Uncategorized

Ц.Намхайдорж: Зүрхний эхогоор зүгээр гэж гарвал зүв зүгээр гэсэн үг бас л биш!!! Зүрх судасны өвчин илүүдэл жингүй байх, тамхи татахгүй байх, даралт өөх тос сахар хэвийн хэмжээнд байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хөнгөн зөв хооллох, сайн унтах, стрессээ зөв тайлж сурах, архийг зохистой хэрэглэхээс шалтгаална

Ц.Намхайдорж: Цусны өнгийг хараад өтгөрсөн гэж ойлгож болохгүй

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн зүрх судасны эмч, Анагаах ухааны доктор Ц.Намхайдоржтой зүрх судасны өвчлөл болон ковидын дараах үеийн цусны бүлэгнэлт, цус өтгөрөлтийн талаар ярилцлаа.-Сүүлийн үед ковидоос болж цус бүлэгнэлээ, харвалаа гэж хүмүүс их бичих болжээ. Зарим нь вакцинаас, зарим нь ковидоос боллоо гэж хэлж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?-Ковид-19 бол вирусээр үүсгэгдэж байгаа өвчин. Аливаа өвчин үүсгэгч хүний бие рүү орж өвчин үүсгэхдээ биеийн тодорхой нэг хэсэг рүү тусгай замаар холбогдож орж өвчлүүлдэг. Коронавирусийн хувьд амьсгалын замаар дамжин орж амьсгалын замыг өвчлүүлэхээс гадна судасны дотор хана буюу эндотелийг бас гэмтээдэг гэж үзэж байна. Тиймээс халдвар авч өвдсөн хүмүүсийн дунд судасны шалтгаантай хүндрэлүүд болох бүлэнгийн, шигдээсийн хүндрэлүүд арай илүү байгаа.

skip-share
Ковидоор өвдсөн хүн болгоны цус өтгөрдөг гэж ойлгож болохгүй

Гэхдээ ковидоор өвдсөн хүн болгон ингэнэ гэсэн үг биш. Шалтгаан нь тодорхой бус зүйл их бий. Ковид дэлхийд хангалттай хэмжээнд судлагдсан өвчин биш. Эхэлснээс нь авхуулаад дэлхий дахин тэр чигээрээ барьц алдсан. Одоог хүртэл өвөрмөц сайн үр дүнтэй эмчилгээний талаар, цаашид ямар хор уршигтай талаар тодорхойгүй зүйл их бий, судалгаанууд хийгдэж л байна. Харин үүнтэй холбоотойгоор нийгэмд сэтгэл зүйн айдас, түгшүүр их байна. Мөн замбараагүй эмийн хэрэглээ ч ихэсч, ашиг харсан төрөл бүрийн эмчилгээний аргууд ч гарсаар байна.

Вакцинтай холбоотой үүсэх хүндрэл 1 сая хүнд 2-3 хүнд тохиолдож байна гэсэн судалгаанууд байгаа ба энэ нь дархлааны өвөрмөц урвалуудтай холбоотой гэж тайлбарладаг.skip-share
Цус бүлэгнэх процесс бол хүний хамгаалах урвал-Та уншигчдад энгийн үгээр тайлбарлахгүй юу? Цус бүлэгнэнэ гэж юу болох, ямар эрсдэлтэй, яаж хамгаалах ёстой вэ?
-Цус бүлэгнэнэ гэдэг нь уг нь хүний хамгаалах урвал юм. Судасны эндотел буюу судасны ханын бүрэн бүтэн байдал гэмтэх нь бүлэн үүсдэг гол хүчин зүйлсийн нэг. Жишээ нь хүн гараа зүсчихлээ гэж бодьё. Бид боохгүй гоожуулаад хэсэг хүлээвэл цус гарах нь зогсдог доо. Энэ үед бүлэн үүсэж судасны гэмтсэн хэсгийг бөглөж цус алдаж амь нас эрсдэхээс сэргийлж буй хэрэг. Харин цус алдаагүй ч судасны дотор хана өөр олон шалтгаантайгаар гэмтэх үед хүний бие ялгаж чадахгүй цус алдаж байна гэж ойлгоод цус бүлэгнэлтийн тогтолцоо идэвхжиж судсанд бүлэн үүсэж бөглөрснөөр аюултай хүндрэлүүд үүсдэг.

