Uncategorized

ЭЛБЭГДОРЖ ДЭЭР НЭГДЭХ ЮМ БОЛ АН СЭРГЭЭД Ч ХЭРЭГГҮЙ

Бидний ой санамж үнэхээр богино юм. Сүүлийн үед Ц.Элбэгдорж гэдэг хүн Ардчилсан намын аврагч аятай аашилж, уулзалт зохион байгуулан явах болжээ. Уг нь бол АН-ын залуус түүнээс цэрвэж, ичих хэрэгтэй. Саяхан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзсан зургаа сошиалд оруулсан байна. Өөрийнх нь тайлбараар бол чухамдаа л нэгдэж, нийлэхийн төлөө санаа нэгдсэн гэх. Харин түүнтэй уулзсан хүмүүс хожим нь тун ч тааруухан сэтгэгдлээ сошиалд хуваалцсан байх юм билээ. Н.Алтанхуяг юу хэлэхийг хүлээж л байя. Цагтаа үр хүүхэдтэйгээ Ц.Элбэгдоржийн занаанд орж, хонгилоор “чирүүлж” явсан хүн шүү дээ.
Монголд “Шударга бусын хонгил гэж байдаг” тухай нэр томьёог гаргаж ирсэн хүн бол Н.Алтанхуяг. Хонгилын эзнийг Ц.Элбэгдорж хэмээн зарлаж байлаа. Ерөнхийлөгч байхад нь шүү. Одоо л бид мартчихаад байгаа болохоос биш тухайн үедээ айхтар зориг шаардсан мэдэгдэл байсан юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч эрх мэдэлдээ сагаж ёстой л “дунд чөмгөөрөө жиргэж байсан” үе байхгүй юу. Түүний үгэнд нь ороогүй хүн шоронгийн хаалга татдаг байв. Хүн хулгайлж, хөнөөсөн Б.Хурцыг баруун Европоос авчирч Авлигатай тэмцэх газрын дэд дарга болгож улмаар Тагнуулын ерөнхий газрын даргаар тавьж байлаа.
Д.Дорлигжавыг түүний дараа М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокурор болгож, бизнесүүдийг дээрэмдэж, хөрөнгө мөнгөтэй хүмүүсээс татвар авдаг байсныг нь Тордойн Ганболд хэлэх хангалтгүй байгаа бол өнөөг хүртэл эргэж таргалаагүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын арьс махтайгаа хатчихсан явааг хар л даа. Ямар хэрэг хийсэн нь одоог хүртэл яг ч тодорхой биш л байгаа биз дээ. Өнөөдөр ажиллаж байгаа 300 гаруй шүүгчийн 90 хувь нь түүний үед томилогдсон хэвээрээ байгаа. Чухам үүнийг л “Шударга бусын хонгил” гээд байгаа юм. Мөрдөн шалгадаг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг АТГ, ТЕГ түүний мэдэлд, хэргийг нь боодог прокурор, ял оноодог шүүх нь нэг хүний дохио зангаагаар ажиллаад эхлэхээр шударга ёс гэдэг зүйл байтугай нь алга болно.
Нэг гараараа үгэнд ороогүй хэнбугайг ч “хонгилдох” эрх мэдэлтэй болсон бол нөгөө гараараа мөнгө сааж болох бүхий л зүйлийг эзэмшиж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрийг “Сааль нь дууссан үнээ” гэж зарласан хэрнээ зөвхөн ашиглаад орхисон овоолго дээрээс нь жилдээ 44 тэрбум төгрөгийн ашиг авч байсан хүн хэн бэ. Тамгын газрынх нь дарга асан П.Цагаан “Эрдэнэт”-ийн овоолгыг дахин угаах компани байгуулаад мөнгө шуудайлж байгаа. Ядаж эрдэнэтчүүдэд шороог нь үлдээ л дээ гээд орилолдоод байдгийн учир тэр. Үйлдвэрийг нь “сахал” Д.Эрдэнэбилэгт өгсөн үйл ажиллагааны зохион байгуулагч нь ч Ц.Элбэгдорж. Улс төрийн хүрээнд Д.Эрдэнэбилэгийг Ц.Элбэгдоржийн “түрийвч” гэж ярьдаг байлаа шүү дээ. Түрийвч нь гэхэд Монголын эдийн засгийг тэр чигт нь атгачихсан хүн байсан гэхээр айхтар байгаа биз. Нүүрсний тээвэр, түүнд оролцсон оролцоо зэргийг нь ярих ч юм биш. АСЕМ-ийн уулзалт зохион байгуулсных нь дараа хэдэн зуун тэрбумаар яригдах хулгай нь илэрч байлаа. Хэдэн залуу л өмнөөс нь шоронд явсан байх.
Хуулийн байгууллагыг өөртөө ажиллуулж бусдыг дарамталж, дээрэмддэг явдал Ц.Элбэгдоржоос эхлэлтэй юм. Түүний өмнө Н.Энхбаяр хэчнээн шүтүүлж байсан хэдий ч хуулийг захирах гэж оролдож байгаагүй юм. Ц.Элбэгдорж дээрэмдсэн хөрөнгө, хулгайлсан урлагийн бүтээлүүдээ эхнэрийнхээ дүү нарын нэр дээр хэрхэн шилжүүлж байсныг мэдэх нэг нь мэдэж л байгаа. Загалмайлсан эцэг шиг аашилж баячуудыг төрүүлж, тэднийг үүдэндээ суулгаж тооцоо хийдэг түрийвч болгож байсныг нь харсан хүмүүс дурсахаа байж, хохирсон хүмүүс нь санахаа больсон бололтой. Түүний дараа Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга бол Ц.Элбэгдоржийн дэргэд хөдөөний халтар бацаан байхгүй юу. Өмнөх ахаа дуурайх гэж оролдоод юу ч чадаагүй нэг нөхөр л юм. Гол нь одоо хуулийн байгууллага шударга болж цэвэршсэн бол ажлаа хиймээр байна. Ц.Элбэгдоржийн үед томилогдсон хэдэн зуун шүүгчид өнөөг хүртэл байдаг юм гэхэд наад талд нь мөрдөн шалгах, прокурорын байгууллагууд нь ядаж цэвэршсэн байлгүй дээ. Хуулийг гууль болгож тоглож байсан хүн “Хууль дуудахад гутлаа арчаад очно” гэж даналздаг нь гэмгүйдээ биш босгож бүтээсэн “хонгил”-доо эрдсэнийх юм. Тийм болохоор эрх баригчид үнэхээр хүний эрхийг дээдэлсэн, хууль ёсоо мөрдсөн нийгэм байгуулах гэж байгаа бол Ц.Элбэгдоржийг улс төрийн хамгаалалтаасаа гарга аа. Залгаад хуулийн байгууллага нь шалгах хэрэгтэй. Харин тэр АН-ынхан хэрэв Ц.Элбэгдорж дээр эргэж нэгдэх гэж байгаа бол сэргээд ч хэрэггүй дээ. Хаширсан хүний үг шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!