Uncategorized

П.Мөнхбадрал: Хүн сэлбэггүй биш, сэлбэгтэй төрдөг. Үүний нэг жишээ нь үүдэл эс юм.

П.Мөнхбадрал: Анагаах ухаан үүдэл эс ашиглан эд, эс нөхөн төлжүүлэх, хөгшрөлтийг зогсоох, удаашруулах эмчилгээ рүү чиглэж байна

“Редакцын зочин” буландаа “MonCell” үүдэл эсийн эмнэлгийн гэмтэл согог заслын эмч, үүдэл эс судлаач Пүрэвдоржийн Мөнхбадралыг урьж ярилцлаа.
-Урилгыг минь хүлээн авч цаг зав гарган ярилцаж буйд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би ЭМШУИС /одоогийн АШУҮИС/-ийг хүний их эмч мэргэжлээр 2015 онд төгссөн. Оюутан байх хугацаандаа гурван зун амралтаараа Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв/ БОЭТ /-ийн мэс заслын тасагт дадлага хийсэн. Одоо “MonCell” үүдэл эсийн эмнэлэгт хамт ажиллаж байгаа Ю.Ганболор эмч тухайн үед Дорнод аймаг дахь БОЭТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч эмч байсан юм. Ю.Ганболор эмчийг дагалдах хугацаандаа гэмтлийн мэс засалч эмч болох чадвар надад байна гэдгээ олж мэдсэн.

АШУҮИС-ийг төгсөөд төрсөн, өссөн Дорнод аймгаасаа ажлын гараагаа эхлэхээр нутаг руугаа явсан. Одоо бодоход их зоригтой, байжээ. Мэргэжлээрээ алслагдсан суманд л очиж ажиллах хүсэлтэй байлаа. Энэ хүсэл зорилгынхоо дагуу Халхгол сумаас ажлын гараагаа эхэлж Сум дундын эмнэлгийн эмчлэгч их эмчээр ажилласан. Дорнод аймаг Улаанбаатар хотоос 650 км, Халхгол сум аймгийн төвөөсөө 360 км зайтай байдаг. Халхгол, Матад суманд янз бүрийн осол, гэмтэл гарна. Сумандаа мэс засал хийх үе ч байсан. Халхгол суманд ажиллаж байхдаа Чойбалсан сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмчийн ажлыг хавсарч хийх ажлын санал хүлээн аваад хоёр жил орчим хугацаанд Чойбалсан суманд ажилласан. Эхний зургаан сар нэг л их эмчтэй буюу би ганцаараа ажилласан. Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, гэмтэл, мэс засал бүх л үзлэг, эмчилгээг хийнэ. Хүндэрсэн өвчтөнүүдийг аймгийн төв рүү хүргэнэ. Мөн байгууллагын удирдлагын албаны болон бичиг цаасны ажлууд маш их байдаг юм билээ. Сумын эмчийн ажлын ачаалал байнгын л их байдаг. Эмнэлгийнхээ ажлын ачаалал, төсөв санхүүгээ ойлгодог болсны дараа гурван их эмч ажилд авсан. Эмч мэргэжлийн нэг онцлог нь тасралтгүй суралцах хэрэгтэй байдаг. Чойбалсан сумын Эрүүл мэндийн төвийн буюу эмнэлгийн маань ажил жигдэрсний дараа 2016 онд Гэмтэл согог, судлалын үндэсний төвд гэмтлийн мэс заслын эмч мэргэжлээр суралцаж, гэмтэл согог засалч эмчээр үндсэн нарийн мэргэжил эзэмшсэн.

ӨӨХНИЙ ЭДИЙН ГАРАЛТАЙ ҮҮДЭЛ ЭС АРЬС, МӨГӨӨРС, ШӨРМӨС ГЭХ МЭТЭЭР ХҮНИЙ БИЕИЙН АЛЬ Ч ХЭСГИЙГ НӨХӨН ТӨЛЖҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ
-Та гэмтлийн мэс засалч эмчээр ажиллах сонирхолтой байсан хэрнээ яагаад үүдэл эс, үүдэл эсийн эмчилгээг судалж, энэ чиглэлээр сурсан юм бэ?

