Uncategorized

Украины дайн нь Америкийн ноёрхлын бүрэн сүйрэл гэж үзэж байгаа…

Хятадын Төрийн зөвлөлийн Зөвлөх албаны Төрийн бодлогын судалгааны төвийн дэд дарга, Шанхайн төрийн бодлого судалгааны нийгэмлэгийн дарга, профессор, доктор. Хятаддаа тоймгүй олон шагнал авч байсан. Станфордын их сургуулийн ахлах зочин эртэмтэн ‘’аймар амьтан’’ Ху Вэй хэмээх профессорын нийтлэлүүдийг хэдэн жилийн өмнө уншиж байсан юм. Өнөөдөр жиргээнд мань эрийн бичсэн нийтлэлийн тойм нэг хүн жиргэсэн байхаар нь хайж байгаад бидэнд хэрэгтэй зүйл их санагдаад үндсэн Хятад эх хэлээс мөхөс би чадан ядан орчуулав. Орчуулга, найруулга, үг үсгийн алдаа гарсан бол шүүмжийг бүрнээ хүлээн авахад бэлэн. PS: Хятадад толгой эрдэмтэд нь дур мэдэн ийм нийтлэл гаргах нь юу л бол. ‘’Хятадын шийдвэр гаргах дээд түвшинд судлан дүгнэх, лавлан харахад зориулан нийтлэж байгаа нь энэ’’ гэдэг нь Дорнийн заль байхаа даа. Манайх Манжаас тусгаар тогтнохдоо Богдоос ‘’Байдал бишидлээ тусгаар тогтновол ямар вэ?’’ гэж асуух маягаар тоглолтоо эхэлсэн байдаг. Ху Вэй: Орос-Украины дайны боломжит үр дүн ба Хятадын сонголт Орос-Украины дайн нь Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн хүндэрсэн геополитикийн мөргөлдөөн бөгөөд ‘’9 сарын 11-ний үйл явдaл’’-аас ч том дэлхийг хамарсан үр дүнг авчирна. Хятад улс нь энэхүү дайны чиг хандлага болон Олон улсын дэг журамд нөлөөлөх нөлөөг сайтар судлан дүгнэж, уян хатан байн Хятад үндэстний урт хугацааны эрх ашигт нийцсэн стратегийн сонголтыг хийн Хятад улсад харьцангуй ашигтай гадаад орчны нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай юм. Украинд явуулж буй ОХУ-ын ‘’Цэргийн тусгай ажиллагаа’’ нь Хятадын дотоодод асар их саналын зөрөлдөөн үүсгэж, дэмжигчид ба эсэргүүцэгчид хоёр талд хуваагдчихаад буй. Энэхүү нийтлэл нь эдгээрийн аль нэг талыг баримтлахгүй ба эрдэмтэн нэрийг зүүгч мөхөс миний бие хувь хүний үзэл бодлоор энэхүү дайны боломжит үр дагаварыг шинжилсэний үндсэн дээр авах арга хэмжээг санал болгон Хятадын шийдвэр гаргах дээд түвшинд судлан дүгнэх, лавлан харахад зориулан нийтлэж байгаа нь энэ болой.Нэг. Орос-Украины дайны чиг хандлагын таамаглал 1. Путин хүлээсэн зорилгодоо хүрэхэд тун хүнд боллоо. Орос улс хүнд байдалд орлоо. Путины энэхүү удаагийн үйл ажиллагааны зорилго нь ‘’цахилгаан дайн’’-аар (Германаар ‘’блицкриг’’, Дэлхийн II дайнд Хитлер Польшийг таван долоо хоногийн дотор эзэлсэн дайны тактик Орч.) Украиныг ялж, Украины удирдлагыг солиж, Оросын талын Засгийн газрыг төвхнүүлэн Украины асуудлыг нэг мөр шийдэх замаар дотоодын хямралаа өөр тийш нь чиглүүлэх байв. Гэвч ‘’цахилгаан дайн’’ нь бүтэлгүйтэж Орос улс сунжирсан дайны аяыг даахгүй болоод ирлээ. Дайныг өргөжүүлэх зардал өндөр, цөмийн дайныг