Uncategorized

Ё.АЛТАНГЭРЭЛ: Хүүхдүүд “Хөөх, сарны гөлөг явж байна” гэдэг байсан

“ТВ караоке” нэвтрүүлгийн цоглог хөтлөгч, дэлгэцийн олон арван уран сайхны киноны гол болон туслах дүрийн эзэн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ё.Алтангэрэл хэмээх эрхмийг бид “Уран бүтээлчийн цаг” булангийнхаа зочин хойморт урин ярилцлаа. -Сайн сайн уу. Танд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдын өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Сайн, сайн байна уу, баярлалаа. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл энэ сарын 17-нд “Миний муу найз” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Энэ киноны зураг авалтыг өнгөрсөн жил Дорнод аймгийн Халх гол суманд хийсэн. Мөн Монголын уламжлалт шагайн харвааны наадгайн төрлөөр тогтмол явагдах Үндэсний цэнгээнт нэвтрүүлэг хийж байна даа. -Та анх дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажиллаж байв. Энэ талаараа сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна? -Би Багшийн дээдийн кино драмын ангийг 1989 онд төгссөн. Тухайн үед хүүхдүүд дипломоо авч, ромбоо зүүгээд автобусанд суугаад төгсөлтийн баяраа тэмдэглэх гээд явсан. Гэтэл би ганцаараа өөр автобусанд суусан. Яагаад гэхээр Ж.Бунтар найруулагчийн “Тод магнай” кинонд туслах дүрд тоглохоор явж буй минь тэр л дээ. Ж.Бунтар найруулагчийн “Тод магнай” кинонд туслах дүрд тоглохоор явж буй минь тэр л дээ. -Тийм үү. Та “Тод магнай” кинонд дүр бүтээсэн юм байна шүү дээ. Би гэхдээ анзаараагүй юм байна? -Ангийнхнаасаа ганцаараа өөр автобусанд суухаар сэтгэл их сонин болдог юм билээ. Дөрвөн жил нэг ангид ширээ нийлүүлж суусан найзууддаа хорогдоод буугаад явчихмаар л байсан. Харин автобусанд П.Цэрэндагва гуай, Равдан гэх мундаг хүмүүстэй хамт явсан. Тэд “Чи ёстой азтай байна шүү дээ. Дөнгөж сургууль төгсөөд л кинонд явж байдаг” гээд л намайг хөөргөсөн дөө. Хөөргөх ч юу байх вэ. Сэтгэлийг минь засаж, урам хайрлаж байгаа нь тэр. Кино дууссаны дараа үзэхэд би Манж амбаны морийг пүүсээс хулгайлж байхад нь хашааны засвараар хараад байж байна лээ. Мөн алсын планд жооргоноод гүйж байгаагаар харагдаж байсан. Ангийнхнаасаа үлдээд тэгж л кинонд мөнхөрсөн дөө. (инээв) Дараа нь би Архангай аймгийн Хөгжимт драмын театрт хуваарилагдаж хоёр, гурван жил ажилласан. Тэнд байхад ардчилсан хувьсгал ялж, ард иргэд нэлээд үймээн шуугиан болоод ирсэн. Тиймээс би хотоо бараадъя, тэнд очиж уран бүтээлээ хийе гэж бодоод Улаанбаатар руу нүүж ирж байлаа.-Орон нутагт төсөв мөнгөнөөс эхлээд хэцүү л байсан байх л даа? -Нэгт, аймгийн театр төсөвгүй болсон. Хоёрт, тэнд уран бүтээл хийх нөхцөл байдал хумигдсан. Тиймээс үеийнхэнтэйгээ нийлж, уран бүтээл хиймээр санагдаж байлаа. Тухайн үед Улаанбаатар хотод гоё гоё үзэгдэл болж байв. Жишээлбэл, “Б.Галсансүх гээд постмодернизм яруу найрагч төрж гэнэ. Ийм ч жүжиг, тийм ч кино шинээр нээлтээ хийлээ” гэх мэт нийгмийн амьдралд өрнөж байгаа зүйлс чих дэлсдэг, сэтгэл гэгэлзүүлдэг байсан. Тиймээс Улаанбаатар хотдоо ирсэн дээ. Үзэгч түмэндээ Салхи Дамбий нэрээр алдаршсан Д.