Uncategorized

МОНГОЛ ИРГЭНД ТУСЛАСАН ИЗРАИЛИЙН ТАМИРЧИН ПЕТР ПАЛЬЧИК: Тэр ахад хоол, хувцсаа өгөхөд “Чамайг хэзээ ч мартахгүй” гэж баярлаад, уйлсан

НАМХАЙ АХТАЙ ДАХИН ХОЛБОГДОЖ ЧАДВАЛ ТЭМЦЭЭН ҮЗЭХ УРИЛГА ӨГМӨӨР БАЙНА Гадаад тамирчин монгол иргэнд хоол, хувцас өгч тусалж буй зураг олон нийтийн сүлжээгээр ил болж, монголчууд түүгээр бахархаж, сайхан сэтгэлийг нь ерөөж, тэмцээнд нь амжилт хүсэж байгаа юм. Түүнийг Петр Пальчик гэдэг. Тэрбээр “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээнд оролцохоор долоо хоногийн өмнө манай улсад ирсэн Израйль Улсын тамирчин билээ. Түүний бусдад тусласан сайхан сэтгэлийнх нь талаар болон жүдочин болсон дурсамжийнх нь талаар ярилцлаа. -Сайн байна уу. Манай улсын иргэнд тусалсан танд баярлалаа. Таны бусдад тусалж буй зураг олон нийтийн сүлжээгээр ил болж, монголчууд танаар бахархаж байна. Та зургаа олон нийтийн сүлжээнээс үзсэн үү? -Баярлалаа. Өчигдөр манай дасгалжуулагчийн төрсөн өдөр болсон юм. Бид хоол идэж байтал тэр ах бидний сууж байсан ресторанд орж ирсэн юм. Түүнийг н.Намхай гэдэг юм билээ. Түүнийг зөөгч нар ресторанаас гарахыг шаардаж, хөөж байхыг анзаарсан. Тэгээд тэдэнд “Наад хүнээ хөөх хэрэггүй. Бидэнтэй хамт суулгачих” гэсэн юм. Тэгээд түүнтэй жаахан сууж ярилцсан.н.Намхай ах усны инженер мэргэжилтэй, англиар сайн ярьдаг хүн байсан. Түүнд “Хоол, мөнгө өгье” гэтэл зөвшөөрөөгүй гараад явсан юм. Яагаад ч юм тэр ах миний өвөөтэй адил сайхан сэтгэлтэй хүн шиг санагдсан учир заавал туслах ёстой юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд би хойноос нь гүйж очоод хоол болон өөрийнхөө өмсөх дуртай цамцыг өгтөл “Чамайг хэзээ ч мартахгүй” гээд уйлсан. Хэрвээ тэр хүнтэй дахин холбоо барьж чадвал жүдогийн тэмцээн үзэх урилга өгмөөр байна. -Та хоёр жүдогийн талаар ярилцсан уу? -Ах Монголын жүдочдийг сайн мэддэг, дэмждэг юм билээ. Харин гадаадын тамирчдыг сайн таньдаггүй гэсэн. Тэр ах эхнэрээсээ салсан юм билээ. Тийм болохоор жаахан гундуухан явдаг байх. Гэхдээ хоёр охинтой гэсэн. Христын шашин шүтдэг, библийн талаар сайн мэддэг хүн байсан. -Та Монголд ирж байсан уу. Танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? -Би Монголд ирээд долоо хонож байна. Анх удаа ирж байгаа. Манай дасгалжуулагчид найман жилийн өмнө Монгол Улсад ирж байсан юм билээ. Тэднээс танай улсын тухай сонсож байсан. Монгол Улсын тухай бусдаас сонсох, нүдээрээ үзэх өөр юм байна. Танай улсыг ийм том, том байшин, барилгатай гэж бодоогүй. Мөн монгол хүмүүс их сайхан сэтгэлтэй гэдгийг мэдэрсэн. Би танай улсад дахиж ирэхийг маш их хүсэж байгаа. -Та удахгүй тэмцээнд оролцох гэж байгаа болохоор хоолны дэглэмтэй байгаа байх. Гэхдээ монгол хоол сонирхож, идэж үзсэн үү? -Тэмцээндээ орчихоод танай улстай илүү сайн танилцаж, монгол хоол идэж үзнэ гэж бодож байгаа. Одоо янз бүрийн хоол идэх боломжгүй.