Uncategorized

С.Ганбаатар: Манайд Зеленський шиг улс төрчид олон байгаа шүү

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -ОДООХОНДОО ДАРГА ЦЭРГИЙН ЖИЖИГ АСУУДАЛД АНХААРАХ СӨХӨӨ АЛГА. ГЭХДЭЭ АН-ЫН 13 ГИШҮҮН ДУНД БАЙГААДАА АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА- -Та ингэхэд Ардчилсан намын гишүүн хэвээрээ байгаа юу? -Хоёр гурав хуваагдчихсан, тамга тэмдгээ булаацалдаж байгаа энд хүнд хэцүү цаг үед би Ардчилсан намын гишүүд дэмжигчид, Ардчилалд хайртай жирийн ард иргэдэд дэмжлэг болъё. Монголын Ардчилалд үнэнч шүү гэдгээ харуулахын тулд энэ намд орсон. Урам зоригийг нь сэргээх хэрэгтэй. Тэгэхээр таны асуултад хариулт болгож, “Ардчиллыг хайрладаг хүмүүстэй хамт байгаа шүү” гэдгээ хэлмээр байна. -Танай нам хоёр талд дарга сонгосон. Одоо дахиад даргын суудалд өрсөлдөхөөр нэр дэвшигчид тодорч байна. Гэтэл өнөөдөр бүлгийн дарга Д.Ганбат болон С.Эрдэнэ нар нэр дэвшигчдээ ҮХЦ-д өгнө гэдгээ зарлачихлаа. Таны хувьд хоёр нэр дэвшигчийн хэнийг нь дэмжиж байна вэ? -Би дахиад хэлье. Ардчилалд хайртай, Ардчиллын төлөө амьдралаа зориулсан эгэл жирийн дэмжигчдийн талд байгаа. Намын дотоод асуудлын талаар нарийвчилсан мэдээлэл авч байгаад байр сууриа илэрхийлье. Одоохондоо хэнтэй нь ч уулзаагүй байна.Хоёр талаас “Манай талд орооч, уулзаач” гэсэн саналууд ирэх юм уу? -Би тойрогтоо ажиллаж байгаад уржигдар ирлээ. Ард иргэдтэйгээ уулзлаа. Надад маш их урам, дэм өглөө. Үсчин, гоо сайхан, хөдөө аж ахуйн салбарынхан болон багш эмч нарын төлөөлөлтэй уулзлаа. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Амьдрал хүнд байна. Сэтгэл үнэхээр эмзэглэж байна. Тиймээс ажлын байр, ЖДҮ эрхлэгчдийнхээ бизнесийн зах зээлийг нь нэмэгдүүлэх талаар “Эрдэнэт үйлдвэр”-тэй яриа хэлцэл хийгээд сайн муугаа дуудалцаад л явж байна. Хамаг анхаарлаа хандуулж буй зүйл энэ л байна. Түүнээс биш дарга, цэргийн жижиг сажиг сэдэвт одоохондоо анхаарал хандуулах завгүй явна даа. -Н.Алтанхуяг гишүүн та хоёр анх итгэл үнэмшилтэйгээр Ардчилсан намд орж, бүлэгт хүртэл элссэн. Гэтэл удалгүй намын хагарал бутрал даамжирч, тамга тэмдгийн асуудал хурцдаг та хоёр ч “нам гэж дуугарах сөхөөгүй файнакт орж, чимээгүй болсон” гэж дүгнэгдэж байна. Намынхаа талаар ам нээхгүй байгаатай холбоотой байх. Үүнтэй санал нийлэх үү? -Өнгөрсөн 20 жил Монголын ард түмний дуу хоолой болж, хамгийн хурц сэдэв болох уул уурхайн баялгийн дээрэмчидтэй тулалдаж Рио Тинто, Оюутолгой зэргээр чонотой нийлсэн нохойнууд шиг аймшигтай бүлэглэлүүдтэй тэмцэж ирсэн. 20 жил партизаны аян дайн хийж ирлээ. Надад ямар нэгэн нам бүлэглэл, хүчтэй олигархын дэмжлэг байсангүй. Би өнөөдөр ямар ч явсан Ардчилсан намын бүлгийн 13 гишүүнтэй хүч хавсраад явж байгаадаа их л аз жаргалтай байна. Өмнө нь би үүнээс долоон дор хүнд нөхцөл байдалд ажиллаж, ганцаардаж, тамлагдаж, боорлуулж, доромжлуулж байсан. Түүнтэй харьцуулахад би өнөөдөр жаргалтай байгаа. -Тэгэхээр намдаа итгэх итгэл тань бөхөөгүй, хүлээлттэй л байгаа юм байна, тийм үү? -Намдаа биш Ардчилалд итгэдэг хүмүүст итгэсэн хэвээрээ байгаа.