Uncategorized

ХАЯГДАЛ ЯС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИАД ХАВЧИГДСАН МОНГОЛ БҮСГҮЙ…

Хувцас, загварын ертөнц, уран зураг, урлаг соёлд ойрхон явсан бүсгүй өөрийн ажил үйлсээс огт ангид бордоо, тэжээлийн үйлдвэр рүү яагаад давхиад орчихсон юм бол гэж Н.Оюунбат эгчийг хүмүүс гайхаж магадгүй ээ. “Протейн” үйлдвэр өдөрт 100 тонн малын яс, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, гахай, тахиа зэрэг амьтдын тэжээлийн уураг, бүх төрлийн ургамалын бордоо, тос болон тослох материалын үндсэн түүхий эд болох малын гаралтай тос үйлдвэрлэдэг юм байна. Энэхүү үйлдвэрийг одоогоор Италиас азийн орнуудаас Израиль, Н.Оюунбат эгч хоёр л худалдан авсан байдаг гэнэ. Тус үйлдвэр бүрэн автомат системтэйгээс гадна үйлдвэрлэлийн дараа нь ч гэсэн байгаль экологид сөрөг биш эерэг нөлөөтэй гэдгээрээ их онцлог ажээ. Н.Оюунбат эгч: Бизнесийн энэ салбар руу ороход эмзэглэл намайг хөтөлсөн гэж хэлж болно. Нэгэн түүх дэлгэе. Би нөхөртэйгөө Эмээлт зах орлоо. Тэндээс шөлний хонь авах гэж очсон юм. Энд тэндгүй мал нядлаад, хонь малаа зуу зуугаар нь ачаад ирж. Одоо тэгээд Монгол хүн Монгол малынхаа махыг идэхгүй, өөр яах ч билээ дээ гэсэн шүү юм бодож зогслоо. Гэхдээ л тэр олон мал дэндүү өрөвдмөөр санагдсан. Ялангуяа Монгол хүний амьд эрдэнэ, шүтээн болсон адуугаа арай л ихээр нь нядалж байгааг хараад нүдэнд нулимас цийлэгнэж байлаа.Энэ олон малын ясыг яадаг юм бол гэсэн сониуч зан гэнэт хөдөллөө. Тэгээд асуутал аймшигтай хариулт сонсож, бүр нүдээр үзлээ. Зөвхөн махыг нь аваад ясыг нь тонн, тоонноор нь бас дайвар бүтээгдэхүүнийг нь хүртэл хог дээр хаядаг, газар булдаг гэдэг байгаа. Булж байхыг нь хүртэл харлаа. Малын элэг уушги, бусад зүйлс хөрсөнд шингэхгүй, эргэж дэлбэрээд тэр хавийн үнэр танар ч аймаар болж хөрс, усаа бохирдуулж байгааг мэдэв. Энэ одоо юу гэсэн үг вэ? гээд л оволзоод явчихлаа. Байгалиа ингэж баллаж болно гэжүү дээ? гэж өөрийн эрхгүй дуу алдсан юмдаа… Европын улсууд бол олон жил тэжээсэн хайртай муураа хашаандаа булахад л шоронд орох хуультай. Яагаад гэвэл хөрс бохирдоно, усанд нөлөөлнө, ундарга ширгэнэ гэдгийг тооцдог. Гэтэл манайд?! Ингээд яс боловсруулах ямар боломж байна вэ? гээд судлаад эхэлсэн. Мал аж ахуйгаас гаралтай био-хаягдлыг ахин боловсруулдгаараа дэлхийд тэргүүлж буй АНУ, Итали, Германы туршлагуудаас судаллаа.Мөн ойрхноор нь Хятадын үйлдвэрүүдийг ч судалсан. Ингээд Италийн “Импианти Каррера” компанитай холбогдож тэдний тоног төрөөрөмжийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа ОХУ болон Израиль Улсад байрлах үйлдвэрүүдийг ч очиж үзсэн юм. Их ч судалж харьцуулж байж үйлдвэрээ барьсандаа… Манайд хаяад, булшлаад, орчноо бохирдуулж байгаа хогийг бусад улс жинхэнэ баялаг болгож байна шүү дээ. Тэгээд л би өөрийн бүхий л хөрөнгө, байр саваа барьцаанд тавьж байгаад л зээл авч “Протейн” үйлдвэрээ байгуулахаар шийдсэн. Газраа худалдаж авахаас эхлээд бүтээгдэхүүн гаргах хүртэл ямар олон уул давааг давсан гэж сананаа. Манай үйлдвэрийн онцлог нь ямар ч хаягдалгүй, эко үйлдвэр гэдэгт байгаа юм. Энэ чинь л нөгөө дэвшилтэт технологид суурилсан иновацын шилдэг шийдэл гэдэг нь шүү дээ. Бүтээгдэхүүнд маань хүмүүс ам сайтай байгаа. Бордоогоор маань мод ургамалаа бордож байна. Малын буян мод болоод эх орон маань ойгоор бүрхэгдвэл хичнээн сайхан. Тэжээл уургийг маань тахианы том фермүүд аваад хэвшиж байна. Манай уургийг өндөг идэж байгаа хүн бүхэн хүртэж байна гэсэн үг. Монгол малын шим дэндүү сайхан юм. Малын яснаас тос их хэмжээгээр гарч байна. Үүнийг саван болговол хичнээн үнэ цэнтэй бүтээгдэхүүн болохов?