Uncategorized

Үр хүүхдийнхээ төлөө арчаатай байж биеэ гамнаж яваарай. Хэн ч хүүхдийг чинь ТАНЬ шиг хайрлаж чадахгүй

Эцэг, эх болгон хүүхдээ амжилттай, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тэгвэл манлайлагч болох боломж бас ирээдүй хүүхэд бүрт бий. Тэр нь эцэг, эх танаас л шалтгаална. Хүүхдээ амжилтад хүргэхийн тулд эцэг, эхчүүд юун түрүүнд өөрсдийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг түүнд зааж, сургахын нэр биш. Энэ бол эцэг, эхчүүд өөрөө суралцах тухай асуудал юм. “Хүүхдүүдээ хүмүүжүүлсний хэрэггүй. Тэртээ тэргүй тэд таныг дуурайна. Та эхлээд өөрийгөө хүмүүжүүл” гэдэг үг ч байдаг шүү дээ. Тиймээс та хүүхдээ амжилттай яваасай гэж хүсдэг бол хүүхдэдээ “үглэхээсээ” өмнө өөртөө эдгээр хандлага бий, эсэхийг ажиглаад үзээрэй. Тодорхой судалгаан дээр суурилан гаргасан хүүхэд нь амжилттай яваа эцэг, эхчүүдийн нийтлэг шинжийг хүргэж байна. 1. Тэд хүүхдээ багаас нь “ажилд” сургадаг “How to Raise an Adult” номын зохиогч, Стэнфорд их сургуулийн захирал асан Жули Лифкотт Хэймс “Хэрэв хүүхэд тань аягаа угаахгүй байгаа бол хэн нэгэн нь түүний өмнөөс үүнийг хийчихнэ гэж бодсон доо тэр. Гэхдээ энэ бол зөвхөн аяга угаалгаад, ажил хийлгээд байгаа тухай асуудал биш юм. Ажил хийх нь бусдынхаа сайн сайхны төлөө миний оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгох анхны дохио болдог учир үүнд томоохон ач холбогдол өгөх ёстой” хэмээн “Ted Talk”-т тавьсан илтгэлийнхээ үеэр ярьжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ аль болох бага наснаас нь биеийг нь даалгаж сургах нь том болох тусам улам нэмэгдэх үүрэг хариуцлагаа түүртэлгүй биелүүлэхэд нь тустай юм. Хүүхдээ багаас нь өөрөө хувцсаа өмсөж, гутлаа үдэж, тоглоомоо хурааж, асгасан зүйлээ арчиж цэвэрлэх, яваандаа аяга угааж, гэрээ шүүрдэж цэвэрлэх зэрэгт сургаарай. Хүүхдүүд үүнээс л хамгийн анх өөрт нь зорилго байх ёстой, үүнийхээ дагуу ажиллах хэрэгтэйг ойлгож авдаг аж. Хүүхдээ эв хавгүй байна, удаан байна гэж битгий зэмлээрэй. Тэвчээртэй байж, магтаалын үгээр урам өгөөрэй. Хүүхэд тань яг л хөлд орж, ярьж сурсан шигээ алхам алхмаар биеэ дааж сурах болно. 2. Тэд хүүхдийнхээ анхны цалинг нь өгдөг Та хүүхдээ сургуульд нь явахад цайны мөнгө өгдөг л биздээ. Тэгвэл үүнийгээ цалин болгоод үзээрэй. Тодруулбал, гэрийн хялбархан ажлыг хүүхдээрээ хийлгээд цалин өгөх нь хүүхдийг багаас нь мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхэд сургадаг байна. Энэ бол хүүхдийг боолчилж байгаа асуудал ердөө ч биш. Хүүхдээрээ аяга угаах, цэцэг услах, шалаа шүүрдэх гэх мэт хөнгөхөн гэрийн ажил хийлгээд цалин өг . Цалин гэхээр нэг их мөнгө гэсэн үг биш. Жишээ нь, нэг цэцэг усалбал 100 төгрөг ч юм уу. Хамгийн гол нь ингэснээрээ хүүхэд хөдөлмөрийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг багаасаа ойлгож, бизнес сэтгэлгээтэй хүн болж төлөвшдөг аж. Мөн төлөвлөгөө боловсруулж, тухайн цалингаа хадгалж сургах хэрэгтэй. Цалингаа хадгалахдаа тэр мөнгөөрөө авах зүйлээ хадгаламжийн саван дээр нь бичээд нааж ч болно. Ингэснээр хүссэн зүйлээ авахын тулд хөдөлмөрлөх ёстой гэдэг үзэл төлөвшихөөс гадна төлөвлөгөөтэй, зорилготой амьдарч сурдаг байна. “Баян хүүхэд, ухаалаг хүүхэд” номын зохиолч Роберт Киёсаки эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамтдаа санхүүгийн төлөвлөгөө гаргах нь хүүхдэд зохион байгуулалттай, арвич хямгач, тооцоотой, хариуцлагатай зан чанарыг суулгадаг гэж зөвлөсөн байдаг. 