Uncategorized

Т.Ганболд: Өсвөр насных нь өширхөл арилаагүй Хятад гаралтай хүмүүсээр Хэнтийнхэн улсаа самруулж байна

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН АСУУДАЛ БОЛ МОНГОЛ УЛСЫН ОРШИХУЙ, ЭС ОРШИХУЙН АСУУДАЛ- -Та хөгжлийн банкны асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж, хурцаар шүүмжилж байгаа хүмүүсийн нэг. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудыг хэрхэн дүгнэж сууна?-Хамгийн том мөнгөн дүнтэй хамгийн том цар хүрээтэй улс төр, бизнесийн бүлэглэлийн хуйвалдаантай асар том тогтолцоо байсны жишээ энэ. Захаасаа задарч эхэлж байна. Ганцхан Хөгжлийн банкаар хязгаарлагдах асуудал биш. Үүнтэй дараа дараагийн мөнгө санхүүгийн том луйврууд холбогдоно. Өнгөрсөн 30 жил эрх барьж ирсэн улс төрийн хоёр том нам, тэдний санхүүжилт, тогтолцоо, өгөө аваа задрах ёстой. Тэд хууль шүүхийн байгууллагад өөрсдийнхөө төлөөллийг тавьж, гэмт хэргээ илтэд хаацайлан далдалж, хэрэг биш болгодгийг харж байна. Ү.хэх гээд хоногоо хүлээж байгаа хүн дээр улсаас өр зээл авчихсан компанийг шилжүүлж, хуулийн цоорхойг ашиглах оролдлого зэрэг луйвар булхай ч илэрлээ. Үүнийг ганцхан Хөгжлийн банкны зээлийн асуудал гэж харж болохгүй. Бүхэл бүтэн Монгол Улсын ялзрал, хавдар. Эрчтэй, зоригтойгоор цэвэрлэхээс өөр арга байхгүй. Манай тал, танай нам ч гэх асуудал байхгүй. Энэ бол нийт Монгол Улсын асуудал. Оршихуй, эс оршихуйн асуудал. Бүр үндэсний аюулгүй байдлын асуудал. Нэг намын тогтолцоонд шилжчихсэн энэ үед цэвэрлэгээ хийх ёстой. МАН-ын генсек манлайлж оролцож байгаад иргэний хувиар олзуурхаж байна. Өөрөөсөө шалтгаалах намын цэвэрлэгээгээ хийх хэрэгтэй. Зээлийн асуудалд нэр холбогдсон хүмүүсээс тайлбар авах ямар ч шаардлага байхгүй. Хулгай хийсэн хүнээс тайлбар сонсоно гэдэг хамгийн логикгүй тэнэг үйлдэл. Гэмт хэрэг хийчихсэн хүн ямагт өөрийгөө зөвтгөж ярьдаг. Холбогдсон л бол холбогдсон. Намаасаа хөөхийг нь хөөж , УИХ-аас ч хасах ёстой.-Ханшийн зөрүүний тухай зээлдэгчид байр сууриа илэрхийлж хохирч байгаагаа хэлдэг. Харин та “зээлдэгч нар нь хуулийн дагуу шүүхэд хандсан тохиолдолд хүү алданги бүх тооцоолол нь зогсоод, тухайн цаг үеийн төгрөгийн ханш руу шилжээд хүү алданги нь төсвөөс төлөгдөнө” гэж та ярьсан? -Эрх мэдэлд ойр байдлаа ашиглаж нийтийн боломжийг хулгайлсан. Дийлэнх олонх нь төлөхгүй валютаар авсан зээлээ төгрөг рүү хувиргасан байна. Энэ нь эргээд бидний татвараар валютаар төлөгдөнө гэсэн үг. Төгрөг валютын ханшны зөрүүг зээл аваагүй эгэл жирийн бидэн дээр тавьж байгаа байхгүй юу. Илтэд хулгай хийсэн үйлдэл нь хууль шүүхийн байгууллага нэвт хамтран оролцож байгааг бид харж байна. Нийгмийн сүлжээнд ил болж байсан лифтний шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын дүр зураг харагдаж байна. Хууль шүүхийн байгууллагын