Uncategorized

Д.Монголхүү: Баянзүрхийн нутаг дэвсгэрт цаас бариад, зогсох эрх минь нээлттэй

МоАХ-ны дарга Д.Монголхүү Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхээ нэг жилээр хязгаарлуулсан. Шүүхийн шийдвэр гараад 19 хоног өнгөрчээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа. Сэтгүүлч Э.Булган ярилцлагынхаа агуулгыг ярьж байна -ГОМДОЛТОЙ БАЙНА. ДАВЖ ЗААЛДАНА- -Таны зорчих эрхийг хязгаарласан. Яг өнөөдрийн байдлаар дүүргээсээ гарч байгаа юу? -Шүүхийн шийдвэр албажиж гараагүй, гар дээр ирээгүй байна. Ер нь бол одоо дүүргийнхээ нутаг дэвсгэрээс цагийн хуваариар гараад явж байгаа. Шүүхийн шийдвэр албажаад, тогтоол нь ШШГЕГ-т очиж, цахим гав зүүж эхэлсэн тэр мөчөөс л дүүргийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэсэн үг. Би давж заалдана. Тэгэхээр мэдээж өмгөөлөгчтэйгөө уулзах болно. Тэр болтол дүүргээсээ гарч болно гэж ойлгоод байгаа шдэ. -Зорчих эрхийг тань хязгаарласан шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ? -“Цагдаагийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэдэг үндэслэлээр шүүх хурал болсон. Бүх нотлох баримтууд цагдаагийн шаардлага нь хууль ёсных байгаагүй гэдгийг нотолдог. Харин шүүх шийдвэрээ гаргахдаа “Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан учраас цагдаагийн тавьсан шаардлага зөв байна” гэж үзээд, я.л оноочихсон. Хэрэвзээ хууль бус жагсаал зохион байгуулсан бол цагдаа тухайн иргэнийг яаж ч болно гэж харагдаад байгаа юм. Бараг алчхаж ч болно гэх ойлголт. Уг нь бол жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал гэж юу болох, цуглаан гэж юу болохыг томьёолоод өгчихсөн байдаг. Харин жагсаал, цуглааныг зохион байгуулна гэж яг юу юм. Хэнийг зохион байгуулсан гэж үзэх нь байдаггүй. Хоёрдугаарт, “No double standart” хөдөлгөөн хэнийг дуудаж, жагсаалыг хэн нь ч зохион байгуулаагүй. Дандаа өөрсдийнхөө итгэл үнэмшлээр ирдэг. Хэн нэгний удирдлагад ажиллаж байгаа хүн байхгүй учир органик жагсаалыг хэн засаг даргад очиж бүртгүүлэх юм. Органик жагсаал, цуглаан гэдэг ойлголт манай нийгмийн сэтгэлгээнд алга. Хүн жагсаж, цугласан бол заавал ямар нэгэн зохион байгуулалтад орсон гэж үзээд байх юм. Хэнийг ч төлөөлөөгүй өөрийнхөө үгийг хэлж буй хүнийг чи зохион байгуулсан байна гээд л. Намайг олны анхааралд өртчихсөнийг далимдуулж, жагсаал цуглааныг зохион байгуулсан байна гэж үзэж байгаа юм уу. Тэгвэл энэ чинь нотлох баримт биш шдэ. Энэ субьектив хандлага байхгүй юу. Өмнө нь долдугаар сарын 1-нд “No naadam” хэмээх “Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан” хэмээн Э.