Uncategorized

С.Эрдэнэцэцэг: Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй

-Юуны өмнө маргааш тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргье. Олон жилийн дараа хамтарч тоглолт хийх болсон талаар уншигчдад маань дэлгэнгүй яриач?-Баярлалаа. Бид хоёр 23 жилийн дараа нэг тайзнаа хамт гарч, олон түмэндээ тоглолтоо өргөн барих гэж байгаадаа баяртай байна. У.Далантай маань сонгодог урлагаар, би уртын дууны чиглэлээр сурч төгссөн. Хэсэг хугацаанд тус тусынхаа ажлыг хийж, хамтдаа уран бүтээл хийсэнгүй. Тоглолт маань их сайхан болно гэж итгэж байна. Өнгөрсөн хугацаанд бид хоёрыг “Хамтарсан уран бүтээлээ хийнэ үү”, “Хамтарсан тоглолтыг чинь зохион байгуулж өгье” гэсэн санал их ирдэг байсан. Гэвч бид хоёрын ажил амжихгүй явсаар өдий хүрсэн.
Харин дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр “Та хоёрын дууг сонсч өссөн. Одоо ч сонсох дуртай. Хамтарч дуулсан олон сайхан уран бүтээлээ нэгтгээд цомог болговол сайхансан. Ер нь тоглолтоо хий. Хоёр дүү нь зохион байгуулж өгье” гэсэн. Тэгээд бид гурван сарын эхээр уулзаад ийнхүү ярилцсан. Ярилцсан ажлаа хурдан хугацаанд ажил хэрэг болголоо. Бид хоёр энэ олон жилийн дараа хамтраад дуулахад сэтгэлд нэг л сайхан байна. Хийж бүтээж байсан уран бүтээлүүдээ шинэ өнгө, шинэ хэмнэлээр дууллаа. Ард түмэн биднийг дахин хамт дуулаасай гэж хүсч байсан учраас их сайхан хүлээж авсан. Маргааш болох тоглолт маань дан хайрын дуу эгшиглэнэ. Халуун алга ташилттай, халуухан үдэш болно гэж бодож байна.
-“Сэтгэлийн булаг” цомог гараад 15 хонож байна. Борлуулалт их сайн байгаа гэж сонслоо?
-Тиймээ. Бид хоёр 4 сарын 1-нд цомгийн баяраа хийсэн. Энэ өдөр хүмүүс нэг нэгнээ хуурдаг бол бид хэнийг ч хуураагүй, үзэгчдээ уран бүтээлийн бэлэг барьсан. Цомгийн баярт маань маш олон хүн ирсэн. Ирсэн хүн бүрт гарын бэлгээ гардуулсан. Шинэ цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлж, олон түмэндээ барьсан байгаа.Хөгжмийн найруулагч нь энэ хоёр дууг түрүүлж бичсэн юм. Монгол түмэндээ тоглолтоосоо өмнө бэлэг барих гэж яарсан учраас “Сэтгэлийн үг”, “Сэтгэлийн булаг” дуугаа дүрсжүүлсэн.
-Та хоёрыг дахиад хослон дуулах болсноор хамтран ажиллах уран бүтээлийн санал ирж байна уу?
-Шинэ уран бүтээл хийх бодолтой байна. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас хамтран ажиллах санал ирж байгаа.
-Урлагийнхан амьдралдаа хамгийн их золиос гаргасан байдаг. Та уран бүтээлийн замаар замнахдаа юуг золиослов?
-Дуучин хүн уран бүтээлээ туурвиад явахаар ар гэрээ хаядаг. Гэрийнхэндээ зарцуулах цаг бага байдаг учраас бид гэр бүлээ хоёрдугаарт тавьдаг. Намайг өдий зэрэгт хүргэхэд чуулгын маань хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхний тус дэм нөлөөлсөн. Би ганцаараа уран бүтээл туурвиад сонсогчидгүй бол дуучин болж чадахгүй. Тиймээс уран бүтээлийг минь шимтэн сонсч, алга ташилтаар угтдаг үзэгчдэдээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барихыг хүсдэг.-МУГЖ У.Далантай та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсан гэж ярьдаг. Та ч тухайн үедээ “У.Далантайтай холбоогүй” гэдгээ тайлбарладаг байсан. Энэ талаар та одоо юу гэж хэлэх вэ? -Бид хоёр урлагаар холбогдсон уран бүтээлийн найзууд. Хэн хэн нь гэр бүлгүй, залуухан хос дуучид байсан учраас ард түмэн “Энэ хоёр дуучныг нийлүүлчих юмсан” гэж хүсдэг бас ярилцдаг байсан. Шар хэвлэлээр бид хоёрыг олон жил холбож ярилаа. Бидний дунд хайр сэтгэлийн ямар ч холбоо байгаагүй. Тэр ч байтугай бид хоёрыг хамтран амьдраад салсан гэж ярьдаг. Үнэндээ бидний дунд тийм харилцаа байгаагүй. Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй.
-“Сэтгэлийн үг” тоглолтын реклам хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Энэ үед нэг бус хүнээс С.Эрдэнэцэцэг гавъяат “хөөрхөн, сайхан” хэвээрээ байна, улам залуужсан байна гэх мэт үгсийг сонсож явлаа. Сайхан бүсгүй байхын нууц юунд байдаг вэ?
Хүн дотроосоо зөв, эрүүл байх хэрэгтэй. Мөн уурлаж уцаарлахгүй, сайхан унтаж амарч байх хэрэгтэй. Түүнээс биш янз бүрийн эм тариа, мэс засал хэрэглэсэн юм байхгүй. Уурлаж уцаарлахаар хүний тархины, бие мах бодийн олон эс үхэж, хөгшрөлтийг түргэсгэдэг гэж боддог. Тухайн үед болсон асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй.-Баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!