-Х.БАДАМСҮРЭНГИЙН БАРУУН ГАР Д.ҮҮРИЙНТУЯАГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА- -Ярианы эхэнд та тойргоороо яваад ирлээ, “Эрдэнэт үйлдвэрт” ажилласан гэлээ. Хил гаалийн асуудлаас үүдэж зэсийн баяжмалаа гаргаж чадахгүй хэсэг зогсолт хийсэн байдаг. Тэндэх нөхцөл байдлын талаар? -Газар дээр нь танилцаад ирлээ. Хил гааль гацсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмал нэлээдгүй хураагдаж, хуримтлагдсан. Х.Бадамсүрэн захирал менежментийн зөв удирдлагаар үйлдвэрийн үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулж, ажилчдынхаа цалинг цагт нь тавьж байна. Харин тус үйлдвэрийн удирдлагын багт буй зарим нэг хүмүүс “МАН-д өгчихсөн юм чинь намайг хэн харж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг даам гарчихсан байдаг их харагдаж байна. Энэ асуудлын талаар захирал, удирдлагуудад нь хэлсэн. Яаралтай арга хэмжээ авч, байр сууриа илэрхийлнэ гэж бодож байна. -“Даам гарсан удирдлагууд” гэж чухам хэнийг хэлж байгаа юм бэ? -Жишээлбэл, Х.Бадамсүрэн захирлын баруун гар болсон санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа. Тэр н.Тамир гэх өөрийн нөхрөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн зураг төсвийн захирлаар томилуулсан байна. Нөхөр нь зураг төсвийг нь зохиогоод эхнэр нь санхүүг нь баталдаг. Ийм зүйл байж болох уу, үгүй юу? Үүнийг би яриад байгаа юм биш. Үйлдвэрийн ажилчид яриад байна. Энэ асуултыг хоёр долоо хоногийн өмнө Х.Бадамсүрэн захирлаас асуусан. “Би арай ч итгэхгүй байна. Мафи болох гээд байна шүү дээ. Үүн дээр арга хэмжээ авч, зохицуулаарай” гэж хэлсэн. Ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол хууль шүүхийн байгууллагад нь хандана. Үүнээс гадна тус үйлдвэрийн жирийн ажилчдын хөлс, хөдөлмөрийг сорж байгаа асуудлыг засч залруулаарай гэж мөн захисан. Болохгүй бол ханддаг газарт нь хандана. -МАН-д мөнгө өгсөн гэдэг нь “Ц.Анандбазар гишүүний хамаараад бүхий компанид ажиллаж байгаад түүнээсээ үйлдвэрт орж ирсэн” гэх шуум гарсныг нь хэлж байна уу? -Өмнөх асуудлуудыг нь мэдэхгүй юм. Ямартай ч энэ бол ариун явдал гэж байгаа бол түүнийгээ надад шударгаар хэл. Холбогдох хууль шүүхийн байгууллагаас асууя. Энэ мэтчилэн. Санаанд орсон ганцхан жишээ гэхэд л энэ. Өөр зэс хайлуулах болон хүхрийн үйлдвэртэй холбоотой шүүмжлэх биш засч залруулахыг хүсч буй маш олон асуудлууд байна. Хамгийн их бухимдал төрүүлж буй асуудал нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг авч, дэмжих ёстой гэдэгтэй Х.Бадамсүрэн захирал санал нэг байгаа байх. Л.