Uncategorized

​Д.Ламжав: Хоёр хөршөө хар, УИХ чадавхиа тооц, Үндсэн хуульгүй ч болж мэдэх осолтой шүү

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар “иргэн” хэмээх тодотгол автлаа Үндсэн хуулийг хамгаалж ирсэн Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн асан Д.Ламжавтай ярилцлаа. -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улс төрийн намууд тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Хойд хөрш ОХУ дайнтай, урд хөрш БНХАУ арваннэгдүгээр сард намын их хурлаа хийнэ. Энэхүү гадаад нөхцөл байдал нь Үндсэн хуулийг өөрчлөхөд эерэг, сөргөөр нөлөөлөх үү? -Үндсэн хуулийг нэмж, өөрчлөх шаардлагатай байж болно. Гэхдээ тохиромжтой цаг мөн үү, УИХ бэлэн үү гэдгийг асуух л ёстой. Чухал асуудал байгаа юм. Нэгд, дэлхийн III дайны нөхцөл байдал бодитой бий боллоо. Хойд хөршид рашизм гэх урд өмнө нь байсан фашист тогтолцооноос долоон дор тогтолцоо тогтоод байна. Анхандаа ОХУ Украиныг 3-4 хоногийн дотор буулгаж аваад тоглоомын Засгийн газраа байгуулна гэж байсан ч бүтэлгүйтэж, удаашраад байна. Үүний эсрэг АНУ, НАТО арга хэмжээ авч эхэлсэн. Украиныг орчин үеийн хүчтэй зэвсгээр зэвсэглэж, хүн хүчийг нь зэвсэг эзэмшүүлэхэд чадавхжуулж байна. Энэ ажилд 40 тэрбум ам.долларын тусламжийг баталсан. Энэ бүхэн аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. ОХУ аль болох үүнийг удаашруулах шатанд оруулж, хэлэлцээр хийх сонирхолтой байна.Барууны орнууд болон НАТО ийм эзлэн түрэмгийллийг зүгээр орхиж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Энэ ажиллагааны хүрээнд ядуу буурай орнууд, ялангуяа Африкийн олон орон өлсгөлөнд автах эрсдэлтэй боллоо. Африкийн орнуудад хуучнаар ЗХУ-ын нөлөө их туссан. Өлсгөлөнгийн шалтгааныг ОХУ тайлбарлахдаа ОХУ-ын эсрэг хориг тавьснаас болж өлсгөлөн бий болж байна гэсэн. Нөгөө талд, барууныхан тайлбарлахдаа Украины улаан буудайн экспортод хориг тавиагүй, асуудал нь Хар тэнгис дэх Украины портуудыг ОХУ болон Беларусь хааж, улаанбуудайн складуудыг устгаж, дээрэмдэж байна гэж тайлбарлалаа. Тиймээс Хар тэнгисийг ОХУ-аас чөлөөлөх замаар экспортыг чөлөөлөх асуудал тавигдаад хүлээгдэж байна. Хоёрт, БНХАУ-ын төрийн хэвлэлд Бээжинг Москватай ямар гайгаар нэг завинд суув гэдэг утгатай нийтлэл гарсан. Энэ нь Ши Жиньпинийг буруутгаж байгаагаас гадна, БНХАУ-ын улс төрийн товчоо нь намын их хурлаараа даргаа өөрчлөх бодлого тавигджээ. Цар тахлын эсрэг Шанхайд хатуу хөл хорьсон нь үүний шалтаг. Үүнээс болж эдийн засгийн маш их хохирол учирсан. БНХАУ эдийн засаг нэгдүгээрт гэдэг бодлого барьж, улсынхаа ирээдүйг бодоод ОХУ-аас зай барьж байна. Одоо төрийн зөвлөлийн дарга нь бүх эрхийг барьж байна гэсэн мэдээ бий. Олон улсын ийм эмзэг нөхцөл байдлыг, ялангуяа хоёр хөршийнхөө улс төрийн бодлого, дотоод зөрчлийг дутуу үнэлж байж Үндсэн хуулиараа оролдвол Үндсэн хуульгүй ч болох эрсдэлтэй. Тун болгоомжтой байх хэрэгтэй. Буруу зүгт яваад өгөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэж байгаад дарангуйллын тогтолцоо руу яваад өгөх ч осолтой. Бид жижиг улс байж болно оо. Улс төрийн бодлого нь тэгш, байр сууриа популист аргаар биш зөв, нэр төртэйгөөр илэрхийлж чаддаг байх ёстой. Нэг их хулчгар улсууд байх юм. Олон улсын тавцан дээр юу ч хийж, хэлж чадахгүй. -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог холимог болгоно гэж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна? -УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахыг Үндсэн хуульдаа оруулж өгье гэж байгаа нь зөв. Гэтэл нэг сайн заалтын цаана өчнөөн муу заалт оруулах санаагаа ил тод хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуулийн цэцийг шүүх болгох, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох зэрэг. Сүүлдээ төрийн сүлдийг өөрчлөхөөр намууд нэгдлээ гэсэн мэдээ харагдсан уу, би буруу харсан уу, мэдэхгүй. Энэ мэт нь Үндсэн хуулийг л эвдэнэ. Гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь эрх баригч нам дотор зөрчилтэй байна гэсэн үг. Баахан улс УИХ-ын гишүүн болох гээд байгаа хэрэг.-Сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульд зааж өгөх шаардлагатай юу. Салбар хууль буюу Сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд явж болох уу? -Уг нь Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоог заагаад өгчихвөл маш сайн. Тэр зүгтээ намууд төлөвшиж, сайжирдаг номтой. Тэрнээс биш нэг удаа мажоратори, дараа нь пропорционал гээд тал тал руу давхиад байвал улс төрийн намууд төлөвшихгүй. Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан учир сонгуулийн тогтолцоог тогтоох эрх нь УИХ-д байна. Одоо ч Сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд холимог тогтолцоотой болгох бүрэн боломжтой. -УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэж яригдаж байна. Та үүнийг юу гэж бодож байна? -Нийт хүн амын тооноос куб язгуур авахаар байх ёстой гишүүдийн тоо гардаг гэж олон улсын шинжээчид тогтоосон гэж залж байна лээ. Энэ бол шинжлэх ухаанаар айлгах тактик. Одоогийн 76 гишүүнээ яаж тэжээе гэж байхад юун 150 гишүүн. Тэгээд ядаж байхад тэд нар нь хуралдаандаа суухгүй, гадуур тэнээд, гадаад яваад л өгнө. Гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь эрх баригч нам дотор зөрчилтэй байна гэсэн үг. Баахан улс УИХ-ын гишүүн болох гээд байгаа хэрэг. Дараагийн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүний давуу эрхтэй хуулийн хамгаалалтаа үргэлжлүүлэхгүй бол асуудалтай хүмүүс ч байх шиг байна. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмчихвэл надад сандал суудал олдож магадгүй гэсэн горьдлоготой нь ч байна. Түүнээс биш, УИХ-ын гишүүдийн тоо өнөө маргаашийн чухал асуудал ерөөсөө биш. -Байдлыг ажиглахад иргэдийнхээ санаа бодлыг ҮХНӨ хийе гээд байгаа хүмүүс тоохгүй байх шиг харагдах юм. Иргэдийн үзэл бодлыг сонсоход сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж, харин гишүүдийн тоог нэмэх зэрэг бусад заалтуудыг дэмжихгүй байна. Ер нь намууд нийлээд л ҮХНӨ хийх нь зөв үү?-Ерөнхийдөө хуйвалдаан яваад байна гэж харж байгаа. Манай улсад төлөвшсөн нам алга. Нам нэр зүүсэн, дандаа захиалгаар бий болсон намууд ихэнх нь байна. УИХ-д суудалгүй, санал авдаггүй намуудыг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг байх хэрэгтэй. Цүнхэндээ ганц тамгатай, бараг гишүүнгүй, сонгуулиар санал авдаггүй, ганцхан даргатай намууд олон байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн нам гэдэг бол засгийн эрх авах эрхэм зорилготой бүлэг хүмүүс. Тэгэхээр бидний төлөө зүтгэхгүй. Засгийн эрхэнд гарч ирж байгаа хүмүүс хуулинд, нийгэмд баригдаж сайн сайхан зүйлс хийж байгаа юм. Тэрнээс биш зоргоор тавьчихвал дураараа аашилдаг зовлонтой. Үндсэн хуулийн сул талыг ашиглаад муу юм оруулчих л гээд байна даа. -Ойр ойрхон Үндсэн хуульдаа бид гар хүрч байна. Үндсэн хууль хамгаалалт муутай байна уу, ер нь Үндсэн хуулийн хамгаалалтыг Үндсэн хуульд өөрт нь хэрхэн оруулсан байдаг вэ? -Хамгаалалт бий. Энэ хамгаалалт хангалттай эсэх нь асуудал юм. Нэгд, УИХ-ын 3/4 нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байж батлагдана. 