Uncategorized

Путин Улаан талбайд хэлсэн үгэндээ Өрнөдийнхнийг дайнд буруутгав

Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны 77 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө. Уламжлал ёсоор Оросын зэвсэгт хүчний парад зохион байгуулагдаж, ерөнхийлөгч Владимир Путин түүхэн ойн өдрийг тохиолдуулан үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Украины Донбасст байгаа цэргүүд, сайн дурынхныг “эх орныхоо, ирээдүйнхээ төлөө тулалдагсад” гэж магтжээ. Бас Орос, Украин хүмүүс нэг цустай, нэг ард түмэн гэсэн санааг цухуйлгасан юм.Путин Өрнөдийн орнуудыг “манай газар нутгийг эзлэн түрэмгийлэхэд бэлдэж байсан” хэмээн буруутгасан байна. Тэрбээр НАТО-г Оросын хувьд “илэрхий аюул занал” гэж нэрлээд “цэргийн тусгай ажиллагаа” явуулах зайлшгүй шаардлага байсан, зөв шийдвэр байсан гэх зэргээр ярьжээ. Путин бас Украины дайнд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд анхаарал халамж тавихад Оросын засгийн газар бүхнийг хийхийг амлаад “Цэрэг бүр, офицер бүрийн үхэл бидний зүрхийг шаналгадаг” гэж хэлсэн байна.Өрнөдийн шинжээчид Ялалтын баярын өдөр Путин ямар нэг томоохон шийдвэр зарлаж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байсан юм. Тухайлбал Украинд албан ёсоор дайн зарлах, бүх нийтийн цэрэг татлага эхлүүлэх, ямар нэг ялалт байгуулснаа зарлах гэх мэт. Тэгвэл тэр өнөөдөр Украины дайнтай холбоотой ямар ч шийдвэр танилцуулаагүй байна. Улаан талбайд үг хэлэхдээ Путин дараачийн төлөвлөгөөнийхөө талаар ямар ч сэжүүр цухуйлгасангүй гэж гадаадын ажиглагчид дүгнэжээ. Эх сурвалж: BBC

Related Articles

Back to top button
error: Content is protected !!