Цусны бүлэгнэлтийг анагаах ухаанд Верхофын гурвал гэдгээр тайлбарладаг. Үүнд: нэгдүгээрт бидний саяын яриад байгаа судасны дотор хана буюу эндотелийн гэмтэл. Эндотел гадны нөлөө болох мэс ажилбарууд, гэмтэл бэртэлтэй холбоотойгоор, мөн судасны хатуурал, даралт, үрэвслийн шалтгаантай гэмтэж болдог.Хоёрдугаарт, цусны эргэлт удааширч зогсонги болох. Үүнд: олон цаг онгоцоор нисэх, хэвтэрт байх, удаан хугацаагаар PC тоглож суух, зүрхний дутагдалтай байх зэрэг багтана.

Гуравдугаарт, цусны зуурамтгай байдал, цусны бүлэгнэлтийн хэт идэвхжил. Үүнд: тарган байх, жирэмснээс хамгаалах дааврын эмүүд хэрэглэх, хавдраар өвдөх, цус бүлэгнэлтийн факторуудын хэвийн бус байдлууд гэх мэт олон хүчин зүйлүүд багтдаг.

Тиймээс судсанд бүлэн үүсвэл тухайн эд эрхтний хэвийн цусан хангамж алдагдаж үйл ажиллагаа хямрах, үхжих эрсдэл үүсдэг. Бидний сайн мэдэх зүрхний шигдээс, цус хомсрох харвалт зэрэг нь ингэж үүсдэг гэсэн үг. Бүлэн тухайн газраа хөдлөхгүй байхаас гадна салж цусны урсгалаар дамжиж өөр судсыг бөглөж болдог. Үүнийг эмбол гээд байгаа юм. Бид тромбэмболийн хүндрэл гэж ярьдаг ч үнэндээ хоорондоо ялгаатай ойлголт. Тиймээс бид үүнээс сэргийлэхийн тулд өөрсдийн чадах зүйлсдээ илүү анхаарч ядаж л илүүдэл жингээ багасгаж, даралт сахараа хэвийн байлгаж, тамхи татахгүй байж, гэмтэж бэртэхээс сэргийлж, янз бүрийн эм тан дураараа хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй байх.

skip-share
Шингэн бага уудаг, тамхи татдаг, өндөр уулархаг бүсэд амьдардаг, хэт их уураглаг хүнс байнга хэрэглэдэг хүмүүст цус өтгөрөх боломжтой.

-Хүмүүс цусны бүлэгнэл, цус өтгөрөл хоёрыг хооронд нь холиод байна уу гэж бодогдсон.
-Цус өтгөрөл, бүлэгнэл хоёр өөр ойлголт. Хүмүүс ковидын дараа шинжилгээ өгөх нь ихэссэн. Шинжилгээ өгөнгүүт цусны өнгийг хараад, хар байна, өтгөн байна гэж ойлгоод байх шиг байна. Цусны өнгийг гаднаас нь хараад цус өтгөн гэж шууд ойлгож болохгүй. Цус өтгөрнө гэдэг нь цусны найрлаганд байгаа шингэн хэсэг болон цусны эсүүд бусад бүрэлдэхүүнүүдийн харьцаа алдагдахыг хэлээд байгаа. Тиймээс шингэн бага уудаг, тамхи татдаг, өндөр уулархаг бүсэд амьдардаг, хэт их уураглаг хүнс байнга хэрэглэдэг хүмүүст цус өтгөрөх боломжтой.