эхлүүлэх нь Орос улсыг дэлхийн эсрэг зогсоох бөгөөд ялах ямар ч боломжгүй, дотоод, гадаадын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордсоор. Оросын арми асар өндөр үнээр Киевийг эзэлж ‘’тоглоом’’-ын Засгийн газар байгууллаа ч энэ нь эцсийн ялалт гэсэн үг биш. Одоогийн байдлаар Путинд байж болох хамгийн сайн сонголт нь энхийн хэлэлцээрээр нэр хүндтэйгээр дайныг дуусгах боловч үүний тулд Украин ихээхэн буулт хийх шаардлага үүснэ. Гэвч тулааны талбарт олоогүйг хэлэлцээрийн ширээн дээрээс олно гэдэг нэн бэрх. Юутай ч байсан энэхүү цэргийн ажиллагаа буцахын аргагүй алдаа болон үлдлээ. 2. Дайн улам хурцдан эцэст нь барууныхан дайнд оролцохыг үгүйсгэх аргагүй. Дайныг өргөжүүлэх зардал өндөр хэдий ч Путины хувийн зан чанар, эрх мэдлээс харахад зүгээр буугаад өгөхгүй байх магадлал өндөр. Орос-Украины дайн өргөжин, Украины хүрээнээс хальж бүр цөмийн цохилтын хэмжээнд ч хүрч болно. Нэгэнт ийм зүйл тохиолдвол АНУ болон Европ үүнээс гадна үлдэх боломжгүй болж Дэлхийн дайн цаашлаад цөмийн дайнд ч хүргэж мэднэ. Чингэвэл хүн төрөлхтөнд асар том гай гамшиг учруулж, АНУ болон ОХУ эцсийн тулаанд орох ба Оросын зэвсэгт хүчний хүч НАТО-г хүчрэхгүй учир Путин гутамшигтай ялагдал амсана.3. Орос улс үндэстнийхээ бүх хүч чадлыг шавхан байж бүхнээ бооцоонд тавиад эцэст нь дуртай, дургүй Украиныг эзэллээ ч бас л ‘’галтай чулуу’’ (Хятадаар гар түлэм төмс буюу халуун төмс гэжээ Орч.) атгачихлаа гэсэн үг. Үүнээс хойш Орос улс дааж дийлэхгүй хүнд ачааг нуруундаа үүрэх болно. Дээрх нөхцөлд Зеленский амьд эсэхээс үл хамааран Украин хилийн чанадад орогнолын засгийн газар байгуулан Оростой урт хугацаанд ‘’үзэлцэх’’ хооронд Орос улс барууны хориг арга хэмжээ ба Украины дотоодын бослого тэмцэлд өртөж, фронтын шугам татахаас аргагүй урт, Оросын дотоодын эдийн засгийн байдал өнөөгийн байдлаар удаан үргэлжлэхэд хэцүү, урт хугацаандаа гарцаагүй чирэгдэх ийм байдал хэдэн жилээс илүү үргэлжлэхгүй. 4. Оросын улстөрийн байдалд өөрчлөлт гарах эсвэл барууныхан задлах. Путины ‘’цахилгаан дайн’’ бүтэлгүйтсэн, Орос улс ялах найдвар бага, барууны хориг арга хэмжээ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч дотоодын эдийн засаг, ард түмний амьжиргаанд хүндээр туссан, дайныг, Путиныг эсэргүүцэгч хүчнүүд нэгдэж Оросын төрд үймээн гарахыг үгүйсгэхгүй. Оросын эдийн засаг сүйрлийн ирмэг дээр байгаа тул Орос-Украины дайнд ялагдал хүлээгээгүй байлаа ч Путин тогтож үлдэхэд хэцүү. Хэрвээ дотоодын үймээн, төрийн эргэлт эсвэл бусад шалтгаанаар Путин ‘’концентоо дуусгавал’’ (Хятадаар алга ташуулан хөшгөө татах гэж 谢幕тун ёжтой хэлжээ Орч.) Орос баруунтай ‘’үзэлцэх’’ хөг нь өнгөрч, баруунд бууж өгөх, бүр цаашилбал хуваагдаж ОХУ-ын Их гүрний статусын төгсгөл ирнэ.
