Uncategorized

12 настай Н.Дашням: Хөх аргалаар хүж, бордоо хийж сурлаа. Брэнд болгож, бусдад үлгэрлэнэ

“Эх байгалийнхаа бүтээгдэхүүнийг ашиглаж, өөрөө хөдөлмөрлөн, үр шимийг нь хүртэж болдог юм шүү гэдгийг ойлгуулах нь л миний зорилго”. Энэ бол 12 настай Н.Дашням охины хэлсэн үг. Тэр гурван жил өнжсөн хөх аргалаар хүж, эко бордоо хийж эхлээд байгаа юм.ӨДӨРТ 200-300 ШИРХЭГ ХҮЖ ХИЙЖ БАЙНА Н.Дашням Дундговь аймгийн охин. Одоо долдугаар ангийн сурагч. Ном унших дуртай. Олон өвөр монгол найзуудтай. Хүж, бордоо хийж эхлэхэд нь тэд баяр хүргэж, “Худалдаж авна аа” хэмээн амлацгаасан аж. Багш нар нь ч “Яаж хийж буйгаа зааж өгөөч” гэлцжээ.Хамгийн чухал нь аргал гэгч байгалийн бүтээлийн ид шид. Утаа нь бактер, вирус устгах чадалтай, цаашлаад тархи амрааж, тайвшруулах үйлчилгээтэй гэдэг. Харин аргал тал, хөндийгөөр нэг боловч хүж болж уугьсан нь Дашаа охины гэрт.-Хамгийн анх яагаад аргалаар хүж хийе гэж бодох болов оо?Аргалын утааны тухай интернэтээс болон ахынхаа бичсэн нийтлэлээс уншиж мэдсэн. Ингээд намайг хийж эхэлбэл бусад хүмүүс ч бас байгалийнхаа бүтээгдэхүүнээс ингэж үр шим хүртэж болохыг ойлгох байх гээд зориглосон. Эхэндээ гурван жил өнжсөн хөх аргалаа бусад аргалуудаас ялгаж, таньж чадахгүй байсан. Эмээтэйгээ хамт хэсэг аргалд яваад, одоо ялгадаг болсон.-Хүжээ хийж, уугиулаад баярласан уу?-Өөрөөрөө бахархах мэдрэмж төрсөн. “Би болгочихлоо, чадчихлаа” гээд л.-Одоохондоо гар аргаар хийж байгаа юм билээ. Их ажил орох уу. Ядарч байна уу?-Яг хийж эхлээд дөрөв хонож байна. Ер нь аргалаа түүж ирж хатаахаас эхлээд өдөржин, орой хүртэл хөдөлж таарч байгаа. Гэхдээ ядраагүй ээ.-Өдөрт хэдийг хийж байна вэ?-200-300 ширхэг дээд талдаа болж байгаа.-Гурван жил өнжсөн аргал нь ямар онцлогтой юм бэ?-Гурван жил хүн түүгээгүй, байгальдаа өнжсөн гэсэн үг. Мөн тэжээмэл малаас гарсан бол болохгүй. Яг талаар идээшилж, байгалийнхаа шим тэжээлээр хооллож явсан малынх гурван жил өнжсөн хөх аргал болно. Ийм аргалын ид шид их.-Бас бордоо хийж байгаа юм билээ шүү дээ. Тэр хэр амжилттай болов?-Тийм, хөх аргалаараа хүжнээс гадна эко бордоо хийж үзсэн. Түүгээрээ гадаа тарьсан газрын алимаа бордсон. Навс нь сагалагар болж, амт нь сайхан болсон байхыг мэдээд баярласан. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд ирж үзээд маш сайн чанарын бордоо болж гэж үнэлсэн.Хүж, бордоо зэргээ цаашид брэнд болгож, зах зээлд гаргая гэж бодож байгаа юу?-Тийм ээ. Аав ээж, ах гээд гэр бүлийнхэн маань “Дашаа” гэж брэндээ нэрлэхийг зөвлөсөн. Би ч мөн тэгье гэж бодож байгаа. Брэндийнхээ сав баглаа, лого зэргийг төсөөлж, зурж үзэж байгаа. Хамгийн гол нь миний бүтээгдэхүүнийг худалдаж авна гэдгээс илүү, олон хүн “Аргалаар ийм зүйл хийж болдог юм байна” гэж мэдэх нь чухал шүү дээ. Олныг үйлвэрлэхийн тулд одоо бутлагч, хэвэнд оруулагч хоёр машин хэрэгтэй байгаа. Ах маань нэгийг нь олж өгсөн. Автомажчихвал бүр олныг хийж болно.