Uncategorized

М.Болормаа: “Чи мөнгө олж ирж намайг тэжээх ёстой” эсвэл “Би тэжээх үүрэгтэй. Чи гэртээ зүгээр суу” гэдэг хоцрогдсон үзлээс өөрсдийгөө ангид байлгаж

М.Болормаа: Орчин үед 'Эр хүн уйлах ёсгүй' гэдэг хандлагаар хүүхдээ өсгөх нь алсдаа сэтгэл зүйн дарамтад унагана

Хүний эрх, тэр дундаа хүйсийн эрх тэгш боломж, жендэрийн тухай ойлголт нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй. Энэ асуудлаар “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн, жендэр шинжээч, судлаач М.Болормаатай ярилцлаа.

-Юуны өмнө “Жендэр болоод жендэрийн эрх тэгш байдал, гадуурхалт” гэж юуг хэлдэг болох талаар уншигчиддаа ойлгуулах нь зөв болов уу гэж бодож байна. Жендэр гэхээр л манайхан эмэгтэй хүний эрх, эмэгтэй хүн гэж ойлгоод байдаг тал бий шүү дээ?

-Энэ асуудал хүний эрхтэй шууд холбоотой. Жендэр гэдэг нь өөрөө хүйс гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь нийгмийн хөгжил, үйл явцад эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь тэгш эрхтэй байхыг л хэлээд байгаа юм. Бид ихэвчлэн жендэрийн тухай гэхээр эмэгтэй хүн, эмэгтэйчүүдийг л яриад байна гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь энгийн үгээр хэлэхэд, ганцхан эмэгтэй хүний тухай биш, хүний эрх дээр суурилсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрхийн асуудал ярьж байгаа гэдгийг манайхан зөв ойлгох цаг болсон. Яагаад илүү эмэгтэй хүмүүсийн асуудлыг жендэр дээр яриад байдаг вэ гэхээр статистик мэдээлэл харахад жишээлбэл, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг авч үзсэн статистик харахаар 98 хувь буюу дийлэнх эмэгтэйчүүд энэ төрлийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм. Ингэхээр яалт ч байхгүй энэ асуудлыг шийдэхийн тулд эмэгтэйчүүдийн асуудлы ярих хэрэгтэй болно.

Мөн шийдвэр гаргах түвшинд ч эмэгтэйчүүдийн асуудлыг түлхүү яриад байгаа. Тэгэхээр яагаад заавал эмэгтэй хүнийг дарга болох ёстой юм бэ гэсэн асуултыг хүмүүс их хөнддөг. Энэ нь дарга болох гээд байгаадаа биш. Өнөөдөр манайд шийдвэр гаргах түвшинг судлаад үзэхэд 80 хувь нь эрэгтэй хүмүүс ажилладаг, тэнд эрх мэдэл төвлөрсөн хэвээр байна. Өөрөөр хэлбэл, бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хяналт тавих гэх мэт энэ бүх процесс дээр эрэгтэй хүмүүс илүү эрх мэдэлтэй байгаад, эмэгтэйчүүдийн хувьд оролцож чадахгүй хязгаарлагдмал байгаа учраас тухайн бодлогодоо эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээ шаардлагыг тусгаж чадахгүй байгаад байгаа юм. Улс орны бодлого тэр дундаа хөгжлийн бодлогод эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүний онцлог хэрэгцээ шаардлагад тулгуурласан бодлого нь өөрөө тусгагдаж, үүний цаана эрх тэгш хуваарилалтаар хүртэх ёстой байдаг. Аль нэг хүйсийн хэрэгцээ шаардлагыг тусгаж чадаагүйгээс болоод боловсруулж буй бодлого нь өрөөсгөл, хэрэгжилт нь хангалтгүй болсноор эмэгтэйчүүд илүү ядууралд, хүчирхийлэлд өртөж байна гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Эмэгтэйчүүд гэдэг яг юугаараа онцлог юм бэ гэхээр хүүхэд төрүүлдэг нөхөн үржихүйн хүйс гэдгээрээ онцлог байдаг. Энэ онцлогийг эрэгтэй хүмүүс тэр бүр ойлгож, мэдээд байдаггүй болохоор бодлого өрөөсгөл болоод байна аа гээд байгаа. Тэгэхээр жендэрийн асуудал гэдэг маань хүний эрхийн асуудал юм гэж бид нар ойлгох ёстой.

