Uncategorized

ДУУЧИН М.ЯНЖИНДУЛАМЫН ОХИН Н.ЗОЛЗАЯА: ЭЭЖ ШИГЭЭ ХҮЧТЭЙ ХООЛОЙТОЙ ДУУЧИН, ГЭГЭЭЛЭГ ЭМЭГТЭЙТЭЙ ДАХИН УЧРААГҮЙ БАЙНА

-“ЭЭЖ МИНЬ ОЛНЫ ХАЙРТАЙ АЛДАРТАЙ ДУУЧИН БАЙСНААС ИЛҮҮ ЗӨВХӨН МИНИЙ ЭЭЖ БАЙСАН БОЛ ЯМАР САЙХАН БЭ” ГЭЖ БОДДОГ, ГАНЦААРДДАГ БАЙЛАА- “Сүүмийн сүүмийх алс тэртээд Сүргээ хариулж яваа даа Баян далайн ус шиг Бялхам сэтгэлт аав минь Сураг чимээ чагнаад Хүүгээ хүлээж суугаа даа…” хэмээх дууг “Сүүмийн сүүмийх” гээд аялангуут алдарт дуучин М.Янжиндулам санаанд бууж, түүний дуу хоолойг өгүүлсэн уртаас урт он цаг улиравч үе үеийн үзэгч, сонсогчдын сэтгэл, зүрхэнд түүний дуу хоолой эгшиглэсээр. “1970, 1980-аад оны алдарт дуучдаас өвөрмөц дуу хоолойтой түүнийгээ дархалж үлдээсэн тун цөөн эмэгтэй дуучны тэргүүнд М.Янжиндулам явдаг” хэмээн урлагийнхан ярьдаг. Ийнхүү монголчуудын үеийн үед хайрлаж, хүндэлж, шүтсээр буй сод авьяастай дуучин М.Янжиндуламын охин Н.Золзаяатай ээжийнх нь тухай, ээжтэйгээ өнгөрүүлсэн гэгээн дурсамжийнх нь талаар ярилцлаа. -ЭЭЖ МИНЬ ДУУГААРАА ХҮЧТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛДЭГ БАЙСАН- -Хүний зүрх, сэтгэлд сайхан дуу үлдэхээс гадна сайхан дуу хоолой хоногшдог юм байна. Энэ танд мэдрэгддэг үү? -Харин тийм ээ. Саяхан цахим орчинд миний ээжийн талаар нэг хүн дурсамж бичсэн байсан. Түүний доор хүмүүс маш сайхан сэтгэгдэл бичсэн байна лээ. Би “Монголчууд ээжийг минь мартчихсан байх даа” гэж боддог байсан. Гэтэл үгүй юм байна лээ. Өнөөдрийг хүртэл ээжийн минь дууны ертөнцөд үлдээсэн зам, мөр гэрэлтэж, гялалзсаар буй гэдгийг мэдрэх миний хувьд үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Би ээжийгээ цаг үргэлж гэгээн сайхнаар төсөөлж бодож, өөрийгөө тайвшруулдаг. Хэдий ээж минь байхгүй ч гэлээ нэр алдар, уран бүтээл, халуун дулаан сэтгэл, намайг гэсэн хайранд нь дулаацаж, жаргалтай амьдарч байна.-Таны ээж багадаа ямар хүүхэд байсан бол. Та ээжийнхээ бага насных нь тухай ярьж өгөөч? -Миний ээж 1957 оны дөрөвдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотын хоёрдугаар эмнэлэгт төрсөн юм билээ. Манай өвөөг Саранжавын Мандшир гэдэг. Ховд аймгийн Цэцэг сумынх. Эмээг минь Ёндонгийн Магадсан гэдэг. Архангай аймгийн Тариат сумын хүн байсан юм билээ. Миний ээж багаасаа дуулах дуртай, авьяаслаг, сайхан хоолойтой охин байсан гэж эмээ минь ярьдаг байсан. Ээж минь 1974 онд төмөр замын 20 дугаар сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд, Багшийн дээдийн дуучны ангид элсэх бодолтой байтал дуучны анги байгаагүй юм билээ. Тэгээд ахынхаа зөвлөснөөр Архи, пивоны комбинатад ажилд орсон гэдэг. Харин 1975 онд дуулах авьяас, сонирхолдоо хөтлөгдөн Хотын эвлэлийн хорооны “Залуус”, “Боргио” хамтлагт дуулж эхэлсэн юм билээ. Тэр цагаас ээжийн минь дуучин болох гараа тавигдсан байдаг. Ээж минь тэр үед “Харанга”-ын Чука ахын “Залуус” хамтлагт явдаг байсан юм билээ. Би ээжтэй хамт тоглолт үзээд явж байтал Чука ах тайзан дээрээс “Алдарт дуучин М.