Бямбацогт нэг жүжгийн зохиол бариад ирсэн -Нийгмийн шилжилтийн үед хүмүүсийн амьдрал тийм ч сайн байгаагүй гэдэг. Тэгэхээр хотод ирээд уран бүтээл хийхэд хүндрэл хэр тохиолдож байв. Нэг үгээр бол та хүссэн уран бүтээлээ хийж чадсан уу? -Хот, хөдөөгүй л хэцүү байсан үе л дээ. Театр төсөв муу, хэдэн уран бүтээлч, ажилчдаа яая гэж байж намайг ажилд авна гэж байхгүй. Тэгээд СУИС-д тайзны хөдөлгөөний багшаар хоёр жил хүрэхтэй, үгүйтэй хугацаанд ажиллаад гарсан. Яагаад гарсан гэхээр би өөрөө дөнгөж сургуулиа төгсөөд цагаан цаас шиг л амьтан байсан шүү дээ. Тийм байж хүний хүүхдүүдэд эрдэм заана гэж юу байх вэ дээ. Тэгж бодоод өөрөөсөө ичээд гэх үү, санаа зовоод ажлаасаа гарсан. Ер нь том мөрөөдөл тээж яваа хүүхдүүдэд “Урлаг бол” гээд худлаа том том юм яриад байж болохгүй шүү дээ. Тиймээс өөр чаддаг, мэддэг хүн нь заах ёстой гэж бодсон. Тэгээд ажилгүй хэсэг явсан даа. Тэгтэл үзэгч түмэндээ Салхи Дамбий нэрээр алдаршсан Д.Бямбацогт нэг жүжгийн зохиол бариад ирсэн. Тухайн жүжиг хоёрхон хүний дүртэй модерн жүжгийг бид 1995 онд Соёлын төв өргөөний тайзнаа амилуулж байлаа. -Энэхүү жүжгээ хэдэн удаа тайзнаа тоглосон бэ? -Ганцхан удаа л тоглосон.-Яагаад? -Тухайн үед жүжиг удаан тоглох боломж хомс байлаа. Учир нь, Соёлын төв өргөөний заалыг тухайн үеийн ханшаар нь түрээслээд үзэгчид яаж дүүргэх билээ. Гэхдээ тухайн үед бид санхүүгийн хувьд эрсдэл үүрсэн болохоос биш, уран бүтээлчийнхээ хувьд гаргасан зориг, зүрх сайхан санагддаг. -Та багаасаа жүжигчин болно гэж бодож байв уу. Таныг жүжигчин болоход хэн нэгэн эсвэл ямар нэгэн уран бүтээлч нөлөөлсөн үү? -Есдүгээр ангид байхдаа хүүхэд, залуучуудын хайр, сэтгэлийг харуулдаг “Зүүдэнд ч оромгүй явдал” гээд Оросын киног үзсэн. Миний сэтгэл үнэхээр их догдолсон. Тэгээд л би жүжигчин болно гээд шийдсэн дээ. “Кино гэж ямар гоё юм байдаг юм бэ, жүжигчин нь ямар агуу юм бэ” гээд л Шувуун фабрикт нусаа гоожуулаад явж байгаа намайг хүртэл догдлуулж байна шүү дээ гэж бодсон. Үүнээс гадна би бага байхдаа шүлэг бичих гэж оролддог байлаа. Хоолоо барахгүй бол маргааш иднэ гээд цааш тавьдаг байсан -Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? -Миний бага нас тухайн үеийн нийгэмд хүүхдүүд хэрхэн амьдарч байсан тэр л зарчмаар өнгөрсөн. Аав маань Шувуун фабрикт ерөнхий инженер хийдэг байсан. Харин ээж минь дэлгүүрт нярав хийдэг байлаа. Би эхээсээ арвуулаа. Олон хүүхэдтэй айл ямар байдаг билээ. Хоол хийгээд бөөнөөр ширээ тойрч суугаад хууч хөөрөөд л иднэ. Хоолоо барахгүй бол бусдаасаа нуугаад, маргааш иднэ гээд цааш тавьдаг байсан. Мөн нэг талх дэлгүүрээс худалдаж аваад идэхэд тэр дороо дуусдаг гээд бидний бага нас үлгэр домог шиг жаргалтай сайхан өнгөрсөн. Тухайн үедээ олуулаа болохоор өлсөөд ч байгаа юм шиг байдаг байсан ч одоо бодохоор ёстой л жаргалтайн дэлгэр өсчээ. Бидний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжуудын нэг бол Туул голын эрэг дээр сайртатлаа тоглож өнждөг байсан өдрүүд минь юм даа. -Тэгэхээр таны багадаа өнгөрүүлсэн тэр цаг үе одоогийн нийгмээс хэр өөр болсон санагддаг вэ. Мэдээж өндөр, өндөр байшин, өргөн зам гээд бүтээн байгуулалтын хувьд нэлээд хувьсан өөрчлөгдсөн. Харин хүн ёсны харилцаа буюу ёс суртахууны хувьд хэрхэн өөрчлөгдсөн санагдаж байна. Уран бүтээлч хүний хувьд тодорхой хэмжээний харьцуулалт хийсэн байх?