Uncategorized

Ж.Энхцэцэг: Ц.Батболд миний шавь, харин захирлаар ирээд өрөөний бурхан тахилыг минь гаргаж хаясан… Бас энэ эмнэлгийг архинаас ангид газар болгосон

“Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-ЖИРЭМСЭН ЭХИЙГ ШАТАН ДЭЭР ХОНУУЛСАН АЖИЛТНУУДАА ЗЭМЛЭЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ ЁСЗҮЙН АЛДАА ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙНА-

-Танай эмнэлэгт ямар үйл явдал өрнөсний улмаас та ажлаа өгөх болов?

-Энэ талаар их олон ярьсан даа. Асуудал бол одоогоор ажлаа хийж байгаа 4-5 дунд шатны дарга нарын түвшинд яригдана. Эмчилгээ үйлчилгээний чанартай холбоотойгоор үйлчлүүлэгч хохироод байхад шалтгааныг нь илрүүлэхийн тулд ажилладаггүй, дахин гаргуулахгүйн тулд ямар нэгэн ажил зохион байгуулж хамт олноо уриалан чиглүүлдэггүй, мөн цөөн тооны эмч, сувилагч нарын мөнгөний урсгалыг хааснаас, зарим олон жил нэг албан тушаалд зүгээр суучихсан, ажлын шаардлага тавихаар дарамт хэмээн үзээд өөрөө өргөдлөө өгөөд гарчихсан, ямар ч ажлын чадваргүй, сэтгэлгүй хэдхэн хүмүүсийн асуудал яригдаж байгаа гэж үзэж байна. Жилийн өмнө гарчхаад одоо хүртэл ажил олддоггүй, орсон ажилдаа тэнцдэггүй, боломж байвал буцаж ороод зүгээр сууж хов ярина гэсэн зорилго бүхий хэдхэн хүний зохион байгуулсан үйл ажиллагаа шүү дээ. Эмч, сувилагч нарыг загнаж байгаа жил гаруйн өмнөх бичлэгийг үндэслэн ёсзүйн алдаа гаргасан гэж сайд мэдээлж байна лээ. Гэтэл тэр бичлэг дээр үйлчлүүлэгч жирэмсэн эхийг хохироож, өвдөөд зовуурьтай байхад нь эмч үзэлгүй, сувилагч олдохгүй шатан дээр хонуулж ёсзүйн алдаа гаргасан ажилтнуудаа эмнэлгийн дарга зүй ёсоор шаардлага тавьж, зэмлэж байгаа бичлэг шүү дээ. Би үүнийгээ ёсзүйн алдаа гэж үзэхгүй байна. Харин сайдын ёс зүйд гайхаж, эргэлзэж байна. Гэхдээ энэ шалтаг нь байх. Шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Миний тавьдаг шаардлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд бол бүгд зөвхөн үйлчлүүлэгчийн төлөө, ёсзүйн хэм хэмжээг сахиулах гэсэн зарчимч шаардлагууд байсан.

-Таныг ажлаа хүлээж авснаас хойш 138 хүнийг ажлаас нь халсан гэдэг асуудлаар буруутгаж буй. Үүн дээр тайлбар өгөөч?

-Та бодоод үз дээ. Би 2021 оны хоёрдугаар сарын 25-нд томилогдож ажлаа авсан. Цар тахал газар авсан, ид хөл хорионы үе байсан. Юун хүн халах, эмнэлгийн ажилтнуудын хүч хүрэлцэхгүй улс даяараа л юм болж байсан. Дээрээс нь манай төрөхийн 400 гаруй ажилтны 138-ыг нь халчихаар тэр газар ажиллах боломж байх уу гэдгийг энгийн логикоор бодоод үз дээ. Гэтэл манай эмнэлэг өөрсдийн төрөх ээжүүдээс гадна корона туссан энгийн хүмүүст зориулж 250 ор дэлгэсэн байсан. Хүн хүчний хүрэлцээ маш муу байсан. Ийм үнэмшилгүй яриа яагаад яваад байгааг ойлгохгүй байна. Үүрэг гүйцэтгэгч дарга нь эхлээд ажлаа сайн судалж байж ярих ёстой байх. Амаржих газар ирээд хагас өдрийн дараа дүгнэлт хийж ярьж болохгүй. Үнэн бодит байдлыг дүгнэх газар олдох байх гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та яг хэдэн хүн халсан юм бэ?

