Uncategorized

Р.Эмүжин: Гуравдагч этгээд нь байна аа, Учрал аа…

Гуравдагч этгээд нь байна аа, Учрал аа… Ээмэг зүүсгэлдээ түүртсэн эмээ болно. Эвий минь яана даа гэмээр жижигхээн хөгшин болно. Тэгж байтал дүүрэг, хороо хориноос дуудна. За бүр яг энэ дээл, малгайтайгаа Эмүжин гуай хормойгоо өшиглөөд очно. Цагаан сарын хэвийн боов, тавгийн чихэр, гурил будаа өгнө. Шуудай гурил, уут будаа, тавгийн боов, цай бариулаад нөгөө олон зурагчин нь зураг дарна. Гишүүн гуай тохойноос түшиж ирээд, тохойлдох шахам патиардуулна. Ха ха, за инээд хүрээд, энүүнээс цааш төсөөлж ч чадахгүй нь ээ, Учрал аа. Дөрвөн өвөл дараалан хэвийн боовыг нь гар тосон авч, дөрвөн намар дараалан ахмадын баярын өглөг хүртсэн юм чинь гээд өглөгч гишүүн гуайд тархиа тас базуулаад, ходоодоо хага атгуулаад саналаа өгөх юм уу? Битгий горьд, ёстой зэвүүн шар эмгэн машинаа хэд хаазлуулж очно, ер нь бол тамшаалах гэж биш тарааж хаях гэж л шагайна, за. Хэдэн муу хэвийн боовыг чинь хэмх шидчихээс буцахгүй нэг бус үеийнхэн гучин насыг гэзгэдээд, дөч гараад, тавийг атгаад ирж явааг мэдэж ав. Энэ жил ч гэсэн эхнээсээ наад боов боорцогнууд чинь хороо дүүрэг дээр эзэнгүйдээд хэвтдэг болсон байна. Эзэд нь авахгүй гэж ам таглаад, утсаа шидэж уурлаж байна. Харин одоо бол бид чинь гуравдагч этгээд гэдэг хочтой бил үү? Гуравдагч этгээдээс санал хүргүүлье ээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах зүрх зоригтой аавын хүү, ээжийн охин энэ парламентад байна уу? Байвал дэмжье. Занданшатар аа, Оюунчимэг ээ, Цэрэнпунцаг аа, хүслийн хөөрхөн моднууд аа…Монголын парламентад нэр дэвшигчид, нэр дэвшээд сонгогдсон гишүүд иргэдэд ямар нэгэн байдлаар хоол, хогшил хоёр тараахыг хориглох заалт Сонгуулийн тухай болон УИХ-ын тухай хуульдаа нэмж оруулъя. Хууль зөрчсөн этгээд нэр дэвших, сонгогдох, парламентад суух эрхээ алдахаар хуульчилмаар байна. Тэгэхгүй бол иргэдийн олонх нь оюун санаагаараа биш олгойгоороо санал өгсөөр байх болно. Гишүүдийн олонх нь төрөөс халаасласан мөнгөнийхөө 0.0001 хувиар гурил будаа тараах хэлбэрээр санал худалдаж авсаар байх болно. Төрөө арилжааны мөнгөн дэвсгэрт, 10 кг-ын гурил, ууттай будаа, ул боов болтол хямдруулдаг энэ үзэгдэлдээ цэг тавихгүй бол түрийний бөөсөнд оймс үнэтэй, түмний саналд гурил үнэтэй хэвээр явсаар энэ улс мөхөх нь эээ…УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Дэгийн тухай хуулиуддаа энэ чиглэлээр өөрчлөлт оруулахаар санаачилсан гишүүнийг дөрвөн мөчөө өргөөд дэмжихээ үүгээр мэдэгдэж байна!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!