Батлут зэрэг хүмүүстэй хамтран ажиллаж үр дүн гаргахаар чармайж байна.-ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДАЛ НЬ МАНАН-ГИЙН ДЭЭРЭМЧДИЙН ХИЙСЭН ҮЙЛДЛИЙН МӨСӨН УУЛЫН ДӨНГӨЖ ОРОЙ НЬ- -Ингэхэд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар таны бодлыг сонсмоор байна, ямар дүгнэлттэй сууна вэ?  Хөгжлийн банкны зээлийн асуудал бол МАН, АН буюу МАНАН-гийн супер дээрэмчдийн хийсэн үйлдлийн мөсөн уулын дөнгөж орой нь. Ийм баян, тийм цөөхүүлээ ард түмэн ингэж гуйлгачин амьдардгийн учир нь манай улс төрчид үгээгүй луйварчид гэдгийн нотолгоо. “Энэ бүхнийг засч залруулж, уул уурхайн баялгаасаа бага хулгай хийгээч ээ, ард түмэндээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, ажлын байр бий болгож өгөөч ээ” гэж 20 жилийн амьдралаа зориулж тэмцлээ. Хөгжлийн банкаар дамжуулан Монголын ард түмнийг дээрэмдэхээс гадна, барьцаанд тавьж байгаад гадаадаас мөнгө авчихсан явдал шүү дээ. Улс төрчдөд хариуцлага тооцох ёстой. Харин коронавирусийн цар тахлаас үүдэж үйл ажиллагаа нь доголдчихсон жирийн бизнес эрхлэгчдийг ялгаж салгах хэрэгтэй. Ялангуяа МАНАН-гийн луйварчин хулгайч нарт хэзээ ч дахин хулгай хийхээргүй болтол нь хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн ажиллаад эхэлчихсэн. Тэдэнд итгэх итгэл хэр төрж байна вэ, үр дүн хүлээж байна уу? -Би итгэхийг хүсч байна. Итгэж байна гэсэн үг биш шүү. Энэ утгаараа би нягтална. Бүх материалуудтай нь танилцана. Асуудлыг уншиж, судалж, улс мөрийг нь ухаж гаргаж ирсний дараа үзэл бодлоо илэрхийлдэг онцлог бий. Түүнээс биш ямар ч судалгаагүй, таамаг төдий зүйлээр ерөөсөө дуугардаггүй. Оюу толгойн асуудлаар үргэлж баримттай, мэдээлэлтэй, үндэслэлтэй зүйл ярьдаг. Миний өөдөөс жинхэнэ баримттай, үндэслэлтэй ярих учиртай сайд нар хов жив төдий зүйл ярьдаг. Ард иргэдийг төлөөлж буй би харин хов жив ярьдаггүй. Энэ утгаараа Хөгжлийн банкны асуудлаар судалж эхэлсэн. Гурав, дөрвөн хавтас материал ажлын хэсгээс авсан. Зарим нь нууцын зэрэглэлд байгаа юм байна. Уншиж, судалж дуусаад би байр сууриа илэрхийлэх болно. -Өнөөдрийн нөхцөлд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт юу юунаас илүү чухал асуудал. Гэтэл зээлдэгчдийн данс болоод хөрөнгийг битүүмжилж зээлээ төлөх боломжгүй болгож механик аргаар шийдвэрлэж байгаа нь хэр оновчтой юм бэ? -Наад асуудал чинь зээлийн тохиолдол бүр дээр ондоо. Ерөнхийд нь “байрыг нь барьцаалж, дансыг нь хааж болохгүй” гэж хариулж болохгүй. “Болно” гэж бас хариулж болохгүй. Зээлдэгч бүр өөр өөр асуудалтай. Ганцхан улс төрчид луйвар хийж болохгүй. Монголын ард түмний итгэлийг ашиглаж цөлмөн дээрэмдэх үйл ажиллагаа явуулсан хүмүүсийн байрыг нь барьцаалах битгий хэл, хуулийн дагуу хатуу чанга арга хэмжээ авах ёстой. Харин коронавирусийн цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон жинхэнэ бизнес эрхлэгчдийг ялгаж салгах хэрэгтэй. Би одоохондоо ийм л байр суурийг илэрхийлнэ. Нэг их наядын төгрөгийн асуудал бүрийг нарийн ярих ёстой.