– Жил найман сар ажиллахдаа ажил олгогчийн санаачлагаар, удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр нийт зургаан хүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Эмнэлгээс 94 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж хулгайлсан хүнийг халсан. Ажлын байран дээр удаа дараа архидан согтуурч танхайрсан хүмүүсийг халсан. Төрөх эмнэлэг хоёр хүний амийг зэрэг хариуцдаг газар. Согтуугаар ажил үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй. Ийм байдлаас болж эх, нярай эндсэний дараа би тэднийг халах ёстой юу? Би тэгж бодохгүй байна. Би тэднийг явуулах ёстой цагт нь халсан. Бас энэ эмнэлгийг архинаас ангид газар болгосон.

-ЗГХЭГ-ын ажлын хэсэгт та ажлаа тайлагнасан уу. Таныг сонсов уу?

-Хийж байсан ажлуудаа тайлбарлаж, асуултад хариулсан. Мөн энэ бүхнээ бүгдийг бичгээр өгсөн.

-Таны захирлын суудалд санаархагчдын акц явсан гэж харах нь бий. Энэ хэр үнэний ортой гэж бодож байна?

-Би тийм нарийн ширийн юм мэдэхгүй байна. Энэ суудалд хэн ч байсан мөнхийн дарга байх боломжгүй. Би л ажил хариуцаж байгаа үедээ хийсэн шиг хийж, эрүүл ээжүүд эрүүл хүүхдүүдээ тэврээд баярлан гэртээ гардаг аз жаргалын өргөө болгож хувиргая л гэж бодсон. Миний ажиллаж байх хугацаанд эхийн эндэгдэл нэг ч гараагүй. Ураг нярайн эндэгдэл буурсан байгаа. Энэ бол амаржих газрын ажлын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бөгөөд мөрөөрөө ажлаа хийж буй эмч ажилчдын маань гавьяа билээ.

-Үндэслэлгүйгээр халагдсан нь тогтоогдвол та албан тушаалдаа эргэж очих уу?

-Засгийн шийдвэрийг би тааж мэдэхгүй байна. Гэвч шударга ёс гэж байдаг бол олон мянган үйлчлүүлэгч, эхчүүд хүүхдүүдийн төлөө үнэнч шударгаар ажилласан маань тогтоогдох байх гэсэн итгэл байна. С.Энхболд сайдын шийдвэрээс үндэслэн Д.Амарбаясгалан сайд ажлын хэсэг байгуулан амаржих газарт бүтэн хоёр долоо хоног ажиллуулсан нь надад итгэл найдвар төрүүлсэн. Хариуцлага, шударга ёсыг эрс сайжруулж, шинэ түвшинд гаргах зорилго тавьсан Засгийн газрын зорилтыг тууштай үнэнч хэрэгжүүлснийхээ төлөө буруудна гэж огтоос бодохгүй байна. Би залуу сайдад итгэж байна.

-Таныг ажлаа өгснөөс хойш, тухайн үед таны эсрэг ажиллаж байсан хүмүүс албан тушаал ахисан гэх яриа бий. Энэ үнэн болов уу?

-Миний бас нэг гайхлыг төрүүлсэн зүйл гэвэл намайг ажлаас чөлөөлчхөөд чөлөөлөх шалтгаан болсон нөгөө талын хүмүүсийг байлгаж байгаад шалгасан явдал. Хоёр талын үнэн зөвийг тогтоох гэж байгаа бол маргалдагч хоёр талын байр суурийг тэнцвэртэй байлгах ёстой. Тэгээгүйд гайхаж байгаа. Гэхдээ шалгалтын дүнд нөлөөлөхгүй биз ээ гэж бодож байна.

Тэдгээр хүмүүс миний эсрэг ажилласан гэж бодож байгаа бол тийм биш. Миний эрх ашиг бол ажлын эрх ашиг л байсан. Тэр нь үйлчлүүлэгчийн, эх нярайн эрх ашиг гэсэн үг. Энэ эрх ашгийн эсрэг явсан хүмүүс. Бас амаржих газраас үйлчлүүлэгчийг дундаас нь авдаг, үнэгүй хийх үйлчилгээг асар өндөр үнээр хувийн эмнэлэгүүддээ үйлчилдэг гэх мэт нь амаржих газрын орлогыг дундаас нь зувчуулж байгаатай ялгаагүй. Энэ орлогыг дундаас нь хулгайлснаар Өргөө амаржих газар ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэх, амьжиргааг дээшлүүлэх боломжийг давхар хулгайлж байгаа гэсэн үг. Би хулгайтай тэмцсэн.

