Uncategorized

Н.Алтанхуяг: Гадаа бие засаад сууж байдаг 21-р зууны Монгол баймааргүй байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрдэнэт үйлдвэр” Төрийн Өмчит Үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан билээ. Тодруулбал, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрээс өнөөдрийн технологид таардаггүй зэсийн хүдрийг овоолдог. Уг овоолгыг цаашид хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Өнөөдөр 20 орчим овоолго байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр ч үйлдвэр байгуулсан байдаг. Хэрэв дээрх тогтоолын төсөл батлагдвал овоолго ашиглаж буй үйлдвэрийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, үлдсэн 33 хувийг байгалийн баялгийн хажууд байгаа ард иргэд эзэмшдэг болох юм. Гэвч уг тогтоолын төслийг өнөөдрийг хүртэл УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэхгүй байгааг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулган дээр тодотголоо.Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байна.Цөөхөн хэдэн хүн байгалийн баялагт эзэн сууж баяжиж байна. Засгийн газар болон Ерөнхийлөгчийн ярьдагчлан баялагтаа эзэн болох тэр боломжийг нэг аймагт ч гэсэн жишиг болгох тогтоолын төслийг маань хэлэлцэхгүй хоёр сар гацааж байна. Бусад аймагт ч гэсэн гишүүд нь хэрэгжүүлээд явах боломжтой юм. Энд улсын төсвийн хэдэн төгрөг дээр зодолддог бус аймаг, орон нутагтаа удаан хугацаанд орлого орох хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөх ийм л тогтоолын төсөл. Энэ тогтоолын төсөл батлагдвал Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр жилдээ 100 тэрбум төгрөг олох, Орхон аймгийн 100 мянган орчим иргэн тус бүр 1 сая төгрөг хүртэх боломжтой юм. Байгалийн баялаг гэхээр дандаа бэлэн мөнгөөр идэж уух юм болгодог байдлыг зогсоох зорилготой. Ийм ач холбогдолтой тогтоолын төслийг хэлэлцэж өгөхийг хүсье. Гэр хороололд гадаа бие засаад сууж байдаг 21 дүгээр зууны Монгол баймааргүй байна” гэлээ.Тогтоолын төслийг бүрэн эхээр нь: 1/“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимтэй явуулах; 2/хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтыг бүрэн шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхэлснээс хойш 7-оос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн өгөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хөрөнгө оруулагчийг нээлттэй шалгаруулан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах; 3/хаалттай хувьцаат компанийн хувьцааны 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 33 хувийг хөрөнгө оруулагч /тогтоолын 2-т заасны дагуу шалгарсан аж ахуйн нэгж/, 33 хувийг Орхон аймагт оршин суугаа иргэн хамтарсан санд өөрийн хүсэлтээр нэгдэж орсноор эзэмшүүлэх;4/энэ тогтоолын 2-т заасны дагуу хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа 33 хувийн хувьцааг компанид эргүүлэн өгсөн үед давуу эрхийн хувьцаагаар сольж Орхон аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх; 5/орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг зөвхөн дараах зориулалтаар зарцуулах; Үүнд: а/Орхон аймгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах хөрөнгө оруулалтад; б/Орхон аймаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход. 6/Орхон аймагт оршин суугаа иргэн дараах шалгуурыг хангасан иргэн хамтарсан санд өөрийн хүсэлтээр нэгдэж орох; а/2022 оны 06 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Орхон аймагт тасралтгүй 5-аас доошгүй жил оршин суусан; б/Орхон аймагт төрсөн, 2022 оны 06 дүгээр сарын 01-нээс хойш 5 нас хүрсэн, эцэг эх нь Орхон аймагт албан ёсоор оршин сууж байгаа. 7/энэ тогтоолын 3-т заасан хамтарсан сангийн дүрэмд дараах нөхцөлд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг дуусгавар болгох асуудлыг тусгах; Үүнд: а/иргэн Орхон аймгаас шилжиж оршин суух бүртгэлээс албан ёсоор хасагдсан; б/иргэн на.с ба.рсан. 8/иргэдэд ноогдол ашиг тараахдаа бэлэн мөнгө хувиарлахгүй байх зарчмыг баримтлан дараах зориулалтаар олгох: а/иргэд орон сууцны зээл, хүүгийн төлбөрөө төлөх; б/хүүхдийн сургалтын төлбөр төлөх; в/эмчилгээний зардал төлөх; г/даатгалын хураамжийн төлбөр төлөх. 9/ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг цаашид баталгаатай өсгөх зорилгоор эрсдэлээс хамгаалагдсан хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх. 2.Энэ тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө хүдрийн овоолго ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийг тогтоол батлагдсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд энэхүү тогтоолд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!