Uncategorized

Солонгос иргэнд зодуулсан монгол эмэгтэй Б: Ариун цэврийн өрөө ч оруулахгүй зандраад байхаар нь “Хүнтэй зөв харьцаач” гэж хэлснээс асуудал эхэлсэн!!! Сүүлд сонсоход тэр дарга монгол эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг, зоддог, хэл амаар доромжилдог гээд маш ноцтой үйлдлүүд гаргасаар ирсэн юм билээ

БНСУ-д цагийн ажил хийж байсан монгол эмэгтэйчүүдийн биед солонгос иргэн халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байгаа юм. Уг хэрэг энэ сарын 16-нд болжээ. Өглөө нь кофе шоп цэвэрлэсэн монгол эмэгтэйчүүд өдөр нь үйлдвэр цэвэрлэх ажил хийхээр очжээ. Ажлын дундуур хоолны цаг болж, ажилчид хоолоо идэхээр суух үед уг хэрэг мандсан байна. Хохирогч эмэгтэйчүүд 24 настай Б болон 41 настай Г нар байжээ.


Тухайн өдөр юу болсон талаар 24 настай хохирогч Б “Өглөө кофе шопын цэвэрлэгээний үеэс л эрэгтэй захирал муухай харьцаад эхэлсэн. Байнга чанга орилоод л, “Тэрийг хий”, “тэг ингэ” гээд байнга захиргаадаад байсан. Ариун цэврийн өрөө ч оруулахгүй. Хажууд зогсоод л хянаад яг шоронд байгаа юм шиг байдалтай ажилласан. Ингээд тэр ажлаа дуусаад нэгэн үйлдвэр рүү хоёр монгол эгчтэй хамт явсан юм. Гэтэл үйлдвэрийн үүдэнд очоод буух гэтэл яг шоронгийн хүмүүсийг авчирч байгаа юм шиг “Буугаач, буугаач” гэж маш чанга хашгирсан. Үйлдвэр рүү ороход тэнд нэг солонгос эмэгтэй дарга,

таван монгол эгч цэвэрлэгээ хийж байсан. Ажлаа эхлэхэд нөгөө солонгос эзэд бас л орилж хашгичаад л яваад байлаа. Ингээд нэг цаг орчим цэвэрлэгээ хийж байгаад өдрийн хоол ирсэн. Бид газраар уут дэвсэж суугаад хоолоо идэж эхэлтэл солонгос эмэгтэй дарга нь намайг элдвээр муулаад байсан. Надад маш эвгүй санагдсан учраас хоолоо идэхээ болиод бостол улам уурлаад араас “Иймэрхүү юмнуудыг хар” гээд л хараагаад байсан. Тийм муухай нөхцөл байдалтай байхад монгол эгч нар “Чимээгүй байгаарай. Хий гэснийг нь л хий. Нэг өдөр тэсээд илданаа /цалин/ аваад явъя” гээд юу ч ярьж чадахгүй байсан. Би тийм байдлыг тэвчиж чадаагүй. “Хүнтэй хүн шиг харьцаач” гэж дөрөвхөн үг л хэлсэн. Гэтэл эрэгтэй дарга нь барьж байсан модоороо над руу чичээд

“Битгий над руу хараад бай. Муухай харахаа боль” гээд чанга хашгирсан. Монгол эгч нар дуугүй л суугаад байсан. Удалгүй нөгөө солонгос эмэгтэй монгол эгч нар руу хоолоо шууд цацчихсан. Урдаас нь хараад сууж байсан монгол эгч (41 настай Г) босч ирээд “Та нар нэгнийгээ загнуулаад байхад яагаад дуугарахгүй байгаа юм. Бүгд ингэж ажиллаж байхаар явцгаая” гээд намайг өмөөрсөн. Хариуд нь нөгөө солонгос эрэгтэй даргаар маш хүнд зодуулсан. Миний төлөө босч ирээд тэр их өвдөлт, дарамтыг үл хайхран зориг гарган хамгаалсан эгчид маш их баярлалаа. Сүүлд сонсоход тэр дарга монгол эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг, зоддог, хэл амаар доромжилдог гээд маш ноцтой үйлдлүүд гаргасаар ирсэн юм билээ. Гэтэл монгол эмэгтэйчүүд “Угаасаа ийм байдаг юм,

