Uncategorized

Бөхчүүдэд цол олгох асуудлыг ИЙНХҮҮ хуульчилна

Өнгөрсөн баасан гарагт /2022.06.17/ УИХ-аар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэв. Уг хуулийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд хууль боловсруулах ажлын Хууль зүй дотоод хэргийн яам гардан гүйцэтгэсэн билээ. Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.5, 9.3.6, 9.3.7, 9.3.8 дахь заалтыг Ес давсан бөхөд улсын арслан; Улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх арав даван түрүүлбэл улсын аварга; Ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэвэл улсын аварга;Ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав даван түрүүлбэл даян аварга; Аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд даян аварга; Даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга; Аварга цолтой бөх арав даван түрүүлбэл дархан аварга гэж өөрчлөх, мөн зүйлд “Улсын баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхийн эрэмбийг бөхийн холбооны дүрмээр зохицуулна” гэсэн 9.8 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Түүнчлэн Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах насыг 16 байхаар, унаач хүүхдийн насыг “долоо, түүнээс дээш” гэснийг “найм, түүнээс дээш” гэж өөрчлөх, Үндэсний хурдан морины бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран хариуцан гүйцэтгэх, Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулах зэрэг Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.Мөн төслийн 10 дугаар зүйлд “Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно.” гэсэн 10.19 дэх хэсэг, төслийн 15 дугаар зүйлд “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай допингийн шинжилгээ хийлгэх арга хэмжээг зохион байгуулах;” гэсэн 15.1.7 дахь заалт нэмж, төслийн 14 дүгээр зүйлийн 14.5.6 дахь заалтыг “Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач “В” дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх;” гэж өөрчлөн найруулахаар болов. Харин төслийн 21 дүгээр зүйлд “2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно.” гэсэн 21.3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!