Uncategorized

Р.Эмүжин:Циркээ л буцааж авмаар байна аа. Сумъяабазар, Дагвадорж хоёроос…

Циркээ авъя ааа… Циркээ л буцааж авмаар байна аа. Сумъяабазар, Дагвадорж хоёроос Улсын циркээ нэхэмжилж, Хөгжлийн банкнаас зээл авсан хамаарал бүхий компанийг нь АТГ-аар шалгуулж, банк хоорондын бантан зутанг нь мөшгүүлж чадахгүй юм бол Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Номин гурав шударга үнэний дуурь тавьж, гол дүрд нь түмэнтээ дуулж, мянгантаа цэцэрхээд хэрэггүй ээ. Та нар бүгдээрээ ийм л худлаа шүү дээ! Ямар худалч, хуйвалдсан бүлэглэл гэдгээ яг энэ өдрүүдээс, яг энэ мэргэжлийн циркчид мэргэжлийн бус газарт амь, эрүүл мэндээ дэнслэн тавьж буй тоглолтоос мэдэж ав. Худалчаар удирдуулсан улс, хулгайчаар захируулсан хотын иргэд циркээ нэхэмжилсээр 14 жил өнгөрлөө, ах дүү хоёр 14 жил худлаа ярихыг сонслоо. Улсаараа харж, түмнээрээ хүлээж байна даа. Зориулалтын бус байранд зон олноороо энэ хоёр хүний шуналыг л хэлэлцэн байж дэлхийд авъяас чадвараа гайхуулсан залуу циркчдийнхээ тоглолтыг үзлээ, юу сүйтгэж, ямар үнэ цэнийг үгүй хийцгээж байгааг чинь яруу тодоор харлаа. Циркийн урлаг энэ гэр бүлд цэрийн төдий юм байна, монгол түмний хувьд ур чадварын бахархал, урлагийн гэгээн түүх, бас ирээдүйн хүүхдүүдийн бадрангуй мөрөөдөл юм шүү. Авъяаслаг акробатчин хөвгүүд, уран нугараач охид ард түмнээ гайхшруулан төрсөөр байгаа цагт, төгс үзүүлбэрүүдээ үзүүлсээр байгаа цагт бид Циркийн байшинг, энэ шударга бус хувьчлалыг, эл урлагт халгаатай том уналт авчирсан эдний гэр бүлийг санасаар байх болно гэдгийг л мэдэж ав. Энэ бол аваад мартдаг зээл, авчраад унадаг машин, залгиад замруулдаг байшин саваар хэмжигддэггүй, оюун санааны язгуур дээр гоо сайхны үндсээр гүн бат бөхлөгдсөн, яаж ч тайрсан ургасаар байдаг яруу гэгээн урлагийн мод гэдгийг ойлго. Сумо оршсоор байгаа цагт Сумогийн ордон хамгийн дулаахан сүм байсаар байх болно. Үүнтэй адил циркийн урлаг хүн төрөлхтний ур чадварын хэмжүүр болон оршсоор байгаа цагт Циркийн цэнхэр байшингаа ард түмэн үеийн үед нэхсээр байх болно! Р.Эмүжин

Related Articles

Back to top button
error: Content is protected !!