Янжиндуламыг хэн төрүүлсэн юм бэ, би төрүүлсэн” гэж хашхирч, онгирч байсан нь санаанаас гардаггүй юм. Тэд нэг хамтлагт байсан болохоороо ойр дотно байсан байх. Би ээжийнхээ бага насыг гоё өнгөрсөн гэж боддог. Ээж минь дүү нартайгаа бужигнаад л, сэтгэл тэнэгэр, хангалуун амьдардаг байсан юм билээ. Эгчтэйгээ нийлж байрныхантайгаа чулуугаар байлдаж өссөн гэж ярьдаг байсан. Багаасаа дуу, хөгжимд дуртай. Толиныхоо өмнө өдөр бүр дуулдаг хүүхэд байсан гэж эмээ ярьдаг байсан. Тиймээс ээж минь хүсэл, мөрөөдлөө биелүүлж чадсан байх. Ээж гэртээ байхаасаа л эгч, дүү нартаа зааж сургадаг, юу болох, болохгүйг хэлдэг, гэрийнхнээсээ сор нь байсан гэдэг юм билээ. -Таны ээж дэггүй хүүхэд байжээ. Харин та ээжийгээ ямар зан чанартай хүн байсан гэж дурсах вэ? -Ээж минь багасаа сэргэлэн, цовоо, авхаалжтай, аливаа зүйлийн арга эвийг сайн олдог, гүйлгээ ухаан сайтай, амархан баярлаж, амархан гомддог, сэтгэл хөдлөл ихтэй хүн байсан. Тэгсэн мөртлөө цагаахан сэтгэлтэй. Намайг загнаж, зэмлэчихээд дорхноо уур нь гарч, хошуу дэвсдэг байсан. Мөн хөгжилтэй, наргианч, маш хүчтэй эмэгтэй байсан даа. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, өөртөө татахад нь ээжийн минь дотоод энерги, хүч нөлөөлдөг байсан болов уу гэж боддог. Хүнтэй өөрийнхөөрөө, үнэн сэтгэлээсээ харьцдаг байлаа. Бас ажилд махруу, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ дуустал нь хийдэг байсан. Намайг нэг зүйл дутуу цэвэрлэсэн байх юм бол “Чи яагаад дутуу хийдэг юм” гээд л дахиад цэвэрлэдэг байсан. Ээж минь гав шав хийж, нүд нь гялалзаад л гэрийн ажлыг дор нь хийдэг байсан.Миний ээжийн гэртээ байх цаг хугацаа бага байсан ч гэлээ хамгийн сайн эхнэр, сайхан ээж байсан даа. Ээжид хувийн амьдралдаа анхаарах боломж байгаагүй. “Ээж минь олны хайртай, алдартай дуучин байснаас илүү зөвхөн миний ээж байсан бол ямар сайхан бэ” гэж боддог, ганцаарддаг байсан. Тийм болохоор би багаасаа “Олон хүүхэдтэй болмоор юм байна даа” гэж боддог байсан юм. Би сайн ханьтай учирч, одоо дөрвөн хүүхэдтэйгээ жаргалтай, сайхан амьдарч байна. -ЭЭЖИЙН МИНЬ ДУУЛСАН “ОРЬ ЗАЛУУ НАС”, “ААВДАА” ДУУ ХОЁР ЖИЛ ЗАХИАЛГАТ КОНЦЕРТЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙСАН ГЭДЭГ- -Таны ээж “Баянмонгол” чуулгад олон жил дуулсан шүү дээ. Чуулгын дуучин болчихоод их л баярлаж байсан байх даа? -Ээж минь 1976 онд эстрадын дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож, 375 хүнээс шалгарч, тэргүүн байр эзэлсэн. Тэр тэмцээний дараа Д.