Uncategorized

Ц.ГАНЗОРИГ, ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАДАР ТУСЛАХ Л.ТҮВШИНЖАРГАЛ НАРЫГ ДЭД КОНСУЛААР ТОМИЛНО

Дипломат албанд хоёр шинэхэн томилгоо хийгдэх гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консулаар ЗГХМОНХГ-ын дарга асан Ц.Ганзориг болон экс Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал нарыг томилохоор болсон гэнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан Ц.Ганзориг ажлаа өгөөд удаагүй байгаа. Тэрбээр 2017 оноос хойш тус албыг хариуцан ажиллаж байсан. Мөн Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар улиран ажилласан. Гэвч өнгөрсөн сарын эхээр ажлаа “Телевизүүдийн холбоо”-ны тэргүүн Т.Ганзулд хүлээлгэн өгсөн юм.Харин түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдоно, Хэвлэлийн албаа удирдана гэх мэдээллүүд цацагдсан ч тэрбээр ямарч албан тушаалд очоогүй үлдсэн ч ийнхүү Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консулаар томилогдохоор болоод байгаа аж. Тэрбээр инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд Эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байжээ. Ц.Ганзоригийн хувьд өнгөрсөн хугацаанд хүлээсэн ажил үүргээ хангалттай биелүүлж чадсан хэмээн олон нийт үнэлдэг. Ажлаа хүлээлгэж өгөх үед нь ч олон нийт уг байр сууриа илэрхийлж байсан.Харин дэд консулаар томилогдох гэж буй Л.Түвшинжаргалын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслахаар ажиллаж байсан. Өнгөрсөн хавар түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны хоёр сарын 25-ний өдрийн 15-р тогтоолд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах асуудлыг оруулж ирсэн. Гэвч уг асуудал олон нийтийн анхааралд орж, араасаа маргаан дагуулсан тул тэгсгээд чимээгүй өнгөрсөн билээ.Мөн сануулахад, УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгчийн шадар туслах Л.Түвшинжаргал “С.Эрдэнэ даргаа тантай яаралтай уулзаж юм өгье” гэсэн. Ингээд бид Наадамд центрт уулзахад надад Нийслэлийн прокурорын газраас миний хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг өгсөн. Яахаараа Нийслэлийн прокурорын тогтоолыг Ерөнхийлөгчийн шадар туслах аваад явж байдаг юм бэ?” гэж хэлсэн хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж шуугиан тарьж байсан удаатай. Ямартаа ч Гадаад харилцааны яам дээрх хоёр томилогоог хийхээр болсон бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр Л.Түвшинжаргал нь үүрэгт ажилдаа томилогдохоор АНУ-ыг зорьсон гэх мэдээлэл байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!