завхрал, замбараагүйтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэс эхэлсэн. Анх Худалдаа хөгжлийн банкийг өөрийн мөнгөөр биш улсын төсвийн мөнгөөр худалдаж авсан. Үүнээс цааших хулгай луйвар бүгд ижилхэн нэг форматаар явсан. Төрийн өмчийн компаниуд болох Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, цаашлаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг үнэгүй авах, авсанаа эргээд улсад мөнгөөр шахдаг. Хулгай, дээрэм, луйвар гэсэн арга замаар явж ирлээ. Бүлэг шинж чанартай ноцтой том хэргүүд. Хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу шийдэх л ёстой юм уг нь. Тэр нам, энэ нам гэхээсээ илүү Монгол Улсын ирээдүй гэдэг өнцгөөс асуудалд хандмаар байна. Цаашдаа бид хөгжилд хүрчихсэн Өмнөд Солонгос, Сингапур, Баруун Европын улс орнууд шиг зөв замаар явах уу үгүй юу. Эсвэл мафижиж ялзарсан ганц хоёрхон баянтай. Тэднийгээ тойрсон гудамжаар дүүрэн бичиг үсэггүй гуйлгачинтай улс орон болж, өр төлбөртөө газар нутгийнхаа тодорхой хэсгийг БНХАУ зэрэгт өгөөд дампуураад мөхөх үү гэдэг хязгаар дээр ирчхээд байна л даа. 30 жилийн нийгмийн хөгжлийн мөчлөг дээр ирчхээд байна.-ДӨНГӨЖ ЖАРААХАЙНУУДЫГ БАРЬЖ ХОРИЛОО- -Саяхан Хөгжлийн банкны зээлийн асуудлаар хэд хэдэн захирал, хоёр гуравхан зээлдэгчдийг нэг сарын хугацаатай хорьчихлоо. Хоригдсон хүмүүсийн хувьд хэр оновчтой байв таны бодлоор? -Ийм илтэд луйвар дээр жаахан ч атугай дүр эсгэхгүй бол болохгүй байгаа байх л даа. Ингэж л анзаарагдлаа. Олон нийтийн яриагаар бол жараахайнуудыг барьж хорилоо. Ямартай ч эхэлж байна. “Сахал” Эрдэнэбилэг, “Голомт”-ын Баясгалан нар хууль хяналтын байгууллагаас эхлээд төрийн тэргүүнд хүртэл нөлөөтэй байж чадаж байна шүү дээ. Үе үеийн Ерөнхийлөгч нар энэ хоёрын утсан хүүхэлдэй шиг явж ирлээ. “Голомт”-ын Баясгалан адгийн наад зах нь хүүхдийн паркийг эзэмшчихсэн сууна. Тэд төрийн тэргүүнүүдэд нөлөөтэй болохоороо хуулийн хамгаалалтай. Хөнжлийг нь хуулаад идээ бээрийг нь харуулаад байхад дээрээс том хэмжээгээр хамгаалуулаад байна. Үүнд л асуудал байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд зурагтаар ярьдаг шигээ шударга байж, хуулийн байгууллагад нөлөөлөөгүйсэн бол тэд аль хэдийн явчихсан байгаа. “Голомт”-ын Баясгалан, Ерөнхий прокурор асан Дорлигжавын оролцоотой надад тохиолдсон авлигын хэргүүд шийдэгдчих байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бодит жишээгээр тайлбарлахад ийм. -Томоохон зээлдэгчид, зээлд нөлөөлсөн улс төрчид рүү хуулийнхан халдаж чадахгүй байгааг хэлээд байна уу? -Бид өнөөдөр хуулийг эрх мэдэлтэнд нэг өөрөөр, эрх мэдэлгүй хүнд зориулж өөрөөр тайлбарладаг нийгэмд амьдарч байна. Үүнийг чинь DoubleStandart буюу “сонголттой шударга ёсыг хэрэгжүүлэх зарчим” гэдэг. Энэ нь өөрөө хамгийн том гэмт хэрэг. