Uncategorized

“Алтай”, “Ажнай” тодотголтой Бат-Эрдэнүүд Хөгжлийн банк, хөрөнгө оруулагчийг “цөлмөсөн” ТҮҮХ

Энэ цаг үед Монголын тэргүүн баячуудад тооцогдож буй “Алтай”, “Ажнай” тодотголтой Бат-Эрдэнүүд гэж хэн бэ. Тэд хэний хүч, нөлөөгөөр өдий зэрэгт хүрч, Хөгжлийн банк, хөрөнгө оруулагчдын “цөлмөгч” болж хувирсан талаар энд өгүүлэх гэж байна. Тэдний адил тал нь улс төрчидтэй үеийн үед сүлбэлдэж, хувийн бизнесүүдээ “цэцэглүүлж””, ажлаа амжуулсаар ирсэн байдаг. Ямар ч нам ялалт байгуулж, олонх болсон бизнес, улс төрийг гартаа атгаж, гол тоглогч хэвээр байж чаддаг. Тиймдээ ч хийсэн хэргүүд нь, болж бүтэхгүй зүйлсээ бусдаар аргалуулж, хонгилоор замхруулж ирсэн ийм л муу аргатай улс гэдгээрээ танил. -47 ТЭРБУМЫГ ТӨЛӨХГҮЙ, ГУРВАН ЖИЛ ШҮҮХЭД ГАЦААЖ, ГАНЦХАН САР “СУУГААД” ГАРЧ ИРСЭН НЬ- Монгол Улсын тод манлай уяач, “Алтай Констракшн” ХХК-ийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэ бол “Баян аав ба ядуу аав” номонд гардаг баян аавын жишээ мөн. Түүнд олон их дээд сургууль төгссөн, магистр, докторын зэрэг байхгүй. Харин жолоочоос ганзагын наймаа хийж, барилгын том компанийн захирал болтлоо толгойгоо ажиллуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн сүйхэйтэй нэгэн яах аргагүй мөн. Гэхдээ энэ хэмжээнд хүрэхийн тулд юу эсийг хийсэн байх вэ. Түүнийг яагаад дурдах болсон бэ гэвэл Хөгжлийн банкнаас зээлчихээд төлөхгүй хэдэн жил болж буй 47 тэрбумын асуудал нь өдгөө олон нийтийн анхааралд ороод байгаа юм. Уг нь энэ зээлийн асуудал олон жил яригдаж ирсэн ч одоо л мэдэж байгаа аятай олон нийт цочирдож байгаа нь гайхалтай. Түүний ихэнх хувийг нь эзэмшдэг “Монгол драй милк” компани Монгол Улсад хуурай сүү импортлох, бүтээгдэхүүн экспортлох зорилгоор банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбумын зээл авсан байдаг. Ингэхдээ тэр төрсөн ах Х.Батбаасан руу “Монгол драй милк” компани компанийн хувьцааг бүгдийг нь шилжүүлж, дараа нь дахиад группийн ажилтан Э.Эрдэнэбилэг гэх залуугийн нэр дээр дахин бүх хувьцааг нь шилжүүлэн өгсөн нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон байдаг. Мөн Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь бүгд “Алтай групп” болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнх байсан нь ил болсон. Гэвч тус банканд барьцаалсан хөрөнгө нь зээлсэн 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан талаар одоо амтай болгон ярьж байна.Тиймээс өдгөөгөөс гурван жилийн өмнөөс “Монгол драй милк” компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн, АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр 2019 оны есдүгээр сарын 23-нд шүүхэд шилжүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эл хэрэг шийдэгдээгүй, шүүх хурал нь нийтдээ 11 удаа хойшилж, гацсаар өдийг хүрээд байна. Хэргийг нь шалгаж эхлэх үед “Алтай групп” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ хил давж зугтсан бөгөөд АТГ-аас Интерполоор эрэн суравжлуулсны үр дүнд 2020 оны долдугаар сард АНУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн бөгөөд прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татаж, наймдугаар сард сүржин баривчилгаа хийж, есдүгээр сард батлан даалтад гаргасан байдаг. Түүнээс хойш эл хэрэг бараг гурав дахь жилдээ сунжирч, бараг мартагдаж байсан бөгөөд Хөгжлийн банкны зээлдэгчид ил болсноор дахин сөхөгдөж буй нь энэ. -СҮЙХЭЭТЭЙ ТЭР ЭРИЙН ЦААНА- Х.Бат-Эрдэнэ Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хамгийн их эрх дархтай бизнесмэн байсан, түүний дотнын найз гэгддэг. Тэд олон жил бизнесийн салбарт нөхөрлөж байгаа. Ж.Эрдэнэбат төрсөн дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байх орд газраа Х.