-ХҮН ТӨРӨХ ГЭЭД ӨВДӨЖ БАЙХАД ДУГТУЙ НЭХЭЭД ЗОГСОЖ БАЙДАГ ХҮМҮҮСТЭЙ Л ТЭМЦСЭН-

-Хулгай, хахуультай яг яаж тэмцсэн юм. Дэлгэрүүлээч?

-Үйлчлүүлэгчээс мөнгө авахгүй бол хөдлөхөө больсон хүмүүсийг хүний төлөө ажилладаг байхыг шаардсан. Хүн төрөх гээд өвдөж байхад дугтуй нэхээд, ар гэрээс нь мөнгө нэхээд байвал ямар байх вэ. Ээж, үрийн амьтай холбоотой болохоор ар гэрийнхэн нь хэл амгүй шууд л мөнгө төлдөг. Монголд ийм үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Ийм үйлчилгээгээ сэтгэл хангалуун авах гэж эрүүл мэндийн даатгалд иргэд мөнгө төлдөг гэж би ойлгодог.

Өргөө амаржих газар үнэгүй хийх боломжтой дурангийн хагалгааны аппаратыг бүтээж тавьчхаад үйлчлүүлэгчээс хоёр сая төгрөг нэхээд хувийн эмнэлэгтээ энэ үйлчилгээг үзүүлдэг. Хувиараа үйлчлүүлэгчээ олоод үйлчлэхийг хэн ч хориглохгүй. Харин үнэгүй үйлчилгээ авах ёстой хүмүүст боломжтой бүх үйлчилгээг хууль номын дагуу үнэгүй л үзүүлэх үүрэгтэй газар шүү дээ. Мөнгө өгч чадахгүй, амьдралын боломжгүй үйлчлүүлэгч үйлчилгээ авч чадахгүй болчихож болохгүй биз дээ.

-Ажилчдаа дарамталсан гээд байгаа шалтгаан нөхцөлүүд нь юу байв. Яг ямар дарамт үзүүлсэн юм бэ?

-Асуудлыг хэн юу гэж харахаас болдог байх даа. Ажлын байрны чанд хатуу шаардлага нь хариуцлагагүй, дураараа, зоргоороо байсан цөөн хүмүүст дарамт гэж ойлгогдсон байх. Ажилдаа хариуцлагатай, чамбай, нямбай олонхид таалагдаж ажлаа шударгаар үнэлүүлэх боломжтой болсон нь харин ч завшаантай байсан байх. Миний хувьд дээр хэлсэнчлэн ээжүүдэд, нярайд хамгийн сайн үйлчилгээг хамгийн сайнаар үзүүлэхийн тулд шаардлага өндөр тавьж ажилласан, хойшид ч тийм л байх болно. Гэхдээ би дандаа л шаардлага тавиад байсан юм биш, ажилчдын төлөө хийсэн зүйл их бий. Гагцхүү түүнийгээ ярих нь хэт даруу биш болох болов уу гэж бодоод ярихгүй байгаа.

-Жишээ нь та ажилчдынхаа төлөө юу хийв?

-Жишээ нь ковидын тасагт ажиллаж байсан эмч ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлсан. Энэ наймдугаар сард бүх ажилчдын цалинг 20%-аар нэмсэн, шөнийн болон илүү цагийн нэмэгдлийг үндсэн биш дундаж цалингаас боддог болсноор тэдний гар дээр очдог мөнгө нэмэгдсэн. Эмнэлгийн ажилчид шууд төсвөөс биш гүйцэтгэлээр цалинждаг болсон нь ийм боломжийг дарга нарт олгосон сайн шийдэл болсон юм. Улирлын урамшууллыг цаг тухайд нь өгч байлаа. Ажлын байрны таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч олон өрөө тасалгааг засаж янзалсан. Бид цаашид нөөц бололцоондоо тулгуурлан үүнээс ч илүү ажиллаж ажилчдынхаа гар дээр очдог мөнгийг нэмэгдүүлэхээр олон ажил төлөвлөж байсан. Ажилчдынхаа амьжиргааны түвшний судалгаа авч үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаар төлөвлөж байлаа. Ажилтнуудынхаа хуулийн, хүний эрхийн, мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх сургалтуудыг тасралтгүй хийдэг, ажлын байрны уур амьсгалыг хүн бүхэнд таатай болгохын тулд хүн рүү нь хандсан, хамт олондоо хандсан арга хэмжээнүүдийг байнга зохиодог байсан. Залуу эмч нарыг сургаж, ажлын байранд нь дэвшүүлэн ажиллуулахын зэрэгцээ ахмад эмч нараар шавилан сургах тогтолцоог сэргээсэн гээд энэ бүхнийг тоочих ч хаашаа ч юм дээ. Ер нь миний тавьдаг хатуу шаардлага бол албадын дарга, тасгийн эрхлэгч нар, дунд шатны албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг л нэмэгдүүлэх шаардлага л байсан юм шүү дээ.