Хоёр. Орос-Украины дайн Олон улсын дэг журамд үзүүлэх нөлөөллийг судлан дүгнэх нь. 1. АНУ барууны ертөнцийн манлайллыг эргүүлэн авч, барууныхан улам илүү эв нэгдэлтэй, нэгдмэл болно. Өнөөгийн байдлаар олон нийт Украины дайн нь Америкийн ноёрхлын бүрэн сүйрэл гэж үзэж байгаа боловч үнэн хэрэгтээ Орос-Украины дайн нь Америкаас холдохыг санаархаж байгаа Франц, Германыг НАТО-гийн батлан хамгаалахын хүрээнд эргүүлэн авчирч, бие даасан гадаад бодлого, бие даасан батлан хамгаалах мөрөөдөл нь биелэшгүй зүйл болно. Герман батлан хамгаалахын төсвөө ихээхэн хэмжээгээр нэмж, Швейцарь, Швед зэрэг улсууд төвийг сахих байр сууриа орхиод байгаа. ‘’Умардын урсгал-2’’ (Nord Stream-2 хийн хоолой) мөн тодорхойгүй хугацаагаар зогссон тул Европын Америкийн байгалийн хийнээс хамаарал хамаарал зайлшгүй нэмэгдэнэ. Америк, Европ ирээдүйн хамтын нийгэмлэгийг улам нягт бүрдүүлж, барууны ертөнцөд АНУ-ын манлайлал сэргэнэ. 2. ‘’Төмөр хөшиг’’ (үзэл суртал-улс төрийн тогтолцооноос үүдсэн хаалт. Орч.) дахин унаж, Балтийн тэнгисээс Хар тэнгис хүрээд зогсохгүй барууныхан давамгайлсан лагерь болон түүний өрсөлдөгчдийн эцсийн сөргөлдөөнийг үүсгэнэ. Барууныхан ардчилал ба дарангуйллын гэсэн заагийг зурах ба Оростой хийх сөргөлдөөнөө ардчилал ба дарангуйллын хоорондох тэмцэл гэж тодорхойлно. Шинэ ‘’төмөр хөшиг’’ социализм ба капитализмын хоёр лагерийн хооронд дахин татагдахгүй, хүйтэн дайны хилээр ч хязгаарлагдахгүй, харин барууны ардчилал ба барууны ардчиллын эсрэг хоёрын дундах үхэл, амьдралын тулаан болно. ‘’Төмөр хөшиг’’-ийн доорх барууны ертөнцийн ‘’ган мэт цул’’ хэсэг нь бусад улс орнуудад сифоник нөлөө (syphonic effect, даралтын зөрүүг ашиглан шингэнийг нэгээс нөгөө биет рүү шахах физикийн эффект бололтой Орч.) үзүүлж, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратеги эмхлэгдэж, Япон зэрэг улсууд Америктай илүү наалдана. АНУ урьд өмнө нь байгаагүй өргөн ардчилсан нэгдсэн фронтыг байгуулна.3. Өрнөдийн хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, НАТО цаашид өргөжин тэлэх ба барууны бус ертөнцөд ч АНУ-ын нөлөө нэмэгдэнэ. Орос-Украины дайны дараа ОХУ улс төрийн шилжилтээ ямар аргаар хийхээс үл хамааран дэлхийн барууны эсрэг хүчийг ихээхэн сулруулна. 1991 оны ‘’Зөвлөлт-Зүүн Европын эрс өөрчлөлт’’ (1989 оноос эхэлсэн Зүүн Европын ардчилсан хувьсгалыг Хятадууд ингэж ‘’тун даруухан’’ томъёолдог Орч.)-ийн дараах дүр зураг давтагдаж, үзэл суртлын төгсгөлийн онол (aesthetic ideology, за ёстой Монголоор нэрийг нь мэддэггүй. Таачихлаа уучлаарай. Орч.) дахин гарч ирж, ардчиллын гурав дахь давалгаа буцах эрчээ алдаж, гуравдагч ертөнцийн олон орон барууны орнуудыг ‘’тэвэрч’’ магадгүй юм. Барууны орнууд цэрэг арми, үнэт зүйл ба тогтолцооны хувьд илүү их “ноёрхлыг” олж, хатуу болон зөөлөн хүч нь шинэ өндөрлөгт хүргэнэ. 