Uncategorized

ДУУЧИН Б.НАНДИНЦЭЦЭГИЙН ХҮҮ Н.СОД-ЭРДЭНЭ: ЭЭЖИЙНХЭЭ ЦОГЛОГ, ХҮЧТЭЙ ХООЛОЙГ МӨНХ ЭГШИГЛЭНЭ ГЭЖ БОДОХООР ХҮЧ ОРДОГ

-ЭЭЖИЙГЭЭ ХӨЛДҮҮ, ХҮЙТЭН ЗААЛАНД ДУУЛАХЫГ ХАРЖ ӨССӨН БОЛОХООР ДУУЧДЫГ ОЙЛГОДОГ, ХҮНДЭЛДЭГ- “Амьдрал минь Соёл-Эрдэнэ Амраг хань минь Соёл-Эрдэнэ Анхны хүү минь Соёл-Эрдэнэ Ингэхэд чухам би хэн бэ” хэмээн сэтгэлийнхээ мөн чанарыг уудлан байж “Анхны хайр” “Хунгийн дуу”, “Хүлээлт”, “Хөдөөгийн сайхан талд зорино”, “Хос хун” зэрэг дуугаараа бусдын сонор, зүрх, сэтгэлийг жаргааж, бүтээлээрээ өөрийгөө мөнхөлж чадсан уран бүтээлч бол Буурангийн Нандинцэцэг. Тэрээр Монголын орчин үеийн рок поп хөгжмийн урсгалыг үндэслэгч, тэслэгчийн нэг байлаа. Түүгээр ч зогсохгүй тэр нэгэн цаг үед үзэгчдийг байлдан дагуулж явсан, одоо ч тэр үеийн үзэгчдийн зүрх сэтгэлд “амьд”-аараа байгаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны эмэгтэй дуучин, Монголын эстрад дууны “хатан хаан” юм. Бид “Үргэлжлэл” буландаа СТА, дуучин Б.Нандинцэцэгийн бага хүү Н.Сод-Эрдэнэтэй ярилцаж, түүний ертөнцөөр уншигч таныг аялуулахаар зорилоо. -Таны ээжтэйгээ өнгөрүүлсэн хамгийн гэгээн, тод үлдсэн дурсамжаар яриагаа эхлүүлэх үү. Таныг урлагийн тайзны ард бага насаа өнгөрүүлсэн гэж ярьдаг юм билээ? -Тэгэлгүй яах вэ. Миний хүүхэд нас Дуурь бүжгийн эрдмийн театр, филармони хоёрт өнгөрсөн. Ээжийгээ дагаж яваад, бүжгэн жүжиг их үздэг байлаа. Тухайн үед орос, монгол хоёрхон суваг гаргадаг байлаа шүү дээ. Оросын хүүхэлдэйн кинонуудыг мөн үздэг байлаа. Би хүүхэд байхдаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Нэг удаа ээжийг ажил руугаа явах гэж байхад нь хөгжим тавьчихаад бүжиглэж үзүүлтэл ээж “Чамайг найруулагчдаа шалгуулна” гээд намайг дагуулаад явсан. Тэгээд би бөмбөрийн аянд бүжиглэж, найруулагч нь сайшаагаад, тэнцэж байсан түүхтэй. “Соёл-Эрдэнэ” хамтлагт ээжийгээ дуулж байхад ард нь ангийнхаа хоёр хүүхэдтэй бүжиглэдэг болсон. Тэр миний санаанаас огт гардаггүй, хамгийн сайхан дурсамжуудын минь нэг.Ээж минь жил болгон аялан тоглолт хийдэг байлаа. Би зарим тоглолтод нь хамт явдаг байв. Тухайн үед Баяраа ах Хонгорыг дагуулж явдаг байсан. Тэгээд бид нийлж аав, ээждээ туслах гэхээсээ илүү үймүүлдэг л байж дээ. Гэхдээ үүнээс илүү ах бид хоёр ээжийгээ гэртээ байхад нь илүү дуртай байсан. Ээж л гэртээ байвал өөр юу ч хэрэггүй мэт санадаг байжээ. Ээжтэй хамт байх үнэхээр сайхан, үгээр илэрхийлэх аргагүй жаргал байлаа. Майкл Жексоныг анх ээжээсээ сонсож, ээжээсээ урлагийн талаар ойлголттой болж, заримдаа дагаж дуурайх гэж оролддог байсан дурсамжаа хүртэл санаж байна. Ээжтэйгээ байсан бүх үе жаргалтай байж дээ. Би ээжийг Улсын филармонийн тайзан дээр гарахаар нь бүх гэрлийг нь асаадаг, хөгшгийг нь нээж тоглолтыг нь эхлүүлдэг байсан. Түүндээ бүр ч дуртай, хайртай байлаа. Яагаад вэ гэхээр ээжтэйгээ хамтдаа байна шүү дээ.