Uncategorized

ХУМС ЗАСАЛ БУЮУ ЧИМЭЭГҮЙ АЮУЛ

Өмнө би бусадтай адил сайхан хумстай байх гэж нэлээдгүй цагийг хумсандаа зориулдаг байлаа. Бид ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар нээх ойшоож ярьдаггүй нь үнэн. Хумс заслын мэргэжлийн сургалтанд хэдэн сар сурснаасаа хуваалцая гэж бодлоо. Манай улсад тоо томшгүй олон гоо сайхны салон, хумс заслын салонууд бий болжээ. Гэтэл хамгийн аймшигтай нь хумс заслын багажаар асар их өвчин халддаг гэдгийг та мэдэх үү? За бидний олон хүнд байдаг элэгний аюулт вирусууд , ДОХ ,цусны өвлөл , арьсны халдварт өвчлөлүүд гээд маш олон өвчин хумс заслын багажаар танд шууд халдах боломжтой юм. Хумс заслын бүх багаж хэрэгсэл асар өндөр температурт ариутгаж хэдэн үе шаттайгаар дахин дахин халдваргүйжүүлж тэгээд зориулалтын уутанд хэд хонож байж бүрэн ариутгагддаг гэж та мэдэх үү? Асар хурдацтай хөгжиж байгаа энэ салбарт сайн гэхээс илүүтэй саар зүйл ихэд байна. Үүнээс гадна ганцхан хумс ч биш хөмсөгний шивээснээс эхлээд гоо сайхантай холбоотой маш их асуудал байсаар л арвижсаар байна. Миний бяцхан судалж мэдсэнээр гарын арван хуруу дэндүү ихдэх тийм л цөөхөн салонд л ийм ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлага хангаж байна. Ихэнх нь спиртэд дүрэх төдий эсвэл зүгээр өдөр тутмын хуурай төдийхөн ариутгадаг тийм аппаратыг ашиглаж байна .Уучлаарай та хууртагдлаа гэсэн үг. Жишээ ; УБ-д эгчийнхээ ажил дээр очтол зөөврийн хэдэн багажтай охиноор хумсаа засуулаад суухыг нь хараад ёстой үнэхээр нулимс мэлтэлзэж билээ. Цэвэр орчин гэрэлтүүлэг яриад ч хэрэггүй. Бас энэ зун Эрдэнэт хотын урдаа барьдаг 2 ч салонд хумсаа засуулхаар орж үзсэн. Гэтэл аль алинд нь шууд л ил саванд хийсэн багаж бариад л ажлаа эхлэх гэв. Би учрыг нь тайлбарлалаа. Үнэхээр тэдэнд мэдлэг мэдээлэл тааруу байлаа. Найзын минь танил хөлийн мөөгөнцөр нэгэн салоноос халдаж бүр гадагш явж эдгэсэн тохиолдол ч байна. Гэхдээ манай хумс засалчид ур чадварын хувьд үнэхээр чадвартай шүү!!! Салоны өнгө үзэмж үйлчилгээ ч хүртэл маш сайхан тансаг болсон. Магтаал ч багадах тийм чадвартай мундаг охид зөндөө бий. Гэхдээ бид аюулгүй ариун цэврийн өндөр шаардлага хангаж хамтдаа хөгжих ёстой. Хүн гаднаас нь хараад ямар өвчтэйг бид таашгүй. Хумс заслын багаж бол тарианы тариур гэж ойлгож болно. Шууд хүний арьс махтай харьцдаг. За цус гаргах бишгүй л олон тохиолдол байдаг. Энэ маш эрсдэлтэй. Дээхэн үед төмөр тариурыг буцалгаад олон хүнд хэрэглэж нийтээрээ шахуу тарианы шар өвчин тусаж байсантай адил ч байж мэдэх юм. Гэвч одоо цагт дэндүү их муухай олон өвчлөлүүд дунд бид амьдарч байгаа шүү дээ. За ингээд бичээд байвал дуусашгүй ч гэхдээ гарц хайж бодлоо. Хөгжингүй орнуудад асар өндөр шаардлага тавьдаг ба ер нь хумсны мах авах аргыг бараг үгүйсгэж байгаа. Оронд нь хумсны илүүдэл махыг түргэн хайлуулагч түрхлэг, гуужуулагч гэх мэтчилэн аргуудыг хэрэглэж байна. Та өөрийн эрүүл хумсаар буюу шарлаагүй гэмтээгүй жинхэнэ эрүүл хумсаар гангараарай ! Хумсны хэлбэр, толио хүртэл хүний архаг суурь өвчин ,стресс ихтэй байдал, ааш занг хүртэл илтгэж байдаг юм билээ. Зүгээр л өөрийн хувийн бяцхан хувийн багажтай болоорой. Хумсны махаа авахгүй цааш түлхээд байвал аяндаа хумсны мах их ургахаа болиод ирдэг. Авах тусам нь их ургадаг юм шүү. Мэдээж баяр болон тэмдэглэлт өдрөөр гоё хумстай болохыг хүсэлгүй л яахав яг нүдэн дээр чинь бүрэн ариутгагдсан битүүмжилсэн тийм багаж задлаад хийх тийм л газраар хумсаа засуулаарай. Маш их зүйл бичмээр байгаа ч дэндүү залхмаар санагдах биз дээ. Өчүүхэн би мэдсэн сурснаасаа багахан өгүүллээ. Монгол хүн бүр эрүүл энх урт удаан наслах болтугай!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!