-Би зарим хүний яриаг сонсоод гайхдаг юм. Яагаад гэхээр тухайн үеийг “Харанхуй, бүдүүлэг, шорон шиг байсан” гэж яриад байдаг л даа. Тухайн үеийн систем нь тийм байсан шүү дээ. Тэгэхээр тийм л байж таарна биз дээ. Тэр үеийг үүгээр нь харлуулж, зарим нэг залуус “Ямар азаар тэр цаг үед төрөөгүй юм” гэж л байдаг. Үгүй шүү дээ. Хүний бага нас ямар аз жаргалтай, чин сэтгэлээсээ, хэргүй тунгалаг инээж өсдөг билээ. Тийм л аз жаргалтай өссөн. Тухайн үед ёс зүйн харилцаа үнэхээр сайхан байлаа. Одоо бол цаг үе, нийгмээ дагаад илүү чөлөөтэй болсон. Үүнд буруу байхгүй. Харин зөв, буруу харилцаа бол тухайн хүний ухамсрын асуудал шүү дээ.Ш.Даваадорж “Зохиол яах вэ, чи өөрөөрөө байхад л болно” гэсэн  -Тэгэхээр хоёулаа эргээд уран бүтээлийн яриандаа оръе. Та “Сарны гөлөг” уран сайхны кинонд тоглосон шүү дээ. Энэ киноныхоо тухай сонирхолтой яриа дэлгэж болох уу? -Найруулагч Ш.Даваадорж утасдаад “Нэг кино хийх гэж байгаа. Чи голд дүрд нь тоглоорой” гэсэн. Тэгэхээр нь би “Ямар кино вэ. Зохиол нь ямар билээ” гэтэл Ш.Даваадорж “Зохиол яах вэ, чи өөрөөрөө байхад л болно” гэсэн. Би тэр үед өөрийнхөө мэргэжлийн ажлаас жаахан хөндийрсөн үе байсан л даа. Харин “Тв Караоке” нэврүүлгээ бол хийж байсан. Энэ киноны дүрд хүүхдүүд их дуртай юм байна лээ. Гадуур явж байхад хүүхдүүд “Хөөх, сарны гөлөг явж байна” гэнэ шүү дээ.-Өөрийнхөө тоглосон уран бүтээлийг цэнхэр дэлгэцээр үзэхэд ямар санагддаг вэ? -Заримдаа ч яс хавтайгаад л байдаг шүү. “Энэ дээр нь ингэхгүй яав даа” гэж бодно. Ер нь миний хувьд уран бүтээлчид дотроо хоёр төрөл байх шиг санагддаг. Өөрийнхөө уран бүтээлийг үзэж, хараад дүгнэлт хийдэг нэг хэсэг байна. Харин би үзэж чаддаггүй. Яах вэ, мэдээж харна л даа. Гэхдээ л хэцүү байдаг юм. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад гэхээр Г.Доржсамбуу, С.Сугар, Д.Маамхүү, Н.Цэвээнравдан гээд мундаг багш нараар хичээл заалгасан, үгийг нь сонсож, өөртөө их бага хэмжээгээр шингээсэн хүн. Энэ хүмүүсийн буянд театр гэж юу болохыг мэдэж сурч авсан минь том хувь заяа гэж боддог. Мөн багш нар маань хичээл орохдоо юу юугүй жүжиглэх ур чадвар заадаггүй байсан. Эхлээд хүн байхыг зааж сургадаг байлаа. Тийм ч учраас энэ хүмүүсийн гараар Монголын урлагийн үе үеийн сайн уран бүтээлчид төрөн гарсан. Харин одоогийн жүжигчин залуус яагаад ёс зүйгүй харагдаад байна вэ гэхээр сургалтын зарчимдаа байгаа юм л даа. Тухайлбал, мөнгөө л төлчихсөн бол авьяастай байна уу, үгүй юү хамаагүй жүжигчин мэргэжлээр сурч болоод байна. Өнөөдөр Монголд жүжигчин бэлтгэдэг сургууль олон бий.