Uncategorized

Г.Равдан: Албаныхан урлагийг намын үзэл суртлын зэвсэг гэж боддог ойлголтоосоо салаагүй л байна

Драмын урлагийн шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ сарын 11-нд болсон. Наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Ардын жүжигчин Г.Равдан сайд, дарга нарт хатуухан боловч үнэн үг чулуудаад амжсан юм. Бид энэ удаагийн “Сошиал трэнд” буландаа Гавьяат жүжигчин Г.Равдан гуайг онцоллоо. Бидний яриа “Гэгээн муза” наадмын уур амьсгалаас эхлэлээ. Тэрбээр “Гэгээн муза” наадам бол театрын мэргэжлийн уран бүтээлчдийг хоёр жилдээ нэг уулзуулдаг монголын театрын зүтгэлтнүүдийн их том цугларалт. Тэр тайзан дээр сайд дарга нар гарч ирчихээд нам засгийнхаа бодлогыг сурталчлаад, УИХ-ын гишүүд нь сонгогдсон тойргийнхоо иргэдэд үг хэлж байна гэж өөрсдийгөө боддог бололтой.Танхимд цугларсан уран бүтээлчид тэр дугтуйнаас хэний нэр гарч ирэх бол хэмээн тэсэн ядан хүлээж байдаг. Энэ чинь театр. Өөрийн гэсэн хуультай, дэг журамтай, өвөрмөц орчин, өвөрмөц ертөнц. Театр бол хаа сайгүй микрафон дайралдахаар гараад үгээ хэлчихдэг индэр биш. Албаныхан урлагийг намын үзэл суртлын зэвсэг гэж боддог ойлголтоосоо салаагүй л явж байна. Одоо тэгдэг цаг өнгөрсөн. Дэлхий ертөнцөд ямар гайхалтай, хувьсал өөрчлөлт явагдаж байна. Бид театрын тайзан дээр гараад ингэх ёстой юм байна. Ингэж болохгүй юм байна гээд наад захын ойлголттой байх хэрэгтэй шүү дээ. Судлах хэрэгтэй. Би дарга удирдлага гэж чичлэхдээ гол нь биш л дээ. Тэд ч гэсэн үзэгчид. Бид хотын ямар нэгэн удирдлагад зориулж тоглохгүй. Хотын дарга нар ирчихсэн байна, өнөөдөр дарга нарт зориулж, улам сайн тоглоно гэдэггүй” хэмээв.Бид үргэлжлүүлэн театрын соёлын талаар ярилцлаа. Тэрбээр “Манайд театрын соёл, театрын боловсрол, үзэгчдийн боловсрол, тэр дундаа албаны хүмүүсийн театрын соёл, боловсрол үнэхээр дор байгаа. Театрт юм үздэггүй. Театрт очдоггүй. Чөлөөт цагаараа гэр бүлээрээ театр үзэж болно шүү дээ. Хэрэв театрт очдог бол Театрын соёл, театрын дотоод ёс зүй, ёс горим Жүжигчид уран бүтээлчдийнхээ ур чадварыг хүндэтгэх соёлд суралцсан байх ёстой. Манай үзэгчид хошин шогийн тоглолт үзээд жаахан замбараагүй болж байгаа. Хошин шогийн тоглолтууд дээр голын тохой дээр, зүлгэн дээр гутлаа тайлаад, идэж, уух юмаа дэргэдээ тавьчихсан гэр бүлээрээ сайхан цайлж суугаа юм шиг л байдаг байлаа.Театр руу орохдоо утасныхаа дууг хааж, идэх юм дотогш авч ордоггүй. Мөн жүжгээ асар их төвлөрч үзэх хэрэгтэй. Анх удаа очиж байгаа эсвэл өдрийн од шиг очдог үзэгчид соёлд дадаагүй байдаг. Жүжиг дуусаад хөшиг хаагдангуут л юу, юугүй л босоод л хувцасны өлгүүр рүү ч юм уу, нэг тийш гүйдэг. Уг нь бол жүжиг дуусаад хөшиг хаагдагдаж, дахин нээгдэж, жүжигчид тайзан дээрээ гарч ирдэг. Уран бүтээлчид маань үзэгчдэдээ мэхийн ёсолдог юм. Уг нь бол үзэгчид тэр гайхалтай дүрүүдийг бүтээсэн жүжигчдэд мэхийн ёсолмоор. Гэтэл жүжигчид нь өөрсдөө ёсолж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол жүжгийг өнөөдөр та нартайгаа хамтарч бүтээлээ. Хамтран бүтээсэн хувь нэмрийг тань бид ингэж үнэлж байна хэмээн үзэгчдэдээ мэхийн ёсолдог. Энэ бол эртний театрын ёс өнөөг хүртэл үргэлжилсээр байгаагийн сонгодог жишээ юм. Тийм учраас Монголын театр дэлхийн театрын хэлээр ярьж байна. Монголын театр дэлхийн театрын ёс зүйгээр явж байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!