76 гишүүний дор хаяж 57 нь дэмжиж байж гэсэн үг. УИХ дээр энэ өөрчлөлтийг хэлэлцэх явцад хоёр удаа 3/4-ийн саналыг авч чадахгүй бол хэлэлцүүлэг зогсох ёстой. Тэгээд дараагийн УИХ сонгогдож гарч ирэх хүртэл ҮХНӨ гэж ярихгүй. Хоёрт, УИХ-ын гишүүдийн 2/3-оос доошгүй саналаар ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргаж болно. Болно гэж байгаа юм. Заавал явуулах албагүй гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуулийг нэмж, өөрчлөх хоёр зам байх нь. Нэг нь УИХ өөрөө, нөгөө нь ард нийтийн санал асуулга. Ард нийтийн санал асуулга явуулахад өмнө нь хуулийн төсөл бэлэн болсон байх ёстой. Ард нийтийн санал асуулгад нийт насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь оролцож, олонх нь дэмжсэн бол шууд нэмэлт, өөрчлөлт орсонд тооцно. Ард нийтээр батлах нь ийм заалттай. Мэдээж УИХ ийм маягаар өөрчлөлт оруулахаас татгалзана. Намуудын жинхэнэ зорилго нь засгийн эрхийг авах учир тэр эрх ашиг нь даваад ард нийтийн санал асуулга авахгүй. Гуравт, УИХ-ын ээлжит сонгууль болохоос жил хүрэхгүй хугацааны өмнө ҮХНӨ хийх тухай ярихгүй. Дөрөвт, УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулагдахаас нэг жилээс бага хугацаанд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Яагаад гэвэл сонгууль орох намуудад тоглоомын дүрэм нь эртнээс мэдэгдчихсэн байх аюултай гэж ингэж хамгаалсан.Тавд, ҮХНӨ-ийн талаар Үндсэн хуулийн цэц саналаа гаргаж болно. Өмнөх түүхээс харахад УИХ ҮХНӨ-ийн төслөө ҮХЦ-д өгч байр суурийг нь авч, дүгнэлт гаргуулдаг болсон. Гэвч ҮХЦ хичнээн ч чанга дуугарсан УИХ тоодоггүй. Тэгэхээр үүнд нэг зүйл дутагдаж байгаа юм. Үндсэн хуулийн хамгийн сүүлийн бүлэг нь ҮХНӨ хийх тухай байдаг. Энэ дотор Цэц саналаа хэлэх эрхийг олгохоос гадна, ҮХНӨ нь Үндсэн хуулийн зүйл, заалтуудыг дордуулсан гэж үзвэл ҮХНӨ хийх санаархлыг зогсоох эрхийг Үндсэн хуулийн цэцэд олгох ёстой юм. Дарангуйлал тогтоох эрсдэлтэй ч юм уу өөрчлөлт яригдвал зүгээр л зогсоочихдог байх эрх цэцэд олгоогүй. Тиймээс эрх мэдэлгүй, шүдгүй арслан л гэсэн үг. Үүнийг засахын төлөө энэ УИХ ажиллахгүй гэдгийг би маш сайн мэдэж байна. Үндсэн хуульд УИХ өөрчлөлт оруулж болдог байх эрхийг хадгалаад л яваад байх санаатай. -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэг өөрчлөлт оруулсан заалтыг дахин найман жил өөрчлөхгүй гэж заасан. Энэ нь хамгаалалт болох уу? -Энэ заалт нь ердийн хуульд байгаа юм. Ердийн хуулиар Үндсэн хуулийг хамгаалахад төвөгтэй. Ердийн хуулийн заалтыг УИХ хүчингүй болгож байгаад давхар дээлтэй сайд нарынхаа тоог нэмэх гээд байна л даа. Үндсэн хуулийн хамгаалалт нь Үндсэн хууль дотроо суусан байх шаардлагатай. -УИХ-ын гишүүд ирэх долоо хоногоос тойрог тойрогтоо очиж ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсох юм гэсэн. Үүнийг ард нийт дэмжлээ гэж үзэж болох уу? -Бид нэг хуйвалдааныг олж харах ёстой. Саяхан АИХ-д байсан депутатуудыг хүлээж авч уулзаж, албан ёсоор мэдээлэл өгсөн. ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд ҮХНӨ хийх шаардлага тавьсан, тэр шаардлагад хариу өгөхийн тулд бидний саналыг сонсож байгаа гэж ярьсан. Энэ бүхэн Т.Доржхандын шаардлага гэхээсээ илүү, МАН-ын санаачилгыг Т.Доржханд илэрхийлж байгаа гэсэн. Одоо их хурдан шуурхай хөдөлж байгааг нь харахаар үнэн бололтой. Тэгэхээр асуудал байна.