Uncategorized

Р.Эмүжин: “Би эмэгтэй учраас намайг хараад үзээтэх” гэж хашгираагүй юм шүү!!! “Би эмэгтэй мэдүүү” гээд тунхаглаад байвал бүүр яршигтай дарамт, ядаргаатай ачаа биз дээ?

Улс төрийн хүүхнүүд духан дээрээ “Би эмэгтэй” гэж дурайтал бичих юм уу?
Эмэгтэй байх нь давуу эрх биш, дутуу дулимаг байдал биш, ял бол бүүр биш, ямба ч бас биш ээ. Нарантуулд наймаа хийдэг бүсгүй “Би эмэгтэй” гэж хашгирч гомдоллоогүй байхад манай парламентийн хүүхнүүд “Би эмэгтэй” гэж цаг тутам царайгаа улайлган тунхагладаг. Тэр тусмаа эрх мэдэл, албан тушаал яригдаад эхэлмэгц энэ алдарт уриагаа эвтэйхэн хэлнэ. Бүх эмэгтэйчүүдийг тэр тавцанд барьцаалаад байгаа юм шиг, бүр тэгээд зараад байгаа юм шиг эвгүй муухай санагдана. Тэдний эмэгтэй гэдгийг хэлсэн, хэлээгүй бүгдээрээ харж л байна шүү дээ. Эмэгтэй биш гэж хэн гуай нь гөрдөөд байгаа юм? Би эмэгтэй гэж хашгирах тоолондоо тэд, өөрсдөд нь ялгаатай хандахыг сануулж байгаа мэт, сул дорой гэж тунхаглах мэт, илт давуу гэж ихэрхэх мэт, харж үзээрэй гэж хавталзах мэт...тийм муухай мэдрэмж үлдээдэг. Тэгээд тэр ЭМЭГТЭЙ гэдэг онцлог шалтгаанаа эвгүй муухай илэрхийлнэ. Парламентийн эмэгтэй гишүүдийн холбоо гэхчлэн байгуулаад амжина. УИХ болон улс төрд хөл тавьсан шинэ залуу бүсгүйчүүдийг нөгөө холбоондоо бөөндөж чихнэ, бөөрлөж дагуулна. Холбооны нэрээр холбож хөтлөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө үүдийг сахина, үүцний ажлаа амжуулна. Парламентийн эрэгтэй гишүүдийн холбоо гэж бас байх ёстой юу? Онлайн худалдаа эрхэлдэг эмэгтэйчүүдийн холбоо, Эмэгтэй зөөгчдийн холбоо, Эмэгтэй багш нарын холбоо гэхчлэн бүгд энэ мэтээр хүйсийн ялгаагаа тунхаглаад явчих юм уу, эсвэл? Эмэгтэй удирдагчдыг шахаж байна гээд саяхан сайдаас буусан Сарангэрэл хашгирч байна. Эмэгтэй учраас сандлаас нь буулгасан юм уу, эсвэл алдаа гаргасан болохоор огцруулсан юм уу гэсэн асуулт заавал гарч ирнэ. Улны айлууд гэж ялгаварлан гадуурхсан үгнээсээ илүү угаасаа нийгэмд энэ хүнийг хүлээж авах хөрс үлдээгүйг тэр явдал харуулсан шүү дээ. Энэ мэтээр алдаагаа хүртэл эм хүйсийнхээ ард нууж өнгөрөөх гээд байдаг зуршил цаашдаа тогтох уу? Үүндээ залуу, шинэ улстөрч эмэгтэйчүүдийг хамааруулан хаалга алдлаад зогсоод байх юм уу? Парламентад хөл тавьсан, Засгийн газрын төвшинд албан тушаалд хүрсэн эмэгтэйчүүдээсээ бид ээжийн ухаан, эгчийн сэтгэл хүсдэг. Гэтэл тэд маань сонгогдмогцоо усанд шидсэн чулуу мэт алга болдог. Нөгөө архаг гишүүдийн байгуулсан холбоонд уягдаад, айхтар эмэгтэйчүүдийн бий болгосон хэв маягт баригдаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацдаг нь үнэн шүү дээ. Хэн нэг нь бодит байдлыг ил тод хэллээ гэхэд “Чи адилхан эмэгтэй хүн байж бусдынхаа асуудлыг дэлгэлээ” гээд барьж аваад бархираад хэвтчихнэ. Бас л нөгөө хүйсийн хүлээс. Дунд сургуулийн ахлах ангийн атаман охидтой адил гэж мэд. Тэгээд хэн нь ч дуугарахгүй, хэн нь ч юуг ч эхлүүлэхгүй. Тэгсэн хэрнээ албан тушаал, төсвийн хуваарилалт, төгрөгийн дэмжлэг, тендер энэ тэр болохоор нэг айлын эгч дүүс шиг нэг их тэврэлдээд явчихна. Өнөө хүйсийн онцлог байдлаа онц сайн ашиглана. Олон улсын төвшинд гарч ирсэн эмэгтэй удирдагчид “Би эмэгтэй” гээд бэтгээ тэврээд хашгираад байдгийг санахгүй байна. Кондализа Райс, Хиллари Клинтон, Пак Гин Хэ, Ан Сан Чу…тэд мандаж явахдаа ч, ял аваад буруудахдаа ч “Би эмэгтэй учраас намайг хараад үзээтэх” гэж хашгираагүй юм шүү. Манайд бол улстөрч асан М. Батчимэг, нийгмийн зүтгэлтэн С.Янжмаа, С.Удвал, Гэрэлсүрэн, Мөнхөө нар байна. Гэтэл энэ цагийн эмэгтэй улстөрчид PR-аасаа эхлээд цөмөрдөг. Эмэгтэй улстөрчид бол мөс зүсэгчид, ертөнцийг аврагчид, дэлхийн тэнхлэг гэхчлэн алдуурч өгнө. Аварга том өндөгөн эс ярьж байна гээгүй нь яамай даа, ай бас хорвоо шүү нээрээ. Албан тушаал эрх мэдлийн асуудал босоод ирэнгүүт нөгөө холбоодоороо дамжуулаад холбоотой хонь шиг хошуурна. Алдаа гаргаад огцрохоороо бас эмэгтэй гэдэг шалтгаанаа сарын тэмдэг мэт саатуулж урдаа барина. За болиод өг, тэгэх үү? Хүйсийн ялгаагаар хэзээ ч бүү оролд гэсэн улс төрийн, сонгуулийн технологи, туршлага бий шүү. Нийгмийн сэтгэлзүйг асар сайн судлаад, аргагүй ухаарсан онол гэж мэд. Улс орноо, айл гэр, анги хамт олныг хүйсийн ялгаатай хандлагын зүг сүргээр нь туугаад байна гэдэг чинь сүйрэл шүү дээ. Эр, эмээрээ ялгараад талбай дээр мод чулуу шидэлцээд жагсахын эхлэл юм л даа. Энэ мэт үр дагаварыг ойлгоод, ” Би эмэгтэй” гэж тээр дээрээс орилоод баймааргүй байна. Бид тээр доороос орилоогүй л байгаа биз дээ. Эсвэл улс төрийн хүүхнүүд ” Би эмэгтэй” гэж духан дээрээ дурайтал бичих юм уу? Уг нь бид эмэгтэй гэдгийг чинь үс зүс, өмссөн зүүснээс чинь бүх нийтээрээ хараад байхад нэмж хашгирах нь нээрэн ядаргаатай байна! Намайг хар л даа, хаанаас нь ч харсан сэгсийсэн үс, сэвсийсэн төрх, сээмийсэн царай…яаж ч харсан эмэгтэй, тэгснээ дээр нь нэмээд “Би эмэгтэй мэдүүү” гээд тунхаглаад байвал бүүр яршигтай дарамт, ядаргаатай ачаа биз дээ? Аймаар үг үсгийн алдаатай ном гаргаснаа “Би эмэгтэй юм чинь яадгийн” гэвэл зүгээр тэгээд дуус, дуус, зүггүй тэгээд уус, уус…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!