Uncategorized

АЛГА БОЛСОН ЭМЭГТЭЙН ДҮҮ: Эгчийн утас 10 гаруй хоног унтраагүй учир амьд байгаа болов уу гэж горьдож байна

“Эрэн хайж байна, туслаарай. Миний эгч н.Энхжаргал энэ сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо,Тасганы овоонд байрлах гэрээсээ гараад ор сураггүй алга болчихлоо. Эгч маань туранхай, 165 см өндөртэй хүн байгаа” гэх зарыг нэгэн эмэгтэй цахим сүлжээнд оруулжээ. Бид түүнтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. -Эгч нь гэрээсээ гарахдаа юу гэж хэлсэн юм бэ. Сэтгэл санаа нь хэвийн байсан уу? Эгч маань гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь тусдаа гараад, нөхөртэйгөө цуг амьдардаг байсан юм. Гуравдугаар сарын 2-нд хүргэн ах маань ажилдаа явахаар гарсан гэсэн. 24 цагийн ээлжийн ажилтай учраас маргааш нь буюу гуравдугаар сарын 3-ны 11:00 цагт гэртээ ирсэн юм билээ. Ахыг гэртээ ирэхэд эгч байгаагүй гэсэн. Өмнөх өдөр нь ахыг гэрээсээ гарахад гэртээ үлдсэн гэсэн. Тэгээд бид бодохдоо гуравдугаар сарын 2-нд гэрээсээ гарсан болов уу гэж бодож байгаа. Яг хэдэн цагт гэрээсээ гарсан, ямар хувцастай явсныг нь ч мэдэхгүй байна. -Хүргэн ах тань ажилтай байх хугацаандаа эхнэртэйгээ утсаар яриагүй юм уу? -Утсаар яриагүй гэсэн. Настай хүмүүс тэр бүр утсаар яриад байдаггүй юм шиг байна лээ. Ажилдаа яваад, ирэхэд нь байж л байдаг учраас алга болчихно гэж мэдэхгүй шүү дээ. -Эгч нь гар утастайгаа явсан юм болов уу? -Тийм ээ, гар утас нь гуравдугаар сарын 15-ныг хүртэл асаалттай, дуудаад байсан. Утас нь дуудаад байсан учраас бид найз нөхөдтэйгөө уулзаад, хөдөө явсан байж магадгүй гэж бодсон. Эгч коронавирус тусаад эдгэсэн учраас ядраад байна гэж ярьж байсан. Тэгээд 10 хоног ядаж сувилалд хэвтээд ирмээр байна гэж байсан. Бид сувилалд явчихсан юм болов уу гэж хүртэл бодсон. Гэтэл 15-наас хойш утас нь унтарчихлаа. -Цагдаад хэзээ хандсан бэ? -Утас нь унтарчихаар нь л байдал хэцүүдлээ гэж бодоод хандсан. Цагдаагийн байгууллагаас эрлийг ажиллагааг эхлүүлсэн л гэж хэлсэн. Гэхдээ чухам хаагуур яаж хайж байгааг мэдэх юм алга. Гэрийнх нь ойролцоох хяналтын камерын бичлэгийг шүүж үзээгүй. Өчигдөр шүүх гэсэн боловч мөрдөн байцаагч нь “Би өөрөө шүүнэ, та нар явж бай” гэж хэлсэн. -Цахим хуудаст зар оруулаад сураг гараагүй юу? -Энд, тэндээс хүмүүс адилхан хүн харсан гээд залгаж байна лээ. Өчигдөр нэг хүн залгаад, Сансар хавьцаа адилхан хүн харсан гэж хэлсэн. Би яг одоо Сансарт эгчийгээ хайгаад л явж байна. -Утасны бичлэгийг нь шүүж үзсэн үү? -Үгүй ээ, прокуророос зөвшөөрөл авах ёстой байдаг юм билээ. Бид прокуророос зөвшөөрөл авах гэсэн боловч мөрдөн байцаагч нь мөн л би авч өгнө гэж хэлсэн. Хэзээ зөвшөөрөл авч, хэзээ шүүхийг нь мэдэхгүй байна -Эгч нь өмнө нь хэлэхгүйгээр гэрээсээ явж байсан юм уу? -Тийм зүйл байхгүй. Эгч минь эрүүл саруул, өөрийн гэсэн ухаантай хүн. Хүнтэй утсаар ярих дургүй, дуугай хүн байгаа юм. 10 гаруй хоног утас нь унтраагүй, цэнэглээд байсан учраас амьд байгаа болов уу гэж горьдож байна. Эгчийг минь олоход Монголын ард түмэн та бүхнийг туслахыг хүсэж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!