Монголчууд өнөөдөр сая сая долларын саванг гадаадаас авч байгаа гээд л боддоо. Бид бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах гээд хөөцөлдөж л байна. Ямартаа ч Монгол Улс хөрсөө, усаа, байгаль орчноо бохирдуулахгүй, тахиа гахайгаа тэжээх, мод ургамалаа тэтгэх уурагтай болоод авлаа. Мэдээж л техник юм болохоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд асуудал үүснэ. Эвдрэл ч гарна. Учир нь манай Монгол малын яс тийм чанартай, хатуу юм байна. Тэндээс мэргэжилтэн, инженерүүд урьж авч ирнэ. Тэдний цалин хөлс цаг минутаар тооцогдоно. Зээлээ валютаар авсан учир валютын зөрөөнөөс хэдэн тэрбум төгрөг алдах ч энүүхэнд. Тэр бүгдийг бичвэл олон ангит кино кино. Гэхдээ л үйлдвэр маань ажиллахыг харах сэтгэлд үнэхээр сайхан байдаг. Хөрс, ус болон хүн, малыг шууд утгаар нь бохирдуулж байгаа био хаягдлыг өдөрт 100 тонноор багасгаж, улс орныхоо хувьд стратегийн ач холбогдолтой чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг хамгийн чухал гэжээ. Дүрлэгэр алаг нүд нь заримдаа бодлогоширж, жаахан урам өгхөд л сэргээд ирэх Н.Оюунбат эгчээр бахархмаар бас өрөвдмөөр. Яагаад бид нэгнээ гэж бодохоо байв. Улс яагаад боддогоор дэмжихгүй байна вэ? Арай Хятад, Оросын … гэх хар төрсөөн. Хэлсэн ёсоороо би надад өгсөн сэтгүүл дээрх бүх мэдээллийг нь ингээд нэг бүрчлэн шивж орууллаа. Хийдэг, бүтээдэг, чаддаг, бусдыгаа улсаа гэх сэтгэл зүрхтэй Баялаг бүтээгч, Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжицгээе Монгол ахан дүүсээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ. Бүгд хичээж байж л хөгжиж дэвжинэ. Бусаддаа урам, дэм өгцгөөе!Н.Оюунбат эгчийг зорьж очсон миний сэтгэл бол харлуулах биш харин ч эсрэгээрээ сэтгэлийн жаахан ч болов дэм өгөх, хийж бүтээснийг нь бусад Монголчууддаа чадлаараа хүргэхсэн л гэсэн сэтгэл байсан юм.Олон олон Монголчууд маань энэхүү түүхийг уншаасай. Ойлгоосой. Та нар минь шэйр хийж бусаддаа уншуулаарай. Дэнслээрэй, тунгаан бодоорой… Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг түүхтэй Улсын иргэд. Дор бүрнээ чадах чинээгээрээ нэгнийхээ, бусдынхаа, өөрсдийнхөө төлөө хичээж тэгээд энэ бүхний эцэст Улсаараа сайхан амьдарцгаая. Монгол Улсаа Монголчууд бид өөрсдөө л хөгжүүлнэ??Хамтдаа хичээцгээе. Үйлдвэр болон бүтээгдэхүүнийх нь зарим зургийг энд орууллаа. Хамаг данс, картаа хаалгачихсан гэх Н.Оюунбат эгчээс мөнгө төгрөг авах сэтгэл надад үнэхээр байгаагүй. Айлаар ярьвал Монгол гэж нэг л айлын 3 сая гаран хүүхдүүд билээ бид. Тийм ч учраас эгч шигээ бодож туслахыг хүсэн таксидан барин зорьж очсон юм шүү. Dens.mn мэдээллийн сайтын эрхлэгч Т.Шинэбаяр. Дэмжиж байвал шэйр хийгээд өгөхийг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсье ээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!