-Монголчууд өөрсдөө ч анзааралгүй “Чи эр юм байж ингэлээ тэглээ, эмэгтэй хүн байж…” гээд л их ярьдаг шүү дээ. Гэтэл хүйсээр нь ингэж ялгаварлаж харьцах нь нийгэмд ямар хор нөлөө авчирдаг вэ?

-Эрэгтэй хүнийг гэхэд “Эр хүн уйлах ёсгүй”, эрэгтэй хүүхдийг гүйж яваад уначихвал “Чи эр юм байж эмэгтэй хүүхэд шиг уйллаа” гэх хандлагаар ярих нь өөрөө тухайн хүнд маш том дарамт, ачаалал болж ирдэг. Яагаад гэвэл багаас нь ингэж хэлээд өсгөчихөөр дараа нь хүн л юм чинь уйлмаар санагдана, амьдралд олон саад бартаа, хэцүү зүйл тохиолдоно. Гэтэл өөрийг нь уйлж болохгүй гээд хүмүүжүүлчихсэн учраас уйлах нь эрэгтэй хүний хувьд гутамшиг юм байна гэж боддог болчихсон байдаг. Энэ нь өөрөө сэтгэл зүйн маш их дарамт болдог. Ингээд л эрэгтэй хүмүүс сэтгэл санаагаа онгойлгох, бухимдал стрессээ тайлахын тулд найз нөхөдтэйгөө нийлж гашуун юм уудаг ч гэдэг юм уу гэх мэт зүйлээсээ болоод нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, янз бүрийн өөр зан авир гаргаж эхэлнэ. Энэ нь нийгмийн асуудал болоод хувирчихаж байгаа юм. Тэгэхээр “Чи эрэгтэй юм байж ингэж болохгүй, эмэгтэй юм байж тэгэж болохгүй” гэдэг нь өөрөө хүн өөрийгөө хязгаарлах зүйлийг бий болгож байдаг учраас хүүхдээ багаас нь л ийм хандлагаар бус харилцан бие биенээ хүндлэх, хайрлаж туслах хэрэгтэй гэж хүмүүжүүлвэл нийгэмд илүү хүний эрхийн тэгш байдал, тэгш боломжийг бий болгоно гэж үздэг.

Энэ нь хандлага нь өөрөө нийгэмд маш их хор нөлөөтэй байгаа учраас зөвхөн Монголд төдийгүй дэлхийд жендэр буюу хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй байх зарчим дээр бодлого нь суурилсан байдаг. Жишээ нь, НҮБ-аас эмэгтэйчүүдийг бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахын эсрэг конвенц байгуулж, 180 гаруй улс орон нэгдэн орсон байдаг. Нэгдсэн улс орон бүрийн Засгийн газар энэ конвенцын дагуу авч хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг хүргүүлдэг. Манай Монгол Улсын Засгийн газар сая 10 дахь удаагийнхаа тайланг хүргүүлсэн. Үүний зэрэгцээгээр эмэгтэйчүүдийн болоод хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэж эвсэл болоод Засгийн газрын хийсэн ажил үнэхээр бодитой байсан уу, яг өөрчлөлтийг авчирсан уу, хүний эрхийг хамгаалж чадсан уу, үгүй юү гэдэг дээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн тайланг  мөн явуулдаг. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг нас, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварлан гадуурхахгүй гээд заачихсан байгаа хэрнээ өнөөдөр бодит байдал дээр хүнийг хүйсээр нь, насаар нь ялгаварлан гадуурхаад байна. Тиймээс бид өнөөдөр энэ нийгэмд хөгжлийг авчрахын тулд бие биенийгээ ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхахын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж хамтран ажиллах ёстой. Ялангуяа энэ нь мөн юутай холбоотой вэ гэхээр бидний соёл, уламжлалын асуудалтай нэлээд  холбоотой гэж авч үздэг. Яагаад гэхээр эрэгтэй хүн бол орон гэрээ, эхнэр хүүхдээ тэжээх ёстой гэдэг хандлага байдаг. Яг үнэндээ бодит амьдрал дээр хүн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай өөрөө өөрийгөө хөгжүүлж, нийгэмд өөрийн оюун ухаан, хүч чадлаа оролцуулаад, түүнийхээ дараа буцаагаад нийгэмд бүтээсэн баялагаа өөрөө хүртэх ёстой. Түүнээс биш хэн нэгний эхнэр юм уу, нөхөр болчихоод заавал тийм үүргийг хүлээх ёстой гэдэг зүйл байх ёсгүй.

