Uncategorized

Ээжийг минь эмнэлэгт хэвтээд гарахад гэдсийг нь төмөр утсаар оёсон байсан ч ээж минь эдгээгүй

Цайз захын тэнд байх шинэхэн хашаанд цомцойлгон барьсан таван ханатай гэрийн гадаа залуухан гэр бүл хоёр тэрсхэн хөвгүүдийн хамт тосон зогсоно. Ходоодны хорт хавдар гэх аймшигт өвчинтэй нүүр тулан өвчиндөө шаналж байгаа энэ бүсгүйг Б.Лхамдэлгэр гэдэг.Нийслэлийн 92-р сургуульд математикийн багшаар ажилладаг байсан тэрбээр, олон аавын хүү ээжийн охинд эрдмийн хичээл зааж явсан үе нь өчигдөрхөн аж. Хоёр хүүгээ эрхлүүлэн бөөцийлж, халамжит ханийн өвөрт жаргаж, хүүхдийн инээд цангинасан их өргөөнд, үеийн залуусын хамт мөр зэрэгцэн ажиллаж явахдаа ийм зүйл тохиолдоно гэж яахан санах билээ.Энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд уг өвчнийхөө оношийг мэдэн яаралтай хагалгаанд орохоор болж ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж гуйн, тэднийхээ халуун сэтгэлийн хүчээр эхний хагалгаанд шаардлагатай байсан 20 сая төгрөгийг хурдан хугацаанд цуглуулж чадсанаар хагалгаандаа оржээ. Хавдрыг дангаар авах боломжгүй байсан тул ходоодыг нь бүрэн авсан байна. ”Одоо л нэг боллоо доо” гэсэн ч бүсгүйн зовлон дуусалгүй хавдар үсэрхийлэн элгэнд уйланхай үүссэн байна гэх харамсалтай мэдээ дахин дуулсан юм.Хааяахан ходоодоор хатгаж өвдөхөд ”хоол унд холдсоноос боллоо” хэмээн өөртөө таамаг дэвшүүлж явсан хэнэггүй үеэ нулимс унаган ярина. Хоёр хүүгийнхээ өмнө, ханийнхаа дэргэд үлдэх хүсэл дэндүү их байгаа түүний тэвчээрийг бурхан арай л хатуу сориод байна уу гэлтээ.Үл ялиг бөхийж алхан өвдсөн ч, өвдөөгүй мэт хөнгөн шингэн хөдөлж гаднаас ирсэн хүмүүст цай аяглан идээ бэлдэж зогсох түүнийг харсан хэн ч ийм өвчтэй гэж хэлэхээргүй. Таван ханатай гэрийг нямбай тохижуулсан байхыг харахад хэр зэрэг ажилтай эзэгтэй вэ? гэдэг нь харагдана. ”Одоо болно, сууж бай” гэж аяархан нудрах халамжтай нөхөр эхнэрээ ямар их тэвчээр гарган зогсож байгааг мэдрэх аятай. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин хэнийг ч ялгахгүй харгис хандана. Хоёр хүү ээжийгээ өвдсөнийг сайн ойлгох тул хажууд нь томоотой сууж ээжийнхээ яриаг сонсож суугаа нь балчир үрс арай л багаасаа хат сууж байгаа мэт.Хүнд хагалгаанд орсон учир дахин хагалгаа хийлгэх боломжгүй болсон тэрээр ”Бай” эмчилгээ буюу уйланхайг түлэх, шарах аргаар хийгдэх эмчилгээнд яаралтай орох шаардлагатай. Урт хугацаанд хийгдэх уг эмчилгээнд 150 сая төгрөг хэрэгтэй. Нөхөр Б.Цэрэнбат барилгын ажил хийдэг байсан. Харин эхнэрээ өвдсөнөөс хойш ханиа асарч, хөвгүүдээ хичээл сургуульд нь зөөх шаардлагаар ажил хийх боломжгүй болсон.Ханийгаа л эрүүл саруул болбол үлдсэн амьдралдаа хоёр хүү, ханийнхаа төлөө бүхнээ зориулнаа гэж бодож явна, үүнийг л хүсэж байна хэмээн нүдэнд нь нулимс дүүрнэ. Ажил хийх боломжгүй болсон гэр бүлийн хувьд дараагийн эмчилгээний мөнгийг олно гэдэг боломжгүй.Том хүү Ц.Алтангэрэл ”Ээжийгээ эрүүл болгоод ачийг нь хариулах хүсэл дүүрэн байгаа”-гаа илэрхийлэн ах эгч нараасаа ээждээ туслаач хэмээн гуйв. Харин бага хүү Ц.Алтанбат нь ”Ээжийг минь эмнэлэгт хэвтээд гарахад гэдсийг нь төмөр утсаар оёсон байсан. Гэсэн ч ээж минь эдгээгүй” гэж ярих хүүгийн нүдэнд аяга дүүрэн нулимс мэлтэлзэх нь даанч өрөвдөлтэй. Дэндүү балчир тэдний хувьд ээж л байвал хамгийн жаргалтай.No description available. Ганцхан сарын дотор энэ айлын амьдралыг аймшигт өвчин орвонгоор нь эргүүлжээ. Өөрсдийн зүгээс байж болох бүх боломжоо шавхсан тэдэнд халуун сэтгэлийн гараа сунган туслахыг хүсэж байна. Нэгэн гэр бүл бүрэн бүтэн байж, хоёр бяцхан үрсийг ээжтэй нь, халамжит сайн ханийг эхнэртэй нь үлдээхэд туслаач хэмээн хүслээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!