-Гэмтлийн эмчээр ажиллаж байх хугацаандаа гэмтлийн практикт элбэг тохиолддог тулгуур эрхтэн тогтолцооны гэмтэл, үений гэмтэл, ялангуяа спортын гэмтлийг эмчлэх илүү үр дүнтэй эмчилгээний аргуудыг судалж эхэлсэн. Үүний нэг нь үүдэл эсийн нөхөн төлжүүлэх эмчилгээ байсан. Монголд үүдэл эсийн судалгаа хийж, сурсан анхдагч эмч нарын нэг болох Ю.Ганболор эмчтэй хамтарч ажиллах завшаасан тохиосон. Ингээд 2018 онд Ю.Ганболор эмчтэй хамт Үүдэл эсийг нөхөн сэргээх анагаах ухаанд ашиглах, энэ төрлийн эмчилгээг Монголд нутагшуулах төсөл эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд судалгаа шинжилгээний болон сургалтын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу БНСУ, БНХАУ, Вьетнам, Сингапур улсад мэргэжил дээшлүүлсэн. Би үүдэл эсийг нөхөн сэргээх анагаах ухаанд ашиглах тодруулбал, шөрмөс, үений гэмтлийг эмчлэх чиглэлээр, харин Ю.Ганболор эмч гоо сайхны эмчилгээнд ашиглах чиглэлээр сурч “MonCell clinic” эмнэлгээ 2020 онд нээсэн. Дээрх төслийн хүрээнд 300 гаруй хүнд Үүдэл эсийн эмчилгээний олон улсын удирдамжийн дагуу үүдэл эсийн эмчилгээ хийсэн бөгөөд олон улсад хийгдсэн судалгаатай харьцуулан дүн шинжилгээ хийж байна.

-Үүдэл эсийн талаар хэн бүхэн ойлгохоор хялбар, дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Хүний биед өөрөө өөрийгөө хувилан олшруулж, бүх төрлийн эрхтэн системийн эсэд хувирч, эдийг нөхөн төлжүүлэх чадвартай эс насан туршид нь хадгалагдаж байдаг. Гурван төрлийн үүдэл эс бий. Тодруулбал, Үр хөврөлийн үүдэл эс, насанд хүрсэн үүдэл эс, генийн инженерчлэлийн аргаар гарган авсан үүдэл эс гэсэн гурван төрөлд ангилдаг. Үүний насанд хүрсэн үүдэл эсийг бид эмнэлзүйн практикт ашиглаж байна. Насанд хүрсэн үүдэл эс хүний өөх, ясны чөмгөнд хадгалагддаг бөгөөд өөхний эдийн гаралтай үүдэл эс арьс, мөгөөрс, шөрмөс гэх мэтээр хүний биеийн аль ч хэсгийг нөхөн төлжүүлэх чадвартай. Хүн хуруу, гараа зүсэхээс эхлүүлээд ямар нэгэн гэмтэл авахад хүний бие организм үүдэл эсээрээ гэмтсэн эд, эсээ нөхөн төлжүүлж эдгээдэг.

-Ардын уламжлалт эмчилгээнд болон дом хийхэд хүний хүйг ашигладаг. Тэгэхээр уламжлалт зан үйл, эмчилгээнд үүдэл эсийг ашигладаг байсан гэж ойлгож болох уу. Ер нь үүдэл эсийг дэлхий дахинд хэзээнээс судалж, эмчилгээнд ашиглаж эхэлсэн бэ?

-Үүдэл эс зөвхөн амьд организмд л амьдрах чадвартай. Иймээс амьд үүдэл эс агуулсан бүтээгдэхүүн гэж байхгүй. Гэхдээ хүний удаан хугацаанд хадгалсан хүй, эхэст үүдэл эсийг идэвхжүүлэх төрлийн пермэнтүүд, биологийн идэвхтэй маш олон төрлийн бодис байдаг. Тиймээс хүнийг хүйгээр нь домнодог, уламжлалт эмчилгээний тангийн найрлагад хүй, эхэсийг ашигладаг нь үүдэл эсийг идэвхжүүлдэг байх талтай.