Бат-Эрдэнэ найздаа маш хямд үнээр өгч байсан гэх мэдээлэл ч байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нартай маш ойр харилцаатай ч гэдэг.Тэдний дэмжлэг “Монгол драй милк” ХХК-ийг Хөгжлийн банкнаас 47 тэрбумын зээл аваад, өдий хүртэл төлөөгүй, ичихгүй шүүхдээд явж байгаагийн шалтгаан байхыг ч  үгүйсгэхгүй.Түүний хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гаас ч зээл авч байсан байдаг. Тодруулбал, “Алтай констракшн”-ы Хадбаасангийн Бат-Эрдэнэ хамаарал бүхий таван компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан. Нэрлэвэл, “Блю скай стар”, “Буйр лэйк тур”, “Кореасан са”, “Рояал кроун”, “Төгс шим” компани тус бүр хоёр тэрбум төгрөг авч байжээ. Тухайн үед түүнд энэ хэмжээний зээл гаргахад дотны найз нь болох, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нөлөөлсөн үү хэмээн тухайн үед хардацгааж байсан нь зөрүүгүй ч байж мэднэ. Тухайн үед эл зээлийг авахдаа мөн л шаардлага хангахгүй эд хөрөнгө барьцаанд тавьсан нь батлагдсан талаар тухайн үед хэвлэлүүдээр мэдээлж байсан юм. Эл зээлүүд төлөгдсөн эсэх нь одоог хүртэл мөн л тодорхойгүй байна. -ТОЛГОЙ БАЯН Д.БАТ-ЭРДЭНЭ ТОМООХОН 20 КОМПАНИД ОРОЛЦООТОЙ-Жирийн иргэд бид Тавантолгой компаниас 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг сая 677  мянга 278 ширхэг хувьцаа эзэмшдэг. Монголдоо толгой баячуудын тоонд ордог тэрбээр дөрвөн жил өнжөөд дахин УИХ-д ороод ирсэн нэгэн. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон 20 компанид оролцоотой. Гэхдээ тэр ХОМ-тээ тун даруухнаар жилийн нэг тэрбум 589 сая төгрөгийн олдог гэжээ. Мөн жилийн тэрбумын орлоготой мань эр 880 сая төгрөгийн хоёр орон сууцтай гэх.470 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр  үнэт эдлэлтэй байсан тэрбээр өнөөдөр бараг л 4 тэрбумын үнэт эдлэлтэй. Дотоод дансандаа тэрбум 264 сая төгрөгтэй бол гадаад дансандаа 68 сая төгрөгтэй гэдгээ мэдүүлсэн байх юм.-НАЙЗЫНХАА ХУВЬЦААГ ЗАЛИЛЖ, 30 ТЭРБУМААР ХОХИРООСОН ГЭХ ХЭРЭГ- Түүний хувьд МАН-ын үе үеийн сонгуулийг мөнгөөр “угжиж” ирсэн нэгэн. Тухайлбал Ш.Раднаасэдийг УИХ-ын гишүүн болооход ихэд дэмнэсэн гэдэг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болсных нь араас гар хөлийнхөө үзүүрт зарж, ажлаа бүтээлгэдэг, ийм л нарийн аргатай болсон хүн гэгддэг. Түүний хувьд гадаадын хөрөнгө оруулагчаас “Таван толгой”-н хувьцааг маш хямдаар худалдаж аваад супер баяжсан нэгэн. Түүнийг нь залилан байсан хэмээн ОХУ-ын иргэн гомдол гаргаад, Монголын хууль шүүхийн байгууллагаар арваад жил яваад, эцэстээ цөхрөнгөө бараад буй. ОХУ-ын иргэн К.Д.Романоеский гэх хүн “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэд 30 орчим тэрбум төгрөгөө луйвардуулсан тухайгаа мэдэгдэж, гурван шатны шүүх Д.Бат-Эрдэнийн талд шийдвэр гаргасан тул аргаа барахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад нээлттэй ил захидал бичин, олон нийтэд дэлгэж байсан нь саяхан. Тэрбээр захидалдаа ” Хятадын зах зээл дээр Таван Толгойн нүүрсний үнэ өсөхөд тус компанийн ноогдол ашиг ч мөн өссөн. Гэтэл оюутан үеэс нөхөрлөж ирсэн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдэг нэрээрээ алдартай түнш маань гэнэт шунахай хүсэлдээ хөтлөгдөн, бизнесийн шударга зарчмыг огоорох болсон. Би өөрийн худалдан авсан “Таван Толгой” ХК-ийн 1 023 100 ширхэг хувьцаагаа Тээвэр хөгжлийн банк (Транс Банк)-аас авсан зээлийн барьцаанд тавьсан байсан. Д.Бат-Эрдэнэ манай хувьцааг хуулийн болон хууль бус аргаар өөртөө авахын тулд янз бүрийн арга хэрэглэх болсон.