Uncategorized

Сайдын саналаар Улаанбаатарт түүхий нүүрс түлэх эрхийг нээжээ

https://mylandrover.ru/mn/tires-and-wheels/chto-nelzya-delat-v-period-lunnogo-zatmeniya-chego-nelzya-delat-v-lunnoe.html

“Аргална даа” сайдын саналаар Улаанбаатарт түүхий нүүрс түлэх эрхийг нээжээ

-Сайжруулсан түлшийг шинжлүүлэх асуудал ч мартагдав-

Нийслэл хотыг хар утаа бүрхэн хавар хүртэл үргэлжлэх хахир цаг эхэлж буй энэ үед Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ гэвэл та үнэмших үү. Тодруулбал, Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлийн удирдлагын хүсэлтээр өөрчлөлт оруулсан байна. Өнгөрсөн зун Засгийн газрын 2022 оны 223 дугаар тогтоолоор 62 дугаар тогтоолын гуравдугаарт “Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сайжруулсан шахмал түлш, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс)-ийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй” гэдэг заалт нэмсэн байна. (Тогтоолыг https://legalinfo.mn/mn/detail/15415?fbclid=IwAR0pzz3pTPR4cUujTsUzgojdUgYDo49P2HJEmhN5NVa2-SpDBvBDom9ZC2E энэ линкээр үзнэ үү). Товчхондоо, нам даралтын уурын зуухуудыг эрчим хүчний баяжуулсан нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн гэсэн үг. Ингэснээр хотын хэмжээнд нам даралтын зуухуудад нүүрс хэрэглэх, тэдэнд худалдан борлуулах нь нээлттэй болжээ. Тэгвэл арваад хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний яамны саналаар “баяжуулсан нүүрс”-ийг “түүхий нүүрс” болгон өөрчлүүлэх санал оруулжээ. Уг шийдвэр нь хараахан албажиж хуулийн вэб сайтад нийтлэгдээгүй байгаа бололтой.

Ямартаа ч өнгөрсөн жилийн “Сайжруулсан түлш утаатай, утаагүй” гэсэн маргаан өнөө жил “Сайжруулсан түлшнийх үү, нүүрснийх үү” гэдэг хэлбэр лүү шилжихээр болсон байна. Монголчуудыг хорт хавдар биш, хүрэлцээгүй эмнэлэг нь биш харин энэ бүх зовлонгийн эх үүсвэр болсон хорт утаа нь хядаж байгаа юм. Тийм ч болохоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2018 онд гарсан Засгийн газрын 62 дугаар тогтоолыг олон нийт талархан хүлээн авч байлаа. Уг тогтоолоор 2020 оны зургаадугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станцаас бусад дулаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм. Улмаар сайжруулсан хорголжин түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн гэдгийг бүгдээрээ санаж байгаа байх.

Тэгвэл одоо түүхий нүүрс орж ирэх суваг нээгдсэн байна. Төрийн ганц олигтой санаачлагаас ийм байдлаар ухарч болох уу. Ажил авсан даруйдаа “Аргална даа” гэж ярьж явсан сайдын аргалж байгаа нь энэ үү. Ингэж болох уу, Б.Чойжилсүрэн сайд аа. Түүхий нүүрс оруулж ирэх байтугай одоо хэрэглэж байгаа сайжруулсан түлшийг ч сайтар шинжлэх ёстой гэж өнгөрсөн өвөл яриад байгаагүй бил үү. Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасанг Улаанбаатарын утаа их байна гэдэг шалтгаанаар дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргынх нь хамт чөлөөлж байлаа. Тэр үйл явдлын дундуур мөн л тухайн цагт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх мэдээлэл хийх үеэрээ “Энэ жил утааны хэмжээ нэмэгдсэн. Хэн ч харсан тодорхой байгаа. Ямар шалтгааны улмаас утааны хэмжээ нэмэгдсэн бэ гэдгийг тогтоохын тулд бид хамтдаа ажиллаж байна. Ихэнх иргэд сайжруулсан шахмал түлшний чанар муу байна гэж байгаа. Сайжруулсан шахмал түлшний чанар Монгол Улсын стандартыг хангаж байгаа эсэхийг өнөөдөр эрх бүхий лабораторууд бүгд туршилтын дүнгээрээ баталгаажуулсан. Үүнээс өөрөөр бидэнд сайжруулсан шахмал түлшний чанарыг тодорхойлох албан ёсны бичиг баримт алга байна. Гадаад улс орон руу лабораторид өгч шинжлүүлэх талаар бодож л сууна” гэж ярьж байв. Үүнийг одоо санаж байгаа хүн байна уу.

Утааны асуудал ийм эмзэг байдаг юм. Эрчим хүчний сайд л солигдсон болохоос нам нь солигдоогүй байна. Засгийн газрын танхим нь ч хэвээрээ байж байна. Гэтэл Улаанбаатар хотод нам даралтын зуухнуудын хэрэгцээнд түүхий нүүрс оруулахыг Эрчим хүчний яам нь зөвлөөд сууж байгаа нь хэр зөв бэ. Төрийн ажлыг өөрийн амар хялбарт аль эсвэл эрх ашигт нийцүүлэн хийхийг хүсэгчдээсээ Засгийн газар салахгүй бол нэр хүнд нь ирэх хавар “уланд” байтугай “нүхэнд” орох байх шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!