Ухнаа гуай ээжид “Баянмонгол”-д дуучнаар орох санал тавьж байсан юм билээ. Тэр үед ээж бөөн баяр л орж байсан байх. Тэгээд 1977-1980 онд улсын фестиваль, чуулга уулзалтуудад амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэлж, хүндэт диплом, үнэ бүхий зүйлээр шагнуулж байлаа. Мөн ЗХУ-д жил болгон зохиодог Эстрадын жүжигчдийн урлагийн их наадам болох “Алтан намар-79”-д оролцож, Баку, Рига, Тула, Харьков, Вильнюс, Ленинград, Москва, Ростов-На-Дону зэрэг 18 хотод аялан тоглолт хийж байсан түүхтэй. Ээж минь улсад 18 жил ажилласан. Өөрөөр хэлбэл, 18 жил дуулсан гэсэн үг. 1976-1980-аад онд ээжээс минь өөр дуучин байгаагүй гэж ярьдаг юм билээ. Ээжийн минь дуулсан “Орь залуу нас”, “Аавдаа” дуу хоёр жил захиалгат концертыг тэргүүлж байсан гэдэг. Одоо ч энэ дуунууд монголчуудын зүрх, сэтгэлийг догдлуулдаг хэвээрээ шүү дээ.Ээж минь 1984-1988 онд Цахилгаан шуудан холбооны газарт, 1984-1990 онд НАХЯ-ны цэргийн дээд сургуульд дууны багшаар, 1990-1994 онд Төмөр замчдын дуу, бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байсан. Харин 2006 оны долдугаар сарын 6-нд эх орон, нийгэм, эзэмшсэн мэргэжилдээ өөрийн хувь нэмрээ оруулж, бүтээсэн үйлс нь ард түмнийхээ өмнө нь нэгэнт ил тод болсон мөнхийн гавьяа зүтгэлийг нь үнэлж, ард түмний чөлөөт санал асуулгаар тодруулан “Ард түмний гавьяат” цол тэмдгээр шагнасан юм. Миний ээжийн давтагдашгүй дуу хоолой, авьяаслаг ажилч хичээнгүй зан чанар урлагт хайртай сэтгэл нь хэзээ ч мартагдашгүй билээ. -Та айлын ганц охин уу. Таны ээж их завгүй хүн байжээ? -Би дүүтэй байсан юм. Бид найман насны зөрүүтэй байлаа. Ээж минь төрөөд 45 хоноод л ажилдаа орсон. Тэгэхээр мэдээж ээжийн дүүд хандах анхаарал, халамж нь суларна шүү дээ. Тэгээд дүү минь нялхаараа биднээс явчихсан юм. Энэ тухай бодохоор л гол харлаад байдаг юм. Ээжийг “Яаралтай ажилдаа ор” гэж захиргааддаг байсан үеийг үзэн яддаг, үнэхээр харгис нийгэм байсан. Тэр үед аав, ээж минь маш хүнд цохилтод орж, хямарч байсан нь мэдээж. Ээж минь өөрийгөө л буруутгаж, дотроо ямар их шаналж байсан бол гэж боддог. Гэхдээ ээж минь биднээс зовлонгоо их нуудаг байсан. Нуух юмаа нууж, ил гаргах зүйлээ гаргадаг байсан. Энэ нь түүний хүчтэй чанарынх нь нэг илрэл шүү дээ. Сул дорой хүн бол уйлж унжаад л, царайгаараа бүхнээ илэрхийлчихдэг шүү дээ. Харин ээж бол тийм биш.