-Үеийн хүүхдүүддээ юу гэж хэлмээр санагддаг вэ?-Заавал аав, ээжээсээ мөнгө авахгүйгээр өөрөө өөрийгөө халаасны мөнгөтэй байлгахыг хичээгээсэй гэж боддог. Өөрөө хөдөлмөрлөхгүй мөртлөө заавал аав нь, ээж нь мөнгө өгч байх ёстой гэж ойлговол буруу шүү дээ. Аль болох өөрийн чаддаг, мэддэг зүйлээрээ хөдөлмөрлөж, бага ч гэсэн мөнгө олдог байвал түүнийгээ арвилан гамнаж, зөв зарцуулж сурна бас өөрт ч илүү үнэ цэнтэй.ДАШАА БРЭНДТЭЙ БОЛЖ, ХҮМҮҮСТ ҮЛГЭРЛЭНЭДашааг байгальд хайртай, өв уламжлалаа судлах сонирхолтой болоход нь нагац ах Д.Наранцогт нь нөлөөлжээ. Тэр 2013 оноос хойш энэ чиглэлийн төрийн бус байгууллага байгуулан ажиллаж буй нэгэн. Өдгөө “Байгаль эх дэлхийгээ хайрлах Тэнгэрлэг аян”-ы тэргүүн. Энэ хүрээнд олон ажил хийж, үр дүнд хүрснээс нь танилцуулбал нийт 96,000 мод тарьсан нь. Нийт моддын ургалт 70 орчим хувьтай байдаг аж. Эдгээр бүх ажлаа тэд хаа нэг газрын санхүүжилтээр бус, цэвэр иргэдийн хандив, дэмжлэгээр бүтээж иржээ.Д.Наранцогт хэд гурван жилийн өмнө хөх аргалын ид шидийн тухай нэгэн нийтлэл бичсэнийг нь одоо олон нийт цахим орчноос идэвхийлэн уншдаг аж. Чухам тэр нийтлэлийг Н.Дашням охин уншсан, “Аргал ийм үр шимтэй” гэдгийг мэдсэн байжээ. Ингээд Д.Наранцогт ахыгаа Улаанбаатар хотоос Дундговь аймагт ирэхэд нь нэжгээд хөх аргал түүгээд бэлдчихсэн хүлээж байж.Ингээд хүж, бордоо хийхэд нь зөвлөж, туслахаар шийдэж. Тэдний анхны оролдлого амжилттай болж, гурван жил өнжсөн хөх аргалаар экологийн цэвэр бүтээгдэхүүн хийгээд байна. Д.Наранцогт Дашаа охиноо урамшуулан дэмжиж, цаашид хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжөөр нь аль болох хангахыг эрмэлзэж буй. Мөн Улаанбаатарт хамтдаа ирж, бүтээгдэхүүнийх нь дээжээс олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Манай таван хошуу мал жилийн дөрвөн улиралдаа тохируулан бэлчээрлэдэг тул 500-гаад эмийн ургамлал идэж, идээшилдэг. Иймд аргалын утаа 300 гаруй төрлийн микроб, вирус устгах чадалтай гэдгийг нь Японы эрдэмтэд тогтоосон байдаг. Мөн үнс нь бордоо болно. Гурван жил өнжсөн хөх аргалын утаагаар хүний бөөр, нурууг эмчлэх нь ч бий.Орчин үед хүүхэд залуус улам бүр цахилгаан мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уусан “живж” байна. Тэд улам л даяаршиж буй гадаад ертөнцийг сонирхох болж, тэндхийн нэгдмэл соёлд өөрийн эрхгүй суралцах болжээ. Гэвч нүүдэлчин ард түмнийхээ дэлхийд ганц соёл, уламжлалыг мэдэхгүй, дуулж ч үзээгүй төлөвших нь холгүй.Ийм үед 12 настай Н.Дашням охин дуулж сонссондоо урамшиж, гэгээрч, бусдад түгээн дамжуулахын хүслэнд автсан байна. Ийм ч учраас өөрөө хийж үзүүлье, үлгэрлэе хэмээн ханцуй шамласан нь эрхгүй хайрлам, хүндлэм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!