Uncategorized

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоотой болох хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд Ерөнхий сайдаас болон БОАЖ-ын сайдаар томилогдож буй Б.Бат-Эрдэнээс санал хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Давхар дээл”-ийн асуудлаар асуултад хариулав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдаас асууя. Мэргэжлийн сайд нар урт хугацаандаа салбараа амжилтад хүргэнэ. УИХ-д дан дээлтэй сайд танилцуулахад гишүүд шоглож байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гаднаас сайд томилоход ийм байдаг юм гэж шоглож байна. Дан дээлтэй сайд нартай ажиллахад ямар байна вэ? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдаар ажиллахаас өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хоёр жил ажилласан. Эхний жил нь гишүүн сайдуудаас бүрдсэн Засгийн газарт, дараа жил нь дөрвөн УИХ-ын гишүүн сайд байх боломжтой кабинетэд ажилласан.Энэ үед ЗГХЭГ-ын даргын өрөөний ачаалал илэрхий нэмэгдэж байсан. Нэг үгээр хэлбэл, мэргэжлийн сайдууд УИХ-д асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулахад жулдаж байсан. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Үнэхээр сэтгэлтэй, ажлаа хийж буй хүмүүс бий. Хоёр буюу түүнээс дээш сонгогдсон гишүүдтэй харьцуулахад салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрийн нөхцөлд өөрийгөө илэрхийлэх, асуудлаа зоригтой шийдэх тал дээр сул талтай. Давуу тал нь тойрог руугаа алга болдоггүй, томилгоонд нутагархдаггүй. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулийн бүрэн эрхийн хэмжээнд ажиллах ёстой. Өнөөдрийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд ажиллаж буй Засгийн газар цар тахалтай үед ажиллаж байгаа нь мэргэжлийн сайдуудыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлүүлж байж магадгүй. Энгийн үе байсан бол харьцангуй өөр байх байсныг үгүйсгэхгүй.Цаашдаа Монгол Улс сонгодог парламентын засаглал руу явах нь зүйтэй. Манай улс гишүүдийн тоогоо ч бодолцож, парламентын гишүүн сайд байх асуудал гурав, дөрвөөр хязгаарлагддаг нь шийдэгдэх ёстой, холимог тогтолцоо ч орж ирэх ёстой. Ингэж байж нийгэм өөр болно. Үндсэн хууль бол нийгмийн эрх зүйн хувьд зөвшилцлийн баримт бичиг. Нэг нам олонх болоод хүчилдэг асуудал биш. Цөөнхтэйгөө ярилцаж, нийгэм хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуульд хүрдэг. Тиймээс илүү их хэлэлцүүлэг хийх ёстой. Дан, давхар дээл бол Үндсэн хуулийн гол асуудлуудын нэг байсан юм билээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоогоор сонгох, УИХ-ын гишүүдийн тоог 150 болгох, давхар дээлийн асуудал үр ашигтай байх, Ерөнхийлөгчийг өргөтгөсөн хурлаас сонгодог байх гэсэн дөрвөн зарчимд намын дарга нар санал нэгдсэн.Та үүнд санал нэг байна уу? Байр суурийг нь сонсмоор байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн гучин жилийн гол маргаан энэ л байсан. 1992 онд нэг УИХ-ын гишүүн 28 мянган хүн төлөөлж байсан бол одоо 44-45 мянга гаруй хүнийг төлөөлж байна. Парламент бол бага ард түмэн. Том зургаараа манайх холимог тогтолцоо руу явах хэрэгтэй. Бусад парламентын засаглалыг харахад ийм л байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр таны хэлсэн асуудлуудыг ярьж байсан. Тухайн үед сонгууль дөхсөн байсан учир гурав нь орхигдож батлагдсан. Тиймээс сонгодог парламенттай болохын тулд дахиж ярих хэрэгтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!