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын гишүүд Хөгжлийн банкны зээлийн асуудал нэр холбогдсон. Ямар ч яриа байхгүй. Тухайн үедээ УИХ-ын гишүүн байгаагүй эсэх нь хамаагүй. Дарга байсан хүн сонгуулийн өмнө хамтрагч нартаа зээл авч өгсөн асуудал. Тэл сонгуульд оролцох ёс зүйн хэм хэмжээг ч хангаагүй байгаа байхгүй юу. Одоо нэгэнт ил болсон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгуулаад явуулах ёстой. Гэмт хэргийн үйлдэл нь тогтоогдсон тогтоогдоогүй ёс зүйн талаасаа өөрсдөө мэхийн ёслоод УИХ-ын гишүүнийхээ үнэмлэхийг, намынхаа батламжтай цуг өгөөд явах ёстой. Зарчим ердөө энэ. Түүнээс биш “би гишүүн болоогүй байхдаа авсан” гэх мэт ямар ч тайлбар хэрэггүй, илүүц. Баруун биш зүүн гараараа авсан, еэвэнгийн нөгөө тал нь энэ гэхчлэн утгагүй зүйл ярьдаг байдлаа болих хэрэгтэй.“Хөгжлийн банкийг тоносон төлөөллийн гар хөл нь хууль шүүхийн байгууллагад ажилладаг. АТГ, прокурор, шүүхийн шүүгч тэр чигээрээ улс төрчдийн гар хөл болсон гэж та хэлсэн. Өнөөдрийн нөхцөлд хууль шүүхийн байгууллага хэр шударга ажиллана гэсэн хүлээлттэй байна вэ? -Хуулийн байгууллагад өөрсдийнхөө гар хөлийг шургуулж нөлөөллөө оруулж завхруулдаг. Хууль шүүхийн байгууллагынхан бүгдээрээ тийм биш. Сурсан мэргэжилдээ үнэнч, хуулиа дээдэлдэг зарчимтай, ёс зүйтэй хүмүүс маш их бий. Харамсалтай нь шийдвэр гаргадаг гол зангилаанууд дээр өөрсдийн гар хөл болох хүмүүсээ тавьдаг. Үүний бодит жишээ бол УДШ-ийн дарга байсан Ц.Зоригт. Энэ хүнийг анх “Сахал” Эрдэнэбилэг анх 2009 Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үеэр аваачиж байсан. Өнөөдрийг хүртэл УДШ-ийн шүүгчээр ажиллаад л явж байна. Ийм ялзарсан ёс зүйгүй шүүгч нар хүмүүсийн, аж ахуй нэгжүүдийг хувь заяаг шийдээд сууж байхад улс орны хөгжил ярих нь өөрөө өрөөсгөл. -ӨСВӨР НАСАНДАА “ӨШИРХӨЛ” ТЭЭЧИХСЭН “САХАЛ” ЭРДЭНЭБИЛЭГ, ГОЛОМТ”-ЫН БАЯСГАЛАН НАРААР УЛСАА САМРУУЛЖ БАЙГААГАА ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР БОДОХ ЁСТОЙ- -МАН, АН-ын аль нь ч байсан цэвэрлэгээ хийх ёстой гэлээ. Цэвэрлэж чадна гэсэн итгэл танд байгаа юм уу? -Ярианы хэллэгээр их цэвэрлэгээ. Гарцаагүй хууль дээдлэх эрх зүйт төртэй улс шүү дээ бид чинь, уг нь. Эрх зүйт төрийн хэм хэмжээнд л байх ёстой. Цөөхөн хэд нь нийтийн хөрөнгийг хулгайлдаг хэрнээ өөрсдийгөө баялаг бүтээгчид хэмээн нэрлэдэг олигархуудтай. Тэр нь улс төртэйгээ нэвт сүлбэлдчихсэн. Шүүгч нар нь хүртэл тэрбумаар үнэлэгдэх байшинд амьдарч, дансандаа асар их хадгаламжтай байна. Энэ бүхэн нийгмийн нүдэн дээр илт болж буй үйл явцууд. Албаныхаа машинаар хотын захад байдаг лагерь луугаа хүргүүлснийхээ төлөө Францын сайд “уучлаарай” гээд ажлаа өгчхөж байв. Биднээс хэд дахин өндөр хөгжил, том эдийн засагтай Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч найзынхаа компанид дэмжлэг үзүүлснийхээ төлөө 22 жилийн ял сонсож байв. Эмэгтэй хүн хэрнээ уучлаарай миний буруу гээд явж чадаж байна. Бид