Uncategorized

Хөвөнтэй улиаснуудыг зоригтой тайрч, оронд нь шилмүүст модод суулгая

Нийслэл Улаанбаатарыг моджуулахын тулд 1950-1960 оны үед оросууд их хэмжээгээр сибирийн цагаан улиас тарьж өгчээ. Социализмын үед цөөхөн модтой байсан Улаанбаатарыг хэдхэн жилийн дотор ногооруулж чадсан байна. Хөрс голдоггүй, үндэс нь хөрсийг хавж ургадаг, 100 гаруй жил наслах тэсвэртэй энэ мод цөлжилтийн эсрэг сонголт мөн. Харин үндэс нь барилгын сууринд нөлөөлдөг, зуны улиралд үрээ цацдаг гэх мэт шалтгаанаар хотод тарихыг зөвлөдөггүй юм билээ.Т.Гантөмөр Нийслэлийн ерөнхий менежер байхдаа “Улаанбаатарт 40 мянган улиас байгаагийн 19 мянга нь эм улиас байна” гэсэн тоо ярьсан. Жилээс жилд хот тохижилтын ажилтнууд модны унгирал цацагдахаас сэргийлж мөчир, эр модны молцогийг нь тайран хэлбэржүүлэх нөр их ажилтай болдог. Мөн унгирал цацагдахаас сэргийлж дээрх 19 мянган модонд төсвийн мөнгөөр тариа тарьдаг байна.Жилийн жилд улиас модны хөвөн нийслэлийн иргэдэд тухгүй байдал үүсгэж, жилийн жилд нийслэлийн төсвөөр тариа тарьж, тохижилтын ажилтнууд алтан цагаа модны мөчир тайрахад зарцуулж байна. Энэ байдлыг зогсоох арга бол хотод тохиромжтой нарс, шинэс, гацуур, жодоо зэрэг мөнх ногоон шилмүүст модод, мөн бутлаг ургамлууд тарих явдал гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгэхээр хотын улиаснуудыг тайрч нийслэлээс хол элслэг газарт шилжүүлэх, оронд нь мөнх ногоон шилмүүст моддыг Улаанбаатарт тарих шаардлага байна.Магадгүй, Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод санаачилга өрнөж байгаа үед улстөрийн ч гэх юм уу мод тайрах, шилжүүлэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргахад амаргүй. Гэхдээ иргэдийн ая тух болон улс, нийслэлийн төсвөө бодвол нэг их удаалгүй хотын ногоон байгууламжийг ийм замаар шинэчлэх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд шилмүүст моддыг ойгоос шилжүүлэн авчирч байгаа нийслэлд суулгах нь их байгаа боловч арчилгаа муугаас үхүүлэх нь нэлээд. Арчилгаагаа сайжруулчихвал бутлаг болон шилмүүст мод л нийслэлд хамгийн хэрэгтэй байна даа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!