Uncategorized

Т.Доржханд: Нүүрсний дөрвөн төрлийн хулгай байна, өртөг нь 40 их наядаар яригдана

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгай 30-40 их наяд төгрөгийн хулгай хийгдсэн гэлээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр уг асуудлыг зөвхөн Засгийн газар хянах нь хангалтгүй, харин цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой гэж үзэж Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ. Асуулгаар УИХ-д арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан аж. Мөн УИХ-ын хяналтын сонсголыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй гэж мэдээллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Засгийн газар бол эрх барьж буй намын төлөөлөл. УИХ-д харин гурван намын төлөөлөл бий. Энэ асуудлыг иргэдэд ойлгуулж чадвал хулгай зогсох боломжтой. 2013 онд нүүрсний хулгай гарахад 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг хоёр улсын гаалийн байгууллага тогтоочхоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий. Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан. Энэ өссөөр байх болно. 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум долларын хулгай бөгөөд 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр л их наяд. Нүүрсний хулгай бол Хөгжлийн банкны хулгайгаас 10 дахин их. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй юм. Тиймээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. Асуудлыг УИХ-ын танхимд нээлттэйгээр арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан. Мөн УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж зохион байгуулна. Үүнд, есөн гишүүн нэгдсэнээр зохион байгуулах боломжтой болно. Тиймээс гишүүдийн гарын үсгийг авч эхэлнэ. Аль нам байх нь хамаагүй, бид хянах ёстой” гэлээ.

Тэрээр нүүрстэй холбоотой дөрвөн төрлийн хулгай байдаг гэж онцлов.

Нэгд, оффтейк гэрээ. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын 20 хувь нь ийм гэрээгээр хийгдсэн. Оффтейк гэрээ байгуулан нүүрсээ зах зээлийн үнээс бага үнээр компаниудад зардаг. Авсан компани нь хил давуулан үнэтэй зардаг асуудал бий.

Хоёрт, гаалийн мэдээнд тусгагдаагүй нүүрс. Монголын гааль мэдэхгүй, харин БНХАУ-ын гааль дээр бүртгэгддэг зөрүү бий. 2013 онд хоёр улсын Засгийн газар гаалийн мэдээгээ тулгахад 430 мянган тонн нүүрс алдагдсан байсан. Энэ тоо өссөөр байгаад л 6.5 сая тонн хүрсэн.

Гуравт, нүүрс тээврийн бизнес. Нүүрсийг онгоцны тарифаар зөөдөг. Онгоц нэг цаг нисэх тариф 100 доллар байдаг. Гэтэл манайд нэг тонн нүүрсийг 30 км замд 400 доллараар тээвэрлэсэн. Тээвэр хийж буй хүмүүс нь дандаа эрх мэдэлтэй хүмүүс, УИХ-ын гишүүд. Худалдан авагч БНХАУ-ын талд ч гэсэн манай эрх мэдэлтнүүд байгаа гэдэгт итгэж байна. Харагдах байдлаараа БНХАУ-ын компани боловч манай дарга нар байдаг.

Дөрөвт, төмөр замын хулгай. Эрдэнэс Тавантолгой ХК эх үүсвэрээр санхүүжилтийг нь нүүрсээр, хямд авч байна. Түүнийгээ нууцалж байна. Үүгээрээ зүүн тийшээ, урагшаа хоёр төмөр зам тавьсан. Урагшаа хийгдсэн төмөр замын санхүүжилтийн эх үүсвэр нь зүүн тийшээ тавьсан санхүүжилтээсээ 3-4 дахин их байна. Цаашлаад Богдхан төмөр замыг найман сая доллараар тавина гэсэн мэдээлэл ирсэн. Ийм мэдээллүүд бүгд нууц байна. Ийм аргаар хулгай маш их хийгдсэн. Ингээд нийт 30-40 их наяд төгрөгийн хулгай хийгдсэн гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!