Одбаяр бид хоёрыг хэрэгт татсан. Шүүх хурлаар жагсаал, цуглаан зохион байгуулаагүй гэдэг нь тогтоогдоод бид ялалт байгуулаад гарч ирсэн. Тэгэхээр хоёр ижил кэйсийг хоёр өөрөөр шийдсэн байгаа биз. Шүүхийн шийдвэрт гомдолтой байна. -ТӨРИЙН НЭРИЙН ХҮНИЙ ӨМЧИД ХАЛДАХ БОЛ ДЭЭРЭМ- -Таныг жагсаал зохион байгуулсныг шүүх хурал дээр хэн гэрчээр орж нотолсон юм бол? -Яг жагсаал цуглааныг зохион байгуулсан гэдэг дээр гэрч байхгүй. Цагдаагийн албан хаагчийг хүчирхийлэн, эсэргүүцсэн гэдэг дээр намайг баривчилсан цагдаа нар гэрч болсон. Өөр гэрч байхгүй.-Тухайн үед цагдаагийн албан хаагч, та хоёрын дунд болсон процессыг тодруулаач? -“No double standart” хөдөлгөөний үеэр ковидын хоёр жилийн хорио болон, ковидын хуулиас болоод нийгмийн ийм, ийм сегмент дээр хүмүүсийн эрх ингэж, ингэж зөрчигдөж байна гэдгийг харуулж байсан. Нэг өдөр нь ковидоор нас барсан хүмүүсийг төлөөлүүлж, хар уутаар макет хийгээд талбай дээр тавьж байлаа. Ковидоор өчнөөн хүн нас барчхаад байхад “Digital Nation-2021” шоу зохион байгуулж, хүмүүс цуглуулсан. Тэр ч утгаараа бид нас барсан хүмүүсийн тоог гээд байгаа юм уу гэх зурвасыг өгөхийг хичээсэн. Тэр жишгээрээ хүүхдийн эрх ингэж зөрчигдөж байна. Хоёр жил гэрийн хорионд байгаа хүүхдүүд нийгэмших хэрэгцээгээ авч чадахгүй байна. Нийгэмшиж чадахгүй болохоор хүүхдүүд сэтгэл зүйн хямралд ороод тэр хямрал нь сэтгэцэд нь нөлөөлөөд, ааш авир нь хувирна. Хүүхдүүдийн эрх ингэж зөрчигдөөд байна гэдгийг гутал тавьж харуулах гэж байсан. Гэвч талбай руу хүүхдийн гутлууд оруулахгүй гэсэн. Би яагаад гэдгийг нь тодруулсан. Хүүхдийн гутлыг талбай руу оруулахгүй байх хуулийн үндэслэл нь юу юм бэ гэж. Нэг ч цагдаа хууль тайлбарлаагүй. Намайг машин руу чихэх хүртэл хуулийн үндэслэлээ тайлбарлаад өгөөч гэж асуусан. Би өөрөө хууль сахиулагч нарт хууль тайлбарлаж өгсөн. Жагсаал цуглаанд хэрэглэж болохгүй эд зүйл, хуулиар хэрэглэсэн эд зүйл гэж байдаг. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд байгаа. Тус хуульд халуун, хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй араатан, амьтан, эсвэл сэтгэцийн өвчинтэй хүмүүсийг дагуулж явж болохгүй гэдэг заалтууд байдаг. Энэ хориглосон зүйл заалтуудын аль нь энэ хүүхдийн гутал юм болохыг би тэднээс тодруулсан. Гэтэл “Та нар хүүхдийн гутал дотроо тэсэрч, дэлбэрэх бодис нуучихсан байхыг үгүйсгэхийн аргагүй” гэж хэлсэн. Би “шалгуулъя гээд хайрцагтай гутлыг асгах гэсэн чинь Ганбат хурандаа “Бид шалгачихсан, хориглосон эд зүйл байхгүй байна лээ” гэсэн. “Тэгвэл бид гутлаа аваад оръё” гэхэд “үгүй” гэсэн. Тэгэхээр нь дахиад асууна шдэ. Даанч дахиад л хуулийн үндэслэлээ тайлбарлахгүй. Нэг нь нэгэндээ үүрэг өгч, цагдаагийн албан хаагч миний авч явсан хүүхдийн гутлыг хайрцагтай нь тэврээд аваад явсан. Би араас нь гүйж очоод гутлаа булаацалдсан. Өөрөөр хэлбэл, хууль бус шаардлага тавьчхаад, хүний эд хөрөнгөнд халдана гэдэг бол дээрэм байхгүй юу. Хориглосон зүйлс алга гэчхээд төрийн нэрээр хүний өмчид халдаж байхад би өмчөө хамгаалах ёстой биз дээ.