-Та ээжийгээ дуурайгаад “Дуучин болно” гэж боддог байв уу. Ямар мэргэжилтэй вэ? -Ээжийг “Ямар мэргэжилтэй болох” вэ гэж асуухад нь тал зассан юм уу эсвэл үнэхээр дуучин болмоор санагдсан юм уу “Дуучин болно” гэж байснаа санадаг юм. Гэтэл ээж минь надад “Чи дуучин болж чадахгүй юм байна” гээд шууд хэлж байсан. Санасан, хүссэн болгон дуучин болчихдоггүй юм билээ. Тэднийг би тусгай хүмүүс байдаг гэж боддог. “Төрчихсөн дуучин” гэж ярьдаг шүү дээ. Би үсчин мэргэжилтэй. Ах минь бас үйлчилгээний чиглэлээр ажилладаг. Ээж бид хоёрыг дуучин болоогүйд ч баярладаг байх. -Та хоёр дуучин болоогүй ч гэлээ дуулах авьяастай биз дээ. Хүмүүс таныг “Дуулдаг уу” гэж их асуудаг уу? -Харин тийм ээ. Хүмүүс бид хоёрыг дуучны хүүхэд болохоор дуулдаг гэж боддог. Ах бид хоёр хоёулаа дуулдаггүй. Би бөмбөр, төгөлдөр хуур, гитар тоглодог байсан. Бидний хүүхдүүд л дуулах байх гэж горьдож байна. Миний том охин сонсгол сайтай, мэдрэмжтэй, хөгжим сонсох, дуулах, бүжиглэх дуртай. Би одоохондоо “Залхчихаж магад” гэж бодоод шахаж шаардахгүй байгаа. Өөрийнхөө хүслээр, зурсан төөргөөрөө явах байх аа. Гэхдээ би охиноо ээжийн минь мэргэжлийг үргэлжлүүлэх болов уу гэж итгэдэг. -Охиндоо ээжийнхээ дууг сонсгодог уу? -Миний охин эмээгийнхээ дуунуудыг мэддэг. Эмээгийнх нь дууг өөр хүн дуулж байхыг сонсчихоод “Б.Нандинцэцэг эмээгийн дууг дуулж байна. Гэхдээ буруу дуулж байна” гэдэг юм. Тэгэхээр сонсгол нь зүгээр ч нэг биш байгаа биз. -Та ээжийнхээ аль дуунд дуртай вэ? -Би ээжийнхээ “Хос хун” дуунд нь дуртай. Гэхдээ “Суварган цэнхэр уулс” киноны “Хунгийн дуу” биш шүү. Ээжийн дуулсан миний, бидний сонсоогүй олон сайхан дуу байдаг юм билээ. Тэднийг нь сонсохоор үнэхээр ээжээрээ ахин, дахин бахархмаар санагддаг. Ээжийнхээ уран бүтээлүүдийг нэгтгэж Си-ди хийхээр төлөвлөөд Монголын радиогийн алтан бондоос дуунуудыг нь авсан. Дууг нь нэгтгэж, пянз гаргахаар төлөвлөж байгаа. Ээжийнхээ цоглог, хүчтэй хоолойг мөнх эгшиглэнэ гэж бодохоор баярлаж, эрч хүч авдаг юм. Хэдийгээр ээж минь бидэнтэй хамт биеэрээ байхгүй ч, бодлоороо, амьдралаа зориулсан уран бүтээлтэйгээ хамт байгаа шүү дээ. Би үүнд үргэлж итгэдэг. Тэгээд л ээжийнхээ хайртай хэдэн бор дууг нь жаргаж сонсож, инээж амьдардаг юм.