Бид лабораторийн шинжилгээгээр цусны өтгөрлийг тогтоодог. Цус өтгөн зуурамтгай байх нь бүлэн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Манайхан цусны өнгөө хараад аспирин мэтийн эмүүд уугаад сарын дараа ягаан өнгөтэй цус гарна гэж бодоод байна. Тийм зүйл байхгүй. Аспирин бол цус шингэлдэг биш, харин бүлэн үүсэхээс сэргийлдэг эм. Харин цусаа шингэн байлгая гэвэл шингэн юм сайн ууж, хөнгөн хооллож, дасгал хөдөлгөөн хийж аливаа хорт зуршлуудаас хол байх хэрэгтэй.skip-share
Аспирин бол цус шингэлдэг биш, харин бүлэн үүсэхээс сэргийлдэг эм.-Сүүлийн үед харвалт их залуужаад байна гэж ярих боллоо. Таны анзаарснаар үнэхээр залуужиж байна уу, эсвэл…
-Харвалт дотроо хоёр янз. Нэг нь судас бөглөрдөг, нөгөө нь судас хагардаг. Дэлхий дахинд судас бөглөрч цус хомсрох харвалт илүү их тохиолддог. Харин Монгол Улс судас хагарч цус хуралт үүсдэг харвалтын тоогоор хүн амдаа харьцуулахад дэлхийд тэргүүлдэг. Аливаа өвчлөл залуужиж байгаа, нэмэгдэж байгаа гэдгийг хоёр талаас харах хэрэгтэй байх. Сайн талаас нь харвал илрүүлэг, хяналт, техник технологи сайжирсантай, урт насалдаг болсонтой холбоотой.

Муу талаас нь гэвэл хүмүүсийн амьдралын түвшин, хэв маяг, хорт зуршлууд, нийгмийн стресс, идэж ууж байгаа зүйлтэй холбоотой байж болох юм. Харвалтад хувь хүний хүчин зүйлүүдээс гадна нийгэм, удамшлын хүчин зүйлүүд хүчтэй нөлөөлдөг. Монголын өвчлөлийн талаарх тоо баримтыг бид Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эцсийн байдлаар хардаг. Энэ тоог харахаар ковидын үед харвалт илэрхий нэмэгдээд байгаа юм байхгүй. Гэхдээ хөгжлийн төвөөс гарч байгаа өвчлөлийн талаарх тоо баримтуудад итгэхэд хэцүү л дээ. Учир нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоотойгоо уялдаад эмнэлгүүд аль боломжтой, өндөр үнэтэй даатгалын онош тавьж өвчтөнүүдийг хэвтүүлдэг, шаардлагагүй хүмүүс худлаа онош тавиулж эмнэлэгт их хэвтдэг зэрэгтэй холбоотой.

Даралт ихсэх өвчнийг бид эмчилж чадахгүй. Харин хянаж, тохирсон эм ууж хэвийн хэмжээнд байлгаснаар харвалтаас сэргийлэх боломжтой.

-Судасны цүлхэн үүсдэг гэж хэлдэг байх аа?
-Цүлхэн төрөлхийн болон олдмол байж болно. Залуу хүмүүсийн харвалтын бас нэг гол шалтгаан нь судасны цүлхэн хагарах байдаг. Хэрэв судасны цүлхэн оношлогдвол судсан дотуур бөглөх, стент тавих, нээлттэй хагалгаа хийж цүлхэнг хавчих зэрэг ажилбарууд хийж харвалтаас сэргийлэх боломжтой. Бид артерийн даралт ихдэлтийг сайн илрүүлж, тогтмол тохирсон эмээ ууж, хянаж чадвал харвалтыг бууруулах боломжтой.