Чингисийн удам угсааных гээд том дээл өмсөж, том бүс зүүж цээжээ дэлдэж огшдог хүмүүс эмэгтэй хүнээс долоон дор. “Би тэгээгүй, яагаа ч үгүй” гээд уйлагнаж худлаа ярьдаг. Жижигхэн эдийн засагтай улс хэрнээ хулгайн хэмжээ хэдэн зуун сая доллароор яригддаг. Үүний эсрэг иргэний нийгэм нь сөрж тэмцэж чаддаггүй. Нийгмийн амьдрал нь ийм дорой байгаад байхад жагсаалд ч гарч ирдэггүй. Улам дээрэлхүүлээд амьдраад байдаг. Тэгсэн атлаа нэгнийгээ сошиалаар доромжилчихно. Энэ бол мөхөл рүү ойртож байгаагийн шинж тэмдэг болохоос биш хөгжиж буйн шинж биш. Иргэдийг идэвхтэй байгаасай гэдэг үүднээс иргэн хүнийхээ хувиар байнга байр сууриа илэрхийлдэг. Түүнээс биш Хөгжлийн банкнаас зээл авах, албан тушаалд очих, уул уурхайн лицензтэй болох гээд ингээд байгаа юм биш. Иргэд минь жаахан ухаантай, идэвхтэй, зоригтой, зарчимтай байх хэрэгтэй. Өөрсдөөсөө гадна бидний үр хүүхэд ирээдүйн төлөө юм шүү. -Хөгжлийн банкны зээлийн асуудал гадаад талдаа их л муухай харагдуулах, цаашлаад хөрөнгө оруулалтад ихээхн сөрөг үр дагавар авчрах нь. Бизнесмен хүний хувьд гадаад орчныг хэрхэн дүгнэж, зовниж байна вэ?-Би гаднаас том биш ч гэлээ арилжааны хэлбэрээр янз бүрийн л зээл авдаг. Найз нөхөд, танил хүмүүстэйгээ уулзаж Монголд ингэж хөрөнгө оруулъя, ийм бизнес хийе гэдэг яриа өрнүүлдэг. Тэрнээс биш концесс, тендер авч оролцож байсан түүх байхгүй. Миний мэдэхийн гаднынхан Монгол Улсад итгэдэггүй. 2009, 2010 онд уул уурхайн сезон Оюутолгойн төсөл эхэлж байх үеэр хөрөнгө оруулах дур сонирхол байсан. Гэхдээ одоо асар өндөр авлигатай улс гэдгээр нь дүгнэдэг болчихож. Хөгжлийн банк, ЖДҮДС, улс төрийн сонгуулийн өрнөл зэргээс үүдэж. Ковидийн цар тахлын үеэр хөшөө барьж байдаг мулгуу, жудаггүй, илтэд хулгай хийдэг удирдагчидтай ард түмэн шүү дээ. Ийм байхад гаднын хөрөнгө оруулагчид яаж сонирхох вэ. Авлигын индексээрээ 114-т, хараат бус шүүх алдагдсан гэх үзүүлэлтээр 119-р байрт явж байгаа. Хөрөнгө оруулалт хийхэд таагүй улс гэдгээрээ ч тэргүүлж байна. Дотоодынхоо хулгайг цэгцэлчихвэл хангалуун, чинээлэг амьдраад байх бүрэн боломжтой улс шүү дээ, уг нь. Ганцхан “Сахал” Эрдэнэбилэг, Баясгалан хэдэн их наядаар нь хулгайлаад авчихаар энэ ард түмэнд чинь юу үлдэх юм бэ. Бодоод үз л дээ. Хэдэн зуун аж ахуй нэгжийн боломж бололцоог ганц хоёрхон хүн үгүй хийчихдэг. Өнөөдөр 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Түүн дээр бүгдээрээ эрх тэгш гэж тунхагласан байдаг шүү дээ. Энэ утгаараа социализмын буюу цаг үед суурьшмал Хятад иргэдэд ч пасспорт олгосон. Энэ хүмүүс чухам тэр социализмын цаг үед гадуурхагдаж ирсэн. Тэр үеийн нийгэм цаг үеийн тогтолцоо тийм байсан. Өширхөж, гоморхож ирсэн Хятад угсаатай “Сахал” Эрдэнэбилэг, “Голомт”-ын Баясгалан зэрэг хүмүүс. Өсвөр насных нь тэрхүү өширхөл өдий хүртэл арилаагүй явж байгаа байхгүй