Uncategorized

Цагаан шүхэрт тарнийг уншихын учир ЗААВАЛ УНШААРАЙ

ХАР ЦАГААН ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ ТЭМЦЛИЙГ АМИРЛУУЛАГЧ

Цагаан шүхэрт Бурханы мөргөл, тарнийг өдөртөө 3 ба түүнээс олон тоогоор уншигч хүмүүн тэрбээр аливаа гадна, дотнын хорлол, аюул гамшиг, хар цагаан хэл ам, гараг эрхисийн муу нөлөөнд үл автдаг хэмээдэг.

Та тарнийг уншихдаа амьтан бүхэн хэрүүл тэмцэлгүй, аюул гамшиггүй, цаг бусын хагацал зовлонгүй, эв эетэй, эрүүл энх, баяр жаргалтай, элэг бүтэн, амар амгалан байх болтугай хэмээн зөв сайн сэдлийг үүсгэж уншаарай.

Харин тэр намайг хараасан учир хараалыг нь хариулъя, тэр надад хорлодог тул түүнийг чадъя гэх мэтчилэн өс хонзон, хорсол зэвүүцэл тээсэн буруу сэдлийг үүсгэж уншвал үйлийн үрийн хуулийн дагуу та ирээдүйд өөртөө аюул зовлон, хэрүүл тэмцэл дуудаж буй юм шүү.
Бие, хэл, сэтгэлийн үйлийн үр хуурмаггүй тул та сэтгэлээ үргэлж ариун байлгахад шамдаарай.

Зурган дээрх “Цагаан шүхэрт”-ийн мөргөл, тарнийг “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв”-өөс эрхлэн хэвлүүлсэн “Тарнийн учир, Маанийн утга” номноос авав.

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

Бурхан багш гучин гурван тэнгэрийн оронд егүүдэн төрсөн эх Махаамааяад ном заан үнэнийг үзүүлэхийн тулд тэнгэрийн тэр оронд заларч Хайлан хурал зохиожээ. Номоо ч заан эхийнхээ хойд төрөл болох тэнгэр хийгээд өөр олон тэнгэрт үнэнийг үзүүлсэн гэдэг. Амармагийн ертөнцийн хүсэлт зургаан тэнгэрийн Гучин гурван тэнгэрийн орон бол сүмбэр уулын оргилд орших хурмаст тэнгэрийн эзэгнэн суусан орон гэдэг.

Бурханы номд зааснаар энэ ерөтөнц Амармаг ба Өнгөт хийгээд Өнгөгүй гурван ертөнцөд багтна хэмээн номлодог. Хурмаст тэнгэр ба түүний албат гучин хоёр Индра суудаг орон тул энэ орныг ийн нэрийджээ. Гучин хоёр индра нь гэвэл: найман эдийн тэнгэр, арван нэгэн рүдра, арван хоёр нар, ашванийн хоёр хүү зэргийг хэлдэг байна. Сүмбэр уулын орой дээр “Үзвээс үзэмжит” хэмээх хот байх бөгөөд тэр хотын дунд хурмастын “Ялгуусан” хэмээх ордон байх ажгуу.

Тэр хотоос баруун урагш “Тэнгэрийн дэргэдэх сайн номын орон” хэмээх ордон байдаг гэнэ. Тэр газар болвоос тэнгэрүүдийн номын хийгээд номын бус үйлийг ялган салгах ба номын сайныг сайшаан магтах хийгээд тэнгэрийн олон багш нарын ном заадаг ариун орон болно. Энэ ариун газарт хурмаст тэнгэрийн алтан ширээ хийгээд түүний албат болон гучин хоёр тэнгэрийн суудал жигдрэн байдаг гэнэ.

Бурхан багш “Цагаан шүхэрт” хэмээх нууц тарнийг тэрхүү тэнгэрийн номын оронд айлдахын тулд “Үснирийг сайтар үзэхүй” хэмээх самадид тэгш оршин суумагцаа үснирийнхээ дундаас нууц тарнийн үсгүүдийг гараган энэ номыг айлдсан гэдэг. Ер нь Бурханы сургаалыг айлдан номлосон хэлбэрээр нь амаар айлдсан, адисласан, даган зөвшөөрсөн хэмээх гурван зүйл хэмээдэг.

Энэхүү цагаан шүхэрт бол адисласан зарлиг мөн бөгөөд бурхан багш зөвхөн амаараа бус са нгийн үс, хоолой, цээж, хүйс, нууцын орон тэргүүтэн биеийнхээ бүх хэсгээр бүр тэр байтугай шар үснийхээ нүх бүрээр ном номлож чаддаг хэмээн “Санаанд багташгүй нууц”-ын сударт айлдсан байдаг.

Бурхан багшийн сургаал угийн хөлгөн буюу судар, үрийн хөлгөн буюу тарнийн ном айлдвараас бүрддэг бөгөөд дөрвөн тарнийн аймаг номлосоноос Үйлийн дандарт хамаарах “Дээдэд бүтээхүй цагаан шүхэрт” хэмээх нууц тарнийн тухай товчхон өгүүлье. Тарнийн мөрийг Дээд, Ёгүүзэр, Явдлын, үйлийн дөрвөн дандраас үйлийн дандарт “Гурван тангараг байгуулах дандар” хэмээх Түүнчлэн ажирсаны язгуур, 

“Аюушийн дандар” хэмээх Лянхын язгуур, “Минтүгийн дандар” хэмээх Очирын язгуур ба Эрдэнэ, Тав-аар цэнгэгч, ертөнцийн хэмээх зургаан язгуур буй. Эдгээрээс түүнчлэн ажирсны язгуурыг Язгуурын эрхэм, Язгуурын эзэн, Язгуурын үснир, Язгуурын эх, Язгуурын хилэнт эр, Язгуурын хилэнт эм, Бодьсад зэрэг маш олон зүйлд номлосон буй. Жишээ нь: Язгуурын эзэн хэмээхүйд дөрвөн зүйл байдаг нь, Жабалзаржүд, Чагданжандангийн жүд, Чагдарын жүд, Намжимын жүдүүд болно. Язгуурын үснирт багтах Цагаан шүхэртэд “Бусдад үл ялагдагч”, “Чанагши няцаагч”, “Дээдэд бүтээгч” зэрэг буйгаас Дээдэд бүтээгч цагаан шүхэртийн товч агуулга тус эрдмийг тойм төдий өгүүлье.