-Гэр бүлд нь харвасан хүн байдаг бол /удамшдаг учраас/ заавал үзүүлж байх ёстой гэж сонссон юм. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?
-Зүрх судасны өвчинд удамшил чухал нөлөөтэй ч үүнийг бид одоогоор өөрчлөх боломжгүй юм. Ирээдүйд генийн инженерчлэл хөгжөөд боломж гарах л байх. Тиймээс гэр бүлд нь харвасан, шигдээс болсон хүн байдаг бол эрсдэл байна л гэсэн үг. Ядаж л тэр гэр бүлийн амьдралын хэв маяг, иддэг зүйлс, зан төрхийн хувьд ч ижил төстэй зүйл их байгаа. Энэ нь өвчлөлд нөлөөлнө. Тиймээс бид өөрсдийн өөрчилж засаж болох зүйлдээ илүү анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь чухал. Өөрчилж болохуйц эрсдэлт хүчин зүйлүүдэд илүүдэл жингүй байх, тамхи татахгүй байх, даралт өөх тос сахар хэвийн хэмжээнд байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хөнгөн зөв хооллох, сайн унтах, стрессээ зөв тайлж сурах, архийг зохистой хэрэглэх зэрэг багтана. Харвалттай хамгийн холбоотой зүйл бол артерийн даралт ихсэх байдаг. Даралт ихсэх өвчнийг бид эмчилж чадахгүй. Харин хянаж, тохирсон эм ууж хэвийн хэмжээнд байлгаснаар харвалтаас сэргийлэх боломжтой.


Даралт их байгаад байвал бүх эрхтний судас гэмтэнэ гэж ойлгох хэрэгтэй

-Тэгэхээр даралт ихсэх өвчнийг эмчлэх боломжгүй байх нь ээ?
-Даралт ихсэх өвчнийг бид анагаах ухаанд ерөнхийд нь хоёр том бүлэгт хуваадаг. Анхдагч болон хоёрдогч гэж. Хүн нас ахихаар судас хатуурдаг. Хүн хөгширдөгтэй адил судас бас хөгширч байна гэсэн үг. Хатуураад уян хатан байдлаа алдаад ирэхээр даралт ихэснэ. 60, 70 настай хүний даралт ихсэхээр гайхаад байх юм алга. Үүнийг анхдагч даралт гэх ба эмчлэх боломжгүй. Зөвхөн тохирсон эм ууж хянах, амьдралын хэв маягаа өөрчилж хянахаас өөр арга байхгүй. Энэ нь нийт даралт ихтэй хүмүүсийн 95 орчим хувийг эзэлдэг.

Багахан хэсэг буюу 5 орчим хувь нь хоёрдогч даралт ихсэлттэй хүмүүс байдаг. Үүнд: залуу хүмүүс их байдаг, хэрвээ бид оношилж чадвал эмчлэх боломж байж магадгүй. Даралт нь өөр ямар нэгэн эмгэгийн шалтгаантай хоёрдогчоор үүсдэг гэсэн үг. Жишээ нь бөөрний, бөөрний дээд булчирхайн, судасны, дотоод шүүрлийн гэх мэт олон шалтгаанууд байдаг. Гэхдээ оношлоход төвөгтэй, зарим нь их нарийн шинжилгээнүүд шаарддаг. Шалтгааныг нь олчихвол хоёрдогч даралт ихсэлт эмчлэгдэнэ. Жишээ нь бөөрний дээд булчирхайд ямар нэгэн хавдар байж байгаад тэрнээсээ болоод даралт ихсээд байсан бол мэс заслаар хавдрыг авчихвал даралт ихсэхгүй. Эсвэл бөөрний судас нарийсчихсан байхад бид стент тавиад, бөөрний судасны урсгалыг хэвийн болгочихвол даралт ихсэхгүй болох боломжтой.