ганц өдөр тэс” гэдэг. Ингэж хандмааргүй байна. Бид өнөөдөр нүдээ аниад өнгөрвөл маргааш ч аньсаар байна. Ийм хүмүүсийг мэдсээр байж нутаг нэгтнээ битгий аваачиж өгөөч. Харамсалтай нь тэр үйл явдлын дараа ч интернэт дээр зар тавиад л монгол эмэгтэйчүүдээ олноор аваачиж харагдана лээ. Харамсалтай санагдаж байна. Хүний эрх зөрчигдөөд байхад юу ч хэлж чаддаггүй арчаагүй томчуудыг харахад сэтгэл өвдөж байна. Хэрэв тэдний хүүхдэд ийм зүйл тохиолдсон бол яаж туслах байсан бэ гэж асуумаар санагдсан. Би одоо маш их айж байна. Тухайн үед цагдаа дуудсан. Ирсэн. Гэвч иргэнийхээ талд ордог юм билээ. Өргөдөл авахгүй байсан. Арга буюу би хийсэн бичлэгээ үзүүлсэн. Гуйж гуйж өргөдөл бичихэд шууд солонгосоор бичихийг шаардсан. Түүгээр зогсохгүй хажууд зогсож байгаад нөгөө солонгос эздийн биед халдсан мэтээр тулгаад нэг бүрчлэн бичүүлж авсан. Гэтэл нөгөө монгол эгч нар намайг “Цагдаагаас өргөдлөө буцаа” гээд байгаа. Би яахаа мэдэхгүй байна” гэж ярьжээ.

Тэгвэл бичлэг дээр зодуулж буй 41 настай Г “Амралтын цагаар бид хоол цайгаа уунгаа арай чөлөөтэй байхыг бодно шүү дээ. Хоорондоо нэг хоёр үг солиод л.

Гэтэл солонгос эзэн бидний яриаг утсан дээрээ бичиж эхэлсэн. Удалгүй монгол жаахан охин руу дайраад, элдэв бусаар хараагаад унадаг юм. Миний охин шиг хүүхдийг тэгж байгааг харахад хэцүү байлаа. Тэр охин ч хэл устай байсан болохоор нэгбүрчлэн ойлгоод байна лээ. Тиймээс хараалыг нь тэсч чадахгүй босоод явтал эрэгтэй захирал араас нь босч модоор чичлээд, эмэгтэй захирал нь улаан нүүр рүү хоолоо цацдаг юм. Тэгээд дургүй хүргээд би өмнөөс хоолоо цацаад босч очоод эрэгтэй захирлыг бариад авсан. Тэр нөхөр миний хоолойг боогоод л, шууд ухаан балартаад эхэлсэн. Ингээд л үхдэг юм байна. Ямартаа ч энэ нөхрийг цагдаад өгөх ёстой, ингээд орхивол дахиад л давтагдана. Дахиад өөр монголчууд хохирсоор байна гэж бодогдоод “Цагдаа дууд” гэж орилсон. Хариуд нь тэр эрэгтэй биднийг “Та нар визгүй. Хол газар ирчихсэн. Такси ч байхгүй. Яаж явж чаддаг юм. Та нарыг цагдаад барьж өгнө. Ер нь визгүй юм чинь чамайг алсан ч яадаг юм. Чи үхмээр байна уу. Чамайг ерөөсөө ална” гээд л боож чирээд шал мөргүүлсэн. Арай ухаан алдчихгүйхэн шиг салсан даа” гэсэн байна.


Хохирогчдын эрхийг хамгаалах асуудлаар өнөөдрийн байдлаар дорвитой үйл ажиллагаа хийгдээгүй байна. Гадаад харилцааны яамнаас БНСУ-ын Сөүл дахь Консулын газарт албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу тус газраас БНСУ-ын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон талаар мэдээлжээ. Харин хохирогчидтой биечлэн уулзаж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа байгууллага нь БНСУ дахь Гадаадын иргэдийн эрхийг хамгаалах ТББ гэнэ.


Монгол эмэгтэйчүүдэд халдсан солонгос иргэн өмнө нь бэлгийн хүчирхийлэл, бусдын биед халдах ноцтой үйлдлүүд гаргаж байжээ. Түүний энэ удаагийн үйлдэлд БНСУ-ын хуулиар хууль бусаар гадаадын иргэн ажиллуулсан хэмээн буруутаж торгуулийн ял авах магадлалтай. Хохирогч эмэгтэйчүүдийн биед халдсан явдалд хөнгөн гэмтэл хэмээн ноцтой шийтгэл хүртэхгүй гэж эх сурвалж хэлж байв.
Эх сурвалж: Өдрийн сонин

Related Articles

Back to top button
error: Content is protected !!