Би айлын ганц хүүхэд болоод ч тэр үү эрх дураараа. Ер нь намайг дураар нь өсгөсөн. Дутагдах гачигдах зүйлгүй, аав, ээжийнхээ хайранд жаргалтай өссөндөө баярлаад баршгүй. Ээж минь тухайн үеийн нөхцөл байдал, мэргэжлийн онцлогоосоо шалтгаалаад, гэр бүлийнхэндээ төдийлөн анхаарч чаддаггүй байсан санагддаг. Дандаа улсын ажил гээд тоглолтоор явчихдаг байсанд нь би одоо ч харамсдаг. Би ч бас найзууд шигээ ээжтэйгээ, аавтайгаа хамт баймаар санагддаг үе зөндөө байлаа. Бүр аав, ээжтэйгээ хамт тоглож, наадаж яваа хүүхдүүдэд атаархдаг байсан гээд бод. Миний ээж алдартай дуучин байх нь надад сонин биш. Зөвхөн миний л дэргэд байдаг байсан бол сэтгэл хангалуун сайхан байх байлаа. Тийм ч учраас “Ээж минь дандаа миний дэргэд байгаасай” гэж хүүхэд байхдаа их боддог байсан. Энэ байдлаас болоод ээжийнхээ ажилд дургүй байсан. Дуучин мэргэжил нь ээжийг надаас булаачихсан юм шиг санагддаг. Хэрвээ ээж цаг үргэлж миний дэргэд байсан бол бүх зүйлийг зохицуулдаг, надад бүхнээ зориулах байсан даа. Ээж минь хүний хийж буй буруу үйлдлийг хараад дуугүй өнгөрдөггүй заавал учирлаж, ойлгуулдаг байсан. Жишээлбэл, гудамжинд шүлсээ, хогоо, тамхиа хаяж буй хүмүүст “Залуу хүн байж ингэж болохгүй шүү” гэж зөвлөж, шаардлага тавьж байсныг нь санадаг. Түүнээс би их зүйл сурсан. -ЭЭЖ МИНЬ ЦЭЦЭГТ ДАРУУЛСАН ЭМЭГТЭЙ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ- -Та ээжийнхээ цаг наргүй ажилд нь дургүй байсан ч ээжээрээ цаг ямагт бахархаж ирсэн биз дээ? -Хүүхэд байхдаа л ээжээрээ бахархдаг байсан. Манай ангийнхан, найзууд ч миний ээжээр бахархдаг байв. Хичээлээ тараад ирэхэд гэрт том, том баглаа цэцэг, шагнал урамшуулал дүүрэн байдаг байсан. Ээж минь цэцэгт даруулсан л эмэгтэй байлаа шүү дээ. Хэчнээн олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж явдаг нь түүнээс л мэдрэгдэж байгаа биз.Ээж намайг хичээлээ тараад ирэхээр “Миний охин хөргөгчөө онгойлгоод үзээрэй” гэдэг байв. Ээжийн хэлснээр хөргөгчөө нээхээр миний дуртай зайрмагийг 10-аар нь аваад хийчихсэн байдаг байлаа. Тэгээд би хоёр зайрмаг идээд дуусахад ээж үлдсэнийг нь идчихдэг байсан. Зайрмагт ээж минь тийм дуртай байлаа шүү дээ. Тэгээд Орост тоглолтоор явж байгаад гоё гоё зайрмаг нууцаар иддэг байсан тухайгаа инээгээд л ярьдаг байлаа.-Таны ээж гэртээ байхдаа юу хийх дуртай байсан бэ? -Ээж минь мэргэжилтэйгээ холбоотой болон философи, уран зохиолын ном унших дуртай байсан. Толгой сайтай хүн. Аав нь их ой сайтай хүн байсан юм билээ. Мөн ээж минь их сайхан хоол хийдэг байсан шүү. Гэртээ байхдаа хөгжилтэй, сайхан энергитэй, гэгээлэг хүн байлаа. Ээжийгээ би хэзээ ч муу, муухай юм боддоггүй, ярьдаггүй, төсөөлдөггүй байсан гэж боддог. Аав бид хоёр ээжийг их цаашлуулдаг байсан. Би ээжийн буузанд, аав цуйванд нь дуртай. -Их ганган дэгжин байсан уу, ээж нь? -Ээж минь гэртээ хоолойны дасгал хийж, дуулчихаад дандаа түүхий өндөг уудаг байсан. Ер нь их тансаг хэрэглээтэй хүн байсан шүү. Орос дэлгүүрээр үйлчлүүлэх тусгай картаараа өөрийнхөө дуртай утсан хиам, утсан загас, тахианы