Энэ нь бидний мэдэхээр цагаан хэл амаас хамгаалагч “Цагаан шүхэрт” судар юм.

Цагаан шүхэртийг хөгшин залуу, эр эм ялгалгүй хэн ч болов урин уншиж, бясалган бүтээх зэргээр анхааран авч болох ба даавуун дээр бичин бүтээх тэргүүтэнээр гарын авлага болговол хэрэг, тус нь гарна. Цагаан шүхэртийн гүн утгат тарнийг буянт сүсгийн сэтгэлээр цэвэрхэн даавуу, хальс холтос тэргүүтэн дээр бичээд сахиусан хот мандлын зай, равнай тэргүүтнийг ёсоор нь бүрдүүлж хүзүүндээ зүүх хийгээд эс бөгөөс амны уншлага болгох аваас тэр бодгал насан эцэслэхийг хүртэл мэс, хор, гал, усны аюул тэргүүтэн цаг бусын үхэлд хүргэх элдэв нөхөцлд үл чадагдана. Насан эцэслэх хүртлээ шулмын эрхэнд үл ормуй.

Тэнгэрийн ад тэргүүтэн элдэв адын оюулд өртөхгүйгээр барахгүй ад, зэтрэрийг эрхэндээ оруулан өөртөө нөхөрлүүлнэ. Цогт Базарваань тэргүүтэн очирын гольт олон язгуурын тоолшгүй олон бурхад хийгээд нууц ба арвис тарнийг эрхшээн бүтээсэн арван хоёр язгуурт охин тэргэрийн ивээлд багтан сахигдана. Тэд түүнийг хорлолд чадуулалгүй нуух болно. Бурхадын сэтгэлд таатай болж асрагдан хамгаалагдахаар зогсохгүй тэр бодгальд дээдийн дээдээр баясах болно. Наян дөрвөн мянган галавт өнгөрүүлсэн төрөлөө санах зэргээр ирээдүй хийгээд өнгөрсөнөө тольдох билигтэй болно. Урд ба хойд төрөлийнхөө жаргал зовлонг санах үүднээс магад гарах сэтгэл, бодийн сэтгэл, үнэхээрийн үзэл зэргийг төрүүлнэ. Цагаан шүхэрт голлосон жаран дөрвөн элч тэнгэрүүд цаг алгасалгүй хамгаалан аврах болно.

Энэ төрлөөс эхлээд бурхан болох бүхий л төрөлдөө ягчис, бэрд, махчин тэргүүтний муу төрөлд төрөхгүй. Идэх идээ, уух ундаар гачигдсан ядуу хүн болж төрөхгүй. Тоолшгүй олон бурханы буяныг хураана. Тоолшгүй олон бурхан бодьсадын ивээлд багтан өршөөгднө. Бурхан бодьсадын ууган шавь мэт бурхан бодьсадын таалалд багтна. Түүнчлэн ажирсан бүхний үснирээс гарсан цагаан шүхэрт хэмээх нэрээр алдаршсан хараал жатга тэргүүтэн хорлолд үл чадагдах арвис тарнийн хаан үүнийг амны уншлага болгосон, сахиус болгон зүүсэн, сударлан бүтээж биедээ хадгаласан тэр хүн тэр цаас эхлээд хилэнт үйлийг тэвчин хэдийгээр ариун явдалд оршиж үл чадагчин мөн боловч ариун явдалтан болно.

Шулмын хорлол тэргүүтнийг урд нь няцааж чаддаггүй байсан бол тэр цагаас эхлээд чаддаг болно. Дэв бузраар доройтсон бол бузраас ангижран ариусах болно. Цагийн сайнд нюнай сахиж чаддагүй байсан бол сахисан мэт буяныг хураах болно. Эцэг эх, архадыг хөнөөсөн ба бурхан бодьсадын биеэс цус гарасан хийгээд хуврагийн эвийг эвдсэн зэрэг засаргүй таван нүгэл үйлдсэн бол арилах болно. Урд насандаа үйлдсэн түйтгэр бүхэн барагдах болно. Үр хүүхэд удам угсаа хүссэн хүн энэ тарнийг унших ба биедээ хадгалавал үр хүүхэдтэй болох ба нас, буян, хүч чадал цогцолсон сайн хүнээр удам залгах болно.

Үхэж егүүдээд хойд төрөлдөө ерөтөнцийн дээд орон болох Энхжинд төрнө. Тэнд төрөөд бодьсад болно. Энэ тарнийг анхаарагч хүний эргэн тойронд айл саахалт, хот балгад, орон даяараа хүн ба малын өвчингүй болно. Хэрүүл тэмцэл дайн самуун ч үгүй болно. Хур бороо ч цагтаа ормуй. Цагаан шүхэртийн тайлбараас түүн авч орчуулсан У.Пүрэвсүх. Сайн буян дэлгэрэх болтугай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!