4. Хятад улс тогтсон хүрээндээ илүү ганцаардана. Дээрх шалтгааны улмаас Хятад улс хэрвээ идэвхтэй хариу арга хэмжээ авахгүй бол АНУ болон Европын дараагийн бүслэлтэд орно. Путин унасны дараа Америк-Хятад, Орос гэх стратегийн хоёр өрсөлдөгчтэй нүүр тулдаг байснаа өөрчилж зөвхөн Хятадад зориулж стратегийн хориг арга хэмжээ авч эхэлнэ. Европ Хятадаас улам тасарч, Япон Хятадын авангард эсэргүүцэгч болж, Өмнөд Солонгос Америкад улам бүр унаж тусна. Дэлхийн бусад орнууд аль нэг талыг сонгох хэрэгтэй болох ба сүргийн сэтгэлгээ давамгайлна. Тайвань ч ялгаагүй Хятадын эсрэг найралд дуунд нэгдэнэ. Хятад улс АНУ, НАТО, QUAD (АНУ-Япон-Энэтхэг-Австралийн дөрвөн талт холбоо), AUKUS-аар цэрэг хүчний хувьд хүрээлэгдээд (围堵,包围 бүслэх, хүрээлэх зэрэг ханз ашигласан нь 围棋 буюу Го даам хэмээх Хятадын эртний стратегийн тоглоомтой холбоотой. Шатар мэт өрөгт дээрх тоглоом нь хар ба цагаан чулууг ээлжилж нүүнэ. Тэрхүү тоглоомд үнэмлэхүй ялалт гэж үгүй, ялагч тал нь нөгөөхөө харьцангуй давуугаар бүслэн эзэлсэн байдаг Орч.) зогсохгүй барууны үнэт зүйлс, тогтолцооны сорилтуудтай тулгараад байна.Гурав. Хятадын стратегийн сонголт. 1. Хятад улс Путинтэй хүлээтэй байгаад байж болохгүй, аль болох хурдан таслах хэрэгтэй. Орос, Өрнөдийн хоорондын зөрчил хурцадсан нь АНУ-ын анхаарлыг Хятадаас өөр тийш нь хандуулж буй сайн талтай. Зөвхөн энэ утгаар нь авч үзвэл Хятад улс энэхүү явдалд баярлаж, бүр Путиныг дэмжих ёстой байх. Гэхдээ Орос улс унахгүй гэсэн нөхцөлд шүү дээ. Хэрэв Путин эрх мэдлээ алдахад Хятад улс Путинтэй нэг завин дээр байж таарвал зовлонг нь амсаж л таарна. Гагцхүү Хятадын дэмжлэгээр Путин итгэл төгс ялж чадддаггүй л юм бол. Гэвч одоогийн байдлаар ийм ирээдүй тун бүрхэг харагдаж байна. Дээрээс нь Хятадад Оросыг дэмжих хангалттай хүч байхгүй шүү дээ. Олон улсын улс төрийн үндсэн дүрэм бол “Мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж байдаг”. Өнөөгийн олон улсын тулгараад байгаа нөхцөл байдалд Хятад улс хамгийн чухал өөрийн ашиг сонирхолыг хамгаалахаас эхэлж, хоёр гайгаас бага гайг сонгон (Хятадын орчин үеийн ардчилсан хувьсгалчид, эрдэмтэн Жан Бинлин хэмээгчийн Да Моу Шү хэмээх номоос ишилсэн нь сонин Орч.) Орос гэх энэ ачааг аль болох хурдан авч хаях хэрэгтэй. Одоогийн байдлаар нэг, хоёр долоо хоногийн цонхны хугацаа байгаа гэж тооцоолж байна. Хойшлуулбал Хятад улс маневр хийх боломжоо алдаж болзошгүй тул шийдэмгий алхам хийх ёстой.2. Хоёуланд нь тал алдахгүй байдлаасаа зайлсхийж, төвийг сахисан байдлаа орхин дэлхийн нийтлэг байр суурийг сонго. Одоогийн байдлаар Хятадын олон улсын мэдэгдэл, сонголт, хэлбэрийн хувьд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд санал хураалтад оролцолгүй түдгэлзэх, Оросыг дэмжиж Украиныг тайвшруулахыг оролдох зэргээр хоёр талыг аль алийг нь гомдоохгүй дундын шугамаар явахыг хичээж байгаа. Гэвч энэ байр суурь нь үнэндээ Оросын шаардлагыг ч хангахгүй, Украин, түүнийг дэмжигч болон тэднийг өрөвдөж буй дэлхийн ихэнх улс орнуудын уур уцаарыг хүргэж Дэлхийн олон орны эсрэг талд аваачсан. Зарим тохиолдолд төвийг сахих нь ухаалаг сонголт мэт харагдавч энэ удаагийн дайнд тохирохгүй бөгөөд Хятад энэ удаа ‘’хоёрын зодоон дундаас хожоо гаргаж’’ чадахгүй. Хятад улс улс үндэстүүдийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг үргэлж дэмжсээр ирсэн тул цаашид ганцаардмал байдлаас зайлсхийхийн тулд зөвхөн дэлхийн дийлэнх орны талд зогсохоос аргагүй. Энэ байр суурь нь Тайваний асуудлыг шийдвэрлэхэд ч ашиг тустай. 