мах, давстай самар, зайрмаг авдаг байсан. Би ээжийгээ дагаад тансаг зэрэглэлийн ресторан, дэлгүүрүүдээр их хэсдэг байлаа. Ээж барахгүй мөртлөө ширээ дүүрэн хоол захиалчихаад л “Хүссэнээ ид” гэдэг байсан. Мөн надад хувцас авч өгөх их дуртай. Би ч олон ээлжийн даашинзтай байлаа. Заримыг нь өмсөж амжаагүй байтал багадчихна. Ээж минь ингэж намайг дагуулж, эрхлүүлж явахдаа “Эмэгтэй хүн чамин тансаг, өөрөөсөө юу ч харамладаггүй, өөртөө цаг зав гаргадаг байх ёстой” гэдгийг үйлдлээрээ үлгэрлэдэг байсан. Ээжийн тэр чанар надад их нөлөөлсөн юм шиг санагддаг. Би тэр чанарыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг.-Та үнэхээр эрх танил өсжээ. Ээжтэйгээ дэлгүүр хэссэн, хамт хоол идсэн мөч л таны амьдралын хамгийн жаргалтай үе байсан юм шиг санагдлаа? -Үнэхээр жаргалтай байж. Ээж намайг эрхлүүлж, Золушка гэж дууддаг, надад их хайртай байж дээ. Намайг бүр “Миний охиныг урдаас нь харахаар нар гэрэлтэнэ. Араас нь харахаас сар гэрэлтэнэ” гэж өхөөрддөг байсан. Түүнд нь би их дургүй. “Чимээгүй байгаач ээ, хүмүүсийн дэргэд” гээд л уурладаг байсан. Үүнийгээ одоо бодохоор харамсдаг юм. -1980-аад оны сүүлчээр таны ээжийг Хятадын тагнуул гэх цуу яриа гарсан юм билээ. Юунаас болж дээрх яриа гарах болсон юм бэ? -Ээжийн төрсөн эгч нь хятад хүнтэй ханилж, Амгаланд амьдардаг байсан юм билээ. Тухайн үед тэнд дандаа хятадууд амьдардаг байсан гэж ярьдаг. Тэгээд ээж эгчтэйгээ уулзах гэж Амгаланд хэд хэд очиход нь ийм цуу яриа гарсан гэдэг. Ээжийн минь ид мандаж явсан цаг үе шүү дээ. Би тэр тухай бодохдоо “Ээжийн минь сэтгэл санаа ямар их зовж, тэгж ярьж яваа хүмүүст ямар их гомдож байсан бол” гэж өрөвддөг. Ээж минь тэр үед хэлмэгдсэн. -Таны ээж цэцэгт даруулж байсан шигээ сонсогчдын захидалд даруулж байсан болов уу? -Нэг удаа юм хайж байтал уут дүүрэн захиа гарч ирсэн. Тэгээд үзтэл ээжид ирсэн үзэгч, сонсогчдын захидал байсан. Дандаа ээжийг “Шүтдэг, дуурайдаг, хайрладаг, хүндэлдэг” гэсэн утгатай захидлууд байсан. Үүнтэй адил орон орны алдартай уран бүтээлчид ээжид зурагтай нэрийн хуудсан дээрээ дурсгалын үг, гарын үсгээ бичиж, эргэж холбогдох хаяг, утасны дугаараа үлдээсэн байдаг. Түүнийг нь би хадгалчихсан байгаа.-ЭЭЖИЙНХЭЭ ДУУНУУДЫГ СОНСОХООР СЭТГЭЛ ҮЙМЭРДЭГ Ч МАШ ИХ ЭРЧ ХҮЧ, ЗОРИГ АВДАГ- -Та ээжийнхээ ямар дууг сонсох дуртай вэ?