Хүн гэдэг утгаараа өөрийн хүсэл мөрөөдөлтэй, тэр мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, суралцах хөгжих ёстой. Энэ зүйлээр хэн нэгнийг хязгаарлаж, боож бол болохгүй. Эмэгтэй хүн эхнэр болсон байсан ч ямар нэгэн урдаа тавьсан амьдралын зорилгынхоо төлөө хөгжих ёстой. Түүнийг нь харин гэр бүлийн хүн нь ойлгож, дэмжих ёстой гэж хэлмээр байна. Ялангуяа манай залуучууд бол энэ асуудал дээр орчин үелэг хандах ёстой. Залуу хүн бүр хүсэл мөрөөдөлтэй байдаг учраас гэр бүл болж байгаа бол “Чи мөнгө олж ирж намайг тэжээх ёстой” эсвэл “Би тэжээх үүрэгтэй. Чи гэртээ зүгээр суу” гэдэг хоцрогдсон үзлээс өөрсдийгөө ангид байлгаж харилцан бие биенийгээ ойлгож нэг зүгт явах хэрэгтэй. Гэртээ ирээд хэн завтай нь биш “Чи эмэгтэй хүн болохоор надад хоол хийж өгөх ёстой” гээд зурагтаа үзээд суугаад байх биш, хамтдаа хийж, гэр бүлийнхээ үүргийг хуваалцах ёстой гэдэг хамгийн энгийн зарчим юм л даа.

-Залуучууд энэ асуудал дээр илүү ойлгож, ялгаварлан гадуурхалтын эсрэг зогсож чадаж байна гэж нийгэмд яригдах болсон. Энэ тал дээр сүүлийн үеийн статистик, тоо баримт дээр анзаарагдаж байгаа юу?

-Янз бүрийн судалгааны байгууллагууд залуучуудын хөгжил, манлайллын чиглэлээр судалгаа хийсэн байгаа. Жишээлбэл, “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр ийм төрлийн судалгааг хийж байгаа. Гэхдээ тэр судалгаан дээр залуучуудын хандлага жендэрийн асуудал дээр ямар байгааг аваад үзэхээр хүний эрхийг илүү ойлгоод, хүйсээр ялгаварлахгүй байна гэдэг зүйл харагдахгүй байгаа юм. Харин практик амьдралаас харахад, залуучууд эхнэртэй болох тохиолдолд эхнэрээ гэртээ байлгах сонирхол давамгайлж байна. Энэ нь цаашлаад бие биенийхээ хүсэл зорилгыг хязгаарлаж, хөгжлөөс хоцрох хандлагыг бий болгоод байгаа. Гэтэл дээр хэлсэнчлэн, гэр бүлийн ажлын хүрээнд ч бай хүн гэдэг эрх тэгш оролцоотой байх ёстой гэдгийг ойлгох ёстой.

Үүнээс бид залуучууд руугаа илүү хандсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг харуулаад байгаа. Жишээ нь, 60,70-аад оныхон буюу тэдний эцэг эхийг харахаар харилцан бие биенээ ойлгох, гэр бүлийн ажлаа хуваалцаж хийх гэх мэт энэ чиглэл дээрээ нэлээд хүмүүжилтэй байсан гэж анзаарагдаад байдаг.

 -Сүүлийн үед сексизм гэсэн ойлголтыг ярих болсон. Энэ нь жендэрийн ойлголтоос ялгаатай зүйл нь юу вэ?

-Сексизм гэдэг бас л хүйстэй холбоотой асуудал бөгөөд биологийн талаас нь илүү авч үзэх ойлголт. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн ялгаатай байдлын тухай асуудлыг багтаана. Нөгөө талаараа бэлгийн чиг хандлагатай их холбоотой болж байгаа. Эдгээр хүмүүс нь өөрөө хүсээгүй мөртлөө биологийнхоо онцлог байдлаар, төрмөл гарч ирдэг хандлага, өөрчлөлтийг бид нийгмийн хүрээнд хүндэтгэж авч үзэх шаардлагатай гэдэг зүйлийг хэлмээр байна.

