Uncategorized

Нэгэн буурлаас ирсэн сэтгэл эмзэглүүлэм өнөөгийн бодит үнэнг бичсэн захиаг хүргэж байна

Нэгэн буурлаас ирсэн сэтгэл эмзэглүүлэм өнөөгийн бодит үнэнг бичсэн захиаг, өчигдрийн “шууд харалцаан” дээр та бүхэндээ уншиж өгсний дараа маш олон хүнээс уг захиаг “бичээд нийтэлж өгнө үү!” гэсэн хүсэлт ирсний дагуу бичээд та бүхэндээ хүргэж байна: Энэ өдрийн амар мэндийг эрэн мэндчилье! Хаана хэнд өгөхөө, хаягалхаа мэдэлгүй сийрүүлэн бичлээ. Бид бүгд гараа өргөж дэмжиж сонгоод өөрийн чинь хэлдэгээр “сонго-уйл” гэдэг шиг сонгоод уйлж сууна. Өнөөдөр амьсгалж амьдархад нэн бэрх хүнд хэцүү хүйтэн айдастай гунигтай өдрүүдийг ард иргэд туулж байна. Хэзээ хийсэн үйлийн үр вэ? гэж бодох боллоо. – Гашуун утаанд амьсгал боогдож нүд хорсож даарахын эрхэнд “шахмал түлш” хэмээх химийн хортой бодистой түлш түлж сууна.Үнэр гэж аймаар, тортог гэж эцэс төгсгөлгүй, ходоод хоосон, сэтгэл гундуу цар тахлын айдас дээд цэгтээ, бараа бүтээгдэхүүний үнэ дийлдэхээ байсан, цалин тэтгэвэр за бүр хэлээд ч юу гэхэв дээ! Даанч яавдаа!Би 380,000 төгрөгний тэтгэвэр авдаг хүн байна. Түлээ түлш идэх хоол эм тариа арай гэж хүрнэ. Өмсөх хувцсанд бодоод ч хэрэггүй. Бидний сонгосон итгэсэн хүмүүс хаана юу хийж явнаа? Нөгөө чөмгөө дунтартал зүтгэх итгэсэн ардын хүү Хүрэлсүх маань яаваа? Өдий нөхцөл байдал ийм хүнд байхад яагаад дуугарахгүй байна вэ? Тэтгэвэр нэмнэ гэсэн хүүхдийн мөнгө хасаж байж жоохон юм нэмэх гэнэ. Өдий олон жил улс нийгэмдээ зүтгэж ёстой л чөмгөө дундруулсан ахмад буурай биднийгээ яасан их ад үзнэ вэ? Бид зээлж авах гээгүй гуйж ч авах ёсгүй хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртээд гэдэс цатгалан хөлөө жийгээд жаргаж суух насан дээрээ улс орныхоо удирдагч нартаа ад болох гэж нийгмийн даатгал насаараа төлөөгүй юм шүү дээ!Хэдхэн жил авч чадах чадахгүйтэй амьдарч байгаа биднийг сонгууль болохоор тэнгэрт тултал магтаж цаасан малгай юунд өмсүүлнэ вэ? Бусад улс орнуудаас их туршлага судалж даган дурайдаг санагдана “Тэр улс ингэжээ үүнийг нэвтрүүлнэ, дэлхий тийм болжээ бид дутах ёсгүй” гэж ирээд л баахан хууль батална. Тэгвэл тэр дэлхийн улс орнуудад ахмад өндөр настнууд яаж сэтгэл тайван дүүрэн жаргалтай гэдэс цатгалан мөр бүтэн байгааг нэвтрүүлж болдоггүй юм болдоо! Хөөрхий дөө! Хөшөө барина мөнгө үрнэ гэнэ. Гишүүдийн тойрогт мөнгө зарцуулна гэнэ. Дарга сайд нарын хэрэглээ гэдэг нь тэнгэрт тулсан ханштай, зөвхөн өөрсдөө авах үрэхийн тухайд хууль батлана. Ард түмэндээ өгөх тухайд дандаа зовлон тоочно. Бидний хэдэн Монголчууд мөн ч их гачлантай үеийг үзэж байна даа. Банкинд хадгаламжтай өндөр настан манай улсад байхгүй дээ! Банкинд өртөй иргэд л даанч их байна. Өдий өндөр насалчхаад залуу хүүхдүүд шиг гадаад явахсан гэж бодох юм. Эх орон нь тоохгүй хаяж байхад харь элгийн улс юу ч боллоо гэж мань мэтийг тоох билээ дээ! За тэгээд бидний хэдэн ахмадуудыг авах газрын хаяг ойлгомжтой л байх шиг байна даа! Өвгөн миний бичсэнийг уншиж ухаарах нэг нь хойшдоо зөв сонголт хийж сэтгэлтэй нэгнийгээ үнэлж, хөгшиддөө ээлтэй хүүхэдүүддээ хайртай, зөв нийгэмийг бий болгоорой доо! Монголчууд минь… Өндөр настан С.Пүрвээ 2022.01.18

Related Articles

Back to top button
error: Content is protected !!