-Ээжийнхээ дуунуудыг сонсохоор сэтгэл үймрээд байдаг. Тэгсэн мөртлөө маш их эрч хүч, зориг авдаг. Ээжийн дууг дуулдаг, дуулах дуртай хүн зөндөө бий. Гэхдээ  хоолойнд нь хүрдэг хүн байхгүй болов уу гэж боддог. Би ээжийнхээ бүх дуунд дуртай. Тэр дундаас “Орь залуу нас” дуунд нь бүр ч илүү дуртай шүү. Би сонсгол сайтай. Гэхдээ ээжийг дуурайсан хоолой байхгүй. Хүүхэд байхдаа ээжийгээ дуурайж дуулах гээд хэд хэдэн удаа үзэж байсан. Гэхдээ ээжийнхээ хоолойнд хүрч, дуулж огт чадаагүй. Тэр үед л би ээжийгээ ямар мундаг дуучин бэ гэдгийг ойлгож байсан. Тэгэхээр сонсголтой ч юм уу, дуулах авьяастай хүн бүр тийм хүчтэй дуулж чаддаггүй юм шиг санагддаг. -ЭЭЖ МИНЬ “ИЙМ НЭГЭН ЯВДАЛ” КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН АЛИСА ФРЕЙНДЛИХЫГ ШҮТДЭГ БАЙЛАА- -Таны ээж сайхан дуулахаас гадна маш өвөрмөц стильтэй санагдсан. Хэн нэгнийг дуурайдаг байв уу? -Ээж минь “Ийм нэгэн явдал” киноны гол дүрийн жүжигчин Алиса Фрейндлихыг шүтдэг байсан. Түүний хувцаслалт, үс засалтыг дуурайж, үсээ засуулдаг байсан гэдэг. Миний ээж их гоё гартай, гоёл чимэглэлд их дуртай байсан. -Та ээжийнхээ хэлж байсан үг, хийж байсан үйлдэл бүрийг нь мартахгүйг хичээдэг байх. Ээжийнх нь хэлж байсан таны санаанаас гардаггүй захиас бий юү? -Ээж надад “Миний охин зовлон бэрхшээл тулгарахад амьдралд бүү сөхрөөрэй. Чи зовж, зүдэрч байгаагаа хүнд харуулж болохгүй шүү. Яаж ч унасан босоод ирэх чадалтай, хүчтэй байгаарай” гэж хэлж байсан. Энэ л миний ээжийн захиас байсан болов уу гэж боддог. Энэ үгийг би хэзээ ч мартдаггүй. Надад их хүч болдог юм.-Та ээжийгээ баярлуулж чадсан уу? -Миний ээж дандаа л намайг баярлуулж байснаас би ээжийгээ баярлуулж байгаагүй юм билээ. Би ээжийнхээ охин нь болж төрсөн нь л ээжийн минь баяр, баясал юм шиг надад тэгж ханддаг байсан. Ээж минь хэзээ ч надад хатуурхаж байгаагүй. Надтай яг миний найз юм шиг ханддаг байлаа. Би нэгдүгээр ангидаа муухай бичээд, ээжид загнуулсандаа дэвтэр дээрээ уйлчихсан юм. Гэтэл аав өмөөрдгөөрөө өмөөрч байлаа. Тэр үед би аавыгаа ямар сайн хүн бэ гэж боддог байсан бол одоо л ээжийнхээ зөв байсныг ойлгож байгаа юм. Ээж минь намайг цэвэрч нямбай, хүний үг даадаг болгох гэж л тэр шүү дээ. -Та хэдэн настайдаа ээжийгээ тайзан дээр дуулж байхыг харсан бэ? -Би дөрөв, таван настайдаа эмээтэйгээ хамт ээжийнхээ тоглолтыг үзэхээр очсон юм. Тэгээд дуулсных нь дараа цэцэг өгөхөөр тайз руу хартал төхөөрөмжүүдийн утсанд тээглээд уначихсан. Гэтэл хүмүүс инээлдээд, би уйлаад л ээждээ цэцгээ өгөөд, үнсүүлээд бууж байсан дурсамж байдаг. Том болчихоод тоглолтод нь хамт явдаг, тайзны ард хувцсыг нь бариад зогсдог байлаа. Тэгээд л урлагийн хүмүүсийн сайхныг биширч, дуучин болмоор ч юм шиг санагдаж байсан. Гэхдээ би чадаагүй ээ.