Uncategorized

Дайн эхэлсэн ч монголчууд оросуудад муухай хандаагүй

ОХУ-ын хэвлэлд ийм нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна. Забайкальский рабочий сонин Анатолий Квасов Монголд амьдардаг ахмад үеийн оросууд Ерөнхийлөгч Владимир Путины Украинд хийж байгаа тусгай ажиллагааг дэмжиж байгаа гэж манай сурвалжлагчид Любовь Тарасова хэллээ. Любовь Игоревна Тарасова бол Улаанбаатарын нэгэн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаа хүн. Монголд олон жил амьдарч байгаа хүний хувьд монголчууд Украинд болж байгаа үйл явдал, ОХУ-ын Ерөнхийлөгч, Монголд амьдардаг оросуудад хэрхэн хандаж байгааг дүгнэн хэлж чадах хүн юм. Сүүлийн жилүүдэд Монгол улс бүх дэлхийн нэгэн адил цар тахлын гамшгаар эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаа. Монголын Засгийн газар иргэддээ цар тахлын үед маш их тусалсан гэж Любовь Игоревна үзэж байна. Жишээ нь, 2021 онд иргэдээс дулаан, цахилгааны төлбөр аваагүй, нэг удаагийн материаллаг тусламж үзүүлж байлаа. Банканд зургаан сая хүртэлх зээлтэй байсан ахмадуудын зээлийг хүчингүй болгож, өргүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгосон. Одоо Монголд ковидын хөл хориог сулруулж байгаа ч ардын аж ахуйн олон салбарт байдал хүнд, эдийн засгийн түвшин цар тахлын өмнөх хэмжээнд хүрээгүй л байна. Любовь Игоревна “Украинд дайны ажиллагаа эхэлсний дараа Монголд байдаг оросууд санаа зовж, түгшиж байсан нь үнэн. Нэгдүгээрт, тусгай ажиллагаанд оролцож байгаа залуусын төлөө зовно. Хоёрдугаарт, энэ нөхцөлд монголчууд бидэнд, оросуудад яаж хандах бол гэж айж байлаа. Тэд өмнөх шигээ эелдэг, зөөлөн байх болов уу гээд л. Харин одоогийн байдлаар би ямар нэг оросуудыг үзэн ядсан, хавчсан байдалтай тулгараагүй гэдгээ онцолж хэлмээр байна. Нийтийн тээвэр, зах, дэлгүүр гээд олон нийтийн газарт хэн ч надад буруутгасан юм хэлж байгаагүй” гэж ярьж байна.Ялалтын баяраар санаа зовсон нь “Тавдугаар сарын 8-нд Улаанбаатарт болсон “Бессмертный полк” хөдөлгөөний жагсаал их чухал үйл явдал болсон. Энэ арга хэмжээнд орос, монголчууд оролцож, Цэргийн хөгжмийн коллежийн найрал хөгжим тоглосон. Дараа нь маршал Жуковын хөшөөний дэргэд ёслолын цуглаан, дайны үеийн дууны концерт боллоо. Ялалтын баяраар би танилуудтайгаа маршал Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Элчин сайд И.К.Азизовын хамт оролцсон. АН-ын лидер, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга цэцэг тавиад “Ялалтын баяр бол Монголд хамгийн чухал баярын нэг. Монголчууд энэ уламжлалаа сахин хадгалдаг” гэж хэлсэн. Мэдээж бид янз бүрийн өдөөн хатгалга гарах вий, албаны ямар хүн ирэх бол гээд санаа зовж байлаа. Олон хүн ирсэн гэж хэлж чадахгүй ч хөдөө аймгуудаас хүмүүс зурагт хуудастай ирсэн байлаа. Ингээд би Монгол улс Оросоос салах сонирхолгүй байгаа юм байна, Зөвлөлтийн цэргийн гавьяаг үнэлдэг, дурсан санадаг хэвээр байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж Любовь Тарасова ярилаа. Украин, Оросын талынхан Любовь Тарасовагийн хэлснээр Украины сэдэв бол Монголын хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг. Маш олон хүн сонирхож байгаа. Монголын зарим хэвлэлийн хэрэгсэл хоёрдугаар сарын 24-нээс эхлэн Украины байдлыг LIVE дамжуулж байна. Тусгай ажиллагаа эхэлснээс хойш хэдэн сар өнгөрсөн ч энэ сэдэв монгол сэтгүүлчдийн гол сэдэв хэвээр байна. Монголын телевизийн нэгэн нэвтрүүлэгт Монгол дахь Украины иргэд ирж, байдлыг өөрсдийн өнцгөөр тайлбарлаж байсан. Украины талынхан Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадаа байнга өдөөн хатгалт хийдэг. Тавдугаар сарын 11-нд Үндэсний түүхийн музейн дэргэд Оросын эсрэг “Монгол Беларусь болохгүй” гэсэн жагсаал болсон. 50 орчим жагсагчид “Монгол улс Беларусь шиг ОХУ-д захирагдахгүй. Монгол бие даасан улс” гэж ярьж байв.