Uncategorized

Б.Отгон:Хөгжлийн банкны Ил цагаан дээрэм 10 жил үргэлжилж байхад өнөөдөр гэнэт илрүүлсэн мэт жүжиглэх баатрууд.

Луйвар гэдгийг нь мэдсээр байж бүтэн 10 жил үргэлжлүүлсэн Засгийн газар өөрөө гэнэт шүгэлдэж, өөрсдийгөө шүүхэд өгөхийн учир юу вэ? Хөгжлийн банк анх байгуулагдсан 2011 оноос эхлэн улс төрчдийн оролцоотой ЛУЙВАР гэдэг нь тодорхой байсан. Бүр анхны Чингис, Самуурай бонд босгосны “хөлсөнд” дэлхийд байхгүй их мөнгө төлснийг тухайн үед бичиж л явлаа. Үүнээс хойш Хөгжлийн банкны мөнгөөр МИАТ-ын онгоц авч,.Таван толгойд 4,3 тэрбумаар зөвлөгөө авч, Эгийн голын цахилгаан станцын судалгааг 3,1 тэрбумаар хийлгэж байв.Нийслэлд гудамж төсөл ,Архангайн төвийн бүх замыг цементээр хулдаж, ТОСК-ын байранд хэнийг оруулах эсэхээр маргалдаж, Хөгжлийн банк улс төрчдийн шахааны хүмүүсээ багтаахгүй орон тоо нь 2 дахин өсч байв. Бондын тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны ажилчдад хөнгөлттэй зээлээр олгож, Хөгжлийн банкны захирал Б.Мөнхбат Хонконгт 5000 доллараар зугаалж, 2016 оны сонгуулиар хэвлэлийнхэнд 1 тэрбум төгрөг сурталчилгаа нэрээр тарааж байлаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн ажлын төсөвт өртөг хэдэн зуу дахин нэмэгдэж, 38 хувийн гүйцэтгэлтэй замыг шинээр барина гэж хуураад 43,6 тэрбумыг нэмж авсан. Наргиж өгсөн дөө. Ил цагаан дээрэм 10 жил үргэлжилж байхад өнөөдөр гэнэт илрүүлсэн мэт жүжиглэх баатрууд. Түүнд нь итгээд өмнөхөө мартчихсан загасны ой санамжтай өөрсдийгөө яалтай билээ. УИХ, ЗГ-аас ажлын хэсгүүд бараг жил болгон гарч шалгаж, дүгнэлтээ гаргаж байлаа. – 2016 онд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг -2017 онд дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ЗГ-ын ажлын хэсэг – 2019 онд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг – 2022 онд УИХ-аас дахиад шинээр ажлын хэсэг. Ажлын хэсгийн дүгнэлтэд 1,3 их наяд төгрөгийн зөрчилтэй байгааг ч дурьдсан нь бий. 2016 онд шүү дээ. Гэтэл энэ их луйвар, гэмт хэргийг тухайн цаг үед бүх шатанд мэдэж байсан атлаа яагаад 10 жил үргэлжлүүлэв? Өнгөрсөн хугацаанд дээрхи өр төлбөрийг яагаад төлүүлсэнгүй вэ? Хөгжлийн банкны луйврыг хийсэн хүмүүс нь УИХ, ЗГ-ын гишүүд өөрсдөө. Өөрсдийнхөө хамаарал бүхий компаниудад зээл авснаас гадна төрийн өмчит маш олон компаниуд зээл авсан. ТОСК, Эрдэнэс Монгол, Эрчим хүчний яам, ДЦС … гэээд хөвөрч өгнө. Өнөөдөр зээлээ төлж чадахгүй байгаа компаниудын 50-иас дээш хувь нь Төрийн өмчит компаниуд. Хувийнхан бас ч буух хаяг, буцах эзэнтэй. Гэтэл төрийн өмчит компаниудын идэж уусан мөнгийг хэн хариуцах вэ? Тэр үеийн дарга удирдлагууд нь хэд хэд солигдож, хэн нь хариуцах нь мэдэгдэхээ больсон. Дорноговийн Алтанширээд баригдах газрын тосны үйлдвэрт 158 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас өгчээ. Өнөөдөр үйлдвэр баригдах бүү хэл төхөөрөмжүүдийн патентаа ч олон улсаас авч чадаагүй байна. Сонгуулиар 2022 онд ашиглалтад орно гэж тархи угаасан. Одоо 2025 он болчихсон тууж явна. Магадгүй бүр баригдахгүй болоход битгий гайхаарай.Бүтэхгүй болсон талаар мэдээлүүд сонсогдох болсон. Эрдэнэт үйлдвэрийн техник хэрэгслийг барьцаалаад зээл авсан хувийн компани ч бий. Өнөөдөр энэ асуудлыг шүүхэд өгч байгаа нь Засгийн газар өөрөө өөрийгөө л л өгч байгаа юм. Хөгжлийн банкны бүх удирдлагыг Засгийн газар хийсэн шүү дээ. Гол нь шүүхэд өгсөн цагаас эхлэн зээлийн хүү зогсох учраас магадгүй өөрсдөд нь ашигтай. Эцэст нь хэлэхэд: Хөгжлийн банкны луйвар өнөөдөр гэнэт бий болсон зүйл биш. Засгийн газар өөрсдөө удирдаж энэ гэмт хэргийг 10 жилийн турш үргэлжлүүлчихээд өнөөдөр гэнэт “шүгэл үлээж “ жүжих нь бүр ч сонирхолтой. Хөгжлийн банкны 10 жил үргэлжилсэн адал явдлыг судлаач Ганаа ахаас бусад нь бичсэнгүй. Эсвэл бүгд мартчихсан уу? Ажлын хэсгүүдийн дүгнэлтүүдээс тавилаа. Он сарыг нь сайн хараарай Сэтгүүлч Б.Отгон 2022.02.10

Related Articles

Back to top button
error: Content is protected !!