Би 20 жилийн түүхтэй оюутан үеийн нөхөрлөлийнхөө үнэ цэнэд итгэж ирсэн ба Орос-Монголын ах дүүсийн харьцаа нөхөрлөл сүйрнэ гэдэгт итгэхгүй байсан. Миний хувьцаагүйгээр тэр “Таван Толгой” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч болж чадахгүй байсан. Хэрвээ тэр миний хувьцааг авбал тэрээр “Таван Толгой” ХК-ийн хамгийн том буюу 49 хувийн хувьцаа эзэмшигч болох юм. Тиймээс 49%-ийг эзэмшихийн тулд тэрээр ёс суртахуунтай болон ёс суртахуунгүй, хуулийн болон хууль бус бүх арга хэрэгслийг ашиглаж эхэлсэн. Энэ бүхэн эхэлж байх үед Монголын шүүх тогтолцоо, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамт шударгаар ажиллаж байсан. Шударга үнэнд тулгуурласан Монголын шүүх тогтолцоо сайн ажиллаж, Д.Бат-Эрдэнийн залилангийн гэм буруутай үйлдлийг тогтоож чадаж байсан. Би Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд хандахыг хүссэн хэдий ч, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Д.Бат-Эрдэнэ миний ноогдол ашгуудыг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр уг маргааныг шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд К.Д.Романовский миний нэр дээр байгаа хувьцааны хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсан. Харин эсрэгээр, Бат-Эрдэнэ Монголын хөрөнгийн биржээр дамжуулан миний ногдол ашгийг авсаар байгаа юм. Тэрээр ийм маягаар Монгол улсын бүх хууль тогтоомж болон тогтоолуудыг үл тоомсорлосон үйлдэл хийж байгаа ба эдгээр хувьцаануудын тус бүрийн зах зээлийн үнэ 10 000-12 000 төгрөг байхад тэрээр залилан мэхлэх замаар 300 төгрөгөөр худалдан авсан. Өөрөөр хэлбэл, Д.Бат-Эрдэнэ хууль сахиулах байгууллага, шүүхийн байгууллага, хөрөнгийн бирж, нотариатчид, өмгөөлөгчид, прокурорууд гэх мэт хувь хүн, байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажиллагаагаар ОХУ-ын иргэн намайг дээрэмдсэн юм…” хэмээсэн юм. Хачирхалтай нь Д.Бат-Эрдэнэ энэ мэдэгдлийг үгүйсгэж, нэг ч удаа ам нээгээгүй. Түүний хувьд К.Д.Романовскийтой найз нөхөд байсан гэдэг нь гэрэл зурагт түүх болон үлджээ.-ХЭРЭГ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮГЧ, ПРОКУРОРУУДЫН ААЛЗНЫ ТОР МЭТ ХЭЛХЭЛДЭЭН- Энэ хэрэг дээр К.Д.Романовский цөхөрч, Монголын хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарсан бол түүний хамтрагч “Говь-Урал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.Батсүх, М.Буяннэмэх нар тэмцсээр яваа аж. Тэд 2019 оны аравдугаар сарын 18-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, байнгын хорооны дарга Х.Нямбаатарт хандаж “ Бизнес болон эд хөрөнгөө бусдад луйвардуулж, дээрэмдүүлсэн. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нэр бүхий шүүгч нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргасан. Тиймээс тэдэнд хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлоо барагдуулахыг хүсч байна” хэмээсэн өргөдөл өгчээ. Харин Х.Нямбаатар уг өргөдлийг ШЕЗ-ийн Шүүхийн сахилгын хорооны Есзүйн хорооны дарга Н.Эрдэнэцогтод болон АТГ-т шилжүүлсэн байх юм. Улмаар эл хэргийг АТГ-аас харьяаллын дагуу Тусгай субъект мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж, шалгалтын ажиллагаа овоо урагшилж байсан ч дээрээс буюу прокуророос уг хэргийг хүчээр хаалгах ажиллагаа явагдаж, хэрэгсэхгүй болгох саналтайгаар хаасан аж. Тухайн үед НПГ-ын Ерөнхий прокуророор саяхан авлигын хэргээр торгуулийн ял аваад алга болсон Ш.Нямдорж ажиллаж байсан бөгөөд, тэр чиглэл өгсөн гэх. Тиймээс Т.Батсүх, М.Буяннэмэх нар үүнийг эсэргүүцэж,удаа дараа УЕПГ-т гомдол гаргасан ч түүнд “Хэргийг дахин хянах боломжгүй. Гурван шатны шүүхээр нэгэнт шийдэгдсэн хэрэг. Хэргийг шийдсэн шүүгчид бусдад давуу байдал олгосон, хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ нь тус прокурорын газрын эцсийн шийдвэр болно” гэх хариултыг хоёр ч удаа өгчээ.Эх сурвалж: Eguur.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!