Энэ жагсаалын үеэр монгол дээл өмссөн Оросын талынхан гарч ирж, зохион байгуулагчид руу гурил цацсан хэрэг гарсан. Үүний дараа жагсаал болж байсан талбай дээр День Победы дуу эгшиглэсэн юм. Дөрөвдүгээр сарын 9-нд Монголын “Общество Новороссия – друзья в Монголии” байгууллагаас Украинд хийж байгаа тусгай ажиллагааг дэмжсэн жагсаал мөн хийсэн юм. Г.Жуковын хөшөөний дэргэд болсон тус жагсаалд 300 хүн орос, монгол далбаатай цугларч, “Бид Оросыг дэмжиж байна”, “NO NATO EXPANSION!”, “NO BIOLABS NO BIOWEAPONS!”, “NO FASCISM NO NAZISM!”, “Бандера бол Украины фашист, Гитлерийн тагнуул байсан”, “Украинд зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоо”, “Донбасст болж байгаа геноцидыг зогсоо” гэсэн зурагт хуудас барьсан байлаа. Энэ үеэр тэд “Орос цэрэг Европыг дахиад фашизмаас аварч байна” сэдэвт гэрэл зургийн самбар гаргаж, Донбасс, Луганскийн эвдэрч сүйдсэн байшин, Украины армийн довтолгоонд хохирсон хүүхдүүдийн зургийг дэлгэсэн байв.“Общества Новороссия” байгууллагын дэд ерөнхийлөгч Бадрахын Батболдын тэмдэглэснээр жагсаалыг зохион байгуулагчид Монголын хэвлэл мэдээлэлд хандан, зөвхөн бодитой, үнэн мэдээлэл нийтлэхийг шаардсан байна. Жагсаалд оролцогчид хөдөө аймгаас өөрийн мөнгөөр Оросыг дэмжсэн зурагт хуудас хийлгээд ирсэн байлаа. Тэд ЗХУ-ын тусламж байгаагүй бол Монгол тусгаар улс байж чадахгүй байсан гэж ярин, түүхийн маш олон жишээг татаж байсан юм. Мөн хэвлэл мэдээллүүд Барууны орнуудын ашиг сонирхолд үйлчилдэг Монголын либерал хүчнийг дэмжиж байгааг шүүмжилж байв. Энэ жагсаалд Монголд аж төрж байгаа оросууд олноор оролцсон. Любовь Игоревнагийн хэлснээр цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Монгол дахь оросуудын дунд үзэл бодол зөрөлдөх явдал гарч байгаа гэнэ. Ихэнх нь тусгай ажиллагааг дэмжиж байгаа. Тэд энэ бүх асуудал хаанаас үүссэн болон гарсан шалтгааныг мэдэж байгаа улсууд. Ахмад настнууд нь Ерөнхийлөгчөө дэмжиж, дайн хийхээс өөр арга ОХУ-д байгаагүй гэж байв. Харин залуучууд болон дунд давхаргын хүмүүс нь асуудлыг энх тайвны замаар шийдэж болох байсан гэж үзэж байна. Бид Любовь Игоревнагаас “Одоо Монгол, Оросын ард түмнийг ах дүү гэж үзэж болох уу” гэж асуухад “Миний бодлоор ямар ч ард түмэн бүгд нэгдмэл бодолтой байдаггүй. Гэхдээ монголчуудын ихэнх нь ОХУ-ын талд гэж би бодож байна. Монголд ОХУ-ыг хүндэлдэг, Украинд хийж байгаа ажиллагааг нь дэмждэг найдвартай анд нөхөд олон бий гэдгийг би зоригтой хэлж чадна” гэж хариуллаа.Бидэнд ялалт л хэрэгтэй “Цэрэг дайчдад маш хэцүү байгааг бид энд сайн ойлгож байна. Би өмнө нь украинчуудтай хамт ажилладаг байсан. Тэд хэзээ ч оросуудад найрсаг ханддаг байгаагүй. Сүүлийн 30 жилийн дотор тэд энэ үзэн ядалтаа тээсээр ирсэн. Оросын цэргийн албан хаагчдад тэд маш харгис хандаж байгаа нь тэр үзэн ядалтын үр дүн юм. Украинд манай хөвгүүдийг зэрлэгээр алж, яргалж байгаа нь маш их харамсал, гуниг төрүүлж байна. Харин бид Украины олзлогдсон цэргүүдэд олон улсын хууль журмаар энэрэнгүй хандаж байгаа. Барууны орнууд түнш түнш гэж байснаа маш хурдан дайсан болон хувирлаа. Манай гадаад бодлого хэт зөөлөн байжээ. Барууны орнууд энэ байдлыг нь сул дорой гэж үзсэн, тооцсон. Одоо бид зарим үед маш хатуу бодлого явуулах ёстой байснаа ойлгож байна. Америк болон бусад Барууны орнууд хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн энэ явдлыг эртнээс бэлтгэж байжээ гэдгийг одоо ойлгож байна. Гэхдээ Барууны орнууд орос хүмүүс аюул учрахад улам нэгдэн, нийлдэг гэдгийг тооцсонгүй. Бид энэ дэлхийд хэн бэ, дэлхийн түүхэнд оросуудын гүйцэтгэх үүрэг юу вэ гэдгээ ухамсарлаж байна. Монголд байгаа орос иргэдийн ихэнх нь одоо хагас дутуу энхийн гэрээ байгуулагдаж, энэ их үнэ төлсөн, эхэлсэн хэргээ дуусгаж чадахгүй болох бий гэж санаа зовж байна. Энэ дайны тусгай ажиллагааг заавал ялалтаар дуусгах ёстой” гэсэн Любовь Игоревнагийн үгээр төгсгөе. Энэ бол Монгол дахь орос иргэдийн нийтийн бодол юм. Анатолий Квасов

Related Articles

Back to top button
error: Content is protected !!