Uncategorized

Буруу савлагаатай хоолыг богино долгионы зууханд халаах нь эрсдэлтэй

Хоол хүнсийг хадгалахад шим тэжээлээ алддаг гэсэн ойлголт байдаг ч энэ нь гүн хөлдөөсөн хоолны хувьд ташаа ойлголт юм. Гүн хөлдөөсөн хоол хүнс нь амт, шим тэжээлээ алддаггүй бөгөөд энэ талаар бид хоол, хүнсний инженер-технологич, МУ-ын үндэсний зөвлөх С.Нарангэрэл (Ph.D)-тэй ярилцлаа. Хоолыг гүн хөлдөөнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах аргуудын нэг бол эгшин зуурт гүн хөлдөөх юм. Хүнсний бүтээгдэхүүний онцлог, шинж чанараас хамаарч гүн хөлдөөх аргын хэм, хугацаа өөр байх боловч ихэнх тохиолдолд -25 градусаас дээш хэмд хөлдөөдөг. Хүнсний бүтээгдэхүүнийг богино хугацаанд гүн хөлдөөснөөр шим тэжээл, эрдэс бодисоо алдахгүй, өөрийн амт, үнэрээ хадгалдаг давуу талтай. Гүн хөлдөөсөн хоол, энгийн температурт хадгалсан хоол ялгаатай юу? Бэлэн болсон халуун хоол нь 45°С-аас доош хэмд бичил биетний үржих таатай нөхцөлийг бий болгодог. Энгийн нөхцөлд (тасалгааны хэм 18-22°С, хөргөгчийн хэм 6-8°С) хөргөөд хадгалсан хоолонд нянгийн үржил ихэснэ. Иймээс “хоносон хоол” буюу энгийн нөхцөлд удаан хадгалсан хоолноос хордлого, ходоод гэдэсний өвчлөл үүсэх нь элбэг. Харин богино хугацаанд гүн хөлдөөсөн хоол нь хүний биед сөрөг нөлөөгүй, аюулгүй хадгалагдаж шим тэжээлээ хадгалдаг давуу талтай.Хоолыг богино долгионы зуух (печь)-нд халааж идэх нь муу гэсэн ойлголт байдаг. Хоолыг халааж хэрэглэх нь буруу юу? Богино долгионы зуух нь хоолыг цахилгаан соронзон долгионоор халаадаг. Хоолыг ингэж халаахад бүтээгдэхүүний савлагаа чухал нөлөөтэй. Буруу савлагаатай хоолыг богино долгионы зууханд халаах нь эрсдэлтэй бөгөөд ийм хоол хүнс шимт чанараа алдсан байдаг. Богино долгионы зуух нь өнөөгийн амьдралын хэв маягт нийцсэн олон давуу талтай. Гэсэн хэдий ч зуухны цэвэрлэгээг дутуу хийсний улмаас дотоод хананд бохирдол үүсэж ​​тавагтай, задгай хоол, хүнсийг халаах явцад бактерийн үржлийг нэмэгдүүлдэг. Харин стандартад нийцсэн савлагаатай, зөв технологиор хөлдөөж хадгалсан хоолыг халаахад хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Тиймээс зориулалтын эко савлагаатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Гүн хөлдөөсөн хоол өөр ямар ашиг тустай вэ? Шинэхнээр нь гүн хөлдөөсөн хоол нь хүний биед шаардлагатай уураг, өөх тос, амин дэмийг хадгалахын зэрэгцээ хадгалалтын хугацааг уртасгах ач холбогдолтой. Гүн хөлдөөсөн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн өртгийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Мөн хэрэглээг хөнгөвчилж, хоолны хаягдлыг багасгадаг тул байгальд ээлтэй. Орчин үеийн хөлдөөх тоног төхөөрөмжийн тусламжтайгаар жилийн бүх улиралд хадгалж хэрэглэх боломжтой болсон. Хөлдөөсөн хоол хүнс нь ажил ихтэй, завгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн цагийг ихээр хэмнэж байгаа билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!