-Таныг өсгөж, хүмүүжүүлж, ээжийнх нь оронд ээж болж байсан аавынхаа талаар ярьж өгөөч? -Миний аавыг Нармандах гэдэг. Аав минь уран, дархан хүн байлаа. Маш мэдрэмжтэй хүн байсан шүү. Аав минь уран дархан байсан болохоор орон сууцанд ажлаа тухтай хийж чаддаггүй байсан шиг байна лээ. Тэгээд хувийн байшин барьж, аав уран дархнаа хийдэг байсан. Миний аав намайг их эрхлүүлдэг, ээжийн үүргийг гүйцэтгэж, намайг тоглоомын талбайд тоглуулж, гадуур зугаацуулж, бүх музейгээр дагуулж явдаг байсан. Намайг төрөхөд “Үнэн” сонин дээр юу хэвлэгдсэн байна вэ гээд хадгалчихсан байх жишээтэй. Мөн миний анхны зурсан зургийг он, сартай нь бичээд хадгалчихсан байсан. Зураг зурсан өдөр бидний хувьд маш гоё өдөр. Учир нь, би 2009 оны тэр өдөр анхны хүүхдээ төрүүлж байлаа гэх мэт нарийн мэдрэмжтэй хүн байсан. Ээжид их түшиг тулгуур болдог, ар гэрийнх нь бүх асуудлыг хариуцдаг байсан шүү. Би аавтайгаа их дотно өсөж, хүмүүжсэн. Аав, ээж минь миний хүмүүжил, боловсролд их анхаардаг байлаа. -Таны хүүхдүүдээс дуулдаг, дуучин болох сонирхолтой хүүхэд бий юү? -Би хүүхдүүдээ “Дуучин болгохгүй” гэж боддог. Дуучин болох ямар хэцүү гэдгийг өөрийн биеэр мэдэрч өссөн болохооор тэр шүү дээ. хүүхдүүд минь ч “Дуучин болно” гэж ярьдаггүй. Манай том охин 10 дугааар ангид сурдаг.-Та ээжийнхээ уран бүтээлүүдийг цэгцэлж, пянз, си-ди болгосон уу. Ээжийгээ мөнхжүүлэх ямар ажил хийж байна вэ? -Уран бүтээлүүдийг нь цэгцэлж, нэгтгэж чадаагүй байгаа. “Ямар хэлбэрээр нэгтгэвэл зүгээр вэ” гэдгийг судалж байна. Удахгүй уран бүтээлүүдийг нь нэгтгэх, сэргээх бодолтой байгаа. -Ээж нь ямар шалтгааны улмаас бурхан болсон бэ. Энэ тухай ярьж болох уу? -Миний аав, ээж өвчин ярьдаггүй, эмнэлгээр огт явдаггүй байсан. Гэвч хоёулаа гэнэтийн байдлаар нас барсан. Ээжийг эмч нар харвасан гэж оношилдог юм. Тэр үед би 24 настай байлаа. Үнэхээр юу болж буйг мэдээгүй, ойлгоогүй байхад л бүх зүйл болоод өнгөрчихсөн байсан. Даанч хурдан юм билээ. Миний ээж сайхан дуу хоолойгоороо хэчнээн хүний хайр хүндэтгэлийг хүлээж, бусдыг баярлуулсан ч гэлээ сэтгэл хангалуун, сайхан амьдарч чадсан болов уу, хэн миний ээжийн гавьяаг үнэлсэн бэ гэж боддог. Миний ээжтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа үнэхээр богинохон болохоор л би харамсаад байдаг юм. Нөгөөтэйгүүр ээж минь дуртай зүйлээ хийж байсан болохоор жаргалтайгаар буцсан байхдаа гэж бодож, өөрийгөө хуурдаг. Ээж минь надад үргэлж, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, дайчин, хамгийн мундаг ээжээр бодогддог. Ингэж л төсөөлж, сэтгэлдээ ээжийгээ, хамт байсан мөчүүдээ нандигнадаг даа” хэмээн Н.Золзаяа ээжийнхээ бүтээсэн гэрэлт ертөнцийг бидэнд дэлгэсэн юм. Тиймээ, дуучин М.Янжиндулам бол Монголын авьяаслаг, сор болсон дуучдын нэг гэдгийг дуу хөгжимд хайртай хүн бүр ам бардам хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм ч учраас түүний дуу бүхэн өдгөө сонсогчдын зүрх, сэтгэлийг уяраасан, гэгэлзүүлсэн хэвээр байгаа билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!