Өчнөөн олон гишүүнтэй эрх баригч нам асуудлаа шууд ярих зориггүй байна. Хүний санааг илэрхийлж байгаа тэр ХҮН ямар ч өрөвдөлтэй юм. Энэ чинь сонгогчдоо хуурах, мэдээллээр төөрөгдүүлэх л үйл ажиллагаа. Ийм аргаар Үндсэн хуулийг нэмж өөрчлөхгүй ээ. Тэд Үндсэн хуулийн талаар юу ярих юм бэ. Үндсэн хуулийг нэмж, өөрчлөхдөө социологийн судалгааг харах хэрэгтэй байдаг юм. Дахиад ҮХНӨ хийнэ гээд ярьж байна. Гэтэл өмнө нь 2019 онд юугаа хийж байсан юм бэ. Ийм ээдрээтэй цаг үед, ийм бэлэн биш хүмүүс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж явсаар байгаад Үндсэн хуульгүй болчих вий. Осолтой, энэ бол. Тэгээд л дарангуйллын тогтолцоо шүү дээ. -Таны ярианд хуйвалдаан гэдэг үг их гарлаа. Тэд яагаад хуйвалдаад байна вэ? -Намын гол зорилго нь засгийн эрхийг авах шүү дээ. Энэ эрхэм зорилго нь давамгайлаад байгаа юм. Зорилгоо хуулийн хүрээнд биелүүлэх гэхээр хууль нь тэдэнд саад болоод байна. Тэгээд л янз бүрийн арга сүвэгчлээд л. Манай дээд албан тушаалтнууд 30 жилийн өмнөх алдааг засаж, ирээдүйн 50 жилий цаадахыг харна гээд яриад байгаа юм. Энэ хэцүү, тэд чадахгүй. Засгийн газар гэдэг бол өмнөхийн алдааг олж хараад, ирээдүйг засна энэ тэр гэж хийрхэл мөрөөдлөөр ажиллах ёсгүй. Нийгмийнхээ өмнө тулгамдсан асуудлаа яриад ажил хийх үүрэгтэй болохоос философичдийн ч юм уу, түүхчдийн хийх ёстой ажлын хойноос хөөцөлдөх ёсгүй. Түүхийн зөв бурууг тогтоох, ирээдүйд сайхан нийгэмд шилжихийн тулд алсаас төлөвлөж бай гэж Үндсэн хуульд заагаагүй шүү дээ. Тийм зүйлд цагаа барж болохгүй. Би одоо настай хүн. Хааяа нэг мэдээ харахаар сонин сонин хууль орж ирэх юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар допингийн асуудлыг ярьж байна. Допинг хэрэглэсэн байвал эмч, дасгалжуулагч хоёр нь хариуцлага хүлээх юм гэнэ. Тэр хоёр заавал холбогдсон байх албагүй. Огт буруугүй ч байж болно. Гэтэл хуулиар буруутан болж байна. Ингэж болохгүй гэж хэлэх нь амархан л баймаар юм.Бас монгол морь гэж мэдээд байгаа бололтой. Гэхдээ генийг нь шинжлээгүй аж. Генийг нь тогтоох гээд Монголын бүх морьдоос шинжилгээ авах юм гэнэ. Яг одоо явагдаж байгаа бүх хүнийг шинжлэхтэй адил. Гэтэл Монгол Улс тусгаар тогтнож оршихын баталгаа болсон Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ бүх ард түмнээсээ асуухгүй байж, монгол морины генийг тогтоохын тулд бүх мориноос шинжилгээ авах юм яриад сууж байна. Ажиглаад байхад бүх юмыг хяналтад авах гэдэг болж. Бүх юмыг хяналтад авах гэхээр хянах хүн хэрэгтэй болоод аппарат нь томроод байдаг юм. Үүнээс болж хүмүүс ажиллах урамгүй болдог. Яагаад гэвэл алхам тутамд саадтай. Ингээд л уналт руу явдаг. Авлига авдаг муу шүүгч нарыг гишгэх газаргүй болгоно оо гээд хуулийг нарийвчилж байна. Хуулийг хэт нарийвчлах шиг тэнэг юм байхгүй. Хэт нарийн хууль хийхээр сайн шүүгчгүй л болно гэсэн үг. Хуулиндаа баригдаад юу ч хийж чадахгүй болно. Хэргийг сайхан шүүдэг сайн шүүгч гэдэг гайхалтай. Тиймээс л шүүгчийг ярьдаг хууль гэж хэлдэг юм. Нэг л олон хууль баталбал сайн гэсэн үг биш шүү дээ. -Бид энэ бүгдийг зүгээр л хараад суух уу? -ОХУ-д рашизм нь тогтсонд хэн буруутай вэ. Үүнд ОХУ-ын дээд албан тушаалтнууд буруутай. Цаашлаад явж явж бүгдийн л буруу. Дарангуйллын тогтолцоо андашгүй шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хязгаарлалт тогтоогоод л эхэлдэг. Эндээс жишээлээд буруу үйлдлийн эсрэг бүх нийтээрээ үндэслэлтэйгээр ярьж хэлэлцэж буруу зүйлийг нь зогсоох хэрэгтэй. Буруу алхам хийж, хийлгэж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага байгаа ч гэсэн одоо байгаа байдлыг харахаар цаг нь биш, боломжгүй, чадахгүй л болов уу гэж бодогдох юм. -Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!