Даралт ихтэй яваад байвал судас хатуурна, судас хатуураад байвал даралт ихэснэ

-Даралт ихсэх өвчин эргээд дотор эд эрхтнүүддээ сөргөөр нөлөөлнө гэж байх уу?
-Хуучин бид даралтыг ахимаг настай, хөгшин хүний өвчин гэж ойлгодог, эдгээр хүмүүст судас хатуурч даралт ихсэх нь жам юм шиг бодож ирсэн. Гэтэл сүүлд артерийн даралт өндөр байгаад байвал энэ нь өөрөө судас хатууруулдаг маш хүчтэй хүчин зүйл болохыг тогтоосон. Тиймээс бид нэр томъёондоо хүртэл өөрчлөлт оруулсан. Хуучин эссенциал артерийн гипертензи гэж ярьдаг байснаа одоо больсон. Тэгэхээр даралт ихтэй яваад байвал судас хатуурна, судас хатуурвал даралт ихэснэ. Ингээд харилцан бие биедээ нөлөөлдөг. Мэдээж бүх эд эрхтэн цусан хангамж авч хэвийн ажиллахын тулд тэнд судас байна. Тэхээр даралт ихтэй яваад байвал бүх эрхтний судсууд илүүтэй хурдан хатуурна, гэмтэнэ, тэнд бүлэн үүсэх эрсдэлүүд нэмэгдэнэ. Ингээд хэвийн үйл ажиллагаа доголдоно. Хамгийн чухал бөгөөд их гэмтдэг эрхтнүүдэд зүрх, тархи, бөөр ордог.

-Ер нь ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой вэ?
-Яг тийм шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвчтөнд илэрдэг маш олон шинж тэмдэг олон өвчний үед, олон шалтгаантай илэрч болдог. Эмчид хандаж байгаа хүмүүсийг ерөнхийд нь харахад хэд хэдэн төрлийн хүмүүс байна. Нэг хэсэг нь хэнэггүй тоохгүй явсаар байгаад өвчнөө хүндрүүлж байж орж ирдэг. Ямар нэгэн байдлаар эмчид хандахаас өмнө өөрсдөө дураараа ямар нэгэн арга хэмжээ авч, дураараа эм ууж, гэрээрээ эмчилгээ хийгээд болохоо байгаад хожимдож орж ирдэг хүмүүс байна.

Нөгөө хэсэг нь биед багахан хэмжээний шинж тэмдэг илрэнгүүт айж түгшин 103 дуудаж, эмнэлгээр гүйдэг хүмүүс бас байна. Уг нь өөрсдөдөө анхаарч байгаа нь сайн зүйл ч зарим нь бүр хэтэрхий их сэтгэл зовнилтой, биеэ чагнасан залуус сүүлийн үед нэмэгдэх хандлагатай. Энэ нь хувь хүний сэтгэл зүй, нийгмийн стресс, бухимдал, амьдралын хэв маягтай илүүтэй холбоотой байж магадгүй юм.

Тэгэхээр эрүүл хүн гэж зөвхөн махан биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүй эрүүл байхыг хэлнэ.

-УБ Сонгдо эмнэлгийн эмчилгээний онцлог юу вэ. Орчин үеийн эмчилгээний чиг хандлага хаашаа явж байна вэ?
-УБ Сонгдо эмнэлгийн эмчилгээний онцлог гэхээсээ илүү бид дэлхийн стандартад нийцсэн, дөхсөн эмчилгээ үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэйгээр ард иргэддээ хүргэхийг эрмэлздэг. Тэрнээс бид өөрсдөө зохиогоод сэдээд хийгээд байгаа юм байхгүй. Манай эмнэлэгт тусламж үйлчилгээнийхээ хувьд Монгол Улсдаа тэргүүн эгнээнд алхаж байгаа олон салбар бий. Жишээ нь мэс засал, дуран, зүрх судас, дүрс оношилгоо, лаборатори гэх мэт.

Сүүлийн үед “Зүрх Мартахгүй” төсөл амжилттай хэрэгжиж байгаатай холбоотой зүрхний нээлттэй хагалгааны тоо эрс нэмэгдсэн. Мөн бид зүрхний болон захын судасны судсан дотуурх ажилбаруудыг олон жил боломжийн хэмжээнд хийж гүйцэтгэж байгаа. Орчин үеийн анагаах ухааны чиг хандлага бол өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлье, эмчилгээний тал дээр өвчтөнд зовуурь шаналгаа, шарх сорви бага учруулдаг, аюул багатай, эдгэрэлт түргэн байх аргууд болох дурангийн, судсан дотуурх эмчилгээний аргууд илүү хурдтай хөгжиж байгаа. Бид ч гэсэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын төлөө ажиллаж байна даа.

Зүрхний цахилгаан бичлэг хийлгээд зүгээр гарвал зүрх чинь зүгээр гэсэн үг огт биш.