-Эмэгтэй хүн л зөвхөн даашинз өмсөж, эрэгтэй хүн үсээ ургуулж болохгүй гэсэн нийтлэг хандлага энэ сексизм гэх ойлголтод багтах уу?

-Энэ нь жендэрийн ялгаварлан гадуурхалт гэсэн ойлголтод орно. Эрэгтэй хүн өөрөө даашинз өмсмөөр байгаа бол өмсчихдөг хэрнээ дуу хоолой, гадаад төрх нь эрэгтэй байлаа гээд бид тэр хүнийг ялгаварлаж болохгүй. Нийгэмд хүүхдийг сургууль, цэцэрлэгээс нь насны онцлогт нь тохируулаад амьдралд ийм хүмүүс байдаг, энэ бол яг чамтай адил хүн юм шүү, хүний эрхийг хүндэтгэж хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг зөв ойлгуулж өгөх ёстой байгаад байгаа. Хэрвээ тийм хүнтэй таарсан бол ажилд авахгүй  биш ажилд авах, хамт олон дундаа түүнийг нь хүлээн зөвшөөрдөг байх гэх мэт чиглэлүүдээр Европын улс орнууд хууль гаргаж эхлээд байгаа шүү дээ.
Мөн эмэгтэй хүмүүсийн хувьд өөрсдийн биеийн онцлогоо гаргасан, ил задгай хувцас өмсөх нь өөрсдийнх нь эрхийн асуудал гэдгийг залуучууд ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүнийг тийм хувцас өмссөн үед араас нь дуудаж, биед нь зөвшөөрөлгүй хүрэх, бэлгийн дарамтанд оруулах зэрэг нь ялгаварлан гадуурхалтын асуудал, цаашлаад хууль бус үйлдэлд хамаарна. Хамгийн гол нь тухайн эмэгтэй хүн шөнө оройн цагаар эсвэл хүнгүй гудамжаар явахгүй байх, явахдаа сонор сэрэмжтэй байх гэх мэтээр өөрийн аюулгүй байдлаа хангаж чаддаг байх нь чухал.

-Ер нь яагаад нэг хүйс нөгөөгөөсөө илүү байх ёстой гэсэн ийм үзэл гарч ирэх болов?

-Энэ яг юунаас болж байна вэ гэхээр, эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг байгалийн гоо сайхан, хүч дорой гэдгээр нь сексийн обьект гэдэг байдлаар илүү ханддаг. Хэрвээ хүний биед зөвшөөрөлгүй хүрвэл энэ нь хүчирхийлэл болно, хүсээгүй байхад нь бэлгийн харьцааг үйлдэж байвал хүчирхийлэл болно гэх мэт хүн гэдэг утгаар нь хуульд хэм хэмжээ гэдэг зүйл тогтоогоод өгчихсөн байгаа шүү дээ. Харин зөрчвөл ийм хариуцлага хүлээнэ гэдгийг нь тогтоогоод өгчихсөн байгаа учраас л хүний нийгэмд амьдарч байгаа л бол хэм хэмжээ гэдэг зүйлийг дагаж мөрдөх ёстой. Эмэгтэй хүн гэдэг сексийн обьект биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Монголын хувьд эмнэлгийн жишээн дээр л харахад, эмэгтэйчүүдийн эмнэлэг маш их хэрнээ эрэгтэйчүүдийн эмнэлэг хараахан олон байгаад байдаггүй. Энэ нь магадгүй Монголчуудын “эрэгтэй хүн өвдөөд яав л гэж” гэсэн хандлагаас шалтгаалдаг байх л даа. Иймэрхүү өвчлөлийн асуудал дээр жендэр хэрхэн, яаж яригдаж байна вэ?

