолддог. Жишээ нь, сэтгэл гутрах гэдэг бол хэвийн сэтгэл зүйн хариу урвал бөгөөд үргэлжлэх хугацаагаараа хоёр долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилвэл сэтгэл гутрах эмгэг болдог. Сэтгэцийн эмгэгийн үед харилцааны чадвар алдах магадлал өндөр байдаг тул сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ хийнэ. Эдгээр хүмүүсийг бид ялгаварлан гадуурхахгүй, ойлгож хүлээн зөвшөөрөх нь чухал байна. Яагаад гэвэл сэтгэл гутралын улмаас нийгмийн харилцааны чадвараа алдах, цаашлаад хүндэрсэн үед нь хөдөлмөрлөх чадвараа алдах эрсдэлтэй. Учир нь сэтгэл гутрал хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг. Мөн дэлхий дээр сэтгэл гутрах эмгэгээр 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог байна. Дэлхий дээр хөдөлмөрийн чадвар алдалтаар сэтгэл гутрах эмгэг эхний тавд ордог юм.

Сэтгэлийн зовлон, сэтгэл түгшилт ихэссэнээр тухайн хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл бий болдог вэ?

-Сэтгэл түгшилт хүндрэх үед хувь хүний өдөр тутмын ажил амьдрал харилцаанд саад учирч эхэлдэг. Жишээ нь, бусдад бодол санаагаа илэрхийлж чадахгүй байх, санаа зовсноосоо болж бусадтай харьцахгүй байх зэргээр өдөр тутамд саад бэрхшээлтэй болдгоос гадна идэвхтэй ажил хөдөлмөр эрхлэхэд хэцүү болж эхэлдэг.

Сэтгэцийн хувьд эрүүл байхад юу, юу чухал байдаг вэ?

-Хүн сэтгэцийн хувьд эрүүл байхад чухал үүрэгтэй гурван хүчин зүйл байдаг. Үүнд:

Хувь хүний чадамж ба зан үйл: Өөрийн мэдрэмж болон бодлыг удирдаж сурсан эсэх. Нийгмийн харилцаанд идэвхитэй оролцож, бусдыг хүндлэж, хариуцлага хүлээж чаддаг эсэх

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал: Нийгмийн орчин хүрээлэл бол хүнд маш ихээр нөлөөлж байдаг.  Тухайлбал гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт олны харилцаа тааламжтай эсэх. Мөн цалин мөнгө нь амьдралд хүрэлцдэг эсэх.

Орчны хүчин зүйл: Амьдралдаа наад захын эд бараа, ахуйн хэрэглээний хэрэгцээгээ хангаж чаддаг эсэх. Ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эсэх зэрэг багтана. Сэтгэцийн хувьд эрүүл байх нь тухайн хүнд ямар ямар хүчин зүйлүүд нөлөөлсөнтэй холбоотой байж болдог.

Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ “эмо” гэж шоолох эсвэл өөрийгөө “эмо” байна гэх тохиолдол байдаг энэ нэр томъёо ямар учиртай вэ?

-EMO гэх үг нь EMOTIONAL гэдэг үгийн товчилсон хэлбэр бөгөөд эмзэг мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй гэсэн утга санааг агуулдаг. 1980-1990 оноос уг нэршил тухайн үеийн хөгжмийн урсгалтай холбоотой гарсан ба “Өсвөр насны хүүхдүүд”-тэй илүү холбоотой байдаг. Нэгэн сонирхолтой судалгаагаар EMO style-тай өсвөр насны хүүхдүүдийг судалсан ба эдгээр хүүхдүүд илүү интроверт (дотогшоо чиглэсэн), санаа зовомтгой, гутранги бодолтой байсан байна.