-Таны ээжийг Дундговийнх гэж сонсож байсан. Ээжийнхээ бага насны тухай ярьж өгөөч? -Манай өвөө Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат. Ээж минь Улаанбаатар хотод төрж, өсөж, 23 дугаар сургуулийг төгссөн юм билээ. Би эмээ, өвөөтэйгөө өссөн. Өвөөг минь Монгол Улсын хөгжмийн мастер Бууран гэдэг буурай байлаа. Үндэсний хөгжим, морин хуурыг модон цартай болгосон хүн шүү дээ. Ээж минь багаасаа дуулах дуртай байсан гэдгийг өвөө их ярьдаг байсан. Ээжийн тэр авьяасыг өвөө, эмээ дэмжиж, сайхан дуучинтай болсон гэж ярьдаг юм. -Ээж нь эцэг, эхээс хэдүүлээ вэ. Эгч, дүү нараас нь урлагийн хүн бий юү? -Ээж нэг эгч, таван дүүтэй. Эгч нь хийлч, дүү нар нь оператор, төгөлдөр хуур хөглөгч, шуудан зөөгч, морин хуур, хийл хөгжим урлаач, бичээч хүмүүс байсан. Одоо ээжийн гурван дүү нь бий. Урлагийн гэр бүлийнхэн шүү дээ. -Таны өвөөгөөр урлагийнхан хөгжмөө хөглүүлдэг, засуулдаг байсан юм уу? -Манай өвөө хөглөхөөс гадна үндэсний хөгжим хийдэг байсан. Тухайн үеийн симфонийн хөгжимчид, удирдаачид өвөөгийн хийсэн хөгжмийг барьдаг байлаа. Өвөөгөөр хөгжмөө хөглүүлж, янзлуулахаар бараг дугаарладаг байсныг санах юм. Өвөөгийн минь хийж байсан хөгжмүүд архивт хадгалаатай байгаа байх. Монгол Улсын мастер Бууран гээд дотор нь сийлчихсэн хөгжмүүд байдаг байсан. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн Галсанбат ахын эхнэр хийл тоглодог байсан. Өвөөгөөр хийлээ хөглүүлэх дуртай байлаа. Харин эмээ минь Засгийн газрын ордонд бичээч хийдэг байсан даа. Тэдэнтэйгээ өнгөрүүлсэн багын дурсамж сэргээд сайхан байна шүү.-Өвөө нь хөгжим хөглөх, засаж янзлах эрдмийг хаанаас сурсан юм бол. Та асууж байв уу? -Өвөө цэрэгт яваад Драмын театрын дэргэдэх Үндэсний хөгжмийн үйлдвэрт мастераар ажиллаж байсан юм билээ. Тэгээд л бүр илүү гаршсан гэсэн үг. Дундговь аймгийн музейд өвөөгийн минь түүх намтар, хэрэглэж байсан, бүтээсэн хөгжим нь байдаг гэсэн. Түүнийг нь үзэж чадаагүй л байна. Өвөө минь морин хуур, ятга, хийл гээд үндэсний бүх хөгжмийг хөглөдөг. Өвөөгийн өрөөний хананд үндэсний хөгжмүүд янз бүрээрээ өрөөтэй байсан санагддаг.-Тэгвэл таны ээж бүх төрлийн хөгжим тоглодог байж дээ?  -Ээжийнхээ төгөлдөр хуур тоглож байхыг нь сайн санадаг. Манайхан бүгд л сонирхсон, сонирхсон хөгжмөө тоглодог байсан даа. Өөр хийх юм байсан биш дээ. -Таны ээж гэртээ ямар орчин бүрдүүлдэг байсан бэ. Дуу, хөгжмөө сонсох уу? -Миний ээж эршүүд, хээгүй юм шиг мөртлөө гэртээ нямбай, тав тухтай орчин бүрдүүлдэг байсан юм. Их зарчимч эмэгтэй байсан. Чөлөөт цагаараа чамин, тансаг хоол хийх дуртай. “Амарч байгаа дээрээ хүүхдүүддээ сайхан хоол хийж өгье” гээд л янзын тансаг хоол хийдэг байсан. Мөн ээж минь амьтанд их хайртай. Тэгээд ямар ч дуу, хөгжим тавихгүй. Чимээгүй орчинд ном, сонин уншдаг, өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Дармалаар сайхан бичдэг байсан шүү. Би өвөө, эмээтэйгээ амьдарч байгаад долоо, наймдугаар ангиасаа ээж, ах хоёртойгоо амьдардаг болсон. Харин зан чанарын хувьд бусдын л ээж шиг загнахдаа загнаж, урам өгөхдөө өгдөг байсан даа.-Та ээжийнхээ “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны эмэгтэй дуучин болсон тухай нь ярьж өгөөч? -Ээж минь төрөлхийн өвөрмөц, содон сайхан хоолойтой байсан. 23 дугаар сургуулийн долдугаар ангиа дүүргээд, дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Ардын дуу бүжгийн чуулгын байран дахь Залуучуудын ордонд тасалбар түгээгч, таслагчаар ажилд орж, улмаар УАДБЧ-ын дэргэд 1970 онд байгуулагдсан “Соёл-Эрдэнэ” чуулгад “Эвлэлийн илгээлт” өвөртлөн анхны дуучин нь болж байсан гэдэг. Тухайн үед ээжээс өөр цахилгаан хөгжмийн бит бүрэлдэхүүнтэй дуулж байсан эстрадын эмэгтэй дуучин ховор байсан гэдэг. “Соёл-Эрдэнэ” хамтлаг гоцлол дуучин хайж байхдаа УАДБЧ-ын байранд байрлаж байсан Залуучуудын Ордны дагшаа хөгжмийн нийтийн бүжиг дундуур дуулдаг ээжийн тухай сонсож, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны эмэгтэй дуучин болсон гэдэг юм. -Ээж тань гэртээ хоолойны дасгал хийж, дуугаа бэлддэг байсан уу? -“Хойд нутгийн хавар” хэмээх япон дууны уралдаанд оролцохоор гэртээ бэлтгэл хийж байхыг нь санаддаг. Түүнээс өөр дуу чимээ гаргадаггүй байж дээ. Гэртээ чимээгүй байхыг эрхэмлэдэг байсан. Ээжийг гэрт байхад манайд Уранчимэг, Л.Оюунчимэг, М.Янжиндулам гээд дуучид, хөгжимчид их ирдэг байсан. Тухайн үед би ээжийгээ “Ямар олон найзтай юм бэ” гэж боддог байсан. Ээж минь тийм л олонтойгоо, нийтэч хүн байсан даа. Ээж минь одоогийн хэлдгээр “од” зантай байгаагүй. Гудамжинд хүүхэд бүдрээд унавал, “Хүүе” гэж уулга алдаад өргөж босгодог байсан. Тэгэхэд нь би их ичдэг байлаа. Хүмүүсээс ичихдээ ээждээ уурлаж, “Та болиоч, санаа зовмоор юм” гэдэг байсан. Ээж минь тийм л энгүүн сайхан хүн байсан даа.