Сургууль чанартай боловсон хүчин бэлдэхээсээ илүүтэй хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл дээр тулгуурлаж мөнгийг нь л авч байгаа байхгүй юу. Тиймээс залуучууд мэргэжил сонголт дээрээ сайн бодох хэрэгтэй Тэр сургуулиудыг төгсөөд ажлын байр хэд байна вэ, 200-300 хүүхэд жүжигчин мэргэжил эзэмшээд, хорь нь ч ажлын байранд хүрч чаддаггүй. Тэр олон хүүхдийг Монголд шингээх олон театр, кино үйлдвэр байхгүй шүү дээ. Яг үнэндээ ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэдэг боловсролын газрууд мөнгөө л төлбөл хоол идэж болдог үйлчилгээний байгууллага шиг болсон. Намайг нэг хувийн сургуульд багшилж байхад захирал нь ирээд “Алтангэрэлээ, наад хүүхдээ хичээлд нь унагааж болохгүй” гэсэн. Би хичээлээ хийдэггүй хүүхдийг унагамаар байдаг. Тэр хүүхдийг “Миний хүү эртхэн амьдралаа бод” гээд хөөгөөд явуулмаар байсан. Яагаад гэхээр үнэхээр авьяасгүй хүүхдийг “Чи сайн байна, сайн жүжигчин болно” гэж худлаа хөөрөгдөж, амьдрал, цаг хугацаагаар нь тоглож болохгүй. Энэ тухайгаа ч сургуулийн захиралд нь хэлтэл “Наад хүүхэд чинь төлбөрөө өгсөн. Чи унагааж болохгүй” гэсэн. Тиймээс ч би тэр сургуулиас нэг их удалгүй сайн дураараа гарсан. Тухайн сургууль чанартай боловсон хүчин бэлдэх гэхээсээ илүүтэй хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл дээр тулгуурлаж мөнгийг нь л авч байгаа байхгүй юу. Тиймээс залуучууд мэргэжил сонголт дээрээ сайн бодох хэрэгтэй. Энэ хүрээд бидний хөөрөлдөөний эхний хэсэг өндөрлөсөн юм. Энэхүү хэсгээс уншигч та магад жүжигчин Ё.Алтангэрэлийн уран бүтээлийн үзэл баримтлалыг бага ч болов анзаарсан байх. Бид дараагийн хэсэгтээ түүний нэрийн хуудас болсон “Тв караоке” нэвтрүүлгийн тухай ярилцсан юм.
-Та дуу хуурт дуртай монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө “Тв Караоке” нэвтрүүлгээр уяж чадсан. Энэхүү нэвтрүүлгийнхээ санааг хэрхэн олж байсан гэх мэт түүхээсээ хуваалцаач? -Бямбацогт бид хоёрын тайзнаа тавьсан модерн жүжгийн дараа нэлээд яриа хөөрөө болсон юм шиг байгаа юм. Тухайн үед МҮОНТ-ийн уран сайхны удирдагч Энхжаргал намайг дуудсан. Яваад очтол “Саяхан тавьсан жүжгийг чинь сонссон. Чи одоогоор юу хийж байна вэ” гэж байна Би тэр үед ажилгүй байсан. Тиймээс “Гэр зуур л байна” гээд үнэнээ л хэллээ. Гэтэл “Намайг ажил хийх үү, манайд телевизийн найруулагчаар ажиллах уу” гэсэн. Надад үнэхээр гоё санагдсан. Яагаад гэхээр телевизийн тухай, дүрсний талаар том ойлголтой болох юм байна гэж бодсон. Тиймээс жил гаруй хугацаанд МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ийн найруулагч хийсэн. Тэгтэл нэг өдөр найруулагч Наранцэцэг намайг “Чи нэвтрүүлэг хөтлөөч” гэдэг юм. “Ямар нэвтрүүлэг вэ” гэтэл “Тв караоке” гээд шинээр эхэлж байгаа нэвтрүүлэг байгаа юм” гэсэн дээ. Ингэж л энэ нэвтрүүлэг бид хоёр 1998 оноос хойш “хамтарч” явна даа.-Энэхүү нэвтрүүлэгт хэчнээн хүн оролцсон байдаг бол. Та багцаа гаргаж байв уу? -Хэчнээн хүн хамрагдсаныг бол сайн мэдэхгүй байна. 2007 онд 5000 ам.долларын төлөө уриатайгаар анх шинэчлэл хийсэн. Би нэвтрүүлэгтээ зориулж үсээ шараар будаж, том зангиа зүүж эхэлсэн дээ. Энэхүү нэвтрүүлгийн продюсерыг Д.Төгөлдөр агсан хийж байсан. Бөхийн өргөөнд 5000 ам.