-76 ГИШҮҮН ДАХИН ЯАЖ СОНГОГДОХ ВЭ ГЭДГИЙГ АН-ЫН ДАРГА НАРЫН УРАЛДААНЫГ ЯРИХ ГЭХЭЭР ҮГ ДУТААД БАЙНА- -“УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ, сайд нарыг давхар дээлтэй болгох эсэхийг Ерөнхий сайд бүрэн шийддэг болно” гэхчлэн гишүүд ҮХНӨ-ийг эхнээсээ дэмжиж байгаагаа илэрхийлж эхэллээ. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг байх бололтой. Үүн дээр ямар саналтай байна вэ? -Ах нь мэддэг “юм” аа л ярьдаг. Оюу толгойн асуудал асуувал зөндөө яримаар байна. “Үйлдвэр технологийн паркийн тухай хууль санаачлах гэж байна. Үйлдвэр технологийн паркийг хэрхэн хөгжүүлэх, Монголд үйлдвэрлэлийг яаж хөгжүүлж, ажлын байр бий болгох вэ гэдэг тухай яримаар байна. Харин энэ 76 нөхөр яаж өөрсдийгөө баталгаажуулж, дахин сонгогдох тухай ярих гэхээр үг дутаад байна. Ардчилсан намынхны дарга нарын уралдааны тухай ярих гэхээр мөн л үг олдохгүй байна. Ах нь Монголын ард түмэн хэрэгтэй зүйл л яримаар байна. -Тэгвэл Монголд үйлдвэрийг хөгжүүлэх гарц гаргалгаа юу юм бэ. Одоо үйлдвэрлэл явуулдаг ЖДҮ эрхлэгчид, бизнесменүүд өнөөх л хил гаальтай холбоотойгоор сав баглаа боодлоос эхлээд зогсонги байдалд орчихсон тохиолдол их байна шүү дээ? -Нэгдүгээрт улс төрчид бизнес эрхлэгчидтэй уралдаж байгаад цөлмөн дээрэмдэж, да.рамталж байгаад авлига авч амьдардаг тэнэг тогтолцоогоо зогсоо. Төрийн гурван өндөрлөгийн үндсэн ажил бол бизнес эрхлэгчдэдээ гадаад зах зээлийг нээхэд туслах явдал. Германы канцлер Меркел жилд хоёр удаа БНХАУ-д очиход Германы машины тэдний зах зээл дээр борлуулалтыг нээдэг байсан. Ингэснээрээ Германд олон мянган хүн ажлын байртай болдог. Гэтэл манай төрийн тэргүүд Японд очоод 500 сая ам.доллар гуйж байсан. Ямар тэнэг юм бэ. 500 сая ам.доллар гуйхын оронд 5 сая тонн зэс турбо Японд татваргүйгээр оруулъя гэдэг хэлэлцээр хийгээд ирвэл Монголд зэс турбо цутгадаг мянган компани бий болж эхэлнэ. Ингэснээр үйлдвэрлэл хөгжинө, ажлын байр бий болно. Манай оронд тендер гэдэг том хуушуур тэнгэрт байлаа гэж бодъё.-За? -Улс төрчид тендер гэдэг хуушуураа компаниудад худалддаг. Тэгээд өөрсдөө хагартлаа баяждаг. Тэр тендерээс нэг компани нь томхон хазахад бусад нь “надад үлдсэнгүй” гэж уурладаг. Энэ тэнэг тогтолцоог өөрчлөхийн тулд гадаадад байгаа томоохон зэс эд ангийн хуушуур луу Засгийн газар нь дотоодын бизнес эрхлэгчидтэйгээ нийлж дайрах нь үйлдвэрлэлийн бодлого юм. Монголын гурван сая хүнийг яаж архинд оруулах вэ гэж уралдахын оронд гадаад зах дээл рүү ар.хиа хэрхэн нийлүүлэх вэ гэдэгт хүчээ нийлүүлбэл. Таван бодлого бий. Дөнгөж нэгийг нь дурдлаа. Гадаад зах зээл нээж өгөх нь Засгийн газрын ажил. Нэг компанийн захирал Япон, Солонгост очоод “танайд зэс эд анги нийлүүлье. Татварын хөнгөлөлт үзүүлээч ээ” гэдэггүй. Үүнийг Ерөнхийлөгч хийх ёстой юм. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болвол үүнийг хийнэ гэж мөрөөдсөн. Ерөнхийлөгчийн үндсэн ажил нь гадаад худалдаа. Нэгэнт гадаадаас том тендерүүд оруулаад ирсэн тохиолдолд хоёрдугаарт энэ олон МСҮТ, политехникийн коллежууддаа хүний нөөцийг нь бэлтгэх бодлого хэрэгжүүлэх. Гэтэл МСҮТ, политехникийн коллежуудад хүртэл албан тушаалын бялуу хүртэгсэд томилогддог болж. Гуравдугаарт зэс хайлуулах технологийг Засгийн газар гаднаас оруулж ирдэг. Дөрөвдүгээрт, гадаадын болон дотоодын хямд мөнгөний эх үүсвэрийг шийдэх. Зээлийн бодлогоор дэмждэг. Тавдугаарт, татвар болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх. Хөл дээрээ бостол нь эхний гурван жил татваргүй болгох ч гэдэг юм уу. Ингэж дэмжчихээд “олон ажлын байр бий болгоорой, өөрөө хагартлаа баяжиж нисдэг тэрэг унаад тэнэгтээд байв” гэдгийг нь хатуу анхааруулах ёстой. Ярьж буй зүйлээ ойлгуулж чадав уу. Энэ таван зүйлийг Ерөнхийлөгч, Засгийн газар хийх ёстой. Тавантолгойн нүүрсний квот худалдаад л наймаачин царайлаад суугаад байдаг.-МИНИЙ ХУУЛИЙГ “ГАНБААТАРЫНХ” ГЭЖ БОДОХГҮЙГЭЭР, “МОНГОЛЫГ ХАЙРЛАДАГ ХҮНИЙХ” ГЭЖ ХҮЛЭЭЖ АВААСАЙ- -“Үйлдвэрлэл технологийн парк”-ийн хуулиа ажил хэрэг болгохын тулд энэ хавар яаж ажиллах юм бэ? -Энэ хуулийн санаачлагчаар ажиллаж байгаа. Миний хуулийг “Ганбаатарынх, сөрөг хүчнийх” гэж бодохгүйгээр, “Монголыг хайрладаг хүнийх” гэж бодож хүлээж аваасай гэж бодож байна. Энэ хуулийн төсөл дээр С.Бямбацогт гишүүнээс эхлээд олон хүн хамтарч ажиллах байх. Үйлдвэрлэлийн төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс ажиллах байх. -Энэ хаврын чуулганаар өргөн барьж амжих уу? -Амжуулна. -Одоо ганцхан асуулт асуугаад ярилцлагаа өндөрлөе. Танай намынхан өнөөдөр Украиныг дэмжиж, хандивын данс хүртэл нээхээ мэдэгдлээ. Үүнийг дэмжих үү? -Байж болохгүй, буруу. Украины ч, Оросын ч талд орж болохгүй. Сөрөг хүчин байна уу, эерэг хүчин байна уу аль ч хамаагүй Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрынхаа шийдвэрийг үг дуугүй дагах ёстой. Монголын ҮАБЗ төвийг сахина гэж шийдвэрлэвэл төвийг л сахих ёстой. Энэ их аюултай зүйл. Дүгнэлт хэлэхэд, Украинчуудыг үхтэл нь хөөргөж байгаад дайн өдөөж байгаад арыг нь даахгүй байгаа АНУ-ын буруу. Зеленський Америкчуудад итгэсэн. Гэтэл өнөөдөр газрын хөрснөөс улсаа арчуулж байна. Манайд Зеленський шиг улс төрчид зөндөө байгаа шүү. Америкийг дагаж алцганадаг Монгол Зеленьскийнүүд олон байгаа шүү. Тэд Монголын ард түмэнд битгий гай тариарай. Бид дуртай дургүй нь хамаагүй ҮАБЗ-ийнхөө бодлогыг дагах ёстой, нэгдсэн нэг улс байх ёстой. Бид өөрийн гэсэн бодлоготой ард түмэн. Би ийм л байр суурийг илэрхийлж чадна. -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!