-Зорчих эрхийг тань хязгаарласанд улс төрийн нөлөөлөл бий гэж харж байна уу? -Засгийн газрын буруу шийдвэр, буруу менежментээс болж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон нийт иргэдийн асуудлыг хөндөөд босоод ирэхээр тэд өөрийгөө хамгаалж байгаа байхгүй юу. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой. Өнгөрсөн жилээс хойш Засгийн газарт хоёрхон шаардлага тавьсан. Эхнийх нь “Ажлаа ингэж хийгээч ээ” хэмээн “No naadam”-ын үеэр найман зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. “Digital Nation-2021” шоуны үеэр “Энэ үйл ажиллагаагаа зогсоочих оо” гэхэд зогсоогоогүй. Иймд бид “Засгийн газар огцор” гэсэн шаардлага тавьсан. Мөн “Хүний эрхийн нээлттэй сонсгол хийе” гэхэд УИХ-ын 35 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан ч нээлттэй сонсголыг гурилдах гэж оролдсон. Өөрсдөө хаалттай хийсэн. “Засгийн газар огцор” гэсэн шаардлагынхаа хариуг авах гээд явахад Шадар сайд С.Амарсайхан гарч ирээд “Өвчин зовлонтой үед манайх шиг сайн ажиллаж байгаа Засгийн газар ховор шүү” гэж хэлсэн. “Та нар өөрсдийгөө сайн ажилласан гэж үзэж байгаа юм байна. Бид муу ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Хэн нь худлаа яриад, хэн нь нь үнэн яриад байгаагаа МҮОНРТ-ээр халз мэтгэлцэж үзье. Засгийн газар сайдуутайгаа хүрээд ир. Тэгээд дүгнэлтээ гаргацгаая” гэхэд. Засгийн газар мэтгэлцээнээс зугтсан. Бид МҮОНРТ-д хоёр цагийн шууд эфир тавиулчихсан байсан. Хуваарь дээр тавигдчихсан байсан цагийг цуцлаад, зугтсан даа.-ЭНЭ БОЛ ЦЭВЭР УЛС ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГ- -Та давж заалдана гэж байна. Хэрэв шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь тогтоогдвол энэ зуныг юу хийж өнгөрүүлье гэж төлөвлөж байна? -Миний зорчих эрхийг хязгаарласан болохоос биш үг хэлэх эрхийг хязгаарлаагүй. Шоронгийн хоригдлын ч үг хэлэх эрхийг хязгаарлах эрх төрд байхгүй шдэ. Үндсэн хуулийн 2 бүлгийн 16-т: Хүн итгэл үнэмшилтэй байх, үг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заагаагүй байхгүй юу. Эрх чөлөөтэй гэж заасан байдаг байхгүй юу. Эрх, эрх чөлөө гэдэг чинь хоёр өөр ойлголт. Хэн ч халдашгүй, хэн ч хязгаарлашгүй эрхийг эрх чөлөө гэж нэрлэдэг. Тэгэхээр намайг дүүргийн нутаг дэвсгэр дээр хорилоо ч, сошиал орчин, хэвлэлийнхэн байна. Би Баянзүрхээс гарч болохгүй ч хэвлэлийнхэн дуртай газар руугаа явж болно шдэ. Миний үг хэлэх эрх чөлөөг хорьж чадахгүй учраас би асуудлуудыг хөндөж ярьсаар байх болно. Баянзүрхийн нутаг дэвсгэрт, гудамжинд цаас бариад, гарах эрх маань нээлттэй байна. Ер нь бол давж заалдахын шүүхээр цагаатгах ёстой. Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан гээд ял өгчихлөө. Энэ бол цэвэр улс төрийн гэмт хэрэг. Би бол шүүхийг ил цагаан зохиомол хэрэг дээр даалгавраа биелүүлчихлээ л гэж харж байна. Түүнээс биш хуулийнхаа дагуу асуудалд хандаагүй. Бид төрөөс эрх нэхэх тусам эрх чөлөөгөө боомилуулж байдаг. Манай иргэд төрөөс бүх юмаа нэхээд байгаа биз. Ингэх тусмаа өөрсдийгөө хорлоод байгаагаа ойлгохгүй байгаа. Төр битгий юм, юманд оролцооч ээ. Төрд ганцхан үүрэг байдаг юм. Ганцхан үүрэг нь хамгаалах. Түүнийгээ дараах гурван хэлбэрээр хэрэгжүүлдэг Гаднын халдагчдаас орон нутаг, ард иргэдээ хамгаална Дотоодод иргэд иргэдийнхээ эрхэнд халдахаас хамгаална Хувийн өмчийг хамгаална. Төр өөр юм хийж болохгүй. Өөр юм хийгээд эхлэхээр одоо юу болж байгааг харж байна уу. Бизнесүүдийг барьж байна шдэ одоо. Төр бизнес барьчихаар яах юм. Нөгөө хоолоо олж идэх гэж байгаа хүн чинь даргаас очиж, гарын үсэг зөвшөөрөл авна. Очиж авлига өгөхөөс өөр аргагүй байдал оруулна. Тэгэхээр төр өөрөө аягүй цомхон байх ёстой.-Ер нь та яагаад тэмцэгч болсон юм бэ. Юу танд тэгтэл нөлөөлсөн болоод “нийгмийн тоть” болж яваа юм? -Би гурван охинтой, нэг хүүтэй. Манай бага охин одоо естэй. Хоёр настай байхад нь нохой зуусан юм. Мэдээж ингээд хууль шүүхийн байгууллагаар явсан. Гэтэл манай охины нохойд хазуулсан хэрэг чимээгүй болчихлоо. Гайхаад юу болж байгааг нь асуухад хэрэгсэхгүй болгочихжээ. Би тухайн үед хууль мэддэггүй, ямар ч ойлголт байхгүй зүгээр л жирийн иргэн байлаа. Асууж, сураглатал хэрэгсэхгүй болгох эрх прокурорт байдаг юм байна. Прокурортой очоод уулзлаа. Яагаад хэрэгсэхгүй болж байгааг тодруулахад “Танай охин хашаанд уяатай байсан нохойнд өөрөө очиж хазуулсан байна” гэж байх юм. Би хэргийн газар очиж үзсэн эсэхийг нь асуулаа. Тэгэхэд “Би хэргийн газар дээр ажилладаг хүн биш. Хэргийн газар дээр ажилласан хүмүүсийн бүрдүүлж өгсөн материал дээр үндэслэж шийдвэрээ гаргадаг” гэж байна. Тиймээс би хэрэг болсон газар нь очиж, бичлэг хийж, зургийг нь аваад давж заалдах шатных нь прокурорт гомдол гаргасан. Ингэж л хэргээ шийдүүлж байсан. Өмнө нь охидыгоо бусдад дээрэлхүүлчихгүй байхыг хамгаалалт гэж ойлгоод байсан. Харин эл үйл явдлын дараа махан биеийн хамгаалалт л зөвхөн хамгаалалт биш болохыг ойлгосон. Тэр цагаас хойш нийгэмд болж байгаа процессуудыг анхаарсан, сонирхсон. Тэгээд л дахин сургуульд сурах бодолгүй явж байсан хүн чинь МУИС дээр очоод магистрт сурахаар болсон. Шууд хуулийн магистрт суръя гэсэн чинь “Бакалавр чинь эрхзүй биш болохоор заавал бакалаврт сурах ёстой” гэсэн. Энэ чиглэлийн мэдлэг олгодог ямар анги байдгийг судлаад улс төрийн магистрт сурсан. Ер нь бол охид маань ямар нэгэн асуудал үүсэхэд хууль тэднийг хамгаалдаг, хууль хэрэгжүүлэгч цагдаа миний охидыг хамгаалдаг ийм системийг бид нар өнөөдөр бий болгох ёстой. Энэ бол бүх аавын толгойны өвчин байх ёстой байхгүй юу. Энэ толгойны өвчин л намайг тэмцэл рүү оруулсан.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!