-Та жүдогийн тамирчин болсон түүхээсээ ярьж өгч болох уу. Яагаад тамирчин болохоор шийдсэн бэ? -Би эхээсээ дутуу төрсөн гэдэг. Тэгээд эмч нар намайг амьдрах боломжгүй гэж оношилсон юм билээ. Харин өвөөгийн найз эмч хүн байсан болохоор намайг “Заавал амьдруул” гэж өвөөд хэлсэн гэдэг. Намайг бага байхад аав минь орхиод явсан. Тэгээд би эмээ, өвөөтэйгөө дотно, ойр өссөн юм. Өвөө минь намайг бялдаржуулж, дасгал хөдөлгөөн хийлгэхийн тулд жүдогоор хичээллүүлсэн. Би дөрвөн настайгаасаа өнөөдрийг хүртэл жүдогоор хичээллэж байна. -Таныг жүдочин болоход өвөө нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Та анхнаасаа жүдочин болох мөрөөдөлтэй байв уу? -Өвөө анх миний эрүүл мэндийг бодож жүдод явуулдаг байсан. Жүдогоор хичээллэх хэцүү санагдаж, би маш их уйлдаг байсан. Тэгээд жүдогоос гарах тухайгаа өвөөдөө хэлтэл “Чи заавал явах ёстой” гэж намайг зоригжуулдаг байсан. Би тэсэж бэлтгэлдээ явсаар байгаад нэг мэдсэн өөрөө жүдод маш хайртай, дуртай болчихсон байсан. Бүр жүдогоос гарч чадахааргүй болсноо мэдээд баярлаж байлаа. Уг нь өвөө намайг хүчтэй, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхийн тулд жүдогоор хичээллүүлж байсан юм билээ. Тэгээд намайг генерал болгоно гэж боддог байсан гэсэн. -Та сүүлийн үед гаргасан амжилтынхаа талаар ярьж өгөөч? -Токиогийн олимпоос багаараа хүрэл медаль авсан. Жүдогоор дэлхийд нэгдүгээрт загсаж байсан гээд амжилт их бий. Энэ удаагийн тэмцээнд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэгвэл мэдээж миний амжилт нэмэгдэнэ. Жүдогийн багт ороод 12 жил болж байгаа.-Тамирчин хүнд ялах, ялагдах үе зөндөө бий. Та сэтгэл хөдлөлөө хэрхэн дардаг вэ? -Тамирчин хүн бусдыг ял сурах хэрэгтэй. Үүнтэйгээ адил бас ялагдаж сурах хэрэгтэй. Тамирчин хүн сайн бэлтгэл хийхээс гадна сэтгэл зүйгээ удирдаж чаддаг байх ёстой. Би багаасаа ялагдаж үзсэн болохоор сэтгэл зүйн хямралаас өөрийгөө аварч чаддаг гэж боддог. Баг хамт олон, улсынхаа нэрийн өмнөөс барилддаг учир өөрт байгаа бүх хүч, боломжоороо хичээж, амжилтын төлөө зүтгэх сайхан. Би аливаа зүйлийг дуустал нь хийдэг, тууштай гэж боддог. Тийм учраас олон жил жүдогоор хичээллэж байна.-Хүний хүсэл, мөрөөдөлд хязгаар гэж үгүй шүү дээ. Таны цаашдын зорилго юу вэ? -Би 40 настай. Би өвөө, эмээ,  дүү, нохойтойгоо амьдардаг. Гэр бүлтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Мөн дараагийн олимпод заавал амжилт гаргах мөрөөдөлтэй. -Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Танд үлгэр жишээ авдаг тамирчин бий юү? -Надад чөлөөт цаг маш бага гардаг. Долоо хоногийн Лхагва гарагт л амардаг. Би хэн нэгнийг дагаж дуурайхыг хүсдэггүй. Өөрөөрөө байхыг хичээдэг. Монголын тамирчдыг сайн мэддэг, үздэг. Анх олимпод орж байхдаа Монголын тамирчинтай барилдаж ялж байсан. Монголчууд үнэхээр хүчтэй, дайчин хүмүүс шүү дээ. -Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье. -Баярлалаа.Ergelt.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!