Үүдэл эсийн судалгаа 1800-гаад оноос үүдэлтэй. 1970-аад оноос үр хөврөлийн үүдэл эсийг ашиглаж эхэлсэн. Өдгөө олон улсад анагаахын шинжлэх ухаан насанд хүрсэн үүдэл эсийг эмчилгээнд ашиглаж байна. Мөн үр хөврөлийн олон хуваагдах чадвартай үүдэл эсийг ч эмчилгээнд ашиглахаар судалж байгаа.

1997 онд Австрали улсад хонины үр хөврөлийн үүдэл эсээс Доли нэртэй “ихэр” хонь гаргаж авч байсан. Үүнээс үүдэн “Хүнийг ч хувилах боломжтой юм биш үү” гэсэн таамаглал гарч ирсэн. Энэ таамаглалаас үүдсэн Холливудын “The Island”, “Gemini man” тэргүүтэй маш олон кино бий. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш 2001 онд үр хөврөлийн үүдэл эсийн судалгааны ажлыг зогсоосон. Харин АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч асан Барак Обама үр хөврөлийн үүдэл эсийн судалгааны үр дүнд анагаахын шинжлэх ухааны эмчилгээгүй өвчнийг эдгээх шинэ эмчилгээ гаргах авах боломж байгаа гэж харсны үндсэн дээр үр хөврөлийн үүдэл эсийн судалгааны ажлыг 2009 онд сэргээсэн байдаг.

ТАМИРЧДЫН ШӨРМӨС, ХОЛБООС, ҮЕНИЙ ГЭМТЛИЙГ МОНГОЛДОО ҮҮДЭЛ ЭСИЙН ЭМЧИЛГЭЭГЭЭР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ
-Монголд эмчлэх боломжгүй ямар өвчнүүдийг үүдэл эсийн тусламжтай эмчлэх боломжтой вэ?

-Аутизмтай хүүхдүүд үүдэл эсийн эмчилгээнд хамрагдсанаар анхаарал төвлөрөх чадвар нь 20-30 хувиар сэргэж байгааг олон улсын судалгаагаар тогтоосон. Монголоос маш олон гэр бүл хүүхдээ үүдэл эсийн эмчилгээнд хамруулахаар Турк улсыг зорьдог. Тэгвэл Турк улсад хийж буй үүдэл эсийн эмчилгээг хамаагүй бага төлбөр, зардлаар Монголдоо хийлгэх боломжтой.

Үүнээс гадна тамирчид шөрмөс, холбоос, үений гэмтлээс болоод спортын замналаа орхих эрсдэл тулгардаг. Энэ төрлийн гэмтлийг мэс заслын аргаар эмчлүүлснээр бэлтгэл, цаг хугацаа цаашлаад амжилт гаргах боломжоо алддаг. Тиймээс зарим тамирчин үүдэл эсийн эмчилгээ хийлгэхээр өндөр хөгжилтэй орнуудыг зорьдог. Тэгвэл тамирчдын шөрмөс, холбоос, үений гэмтлийг Монголдоо үүдэл эсийн эмчилгээгээр эмчлэх боломжтой.

Зөвхөн тамирчид гэлтгүй настай хүмүүсийн үений эмгэгүүдийг үүдэл эсийн эмчилгээгээр мэс засал хийхгүйгээр эмчилж байна. Өвдөгний үе дээр жишээ авахад, Монголд 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн тал, талаас ч илүү хувь нь, 60-аас дээш настай, илүүдэл жинтэй эрчүүдийн 80 орчим хувь нь өвдөгний өвчтэй гэсэн судалгаа, тоо бий. Өвдөгний өвчнөө үе солиулах хүртэл хүндрүүлэхгүйгээр эрт үед нь оношлуулсан тохиолдолд элэгдсэн мөгөөрсийг нь үүдэл эсийн эмчилгээгээр ургуулж эдгээх эмчилгээг Монголд хийж байна.

