Uncategorized

Жүжигчин Б.Жаргалсайхан Гэргийтэйгээ 19 настайдаа амьдралаа холбож, 40 жилийг ардаа үджээ. Хоёрхон хүн нийлж байсан бол одоо 11 болсон байна. Тиймээс зөв амьдрах жамаараа л явж байна л гэж боддог доо.

П.АМГАЛАНБАЯР “Polit-ийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг урилаа. Тэрээр УДЭТ-ын шинэ бүтээл болох “Бүсгүйн зурвас” жүжгийн гол дүр Архаа сайдын дүр дээр ажиллаж байгаа юм. Харин түүний гэргий гавьяат жүжигчин Г.Урнаа Туяагийн дүрийг бүтээж байна. -Бүсгүйн зурвас хэнд хаяглагдсан бол гэсэн хүлээлт олон хүний сэтгэлд байгаа. Өнөөдөр нууц задарна. Танд ямар сэтгэгдэл төрж байна? -Шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэх мөч уран бүтээлч бидний хувьд баяр, догдлолтой үе байдаг. Энэ цаг үед яг л тэр мэдрэмжээ мэдэрч байна. “Бүсгүйн зурвас” жүжиг нийгмийн драм төрлөөр манай театр 10 гаруй жилийн дараа тавьж буй бүтээл юм. Тиймээс хүмүүсийн таашаалд илүү нийцэх байх. Уран бүтээлч бидний хувьд ч ийм төрлийн бүтээлд ажиллахад амттай байлаа. Дүрээ өөр өнцгөөс харах, эрэл хайгуул хийх гээд ололтой зүйл их байсан. -Нийгмийн драм гэхээр сонирхол татаад байна. Уг жүжигт хүмүүний амьдралын ил, далд олон асуудлыг хөндсөн бололтой? -Өнөөгийн нийгмийн нэг өнгийг тодотгож, харуулсан бүтээл гэж ойлгож болно. Нийгмийн сайн, муу олон үзэгдлийг жүжгийн утга санаагаар илэрхийлнэ. Мөн хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, хайр сэтгэл, итгэл үнэмшил хэрхэн өөрчлөгдөж буйг харуулахыг зорилоо. Сүүлийн үед монголчууд ярьж байна. Нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй байна гэж. Тиймээс болж бүтэхгүй байгаа асуудлыг хүмүүсийн оюун санаанд тусгах үүднээс энэ жүжгийг тавихаар зорьж бид ажилласан юм. -Нийгэмд хүсээд байгаа өөрчлөлт, шинэчлэлийг авчирах дүр нь Архаа мөн үү? -Архаагийн дүр дээр ажиллахад хүндрэлтэй зүйл олон байлаа. Жүжгийг үзсэн үзэгчид энэ дүрээс олон зүйлийг харж, сурч бас зэвүүцнэ. Хүнээс ямар муухай дүр төрх, араншин гардаг юм бэ. Тэр бүхэн миний дүрд шингээстэй. Ер хүний дотоод сэтгэлд олон сайн, муу араншин оршиж байдаг. Миний дүр яг л тийм. Үүнийг би тайзаар дамжуулж, үзэгчдэд хүргэхэд хүндхэн байсныг нуухгүй. Хэдийгээр гаднаасаа их сайхан харагддаг ч дотоод сэтгэл, мөн чанар нь түүнтэйгээ эсрэгцдэг болж. Зарим хүн төсөөлөшгүй муухай бодол санаа, үйлийг тээж явна. Гэнэн залуу насандаа анх гэр бүл болсноосоо хойш юунаас болж хажуудах хань нь хүртэл танихааргүй араатан шиг авиртай болоод байна вэ. Эцэст нь өөрөө өөрийгөө ч танихгүй, юу хийж байгаагаа мэдэхгүй явах тийм сайхан юм уу. Энэ бүхэн миний дүрд оршиж байгаа. Магадгүй Архаагийн дүрийг бүтээсний дараа хүмүүс намайг зүхэх байх. -Магадгүй та өмнө нь Архаатай төстэй дүр дээр ажиллаж байсан туршлага бий юу? -Тайзан дээр би дүрээ өмөөрч л тоглоно. Ямар ч үед тайзан дээр эсрэг дүр бүтээхдээ энэ зарчмыг баримталж ирсэн. Архаа хүний мөн чанарыг олон талаас нь харуулж байгаа юм. Тэр өнөөдөр нэг үг хэлсэн ч маргааш нь үгүйсгэж чаддаг. Хэдийгээр эсрэг дүр ч гэлээ жүжиглэж байгаа миний хувьд бүх алхам нь зөв. -Та Монголын театрын урлагт хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй уран бүтээлч. Олон ч бүтээлд дүрээ мөнхөлж үзэгчдээс “онц” үнэлгээ авсан. Харин эхний үзвэрийн дараа ямар бодол, мэдрэмж төрдөг вэ? -Уран бүтээл төрөх хамгийн хүнд, хэцүү үе нь хөшиг нээгдэж, жүжиг үзэгчдэд хүрэх хүртэлх бэлтгэл байдаг юм. Харин нээлтийн дараа үзэгчдийн халуун алга ташилтаас бид энэ уран бүтээл хэр чансаатай болж вэ, би хэрхэн дүр дээрээ ажилласан бэ гэдгээ мэдэж авдаг. Тэгэхээр илүү уужирч, тайвширдаг гэж ойлгож болно. -Бид таныг “Polit-ийн нэг өдөр” буландаа зочноор урьсан. Тухайн уран бүтээлчийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдгийг уншигчдад хүргэх зорилготой. Таны хувьд өнөөдөр жүжгийнхээ бэлтгэлийг хийж өнгөрөөх юм шиг байна?”Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтын үеэр.-Тантай ярилцаж дууссаныхаа дараанаас жүжгийн бэлтгэлдээ шууд орно. Өнөөдөр үзвэрийн хөшгөө нээх тул хувийн зүгээс бэлтгэх ажил их байна. Тайзны жүжиг дэлгэцийн бүтээлээс давуу тал нь үзэгчтэйгээ амьд харьцаа тогтоодог. Магадгүй өнөөдөр алдсан ч үүнийгээ маргааш нь засах боломжтой. Гэхдээ бид ямар нэгэн алдаа гаргалгүйгээр өдөр бүр яг л эхний өдөр тайзнаа гарч байгаа юм шиг хариуцлагатай байх ёстой. -Таны хувьд он гараад л шинэ жүжгээр амьсгалсан. Магадгүй тоглолт дууссаны дараа өөртөө амралт өгөхөөр төлөвлөсөн үү? -Хараахан амарч амжихгүй нь. Улсын байгууллага учир бид дураараа амарч болохгүй. Зун хувиарын дагуу л амардаг. Үүнээс гадна “Бүсгүйн зурвас” жүжгийн дараа өөр бүтээлийн бэлтгэлд орохоор төлөвлөчихсөн. Хавар болно, төгсөлтийн баяр ойртчихлоо. Хүүхэд залуустаа зориулсан жүжиг тавихаар ярилцаж байна. -Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Ямар нэгэн спортоор хичээллэдэг үү? -Спортын олон төрлөөр хичээллэх дуртай. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнүүдийг хийдэг. Ялангуяа урлагийн хүмүүс бид байнгын бэлтгэлтэй байх шаардлагатай. Наад зах нь залуучуудынхаа хажууд таргалаад, хөдөлгөөн нь удаашраад байж болохгүй шүү дээ. Залуусын давалгаа хүчтэй байна. Манай театрын 70 хувь нь залуу уран бүтээлч. Тиймээс тэдэнтэйгээ мөр зэрэгцэн ажиллахын тулд, үлгэр дууриал үзүүлэх зорилгоор спортоор хичээллэж, байнга дасгал хийдэг.Гэргийн хамт.-Та хүн байхын болоод энэ орчлонд төрснийхөө утга учрыг хэр биелүүлж явж байна гэж боддог вэ? -Өөрийнхөө хэмжээнд биелүүлж байна гэж боддог. Ямар ч байсан муу зүйл рүү хальтарч ороогүй л явна. Хамгийни сайхан нь хань, үр хүүхэд, ач зээ нартайгаа сайхан амьдарч байгаадаа баярладаг. Гэргийтэйгээ 19 настайдаа амьдралаа холбож, 40 жилийг ардаа үджээ. Хоёрхон хүн нийлж байсан бол одоо 11 болсон байна. Тиймээс зөв амьдрах жамаараа л явж байна л гэж боддог доо.-Хүн болж төрснөөрөө ямар үед илүү бахархаж, баярлаж байсан бэ? -Бэх-Очирын Жаргалсайхан болж төрснөөрөө үргэлж бахархдаг. Түүнээс би ийм юм хийсэн гэж өөрийгөө дөвийлгөх надад сонин биш. Урлагийн бидний хийж байгаа ажил үйлс, уран бүтээл үргэлж ил тод, хүмүүсийн нүдэн дээр байдаг. Тиймээс би өөрийгөө гэхээс илүү хүмүүс намайг үнэлж, дүгнэх болов уу гэж бодож байна. -Та амьдралын утга учрыг юу гэж боддог вэ. Өнөөгийн нийгэмд, хүн чанарт мөнгө, алдар нэр гэж хоосон зүйл их дээгүүр байрыг эзлэх боллоо? -Хүн сайхан амьдрахын тулд эд хөрөнгө, алдар нэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Энэ бол амьдралын үнэн. Гэхдээ үүнийг зөв аргаар олох нь хамгийн чухал. Буруу замаар олсон мөнгө, нэр хүнд хүнийг тэр чигээр нь хөтөлсөөр л байх болно. Өнөөгийн нийгэмд залуус ажил хийх гэхээр ажил олдохгүй, ажил олдохоор цалин бага байна гэх юм. Гэвч мөнгө гэдэг тийм ч амархан олддог зүйл биш. Түүнийг хөдөлмөрлөж, хөлсөө гаргаж байж олдог юм. Хөдөлмөр хүнийг шагнадаг юм шүү. Эх сурвалж: www.polit.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!