Uncategorized

С.Бямбацогт: Төрийн өмчит компаниудад 10 мянган цүнх баригч ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн өмчит компаниудыг цэгцлэх ёстой. Угжны хурга шиг угжуулж, тэтгүүлээд байж байна. Шоовдор нь хувийн хэвшлийнхэн, эрх танхи нь төрийн өмчит компаниуд болсон. Төрийн өмчит компаниудад төрд ажиллаж байгаа дарга даамлуудын, улстөрчдийн халаасны хүмүүс, цүнх баригчид томилогддог. Очоод дарга нартаа тал засаж, улстөрчдөдөө мөнгө зөөдөг. Тиймээс үүнийг цэгцлэх ёстой. Төрийн өмчит 170, орон нутгийн өмчит 270 компани байна. Гүйцэтгэх удирдлагад нь 100 орчим хүн гэж бодвол нэг компанид 20 орчим, нийтдээ 470 компанид 10 мянга орчим хүн хэн нэгний гар хөл болж ажиллаж байна. Энэ хүмүүс хамгийн их цалин хангамж авч, гадагшаа зугаалдаг. Тэгсэн атлаа Монгол Улсын өрийн хэдэн хувь нь төрийн өмчит компаниудынх вэ гэвэл нэлээд том тоо гарна. Энэ тоог хэлж өгөөч. Төрийн өмчит 470 компаниуд ямар өр зээлтэй байна вэ? Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойг хасвал бусад нь улсад оруулж байгаа орлого бараг байхгүй. Орлого, төвлөрүүлж байгаа ногдол ашгийг хэлж өгөөч. Сайншандын, Эгийн голын төслийн нэгжүүд гэж бий. Юу ч хийдэггүй, баахан төслийн нэгжүүдтэй. 40-50 тэрбум төгрөгийн алдалдалд орчихсон, бөөн зардалтай. Үүнийг яаж цэгцлэх вэ? Төсвийн мөнгөөр тэтгэгдэж, хувийн хэвшилтэй өрсөлддөг төрийн өмчит компаниудаа яаж цэгцлэх вэ?ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: 2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компани байгаа. Нийтдээ 18 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна. Эрдэнэс Монгол нэгдэл 5.4 их наяд, Төрийн банк 3.4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, Монголын төмөр зам 1.5 их наяд, Эрдэнэт үйлдвэр 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбум төгрөгийн өртэй байна. Хамгийн их орлого олсон болон хамгийн их ашигтай ажилласан газруудыг Эрдэнэт үйлдвэр тэргүүлж байна. Тус үйлдвэр 3.1 их наяд төгрөгийн орлого олж, 9010 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд, өмнө нь агентлагийн статустай ажиллаж байсан олон байгууллага аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэрээр ажиллаж байгаа. Цаашид агентлагийн статустай ажиллахыг нь ажиллуулж, заримыг нь татан буулгахаар ажиллаж байна. Авто тээврийн үндэсний төвийн чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ.ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Тиймээ, Бямбацогт гишүүн ээ. Яг ийм системээр 30 жил явлаа. Үүнийг өөрчлөхөөр энэ хуулийн төслийг оруулж ирж байна. Бид энэ байдлыг гэв гэнэт мэдсэн юм биш. Төрийн өмчит компаниуд дандаа алдагдалтай ажилладаг, алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй, ТУЗ-д дандаа төрийн төлөөлөл ордог тогтолцоог халахаар хуулийн төсөл оруулж ирж байна. ТУЗ-ийг дандаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно. ТУЗ-ийн баталсан дүрэм журмын дагуу гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулж тавьдаг тогтолцоотой болно. Төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг шууд чөлөөлж, өөр төрийн өмчит компанийн удирдлагад очих бүх боломжийг хаана. ТУЗ-д нөөцийн систем бүрдүүлж, нөөцөөс авдаг болно.УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн  тухай хууль маш их саад бэрхшээлийг давж, энэ танхимд орж ирсэн. Энэ хуулийг энэ танхимд оруулахгүй байх мөнгө, эрх мэдлийн их том сонирхол байж ирсэн. Төрийн өмчийн компани байгуулж, тэнд хүнээ тавьж, шахаа хийж, ард түмний өмчийг хувьдаа идэж ууж, гахай шиг таргалж ирсэн хүмүүс энэ хуулийг оруулж ирэхгүй саад болж байсан.Х.Нямбаатар сайд энэ хуулиар маш олон авлигачдын эрх ашгийг хөндөж байгаа. УИХ 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, байгалийн баялгийн үр өгөөжийг нийт ард түмэнд хүртээхээр болсон. Баялгийн эзэн нь нийт ард түмэн байна. Баялгийн эзэн нь ухаж байгаа төрийн өмчит компанийн захирал, түүнийг тойрон хүрээлэгчид, ашиг хүртэгсэд, шахаа хийгчид биш гэдгийг бид улс төрийн хувьд зарласан. Үүнийг хуулиар хийх анхны том рефорим орж ирж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн суурь хууль, Баялгийн сангийн хууль, Газрын багц хууль орж ирэх ёстой. Ингэж цогцоор шийдэж байж бид баялгийг нийт ард түмэнд тэгш хүртээх боломж бүрдэнэ. Үүнийг төрийн өмчийн компанийн хувьцаагаар дамжуулан олон нийтийн оролцоо, хяналттайгаар хийнэ. ТУЗ, гүйцэтгэх удирдлагын томилгоонд намын цүнх баригчид биш мэргэжлийн хараат бус гишүүд ажиллаж, олон нийтийн хяналттай, нээлттэй засаглалтай болгохыг зорьж байна. Бид хулгайтай амаараа биш бодитоор, үг үйлдлээр, хуулийн аргаар тэмцэх тэмцлийн манлайд энэ хууль явна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!