3. Аль болох хүрээлэн довтлох стратегийг хэрэгжүүлэх, барууны орнуудаас дахин тусгаарлагдахгүй байх. Путинаас хөндийрч, төвийг сахих байр сууринаас татгалзах замаар Хятадын олон улсын нэр хүндийг бий болгож, энэ боломжийг ашиглан АНУ болон барууны орнуудтай харилцаагаа төрөл бүрийн хүчин чармайлтаар зөөлрүүлэх. Хэдий хэцүү, ихээхэн ухаан зарах шаардлагатай ч ирээдүйн хамгийн зөв сонголт болох юм. Украины дайны улмаас үүссэн Европын геополитикийн маргаан нь АНУ-ыг Европоос Энэтхэг-Номхон далайн бүс нутаг руу стратегийн шилжүүлэх ажлыг ихээхэн удаашруулна гэж зарим судлаач үзэж байгаа боловч үүнд тийм ч өөдрөг хандаж болохгүй. ‘’Европ чухал, гэхдээ Хятад илүү чухал, АНУ-ын үндсэн зорилго бол Хятадыг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ноёрхогч гүрэн болохоос сэргийлэх юм’’ гэх дуу Америкт аль хэдийн цуурайтаад эхэлсэн. Ийм нөхцөлд Орос-Украины дайныг хэрхэн ашиглаж стратегийн зохистой зохицуулалт хийн АНУ-ын Хятадад хандах дайсагнасан хандлагыг өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийж, цаашлаад ганцаардсан байдлаасаа гарах нь Хятадын нэн тэргүүний зорилт юм. Хамгийн чухал нь АНУ болон барууны орнууд Хятадад ээлж дараалласан хориг арга хэмжээ авахаас сэргийлэх явдал.4. Дэлхийн дайн, цөмийн дайны дэгдэлтийг зогсоож, дэлхийн энх тайвныг тогтооход орлуулашгүй хувь нэмрээ оруулах. Путин Оросын цөмийн зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхийг тодорхой шаардсан тул Орос-Украины дайн хяналтаас гарч мэднэ. Сайн хүнд садан ойр, муу хүнд нөхөр хол (Зүйр үгийг дүйцүүлэв Орч.) гэдэг. Хэрвээ Орос улс дэлхийн дайн, бүр цөмийн дайн өдөөх юм бол ертөнцийн булай болно. Энэхүү хямралын өмнө Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд эерэг нөлөө үзүүлэхийн төлөө Путинтэй хамт зогсож болохгүй төдийгүй Путинээс гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд тодорхой арга хэмжээг авах ёстой. Хятад бол дэлхий дээрх цорын ганц ийм чадамжтай улс бөгөөд энэ өвөрмөц давуу талаа ашиглах ёстой. Путин Хятадын дэмжлэгээс салснаар дайныг дуусгахгүй юм аа гэхэд ядаж дайныг хурцатгах гэж яаран зориглохгүй. Үр дүнд нь Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүх нийтийн сайшаалыг хүртэх нь гарцаагүй бөгөөд энэ нь улмаар ганцаардмал байдлаас салахад тус дөхөм үзүүлээд барахгүй Дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад тэргүүн хувь нэмрийг оруулж, АНУ болон барууны орнуудтай харилцаагаа сайжруулах боломжийг олгох юм. 2022 оны 3 сарын 5-ны өдөр Хятад хэлнээс орчуулсан Г.Ган-Эрдэнэ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!