юу. “Энэ Монгол, энэ нийгэм намайг багад минь ингэж их гадуурхаж байсан. Би өшөөгөө авна” гэдэг байдлаар ханддаг. Өсвөр үед тархинд нь суучихсан эмгэгийг бид тооцож үзэхгүйгээр ийм хүмүүсээр улс орныхоо санхүү эдийн засгийг самруулж байгаа бид өөрсдөө тэнэг. Чингисийн удам гээд цээжээ ханхайлгадаг Хэнтийгээс гаралтай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үүнийг бодох ёстой. Өсвөр насандаа ингэж их өширхөл гоморхол тээчихсэн хүмүүсийг нийгмийн амьдрал руу оруулах ийм л аюултай. -Шүүхээр явуулахгүй механик аргаар зээл төлүүлж байгааг та хэрхэн дүгнэж байна. Хуулиар явуулбал сунжирна гэж та байр сууриа илэрхийлсэн байсан? -Өнөөдөр шүүх байгууллага мафиудын гарт орчихсон. Хууль бусаар тэдний үүрэг даалгаврыг биелүүлжбайгаа ийм цаг үед шүүхээр шийдүүлж болохгүй. Шүүхээр явуулж шийдүүлье гэвэл одоогийн шүүгч нарыг бүрэн эрхийг түдгэлзүүлж, солих шаардлагатай. Шүүгчдийг түдгэлзүүлэх эрх ганцхан Ерөнхийлөгчид л байгаа. Аймаг, дүүргийн анхан болон дунд шатны шүүхийн байгууллагад шударга, мэргэжилдээ үнэнч өчнөөн шүүгч бий. Тэд мафийн тогтолцоонд ороогүй. Мөрдөгч, прокурорууд ч ялгаагүй. Онц бүрэн эрхт хороо байгуулж байгаад тодорхой хугацаа зааж байгаад олон нийтийг хохиролгүй болгох ёстой. Гэмт хэрэгтнүүдэд ялыг нь оноох ёстой. Энэ бол наад захын энгийн зарчим.-ЯАРАЛТАЙ НЭГ УДААГИЙН ХУУЛЬ ӨРГӨН БАРЬЖ, ОНЦ БҮРЭН ЭРХТ ХОРОО БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ- -Зарим хуульч, эдийн засагчид зээл төлүүлэхийн тулд ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, хууль өргөн барих хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Танд зээл төлүүлэх гарц гаргалгаа хэрхэн харагдаж байна вэ?-Яаралтай нэг удаагийн хууль өргөн барьж, онц бүрэн эрхт хороо байгуулах  байгуулалттайгаар ажиллуулах шаардлагатай. Хөгжлийн банкны дараа Монголбанкны үнэ тогтворжуулах сэдэв рүү орох хэрэгтэй байгаа юм. Үүнд долоо найман их наядын асуудал яригддаг. Үүнийг бас л тав зургаан аварга авчихсан байгаа шүү дээ. Ингэж л онц нөхцөл байдлаар шийдэх ёстой гэж харж байна. Хөгжлийн банкан дээр нэмж нэг зүйл ярихад “барьцаа хөрөнгө үнэгүйдсэн” зүйл байхгүй. Тэд зүсийг нь хувиргаад бохир активуудаа нас барах гэж байгаа хүн дээр шилжүүлсэн. МАН-ын ЕНБД-аас эхлээд залуу хүмүүс үүн дээр дэвшилтэт үзэлтэй байгаасай гэж хүсч, залбирч байна. Ард иргэдийн тэвчээрийг, амийг битгий бариасай. Залуу дарга нар шударга зарчимд нийцээд явж чадах юм бол бид энхийн замаар шинэ цаг үе рүү шилжиж чадна. Эс тэгвээс туйлдаж, үймээн самуун, иргэний дайн болох нөхцөл байдал үүснэ. Эсвэл нэг улсад дагаар орох, тусгаар тогтнолоо алдах сонголтууд л үлддэг.