Uncategorized

Ж.Батзандан: Ерөнхий сайдад “Ярьсан зүйлээ битгий мартаарай” гэж захидал илгээсэн

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал улс төрийн хүрээнийхнээс хэдийн халиад ард олныг хамарч эхэллээ. Ийн хэлсэн нь УИХ-ын гишүүд энэ долоо хоногийн туршид тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг хийж байгаа юм. Тиймээс улс төрийн намуудын байр суурийг хүргэх үүднээс энэ удаад УИХ-ын гишүүн асан, ШИНЭН-ын дарга Ж.Батзандангаас тодрууллаа. -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд та ямар байр суурьтай байна вэ? -Монгол Улс 20-30 жил тутамд шинэ Үндсэн хууль баталдаг түүхэн уламжлалтай. Тэртээ 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан. Түүнээс хойш 1940 он, 20 жилийн дараа 1960 онд шинээр баталж байсан. Харин дөрөв дэх Үндсэн хуулиа 32 жилийн дараа буюу 1992 онд баталж байлаа. Түүхэн цаг хугацааг авч үзвэл хамгийн сүүлийн Үндсэн хуулиа баталснаас хойш өнөөдрийг хүртэл 30 жил өнгөрч байна. Тиймээс Монгол Улс тав дахь Үндсэн хуулиа батлах, Үндсэн хуулийн цогц шинэчлэл хийх түүхэн цаг хугацаа болсон байна гэж бид харж байгаа.-Хэд, хэдэн гол өөрчлөлтүүд оруулахаар болж байгаагийн нэг нь гишүүдийн тоог нэмэх. Энэ тал дээр юу хэлэх вэ? -Эрх баригч нам тавдугаар Үндсэн хуулийг батлах тухай биш, жижиг косметик засал хийх тухай, өөрсдөдөө ашигтай, эрх мэдлээ баталгаажуулах, нэмэгдүүлэх, хадгалах зорилгоор хэдэн заалт оруулахаар ярьж байх шиг байна. Тухайлбал, гишүүдийн тоог 120 болгох, сонгуулийн пропорциональ тогтолцоотой болох гэх мэтчилэн 7-8-хан өөрчлөлтийг эрх баригч намын зүгээс санал болгосон. Бид үүнийг буруу гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол системийн цогц, тогтолцооны эрс өөрчлөлт ярих ёстой. Шинэ Үндсэн хуулийн төслөө ШИНЭН боловсруулаад төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Манай намын эрдэмтэн, судлаачид “Шинэ хувьсгал” ном бичсэн. Энэ номын есдүгээр бүлэгт уг хуулийн төсөл байгаа. Бид Англи, Австрали, Америк, Япон лугаа хоёр танхимтай болох нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн хонгилын шүүхийг нурааж, тангарагтны шүүхтэй болох, хоёр толгойтой гүйцэтгэх засаглалыг нэг толгойтой болгох хэрэгтэй. Бид 76 толгойтой, 76 даргатай, улсын нөөц бололцоо, төсвийн хөрөнгийг 76 тойрог руу татдаг, Монгол Улсын хүчийг тарамддаг жижигрүүлсэн эдгээр тойргийг халах ёстой. Хоёр танхимтай, хяналтын парламентийг бий болгох ёстой гэж үзэж байгаа. Эрх баригч нам зөвхөн өөрсдийнхөө хүслээр хүч түрж, Үндсэн хуульд косметик засал хийхийг буруу гэж үзэж байна. Хүлээн зөвшөөрөхгүй.-УИХ-ын гишүүд иргэдтэй уулзаад эхэлсэн. Тэгэхээр ард түмэн дэмжлээ гээд “Мэс засал”-аа хийхээр болчихвол яах вэ?-Косметик мэс засал цөөнгүй удаа хийж үзсэн. Өнгөрсөн 2000 онд “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг эрх баригч нам хуйвалдааны замаар хийсэн. Энэ дордуулсан өөрчлөлтөөс болоод Монголын төр сүүлийн 20 жил учир зүйгээ олохоо больсон. Мөн 2019 онд бас л дордуулсан олон өөрчлөлт хийсэн. Тухайлбал, Газрын хэвлийн баялаг төрийн нийтийн өмч гэдэг дэлхийн хаана ч байхгүй, утга учиргүй, ард тмүний баялагийг хулгайлах хуулийн заалтыг оруулсан. Өөрөөр хэлбэл, хуйвалдааны замаар Үндсэн хуульд гар хүрэх тутам хууль тогтоомжийн чанар алдагдаж, хүч суларч байдаг. Үндэсний эрх ашгийг хамгаалах тогтолцоо алдагдаж байна. Үүнийг ганцхан би биш Үндсэн хууль судлаачид, эрдэмтэд хэлж байна. Тийм учраас Монгол Улс 32 жил явсан Үндсэн хуулиа үндэсээр нь өөрчилж, сонгодог хоёр танхимтай парламентийн тогтолцоо руу шилжих цаг болсон. МАНАН дэглэмийн эсрэг надтай хамт тэмцэж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, тухайн үед биднийг дэмжиж байсан У.Хүрэлсүх нар ч энэ тухай ярьдаг л байсан. МАНАН дэглэмийг нураах Үндсэн хуулийг батлах ёстой. МАНАН-д ашигтай, Монголд ашиггүй тогтолцоог нураах хэрэгтэй. Энэ чиглэлд яваасай гэж ШИНЭН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид хүсэж байгаа.-Та “Шударга тав” гэгддэг нөхөддөө шинэ Үндсэн хуулийнхаа төслийг танилцуулж, уулзсан уу. Тэд ер нь юу гэж байна вэ? -Эрх баригч намын, эрх мэдэлтэй том даргын зовлонг би мэднэ. Бүлх залгисан юм шиг үгээ хэлж чадахгүй байна. Намын бүлэг, Удирдах зөвлөлийнхөө шийдвэрээс зөрж чадахгүй байна. Яг намын даалгавраар төрийн ажлыг хийдэг, бүлгийн шийдвэрээр Засгийн ажлыг хийдэг болсон байна лээ. Хамт тэмцэж явсан нөхөд маань 50 мянган хүний өмнө, хөхөө өвлийн хүйтэнд жагсаж явахдаа хэлж байсан үгээ, ярьж байсан зүйлсээ битгий мартаасай гэж залбирч байгаа. Тэр ч утгаараа “Шинэ хувьсгал” номыг бичиж, хамт тэмцэж явсан нөхдүүддээ хүргүүлсэн. Энэ номонд бидний ярьж, мөрөөдөж байсан зүйлс бүгд бий. Монголыг аврах 18 хувьсгал, өөрчлөлт, шинэ Үндсэн хуулийн төсөл номонд маань байгаа. Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү “Номоо уншаарай, ярьсан зүйлээ битгий мартаарай” гэж захидал явуулсан. Төрийн ордонд том дарга болохын зовлонг тэр хүн эдэлж байх шиг байна. Гэхдээ том даргын зовлон, төрийн, ард түмний зовлон битгий болоосой гэж залбирч байгаа. Т.ХӨВСГӨЛ Эх сурвалж: Өглөөний сонин

Related Articles

Back to top button
error: Content is protected !!