Үүнээс гадна нурууны яснуудын хоорондох шилэрхэг мөгөөрс цүлхийж мэдрэлийнхээ ёзоор эсвэл нугасаа дарсан тохиолдолд нурууны дискний цүлхийлт буюу дискний эмгэг үүсдэг. Үүнээс үүдэн нуруу цаашлаад гар, хөл өвддөг. Энэ төрлийн эмгэгийг үүдэл эсийн эмчилгээгээр эмчлэх боломжтой.

-Танай эмнэлэгт хийгдсэн үүдэл эсийн эмчилгээнүүдийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?

-Манай төслийн хүрээнд эмчилгээ хийлгэсэн 300 гаруй хүний 80 хувь орчим нь өвдөгний ясны үений үрэвсэлт /остеоартрит/ өвчтэй байсан. Эдгээрийн 140 хүн нь хөнгөн буюу 1, 2 дугаар зэрэгтэй. Энэ өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн өндөр /75-90 хувь/ байсан. Үлдсэн 100 хүний хувьд үений үрэвсэлт өвчний 3, 4 дүгээр зэрэг буюу эцсийн үе шат руу орсон байсан. Эдгээр хүмүүст 50-75 хувийн үр дүн үзүүлсэн.

Харин тамирчдын шөрмөс холбоосын гэмтлийн үеийн үүдэл эсийн эмчилгээний үр дүн 90-ээс дээш хувьтай гарсан нь үүдэл эсийн эмчилгээ өндөр үр дүнтэйг харуулж байна.

ХҮН СЭЛБЭГГҮЙ БИШ, СЭЛБЭГТЭЙ ТӨРДӨГ
-Та өөрөө бүжгээр хичээллэж байсан юм билээ. Тиймээс тамирчдын гэмтлийг эмчлэх чиглэлээр сурч, судалсан уу?

-Бүжигчид тамирчин ангилалд ордог. Би АШУҮИС-ийн “Дэлбээ” хамтлагт зургаан жил бүжиглэсэн. Сүүлийн гурван жил нь Спорт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Тамирчдын бэртэл гэмтлийг ойроос мэдэрсэн болохоор спортоос шалтгаалсан гэмтэлд үүдэл эсийн эмчилгээг бусад сэргээн засах эмчилгээтэй хавсран хийж байна.

-Танай эмнэлэг зөвхөн үүдэл эсийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг үү?

-Үүдэл эсийн эмчилгээнээс гадна өвдөгний яс үений үрэвсэл /хүмүүсийн хэлдгээр өвдгөнд яс ургах эмгэг/, шөрмөс холбоосны гэмтэлд бүх төрлийн тарилга, сэргээх засах эмчилгээ, ясны хугарал, бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын эмчилгээ хийдэг.

-“Техник технологийг сэлбэгтэй учир засч янзалж болдог. Харин хүний бие организм “сэлбэг”-гүй” гэдэг үг байдаг. Гэхдээ анагаахын шинжлэх ухаан нөхөн төлжүүлэх эмчилгээний үр дүнд хүний бэртэл, гэмтлийг сэлбэж, засах чиглэлд хөгжиж байна гэж ойлгож болох уу?

-Хүн сэлбэггүй биш, сэлбэгтэй төрдөг. Үүний нэг жишээ нь үүдэл эс юм. Гэхдээ хүн нас ахихын хэрээр үүдэл эсийнх нь тоо цөөрч, өвчлөмтгий болдог. Тиймээс орчин үеийн анагаах ухаан байгалийн сэлбэг болох үүдэл эсийг ашиглан эс, эдийг нөхөн төлжүүлэх, хөгшрөлтийг зогсоох, удаашруулах эмчилгээний чиг хандлага руу түлхүү хөгжиж байна. Цаашлаад өөрийнх нь үүдэл эсээр эд эрхтнийг нь ургуулан ашиглах аргыг судалж байна.-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!