Uncategorized

Д.Ангар: Монгол Улс Шри Ланкын араас орох вий

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.-Шри Ланка улс энэ сарын 19-нд түүхэндээ анх удаа дефолт зарлачихлаа. Монгол Улс ч мөн адил үе, үеийн эрх баригчдын популист шийдвэрийн үр дүнг удахгүй амсана гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар анхааруулсан. Тэрбээр өнгөрсөн Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр “2024 он хүртэл аргалаад явчих гэсэн өрийн буруу бодлого хожим 2030 он гэхэд Монголоос та бид бүгд хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүйд хүрэхээр байна. Өөрсдийгөө хуурч өрийн хавханд оруулж байна” гэдгийг онцолсон нь олны анхаарлыг татаж байна. Монгол Улс үнэхээр Шри Ланка улсын араас дефолт зарлахаар хэмжээнд хүрсэн хэрэг үү ? -Монгол Улсад дефолтийн эрсдэл бодитойгоор нүүрлэсэн. Монгол Улс сүүлийн 30 жил эдийн засгийн ямар ч бодлогогүй явсны горыг хэзээ нэгэн цагт амсах нь тодорхой. Уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмрийн хүдрээ зарж валют олохоос өөрөөр Монголд үйлдвэрлэл байхгүй учраас эдийн засагт баялаг, нэмүү өртөг бий болдоггүй. Сүүлийн арван жилийн хугацаанд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж..Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ зэрэг Ерөнхий сайдууд төр барьсан. Гэвч аль ч Засгийн газар, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч ойрын хугацаанд нүүр тулах дефолтийн эрсдэлд санаа тавиагүй. Тэд гавьяа байгуулахгүй ч гал алдчихгүйхэн шиг байж байгаад сонгуулийн дараа ажлаа хүлээлгээд өгнө гэх сэтгэлээр асуудалд хандаж ирсэн. Гэтэл энэ хугацаанд Монгол Улс дефолтын эрсдэлтэй нүүр тулаад байна. Ний, нуугүй хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн эрсдэл Шри Ланкаас 4.2 дахин их байгаа. Тодруулбал, Шри Ланка улс 50 тэрбум ам.долларын өртэй, 22 сая хүн амтай. Нэг хүнд ногдох өр нь 2.272 ам.доллар. Гэтэл Монгол 3.4 сая хүнтэй ч 33 тэрбум ам.долларын өртэй. Нэг хүнд ногдох өр нь 9.705 ам.доллар байна. Шри Ланка Монголыг бодвол харьцангуй үйлдвэрлэгч улс. Цай, далайн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад экспортолдог. Монгол Улсын хувьд уул уурхайгаас өөр ямар ч үйлдэрлэл байхгүй. Хил дээр гацаа үүсэхээр улсаараа хямарчихдаг өрсөлдөх чадваргүй эдийн засагтай. Дефолт зарлалаа гэхэд төгрөг цаас болно. Ам.долларын ханш 3000 байсан бол 30 мянгад хүрнэ. Үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрнэ. Өлсгөлөн, сүйрэл гэх зэрэг маш том эрсдэлүүд бий. Ер нь Монгол, Шри Ланкын араас орох вий.Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хэмжээний том асуудал гэж бодож байна. Сүүлийн 30 жил бид 1992 оны Үндсэн хуулиар яваад болсонгүй. Дампуурлын ирмэгт ирлээ. Дефолт зарлах хэмжээнд хүрлээ. 1992 оны Үндсэн хууль бол төрийг замбараагүй, хариуцлаггүй, төрийн албан тушаалтгуудыг авлига хээл хахууль руу татсан. Одоо үүнийг засч дараагийн 30 жилийн дүр зургийг шинээр зурахгүй бол энэ чигээрээ явбал Монгол Улс 10-15 жил хүрэхгүй хугацаанд бүрэн дампуурах эрсдэлтэй. -Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээсэн. Тус агентлагаас хил дээрх дэд бүтэцүүд сайжирснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2023 онд 6.3 хувь , 2024 онд 6.8 хувь хүртэл өснө гэж төсөөлсөн юм билээ. Энэ тэгэхээр хэтэрхий өөдрөг төсөөлөл болж таарах нь ээ. -Ямар ч гадны том зэрэглэл тогтоодог агентлагууд Монгол Улсын ирээдүйг тооцож чадахгүй. Тэд зэс, нүүрсний үнэ өндөр байна гээд таамаглал гаргасан ч харамсалтай нь бид газрын баялгаа гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Наашаагаа бараага оруулж, цаашаа нүүрс, зэсээ гаргаж чадахгүй унхиагүй байдалд орчихсон. Үүнээс яаж эдийн засгийн өсөлт хүлээх юм бэ. Нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт хасахтай гарсан. Энэ нь эдийн засаг хүнд байдал руу орж байгааг харуулж байна. Хэдийгээр БНХАУ-ын Эрээн хот руу задгай тээврээр нүүрс тээвэрлэх боломжтой болсон ч эдийн засагт мэдрэгдэх нөлөөлөл нь ойрын хэдэн сардаа мэдрэгдэхгүй. Эрээний төмөр зам тодорхой хэмжээний хүчин чадалтай. Хүчин чадлаа шууд 2-3 дахин нэмнэ гэж юу байх вэ дээ. Монгол Улс энэ онд 32 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч нэгдүгээр улиралд 2.5 сая тонн нүүрс экспортолсон. Хамгийн гол нь дотоодод бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байсан бол уул уурхайн экспорт зогссон ч эдийн засагт ирэх дарамт нь бага байх байлаа. -Оройтсон ч гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга зөв--Монголд бизнес хийх нөхцөл улам амаргүй болж байгааг баялаг бүтээгчид хэлэх болжээ. Зээлийн хүүгийн дарамтанд орж, татварын байцаагч, мэргэжлийн хяналт нь ирээд шахаж хавчих эсвэл өндөр үнэтэй торгууль тавих зэргээр тавьж байгааг тэд ярьцгаадаг. Ер нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд үйлдвэрлэлээ хөгжүүлээгүйн горыг өнөөдөр бид амсч байна гэхэд буруудахгүй болов уу. -Тийм ээ. Сүүлийн 30 жил Монголын төрийн төлөө зүтгэсэн гэгддэг эрхмүүд, чөмгөө дундартал зүтгэлээ гээд байгаа нөхдүүд зөвхөн импорт , нөгөө талдаа мөнгө хүүлэлтийг дэмжиж ирсэн. УИХ-ын гишүүдийн ихэнх нь банк бус санхүүгийн байгууллагатай байх жишээний. Мөн өндөр хадгаламжтай банкаас хүүгийн орлогоо аваад амьдардаг бүхэл бүтэн бүлэг бий болчхоод байна. Ер нь олон улсын жишиг бол банкны хадгаламжийн хүүнд 35-50 хувийн татвар ногдуулдаг. Гэтэл монголд банкны хүүгийн орлого 1990 оноос хойш 2016 он хүртэл 26 жил татваргүй явж ирсэн. Ийм тогтолцоо нь гишүүдэд сайхан боловч зээлийн өндөр хүү нь үндэсний үйдвэрлэлийг нухчин дарж байгаагаас ялгаагүй. Үүнийгээ зөвхөн импортоор орлуулдаг учраас мөнгөний эргэлт нь гадагш гарч дотоодод ажлын байр, нэмүү өртөг, баялаг бий болдоггүй. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд л дарга нарын амнаас дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэх үг гарч эхэлсэн. Үүнийг одоо биш 25 жилийн өмнө ярих ёстой байсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуултал 76 гишүүд нь 950 саяар нь хуваагаад идчихсэн. Намдаа томд тооцогдох гишүүд нь 950 саяыг бүр хоёр удаа авсан байх жишээний. Үүнээс харахад Монголын төрд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ААН-рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх сэтгэл байгаагүй гэдэг нь харагдаж байна. Хэрэв төр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг хүсч байвал хоёрхон арга хэмжээ авахад л хангалттай.-Ямар? -Нэгдүгээрт үйлдвэрлэлийг дэмждэг санхүүгийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ нь бага хүүтэй урт хугацаатай зээл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 5-10 жилийн хугацаатай, 3-5 хувийн хүүтэй зээл юм. Төрөөр дамжсан санхүүгийн зохицуулалт нь авлига, бусдад давуу байдал олгодог учраас төр санхүүгийн тогтолцоог л бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт гадаадын импортоос дотоодын үйлдвэрлэгч нараа хамгаалах тарифын бодлого. Монголын хөлөө ч олоогүй технологи муутай, зээлийн хүү өндөр, ажиллах хүч муутай компани Солонгосын 70 жилийн түүхтэй компанитай яаж өрсөлдөх юм бэ. Ядаж 3-5 жилийн дараа тогтмол үйл ажиллагаа явуулаад эхлэхээр гадны компанитай өрсөлдөх боломжтой болно. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох хугацааг нь өгөх хэрэгтэй. Монголд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого байхгүй учраас гадны компаниуд импортоор гаалийн таван хувийн татвар төлөөд л ороод ирдэг. Монголоос Солонгос руу цагаан будаа экспортод гаргая гэхэд тухайн улсын хийж чаддаг бүтээгдэхүүн учраас маш өндөр татвар төлдөг. Магадгүй биднээс 50-60 хувийн татвар шаардана. Тэр нь өндөр татвар тавьж гаалийн орлого бүрдүүлэхдээ биш өөр улсын бараа бүтээгдэхүүнийг эдийн засаг руугаа оруулахгүй гэх бодлоготой холбоотой.Мэдээж тухайн улсын газарзүйн байршил бусад онцлогтой байдлаас шалтгаалаад эдийн засагт нь байхгүй бүтээгдэхүүнийг гаднаас авахаас өөр аргагүй. Угаасаа үүн дээр бага татвартай байдаг. Дээрх хоёр арга хэмжээг авахгүй бол Монголын бизнесийн салбарт нар гарахгүй. Сүүлийн 30 жил Монголын бизнесийн салбарт өдөр бүр шахуу аянга цахилгаантай, бороотой байлаа. Хамгийн гол нь Монголчуудын хийж чадах бүтээгдэхүүн хүртэл ямар ч гаалийн татваргүй орж ирж байна. Гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөг 50 орчим хувь, тахианы мах, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 он гэхэд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ.-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад хүнсний хувьсгал хийнэ гэдгээ мэдэгдсэн. Таван жилийн хугацаанд Монгол Улс 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь дотоодоосоо  хангадаг болно. Үүнд 1.7 их наяд төгрөг шаардлагатай учраас бонд гаргах, хөнгөлөлттэй зээл, Засгийн газрын баталгаа гаргах асуудлаар санал оруулсан юм байна лээ. Та үүн дээр ямар бодолтой байна вэ? -Оройтсон ч гэсэн Ерөнхийлөгчийн санаачилга зөв. Ядаж хийж чаддаг бүтээгдэхүүнэ дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Харин үүнд төрийн оролцоог л багасгах хэрэгтэй. Бусдыг нь хувийн хэвшилд даатгах нь зөв. Тухайлбал, төв суурин газрын иргэдийн мах, сүүний хэрэгцээг хангахын тулд цэвэр үүлдэрийн мах сүүний чиглэлийн тус бүр 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд 55 мянган тонн багтаамж бүхий орчин үеийн агуулах, зоорь, 50 га талбайд өвлийн хүлэмж бүхий цогцолбор барина гэж Я.Содбаатар мэдэгдсэн.Дээрх төсөл, арга хэмжээнд төр зөвхөн зохицуулалтын түвшинд л оролцох ёстой. Төр бизнес хийж, мөнгөтэй ойртож болохгүй. Мөнгөтэй ойртох л юм бол авлига хээл хахууль болдог. Төр л мөнгө шийдэх юм бол хэн нэгэнд нь давуу байдал олгодог. Товчхондоо төрд байгаа хүмүүс хуваагаад авчихдаг. Таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэдгийг сонсоод төр бизнес хийх гээд байна гэх хардлага төрснийг нуухгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхээр нарийн заалтууд нь илүү тодорхой болох биз. Төр, хувийн хэвшлийн талаар нэг том ялгааг хэлье. Төр мөнгийг замбараагүй зарцуулдаг. ААН өөр дээрээ зээл үүсгээд зарцуулах юм бол үр ашигтай болгохын төлөө үйлдвэрлэлээ хурдан ашиглалтад оруулж нэг ч гэсэн бүтээгдэхүүн илүү зарахын төлөө ажиллана. Төр гарынхаа салаагаар урсгаад үрэн таран хийчихдэг. Монгол гурван сая хүнд оногдох баялгаараа дэлхийд дээгүүр орох улс. Гэвч баялагтай орны ард түмэн сайхан амьдраад байдаггүй гэдгийг бид харж байна. Бид халамж өгөөд, худлаа амлаад, иргэдээ залхууралд уриалаад, хооронд нь тэмцэлдүүлээд байх юм бол одоохон Африкийн орнуудын хэмжээнд очно. Зах зээлийн нийгэм сонгож байгаа бол бид зах зээлийнхээ дүрмээр амьдрах хэрэгтэй. -Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!