-Зүрхний цахилгаан бичлэг хүмүүс жил болгон багц шинжилгээгээр хийлгэдэг. Түүнээс гадна ямар шинжилгээнүүд өгснөөр өвчтэй эсэхээ мэдэх боломжтой вэ?
-Зүрх судасны салбарт ч гэлтгүй анагаах ухаанд ямар ч төгс шинжилгээ байхгүй. Тийм учраас ийм олон шинжилгээний аргууд байна. Жишээ нь зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо хоёрыг харьцуулж болохгүй. Харьцуулшгүй хоёр өөр юм. Зүрхний цахилгаан бичлэг хийлгээд зүгээр гарвал зүрх чинь зүгээр гэсэн үг огт биш. Зүрхний цахилгаан бичлэгээр илрэхгүй олон өвчин байна. Зүрхний эхогоор зүгээр гэж гарвал зүв зүгээр гэсэн үг бас л биш. Тэгэхээр эдгээр олон оношилгоо шинжилгээний аргууд бие биеийнхээ дутуу талыг нөхөж байж тодорхой хэмжээнд цогц зүйл болж онош тавих, эмчлэхэд тусалдаг. Тиймээс эмчид хандсанаар эхлээд таны зовуурь шаналгаа, эрсдэлт хүчин зүйлүүд, өвчний түүхийг нарийн сонссоны үндсэн дээр эмч үзлэгээ нягт нямбай хийж дараа нь ямар шинжилгээ хийхээ төлөвлөдөг. Шууд компьютер томограф, MRI хийгээд л бүх юм тодорхой болчихно гэж байхгүй.

Ер нь тэгээд эмч хийхэд хамгийн хэцүү бөгөөд чухал зүйл бол оношийг л зөв тавих байдаг. Онош зөв байж л зөв эмчилгээ хийгдэнэ. Онош тавихад лаборатори болон дүрслэлийн шинжилгээнүүдээс гадна өвчний түүх, үзлэг зэрэг маш их зүйлс бий.

-Зүрх судасны өвчтэй хүн өөх тостой хоол идэх буруу гэж зөвлөдөг. Хоол хүнсний тухайд та юу гэж зөвлөх вэ?
-Тийм юм заавал идэх эсвэл идэхгүй байх ёстой гэдэг нь хэцүү асуудал. Юм болгоныг хэрэглэж болно, тодорхой хэмжээ хязгаартай л байх ёстой. Аливаа зүйл хэтэрвэл асуудал болно, мөн дутагдвал ч асуудал болно. Анагаах ухаан өөрөө хөлгүй далай, судлагдаад батлагдчихсан юм хомс. Өнөөдрийн зөвлөмж маргааш ч өөрчлөгдөж болно. Тиймээс аль болох байгаль дээрх зүйлсээ идэж хэрэглэж байвал илүү зөв болов уу.

-Зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Анагаах ухааны гол чиг хандлага нь өвдсөн хойноо биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь маш чухал гэдгийг ард түмэнд сайн ойлгуулах ёстой. Манайд иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу л даа. Манай эмнэлгийн хувьд урьдчилан сэргийлэх багц үйлчилгээ гэдгийг байгуулагдсан цагаасаа Монголд анх удаа цогцоор хийж нэвтрүүлсэн. Одоо энэ яваад байгаа эрт илрүүлэг бол ач холбогдолтой ч анхаарч засаж сайжруулах зүйлс олон байна гэж харж байгаа. Жишээ нь тэнд сууж байгаа эмч нарын чадварын асуудал. Манай зүрх судасны тал дээр л гэхэд зүрхний цахилгаан бичлэг хийгээд түүнийгээ сайн уншиж дүгнэж чадахгүйгээс бүгдийг нь зүрхний эмчид үзүүл гээд явуулчих жишээтэй. Энэ нь эргээд тэр хүндээ бөөн чирэгдэл, эмнэлэгт шаардлагагүй ачаалал их үүсгэж байна.

-Ярилцсанд баярлалаа. //gogo.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!