Uncategorized

Б.Идэр-Одын тэтгэлэг авсан эсээ: Хэзээ ч харж байгаагүй, ор мэдэхгүй аавыгаа…

Б.Идэр-Од АНУ-ын Канзасын их сургуульд, Нисэхийн инженерийн мэргэжлээр суралцсан. Ингэхдээ 100 хувийн тэтгэлэг хүртэж байв. Харин тэтгэлэг горилохдоо бичиж байсан англи хэл дээрх эсээгээ тэр фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байна. Эсээг орчуулан хүргэе. Би аавыгаа мэдэхгүй. Хамгийн сүүлийн удаа түүнд тэврүүлэхэд дөнгөж гурван сартай байв. Сүүлчийн нислэгтээ явахын өмнөх шөнө тэр намайг яг л салах ёс гүйцэтгэж байгаа мэт хачин чанга тэврээд, Мөрөн голын эргээр хэдэн цагаар алхсан гэж ээж дурсдаг юм. Хүүхэд насаа түүний онгоц жолооддог, барилддаг, дуулдаг, зурдаг байсан тухай, бас шар онгоцны нь тухай сонсож өнгөрөөсөн дөө. Монголын хойд нутаг дахь жижигхэн хотынхоо тэнгэрт онгоц нисэхийг харах бүрдээ би “Хөөх, шар онгоц!” гэж дуу алддаг байж билээ. Зуны царцаа шаргих шиг дуутай тэр шидэт онгоцонд суучихлаа, нислэгийн багийн нэг хэсэг болчихлоо гэж заримдаа зүүдэлдэг байлаа. Хожим нь миний дурласан хүчирхэг, хамгийн шидтэй тэр машин л аавыг түнэр харанхуй руу авч одсоныг ухаарсан юм. Тэр мөчид мөрөөдөл минь өөрчлөгдчихсөн. Онгоцыг аюулгүй газардуулж, нисгэгчдийг нь үргэлж гэрт нь хариулдаг хүн болохыг мөрөөдөх болсон. Тийм ээ, одоо ч би ингэж мөрөөддөг. Хамгийн анх уншсан номоо “Монголын нууц товчоо”-гоор санадаг юм. Үнэндээ Чингис хааны амьдрал, түүхэн урт үйл явдлуудын тухай ном боловч ээжийн надад тайлбарладаг байснаар, хамгийн гайхамшигтай үлгэр шиг л бодогддог байж дээ. Ээж энэ номыг уншиж өгдөг болоход би гуравхан настай байлаа. Хэдэн жилийн дотор нэжгээд удаа бүтнээр нь уншиж өгсөн. Есөн нас хүрмэгц минь ээж “Миний хүүгийн мөрөөдөл юу вэ?” гэж асуув. Харин би мөрөөдлөө ярьж зориглосонгүй.Тэгэхэд ээж “Чингис хаан есөн настай мөртлөө хэдий нь дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулах тухай мөрөөдөж байж шүү дээ. Миний хүү, том мөрөөдөхөөс хэзээ ч битгий ай” хэмээсэн юм. Энэ үг намайг чухам одоог хүртэл урам зоригоор цэнэглэж байгаа. 12 нас хүрээд шинжлэх ухаанд илүү шимтэх болов. Гэрийнхээ ойр, 40-р сургуульд сурдаг байлаа. Сургууль маань Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх, Зөвлөлтийн үед барьсан олон орон сууцнуудын дунд байрлана. Нэг өдөр ангийн найз бид хоёр математик, физикийн сургалтаараа тэргүүлдэг 11-р сургууль элсэлтийн шалгалт авах гэж байгааг дууллаа. Шалгалтын хураамж 5 ам.доллартай тэнцэж байв. Ээжид тэр сургуульд ормоор, шалгалтыг нь өгч үзмээр буйгээ хэлэхэд орой мишээсээр, хураамжийн мөнгө барьчихсан ирж билээ. Элсэлтийн шалгалт нэлээд хүнд, хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд 600 хүүхэд бүртгүүлснээс тавдугаар ангийн 70 хүүхэд тэнцсэн юм. Хамгийн эхэнд жагсаагүй ч тэр айхавтар шалгалтад тэнцэж, байдаг л нэг сургуулийн би тэндхийн сурагч болох нь тэр. Ээж жаахан санаа зовж байсан нь ч амжилт гаргахад минь нөлөөлсөн байх. Манайх машингүй, автобусны буудал хол. Шугамын автобуснаас хоцрохгүйн тулд нэлээд урт замыг гүйж туулах хэрэг гарав. Гэрээсээ шинэ сургууль хүртэл бараг нэг цаг явж хүрнэ. Өвөл 16.00 цаг гээд харанхуй болчихно, агаарын хэм -30, замдаа эвгүй, эрсдэлтэй хорооллоор дайрч өнгөрнө. Миний амьдралын хамгийн чанга цаг үе болж үлдэж дээ. Гэхдээ намайг шинэ сургуулийн багш нар, ангийн хүүхдүүд өдөөж, урагшлуулж байлаа. Би шинжлэх ухааны хичээлүүддээ, ялангуяа физиктээ жинхэнэ хорхойтон сурагч байв. Ээжийг сургуулиа төгсөх үеэр Калифорнид хэсэг байх боломж тохиосон маань 2003 онд билээ. Анх удаа NASA-гийн шаттл станц, АНУ-ын Агаарын хүчний шоуг нүдээр үзсэн минь тэр. “Foresight Institute”-ийн нанотехнологийн семинарт ч суусан юм.АНУ-д өнгөрүүлсэн тэр цаг хугацаа үнэхээр онцгой адал туршлага болсон. Америкт очиж үзэхээсээ өмнө би ирээдүйн тухай бүдэг бадагхан төсөөлөлтэй, физикийн сайн дүнтэй, “Амжилт гаргана даа” гэсэн итгэлтэй л нэгэн байв. Харин NASA-г нүдээр үзээд, Цахиурын хөндийн гайхамшигт технологийн ертөнцөд хөл тавиад мөрөөдөл минь бодит болох, биелэх боломжтой юм шиг санагдсан. Миний төрсөн өдрөөр ээж нэг ном бэлэглэсэн юм. “How Stuff Works” гэсэн нэртэй. Компьютер дээр эсээ бичиж буй яг энэ үед ном ширээн дээр маань харагдаж байна. Би шинэ, шинэлэг технологийн тухай унших дуртай. Юмс яаж ажилладгийг харах, ойлгох их сонирхолтой. Шинэ технологи нэвтрүүлж, тэр дундаа онгоцыг илүү аюулгүй болгон инженерчилж байна гэж мөрөөдөх ямар сайхан гээч. Ингээд харахад, би онгоцны аюулгүй ажиллагаанд чиглэсэн төхөөрөмж бүтээх туйлын хүсэлтэй нэгэн. Хэзээ ч харж байгаагүй, ор мэдэхгүй аавыгаа 22-хон насандаа онгоцны ослоор нас барсныг ойлгосон тэр мөчөөс хойш би ингэж мөрөөдсөөр ирсэн билээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!