долларын төлөө таваас зургаан шоу хийсэн байна. 20-30 баг цуглуулаад нэгэнд нь л бүх мөнгөө шагнал болгоод өгдөг байлаа шүү дээ. Манай нэвтрүүлгийг том байгууллагууд ивээн тэтгэдэг байсан. Мөн эх орноо хоёр удаа тойрсон. Үүнээс гадна монголчуудаа хамруулахын тулд гадаадын хэд хэдэн орноор явж нэвтрүүлгээ хийжээ. -Олон түмнийхээ дууг сонсох ямар мэдрэмж төрдөг вэ? -Үнэхээр сайхан мэдрэмж төрнө шүү дээ. Үгээр хэлж, үйлдлээр үзүүлэхийн аргагүй сайхан зүйлс их тохиолдоно. Сайхан дуулж байгаа хүн харахаар өөрийн эрхгүй нулимс урсаад л ирдэг. Дуулна гэдэг чинь хоолойгоороо, зүрхээрээ хүмүүний сэтгэлийг хөдөлгөж байгаа хэрэг шүү дээ. Ер нь дуу дуулахад чинь мэргэжлийн сургууль төгссөн байх шаардлагагүй байдаг. Яагаад гэхээр хүний сэтгэлээс гарч байгаа юм л даа. Мэдээж мэргэжлийн дуулаач болоход сургууль хэрэгтэй. Энэ нэвтрүүлгийн нэг сул тал нь орчны хувьд хязгаарлагдаад байдаг учраас тэнүүн талд, хонины бэлчээрт дуулдаг хүмүүст жаахан хэцүү байдаг шиг санагддаг. Заримдаа “Манай монголчууд үнэхээр эгэлгүй авьяастай юм даа” гэж бодно шүү дээ. МУГЖ С.Жавхлан сайхан дуулаад хүмүүст хүргэсэн дууг Алтангэрэл хэчнээн сайхан дуулсан ч өмнө нь Жавхлан гэдэг нэр байж л байна шүү дээ. Тиймээс өөрийн орон зайг бүтээх ёстой юм л даа-Та “Тв караоке” нэвтрүүлэгтээ монголчуудаа бүрэн хамруулахын тулд монгол орноо хоёр тойрсон гэлээ. Мөн гадаад улс, орнуудаар авсан гэж хэллээ шүү дээ. Ингэж явахдаа МУГЖ С.Жавхлангийн дууг ч юм уу тухайн дуучнаас нь илүү сайхан дуулж байгаа хүнтэй тааралдаж байв уу? -Байлгүй яах вэ. Үнэхээр сайхан дуулдаг авьяастай хүмүүс их оролцож байсан. Гэхдээ тэр хүмүүс Жавхлангаас илүү сайхан дуулахаас гадна өөрөө Жавхлан шиг орон зайг эзэлсэн дуучин болох нь л чухал. Хүн дуурайж бол хэн ч чаддаг байхгүй юу. Яагаад гэхээр МУГЖ С.Жавхлан сайхан дуулаад хүмүүст хүргэсэн дууг Алтангэрэл хэчнээн сайхан дуулсан ч өмнө нь Жавхлан гэдэг нэр байж л байна шүү дээ. Тиймээс өөрийн орон зайг бүтээх ёстой юм л даа. Энэ нь бүтээгч болон гүйцэтгэгч хоёуланд нь хамаатай. Би “Тв караоке” нэвтрүүлгээрээ дуу хуурд хайртай үзэгч олонтойгоо учран золгож, үзэгчдийг, хүмүүсийг бага боловч хөгжөөж байсан болов уу гэж боддог доо. Энд хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Түүнтэй хөөрөлдөн сууж байхдаа “Амьдралыг өөрийнхөөрөө туулж яваа уран бүтээлч гэж түүнийг л хэлэх байх даа” бодож байлаа. Сургуулийн захирал төлбөрийг нь авсан л бол сурлага муутай, авьяасгүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй байсан ч оюутнаа шалгалтад унагааж болохгүй гэж “тушаахад” нь тэр буруу зүйлийн дэргэд ажиллахгүй гээд өөртөө үнэнч байж, үнэнийг нь хэлээд ажлаа өгсөн байдаг. Түүн шиг ийм шийдвэр гаргах хүн хэр олон байх бол. Түүнчлэн “Тв караоке” нэвтрүүлэгт нь оролцож, сайхан дуулж байгаа хүнийг хараад даган дуулж, нулимс унагаж явсан гэхийг нь сонсоод түүнийг “Сэтгэл сайтай, өрөвч нэгэн яах аргагүй мөн юм даа” хэмээн бодож үлдлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!