Uncategorized

Р.Эмүжин:Заримдаа надад дуучин Отгонжаргал өөр гаригаас ирсэн юм шиг санагдана…

“Үлэмжийн чанар”-ыг үлэмжийн гэгээн сонсоно… Асгарсан авъяас, асч бадарсан сэтгэл шүү дээ, Отгоо маань. Нэг тийм гэгээхэн, нэмнээ баггүй шулуухан зантай. Эрэл хайгуулын замд эцэхээ мэдэхгүй явна, эрснээ олно, элгэндээ чанга гэгч тэврээд, эвийлсээр байгаад л бүтээл болгоно. “Үхэрт хүйтэн”, “Хун галуу” хоёр бол яг л тэгж төрсөн бүтээл. Зарим эрэл арван жилийг дамнан үргэлжилнэ, замд саатах шалтгаан мундахгүй. Тэгсэн ч Отгоо тэвчээр, тэнхээ хоёрыг бол үзүүлэх шиг л болно, үүрээд гарна. Заримдаа надад дуучин Отгонжаргал өөр гаригаас ирсэн юм шиг санагдана, заримдаа хэрэв тэр дуучин болоогүй бол бид энэ гайхамшигт орчлонг нэгэн хөгөөр дутуу мэдрэх байсан мэт бодогдоно…миний үнэлэмжийн хязгаарт Отгоо тийм л орон зай эзэлдэг. Чухам л тал нутгийн сувд гэмээр. Отгоо маань энэ сарын 06-ны ням гаригт 15, 19 цагуудаас “Хун галуу” тоглолтоо УБ паласт хийх нь ээ. Эрхэмсэг яруу энэ бүсгүй бол ээж, эх орон хоёрын дууч. Энэ удаа ч бас ” Монголын тал нутаг”, “Өнө мөнх эх орон” гээд л чадал шалгасан дуунуудаа чадал заан эгшиглүүлэх нь. ” Миний ээж тэмээчин”, “Аав ээж хоёр”, “Тал ээж”, “Ээжийн минь сураг” дуунуудаа энгэртээ сүүний үнэртэй эхчүүддээ зориулан дуулах аж. Ардын дууны жимээр ардын дуу шиг л алхдаг тэрээр ” Гоолингоо”-г дуулж, ” Үлэмжийн чанар”-ийг үлэмжийн гэгээн амилуулна…”Заян Наваан”, “Уртраг жаран” гээд нөгөө л эрэл хайгуулын замаас өнгөлж олсон олзоо ч дэлгэнэ. Энэ гэгэлгэн хавраар, энэ бүгээн өдрүүдээр сонсохыг хүссэн ертөнц, саатахыг хүссэн гүүр минь Отгонжаргалын тоглолт болох нь ээ. Заавал үзнэ, замбуулингийн бас нэгэн жаргалыг мэдэрнэ. За манайхаан, тасалбараа ticket.mn-ээр захиална. Давхцаж чихэлдээд хүсэлт чинь саатаад байвал 88068643-тай холбогдож болно. Таашаалаа хуваалцах гээд тамшаалан байж бичлээ. Түүний дууг сонсож байхад зүгээр л нулимс урсдаг, түүний дууг сонсож байхад зүгээр л инээдэг, түүний дууг сонсож суугаад зүгээр л уртаас урт санаа алддаг…тархи зүрх өөрөө амсхийж, өөрөө асгарч, өөрөө амталдаг…тийм л гайхалтай!ЭХ СУРВАЛЖ:Р.ЭМҮЖИН

Related Articles

Back to top button
error: Content is protected !!