Өсвөр насны хүүхдүүд үе тэнгийнхнээ шоолох, ялгаварлан гадуурхах тохиолдол байдаг. Энэ үзэгдэл ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Америкийн нэгэн сургуульд хийгдсэн сонирхолтой судалгаагаар сурагчдын 34,7 хувь гадуурхагдахаас маш айж санаа зовдог гэж хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүүхдүүд насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад илүү эмзэг мэдрэмтгий ба ялгаварлан гадуурхалтыг илүү хүндээр хүлээж авдаг. Үе тэнгийн дарамт, гадуурхалт бол маш том дарамт сэтгэл зүйн хүчирхийлэл болдог. Тийм учраас хүн бүхэнтэй эрх тэгш харьцах, хүндэлсэн хайрласан хүнлэг харилцааг бий болгоход эцэг эх, багш болон өсвөр насныхны оролцоо маш чухал. Хаана ялгаварлан гадуурхалт байна тэнд үл ойлголцол байдаг. Хаана нэр хоч өгөлт байна тэнд хүлээн зөвшөөрөхгүй байдал байдаг. Ийм учир хэн нэгний онцлог,биеийн хэлбэр хэмжээ, царай зүс,шашин шүтлэг, ёс заншил, хувцас хунар ямар ч байж болно гэдгийг ойлгох нь хамгийн том сэтгэл зүйн боловсрол байдаг.

Коранавирусийн цар тахал Монголчуудын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа вэ. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалд ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн байх боломжтой вэ?

-Саяхан СЭМҮТ-өөс гаргасан судалгаагаар корана вируст халдварын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гарсан. Уг тулгамдсан асуудалтай хүмүүсийн нойрны өөрчлөлт 23,3%, амиа хорлох бодол 23,1%, сэтгэл гутрал 22,1%,сэтгэл түгшилт 20,5% тус тус илэрсэн байна. Тус судалгаанаас харахад:

  • 30-39 насны хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа
  • 500 мянгаас нэг сая төгрөгийн дундаж орлоготой энгийн ажил эрхлэгч, төрийн албан хаагч
  • Хатуу хөл хорионоос шалтгаалж өрхийн орлого буурсан
  • Өдөрт 6-аас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг
  • Коронавируст халдвар “ажил амьдралд маш их нөлөөлсөн”, цар тахлын дэгдэлтэнд “маш их санаа зовж байна” гэж хариулсан хүмүүс сэтгэл зүйн тулгамдсан асуудалд илүү өртөж байгаа нь ажиглагджээ.

Цар тахлын үед сэтгэл зүйгээ тогтвортой байлгахад туслах таван алхмыг танд санал болгож байна.

1. Өдөр тутмын амьдралын хэв маягаа тогтворжуулах

Ихэнх хүмүүс цар тахлыг даван туулах талаар том зүйл боддог ч, өдөр тутмын эрт босох, ариун цэвэр сахих, хэт их идэхгүй зөв хооллох зэрэг нь сэтгэл зүй тогтвортой байхад чухал нөлөөтэй.

2. Өдөр бүр өөрийгөө баярлуул.

Дуртай дуугаа сонсож, дуртай киногоо үзэж, ярихыг хүсдэг хүнтэйгээ ярилц. Хэцүү нөхцөл байдалд байсан ч дор хаяж 15 минут өөрийгөө баярлуулаарай.

3.  Харилцаа холбоотой бай.

Хамгийн энгийн утсаар ярилцах ч байсан хамаагүй, хүнтэй харилцах хэрэгтэй. Учир нь өөр хүний дуу хоолойг сонсож Сайн байна уу? Гэж хэлэхэд л харилцааны дутагдалтай холбоотой стресс тайлагдаж эхэлнэ.

4. Унших мэдээлэлдээ шүүлтүүртэй ханд.

Хэт их хэрэгцээгүй, баталгаагүй, эх сурвалгүй мэдээлэл унших нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэл түгшилт, санаа зоволтыг ихэсгэдэг. Тиймээс өөрийн гэсэн баталгаатай мэдээллийн эх сурвалжтай болоорой.

5. Шаардлагатай бол тусламж аваарай.

Хэрэв өмнөх зөвлөмжийг дагаж мөрдсөн ч таны нөхцөл байдал сайжрахгүй, унтаж чадахгүй, сэтгэл санаа түгших, сэтгэл санаа гутрах байдлаар сайжрахгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаж сэтгэл зүйн дэмжлэг аваарай. Та сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, сэтгэл засалчид хандаж сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!