-Төрсөн эхчүүдийн эхэсийг худалдаалдаг сүлжээ хүртэл үүссэн байсан юм биш үү? Түүнийг та мэдэж байсан уу?

-Манай удирдлагын багийнхан надад энэ талаар мэдээлж байсан. Түүнийг баттай болгож байгаад бүрэн танилцуулахараа ажиллаж байсан юм билээ. Зөвхөн энэ биш бидний төлөвлөн хэрэгжүүлж байсан олон сайхан ажил тасалдсанд харамсаж байна.

-ЖИЖИГХЭН БҮДРЭЭД ӨНДИЙХИЙН ТӨДИЙД ХҮНИЙ ЧАНАР ЯРАЙТАЛ ТАНИГДДАГ НЬ САЙХАН-

-Таны үүргийг түр гүйцэтгэж байгаа Амгалан амаржих газрын захирал таны халсан хүмүүсийг буцааж авч байгаа гэх юм. Үнэн үү?

-Одоо тэнд юу болж, хэнийг авч, хэнийг халж байгааг би яаж мэдэх вэ дээ. Архи ууж, ажлын хариуцлага алдсан, үнэтэй тоног төхөөрөмж эмнэлгээс хулгай хийдэг хүмүүсийг буцааж авч байгаа бол сонин л юм байна. Минийхээр бол тийм байх боломжгүй.

Би танд дээр хэлсэн, хоёр жилд зургаан хүн халсан гэж. Харин ямар нэг ар гэрийн, хувийн шалтаг шалтгаан тоочиж өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгөөд ажлаас гарсан хүмүүсийг буцааж авах нь үнэндээ маш зохисгүй үйлдэл. Яагаад гэвэл тэд өөрсдийн хүсэлтээр гарахдаа ажилгүйдлийн тэтгэмж дөрвөн сая гаруй төгрөг нийгмийн даатгалын сангаас авдаг. Төрөөс ийм мөнгө авчихаад буцаад сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авч байгаа бол хууль зөрчсөн ажиллагаа болно. Ер нь ямар ч ажлын байранд ажилтан авахдаа хууль журмын дагуу заавал нээлттэй сонгон шалгаруулалт хийх ёстой байдаг.

-Өргөө амаржих газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүн таныг 1,5 тэрбум төгрөгийн эмийн өр үлдээсэн гэж байна билээ?

-Ямар ч өр байхгүй. Эм нийлүүлдэг байнгын цөөхөн компанитай, тэдэнтэй үгссэн дунд шатны дарга нарт шаардлага тавьсан, тендер шалгаруулалт амжилтгүй, гэрээний байдал хангалтгүй би мөнгө гаргах боломжгүй тул энэ бүхнийг цэгцлэхийн тулд түр зогсоосон. Эмийн мөнгө эмнэлгийн дансанд бүрэн байгаа.

-Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд таны шавь гэж сонссон. Шавь тань таныг үгүйсгээд байгаа нь тэр үү?

-Яг докторын ажлыг нь удирдаагүй. Гэхдээ эх барихын “А” заасан миний шавь гэдэг нь үнэн. Төрийн ажлыг багш, шавь хэн ч хоорондоо солилцож болно. Гагцхүү хүн чанараа алдахгүй байх нь чухал юм даа. Төр ажлаа авч болно, дараагийн хүндээ ёслол төгөлдөр хүлээлгэж өгөөд явна гэж бодож байсан. Гэтэл миний шавь түр үүрэг гүйцэтгэхээр очихдоо багшийнхаа өрөөний бурхан тахилыг үүдэнд гаргаж шалан дээр хаясан нь итгэмээргүй санагдсан. Номын шүүгээ авахаар миний туслахыг очиход номын шүүгээгээ түр үлдээгээч, маргааш хэрэглэх шаардлага байна гэсэн байна билээ. Жижигхэн бүдрээд өндийхийн төдийд хүний чанар ярайтал танигддаг нь сайхан юм даа.

Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!