-Монгол нэг хэсэг койны давлагаа үүсч байгаад намжлаа. Алдах нь алдаж хожих нь хожлоо. Койны хохирогч болсон хүмүүс цагдаагийн байгууллагад ихээр хандаж байгаа мэдээлэл ч бий. Энэ хавар баахан хохирогчид талбай дээр жагсаж гарч ирэх ч төлөвтэй? -Койн манай зах дээр байтугай дэлхий дахинд цоо шинэ зүйл. Монголд орж ирээд асар буруу зарчмаар явчихлаа. Мэдлэгтэй, мэдлэггүй олон нийтийг далимдуулан тоглолт хийсэн. Асар их хохирогч нар гарч ирсэн. Бизнесийн болон зах зээлийнхээ жам ёсоор сайн, муу нь шалгарч үлддэг. Харьцангуй жижиг зах зээл гэхэд маш их койн гарсан. -Та ч бас койноо гаргасан? -Энэ цаг үеийг би анзаараад төгсгөл дээр нь адилхан койн гаргасан. Бусдад үлгэр жишээ болох үүднээс авсан үнээрээ буцааж зарах баталгаатайгаар. Манай бизнестэй өгөөжтэй байдлаар уялдуулсан. Олон нийтэд хувьцаа болгон авах, үйлчилгээний газруудад ашиглах гэсэн сонголтуудыг хийж өгсөн. Та койн авсан бол хоосорч, хохирч болохгүй шүү дээ. Ядуу, мэдлэггүй хүмүүсийг ингэж хохироож болохгүй байхгүй юу. Ийм ч үүднээс энэ олон койнуудын араас босгыг нь өндөр болгох зорилгоор гаргасан юм. Энэ утгаараа манай койн огт өөр. Та нар анзаарсан бол койнууд гарч ирээд 5-10 дахин нугардаг. 5-10 хувь нь ашиг олоод 90 гаруй хувь нь алдагдалд ордог. Монголд гарсан койнууд 200-600 хувийн уналттай явж байна. -Харин танайх? -Манай койн 15-30 хувийн уналттай явж байна. Яагаад гэвэл ард нь бодитой компани, бодитой хөрөнгө оруулалт байна.-“САХАЛ” ЭРДЭНЭБИЛЭГ, “ГОЛОМТ”-ЫН БАЯСГАЛАНГИЙН НАМАЙГ ГҮТГЭСЭН НАЙЗ ПАУШОК НЬ ЛАТВИ УЛСААС ЦАГААЧЛАЛ ХҮССЭН- -Танай компаниас Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжсэн асуудал шалгагдаж дууссан уу. Ямар шатандаа яваа юм бэ? -Би түрүүн ярьчихсан шүү дээ. Дуусаагүй. Хэрэгсэхгүй болгоод замхруулчихсан. Би дахиад шүүхэд гомдол гаргачихаад л байж байна. -Паушок, Рио тинтогийн Б.Болд та гурвын асуудал юу болсон бэ. ОХУ-ын Паушокын “Алтан дорнод Монгол”, “Рекат” компанийг худалдаж авсан ч тохирсон мөнгөө өгөөгүй хулхидсан гэдэг асуудал шийдэгдэв үү. Ямар шатандаа яваа юм бэ? -Паушок гэдэг хүнээс би 2011 оны есдүгээр сард энэ компаниа худалдаж авсан. Олон нийтэд би олон удаа баримттай нь ярьж байсан. Энэ хүн надад 100 хувь хувьцаагаа зарсан байдаг юм. Москва хотод байрлах элчин консул дээр очиж бид хоёр биеэрээ очиж сууж байгаад баталгаа бичиж, консулын нотариатын тамга дарж гарын үсэг зуралцаж байлаа. “Би 100 хувь төлбөрөө авчихлаа, компаниа шилжүүлж байна” гээд өгөө аваатай гэрээ хийсэн л дээ. Би “юмыг яаж мэдэхэв” гээд давхар нотариатаар баталгаа хийлгэж байсан. Хэвлэлд үүнийгээ олон ч удаа ярьсан. 2019 онд буюу найман жилийн дараа Дорлигжав, “голомт”-ын Баясгалангийн намайг хэрхэн яаж дээрэмдсэн талаарх мэдээлэл гаргахад Паушок гарч ирсэн. “Би энэ хүнд компаниа зараагүй. Намайг луйвардсан” гээд. Есөн жил хүн дуугүй байх уу. Бодоод үз. Хоёрдугаарт, Паушокын найзууд буюу Дорлигжав ерөнхий прокурор байсан тул би шорон оронд орж, мөрдөнд зөндөө суусан.