-Жендэр буюу хүний эрхийн асуудлыг ярьж байгаа бол аль аль талыг нь ярих ёстой. Гэвч тухайн нийгэм дээр ямар асуудалд аль хүйс нь илүү өртөөд байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Яг эрүүл мэндийн салбарын асуудлыг аваад үзэхээр эрэгтэй хүмүүс илүү өвчлөлд өртөөд, түүгээр ч зогсохгүй дундаж наслалтаараа эмэгтэйчүүдээс 10 жилээр бага байгаад байгаа шүү дээ. Үүнд судалгаа хийгээд үзэхэд, эрэгтэй хүмүүс зүрх, судасны болон бусад халдварт бус өвчлөлөөр маш их өвдөж гэнэтийн нас баралтаар эндэж байгаа статистик, тоо баримт илүү их байдаг. Үүнийг бид жендэр дээр аваад үзэхээр эрүүл мэндийн салбарт эрэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй юм байна гэдэг бодлого ЭМЯ-аас бол гарч байсан. Үндэсний хэмжээнд эрэгтэйчүүдийн үзлэгийн танхим бараг байдаггүй, эрэгтэйчүүдийн эмнэлэг хуруу дарам тооны л байдаг. Тэгэхээр цаашид яах ёстой вэ гэхээр үүнийг илүү их болгох хэрэгтэй гэсэн асуудал яригдаж байгаа нь эрүүл мэндийн салбарын асуудал, нөгөө талаараа жендэрийн асуудал болчихож байгаа юм л даа.

-Жендэрийн эрх тэгш байдлаараа хамгийн таатай орон аль улс гэж явдаг вэ. Тэр улс орнуудаас хэрэгжүүлж болох арга барил, жишээ юу байна?

-Хамгийн таатай улс гэвэл эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоогоороо Африкийн Уганда улс нэрлэгддэг. Шийдвэр гаргалтын түвшин дэх хүмүүсийн хүйс нь тавь, тавин хувь буюу тэгш байдаг. Мөн хүний эрхээ дээдлэх, адил тэнцүү тэгш боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө Фянланд, Швед, Норвеги зэрэг Скандинавийн улс орнууд нэрлэгддэг. Ер нь сүүлийн үед “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” гээд нийт 17 зорилттой бодлогын баримт бичиг байгаа шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд улс орон бүр өөрсдийн онцлогт тохируулсан Засгийн Газрын бодлогоо боловсруулаад энэ чиглэлээр явж байгаа. Хамгийн гол зүйл нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог илүү бий болгож байж тухайн улс орны бодлого жендэрийн мэдрэмжтэй байж, хүмүүст хэрхэн тэгш боломжийг бүрдүүлж өгөх вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Дэлхий нийтийн бодлого жендэрийн асуудлаар хаашаа явж байна гэхээр дараагийн үе маань тэгш байх ёстой учир залуу үеэ бэлтгэе, сургая гэсэн чиглэлээр бодлого явуулж байгаа гэдгийг дурдмаар байна.

-Бид энэ жендэрийн тэгш бус байдал, сексист үзэл хандлагыг арилгахын тулд юунаас эхэлж, юу хийх ёстой гэж бодож байна вэ?

-Яг ингэж, тэгэх ёстой гэвэл нэлээд өрөөсгөл болчихож байгаа юм. Бид олон талын цогц үйл ажиллагаануудыг хийх хэрэгтэй. Хууль, эрх зүйн орчин манайд тодорхой хэмжээгээр сайн бүрдэж байна. Хамгийн гол нь энэ хуулиа зөв хэрэгжүүлж, хүмүүст хүргэх хэрэгтэй байна. Хүмүүст зөв ойлголтуудыг өгөх хэрэгтэй байна. Хэдийгээр орчин үед техник технологи хөгжиж байгаа ч гэсэн өнөөдөр хотын зах, хотын төв, хөдөө орон нутаг гээд гурван байршлаар л аваад үзэхэд, асар их ялгаатай байгаад байна шүү дээ. Хөгжил гэдэг зүйл  хаана амьдрахаас үл хамаарч, адил явагдаж байх ёстой, хөгжлийн бодлого нь хүн бүрт тэгш хүртээмжтэй байх ёстой учраас бид ийм байршлын ялгааг арилгах хэрэгтэй. Бодлогоо боловсруулсан бол зөв төсөвтэй байх ёстой. Төсөвтэй байгаа бол үүнийгээ нарийн хянадаг механизм, тогтолцоо нь зөв байх ёстой гэх мэтчилэн бүхэл бүтэн тогтолцоо, системийн асуудал яригдаад байгаа юм. Хамгийн энгийнээр хэлвэл, бид нар залуу үеэ маш сайн бэлдэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэр дундаа залуу эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргалт, бодлогын түвшинд гаргаж байж ахиц гарна гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Ярилцсан Б.Жаргалмаа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!