-Та ээжийгээ баярлуулж байв уу. Хамгийн баяр жаргалтай байхыг нь хэзээ харсан бэ? -Ээж минь 1990-ээд онд СТА цолоор шагнуулаад үнэхээр их баярлаж байсан. Тэр баярласан царайг нь мартдаггүй. Надад бас их сайхан санагдаг, гоё мэдрэмж төрж байсныг санадаг. Тэр үед манайд ээжийн найзууд, ажлын хамт олон нь ирж баярыг нь тэмдэглэж байсан. СТА гэдэг бол тэр үед их юм хийсэн хүнд олгодог, бараг л гавьяат гэсэн үг байлаа шүү дээ. Харин одоо өөр болж дээ. “Авъя” гэсэн нь авдаг болж шүү. Харин би ээжийгээ баярлуулсан гэж боддоггүй. Түүндээ маш их харамсдаг. “Өнөөдөр хамт байсан бол ямар сайхан бэ” гэж харуусан санагалздаг юм. -Ээж нь та хоёрыг ямар хүн болоорой гэж захидаг, сургадаг байсан бэ. Түүнийг нь санадаг уу? -Ээж минь бид хоёрыг “Зөв хүн болоорой. Тэгвэл аяндаа бүтнэ дээ” гэж хэлдэг байсан. Энгийн мөртлөө их ухаан, ухаарал хайрласан үг юм шиг санагддаг. Он жил улирах тусам ээжтэйгээ холбоотой сайхан дурсамж, уран бүтээлийнх нь үнэ цэнийг мэдэрч байгаа. Ээжийнхээ уран бүтээлийнхээ төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байсан халуун сэтгэлийг нь мэддэг. Хөлдүү, хүйтэн зааланд дуулахыг нь харж өссөн болохоор дуучин хүнийг ойлгодог, хүндэлдэг дээ. -Таны ээж залуугаараа бурхан болсон нь харамсалтай. Нууц биш бол та шалтгааныг нь хэлж болох уу? -Миний ээжийн зүрх тааруу байсан юм. Өндөр дэртэй, бараг суугаагаараа унтдаг байлаа. Үүнээсээ болж үеийн нөхдөөсөө холдож, хөндийрч, сэтгэл санаагаар унадаг байсан. Ээж минь 55 настайдаа бурхан болсон доо.-Таны ээжийг “Ар.хинд ороод амьдралаа үрсэн” гэх цуу яриа байдаг юм билээ. Энэ тухай та сонсож байв уу? -Харин тийм ээ. Ээжийг минь ар.хинд ороод, хамаг бүхнээ алдсан гэж ярьдаг. Үүнд би их эмзэглэдэг. Ээжид минь тийм зүйл огт байгаагүй. Олны танил дуучин олны нүдэнд содон туссан байж магадгүй. Эсвэл ээжид дургүй, атаархдаг хүмүүс цуу яриа тараасан байхыг ч үгүйсгэх аргагүй. Тийм болохоор танай сайтад нийтлэгдэх энэ удаагийн ярилцлагаараа “Ээж минь архинаас болж амьдралаа алдаагүй” гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Ээж минь хамгийн даруу, сайхан эмэгтэй байсан. -Та хоёрт аавынх нь талаар дурсдаг байв уу. Аавтайгаа холбоотой юу? -Ээж ах бид хоёрыг аавтай уулзуулж байсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа уулзсан. Би тэднийхээ амьдралыг буруутгаж, үзэн яддаггүй. Хүний амьдралд тохиолддог зүйл учир хэнд нь ч буруу өгөхийг хүсдэггүй юм. Тэд хамт байсан ч байгаагүй ч миний аав, миний ээж шүү дээ. Би ээжийнхээ талд олуулаа өссөн болохоор аавын орон зай өгүүлэгддэггүй байсан ч юм шиг. Эсвэл хүүхэд байсан болохоор аавын хайр, халамж дутаж байгааг мэдэрдэггүй өнгөрүүлсэн байх.Тийм учраас ганцаардаж, гуниглаж байгаагүй. Одоо бид аавтайгаа холбоотой байдаг. -Цаг гарган ярилцсан танд баярлалаа. -Баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!