-Өнөөдөр яг ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ? -Би 2019 оны нэгдүгээр сард, 2020 онуудад Нью Иорк, Швейцарь, Латвийн шүүхүүдэд хандсан. Ялсан. Надад зарсан компани маш их хэмжээний өр төлбөртэй, дээрээс нь ухаад өөр хүнд зарчихсан лицензийн талбайнуудтай, дутуу техникүүдтэй байлаа. Эдгээр асуудлуудаар би олон улсын шүүхүүдэд хандаад би ялчихсан. -Паушок одоо хаана яваа юм бэ? -2022 оны хоёрдугаар сарын байдлаар шүүхийн шийдвэрийн дагуу энэ хүний данснууд нь битүүмжлэгдчихсэн, зарим эд хөрөнгүүдээ хураалгачихсан нөхцөл байдалтай байна. ОХУ-ын иргэн шүү дээ. Одоо Латвид оччихсон иргэншил гуйгаад байж байгаа. Дорлигжав, Баясгалан нар нийлээд яаж дээрэмдсэнийг би баримттай нь дэлгэчихсэн. Отгон сэтгүүлчид энэ мэдээлэл байхгүй учир хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд намайг чамгүй бичсэн. Нөгөө талаар Баясгалантай олон жил хамтарч ажиллаж байсан болохоор тэр байх. Баясгалангийн дарамт гуйлт байсан ч юм бил үү, жаахан хөнгөхөн хандсан юм билээ. Уг нь шударга дуугардаг эмэгтэй гэж үнэлдэг. Хувь, хувьсгалын танилууд биш. Отгон сэтгүүлчид хандаж хэлэхэд надаас ирээд баримтууд авч судалж болно шүү.-Таныг ухсан газруудадаа нөхөн сэргээлт хийлгүй орхидог гэдэг юм билээ? -Нөхөн сэргээлт хийгээгүй гэж намайг баахан ярьдаг. Энэ компанийг би биш Паушок үүсгэн байгуулсан. Намайг авахад 2500 гаруй га газар нөхөн сэргээгдээгүй хаягдчихсан байсан. Компанийг аваад нөхөн сэргээлтүүдээ бүгдийг нь хийсэн. Ингээд БОАЖЯ болон МХЕГ-т хүлээлгэж өгч байлаа. Үүнийг тухайн сумын удирдлага, байгаль орчны газруудаас асууж сураглах хэрэгтэй. Тэрнээс биш би аваад сүйтгэсэн газар нэг ч байхгүй. -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. -Та бид хоёрын энэхүү ярилцлагын доор “чи өөрөө тийм газар нутаг ухдаг биз дээ” гэж бичиж дайрах байх л даа. Би алт ухдаг зөвшөөрлийн дагуу ухаж байна. Үнэн. Би хүний сэргээгээгүй, сэглээд орхисон газар нутаг авсан. Нөхөн сэргээлт хийж босгосон. Гэтэл над руу дайрдаг бичдэг зүйлс нь энэ. Манай нийгмийн асар том буруу нь энэ. Аливаа зүйлийг ойлгохоосоо илүү ийм ялзрал өөрсдийг нь дэвслээд нулимаад, гэр хорооллын утаа, модон жорлонд нь живүүлж байхад үнэнийг ярьж байгаа хүний эсрэг тролл маягаар ажилладаг. Өөрсдийг нь хуурч байгаа хүмүүсээ архи, хоолны мөнгөнд хууртагдаж сонгодог. Өөрсдийнхөө толгой дээр гаргаж, хувь заяагаа хулгайлуулдаг. Тэгэхээр иргэний нийгэм идэвхтэй, ухаалаг, эргэцүүлэн бодох чадвартайгаар асуудалд хандаасай гэж хүсдэг. Бүгд хамтраад энэ муухай завхралаасаа салмаар байна. МАН, АН гэхээсээ илүү Монгол Улс гэдэг том зургаар харцгаая. Үүнийг эрх барьж буй улс төрийн ууган хүчин МАН ойлгоосой. Энэ бол Монгол Улсын нийт ард түмний амин чухал асуудал.Эх сурвалж:Eguur.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!