3. Тэд хүүхдэдээ нийгмийн ур чадварыг багаас нь заадаг Пеннсилван мужийн их сургууль болон Дюк их сургуулийн судлаачид цэцэрлэгийн наснаас нь эхлэн 700 гаруй хүүхдийн дунд 20 жилийн турш судалгаа хийжээ. Тэдгээр хүүхдийг 25 нас хүртэл нь судалж, ийм дүгнэлтэд хүрсэн байна. Судалгаагаар хамтран ажиллах, бусдад туслах, хүний үгийг сонсох зэрэг нийгмийн ур чадварт багаасаа суралцсан хүүхдүүд өөрт нь тулгарсан асуудлыг зөв шийдвэрлэж чаддаг болдгийг тогтоожээ. Мөн эдгээр хүүхэд коллежид элсэн орж, цаашид их сургуульд суралцаж, ажлын байртай болж сайхан амьдарч байжээ. Харин нийгмийн ур чадвар хязгаарлагдмал хүүхдүүд 25 настайдаа ч цагийн ажил хийж, коллежид суралцдаггүй, нийтийн орон сууцанд амьдарч, архинд донтон шоронд орж байжээ. Тус судалгааг санхүүжүүлсэн “Robert Wood Johnson” сангийн захирал Кристин Шуберт “Энэ судалгаагаар хүүхдийг эрүүл ирээдүйд бэлтгэхийн тулд эцэг, эх бидний зүгээс юу хийж чадах вэ гэдэг хамгийн чухал зүйлийг тогтоож чадсан. Энэ бол нийгмийн болон сэтгэл санааны ур чадварыг багаас нь хөгжүүлэх тухай асуудал юм” гэжээ. Тэрээр “Бага наснаас эхлэн нийгмийн ур чадварыг нь хөгжүүлсэн, эсэхээс шалтгаалж хүүхэд ажил эрхлэх үү, архинд донтох уу гэдгийг тодорхойлж болно . Мөн хүүхэд коллежид орох уу, шоронд орох уу гэдгийг тодорхойлж болно” гэжээ. Амжилттай яваа манлайлагчид ярихаасаа илүү хүнийг сонсдог . Хүнийг сонсох ямар чухал болохыг багаас нь заах нь нийгмийн ур чадварын хамгийн чухал дадал юм. Тэгэхээр та өөрөө үлгэрлэнэ гэсэн үг. Түүний яриаг таслалгүй сонссоны дараа “За одоо миний ярих ээлж” гээд өөрийнхөө яриаг эхлүүлээрэй. Түүнчлэн нийгмийн ур чадварын хамгийн чухал хэсэг бол өөртөө итгэх, бусдад итгэх тухай асуудал юм. “Би чадахгүй” гэж хэлдэг хүмүүсийг багад нь эцэг эх нь “Чи чадахгүй байх хойшоо” гэж загнасантай холбоотой. Тэгэхээр амнаасаа гарч байгаа үгээ эхлээд цэгнэ. “Боль” гэж хүүхдээ загнахынхаа оронд “Чи үүнийг яаж шийдэх гэж байна” гэж асуух хэрэгтэй аж. Түүнчлэн хүүхдийг бага наснаас нь нийгэмд (тоглоомын талбай, цэцэрлэг, сургууль дээр) бусадтай нийцтэй байж, сайн харилцаа тогтооход тодорхой дүрэм баримтлах хэрэгтэйг зааж өгөх хэрэгтэй. Энэхүү дүрмээс чухал нэг нь яах аргагүй хамтран ажиллах, багаар ажиллах чадвар юм. Хүүхдийг багаар ажиллах чадварт суралцуулахдаа түүнийг бусадтай харьцуулж болохгүй. Харин үүний оронд багийн гишүүн болгоны оролцоог үнэлж, багаар ажилласнаар ямар үр дүн гарсныг нь магтах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хий хоосон магтах биш тухайн баг амжилт гаргахад түүний оролцоо юу байсныг бодитоор дүгнэж, магтах ёстой аж. 4. Тэд хүүхдэдээ итгэж хариуцлагад сургадаг Калифорнийн их сургуулийн профессор Нийл Халфон нарын эрдэмтэд 2001 онд 6600 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар эцэг, эхчүүдийн хүлээлт тэдний ирээдүйд асар их нөлөө үзүүлдгийг тогтоожээ . Тухайлбал, хүүхдэдээ итгэж чаддаггүй, бүхнийг өмнөөс нь шийдэж, хийдэг эцэг, эхтэй хүүхэд өөртөө итгэлгүй, хариуцлагагүй болж төлөвшдөгийг ажиглажээ. Ийм эцэг, эхтэй хүүхдүүдийн 57 хувь нь коллежид ордог ч, амжилт гаргадаггүй байна. Харин хүүхдэдээ итгэл хүлээлгэж, өөрт нь сонголт хийх боломжийг олгодог эцэг, эхтэй хүүхдүүдийн 98 хувь нь коллежид орж, амжилттай суралцаж байжээ. Судалгааны үр дүнд “Эцэг, эхийн орлого, санхүүгийн байдлаас үл шалтгаалан хүүхдээсээ их зүйлийг хүлээдэг, тэр хэрээрэээ түүнд итгэж чаддаг хүмүүсийн хүүхэд илүү амжилттай, зорилготой болдог” гэжээ. Гэхдээ хүүхдээсээ их зүйлийг хүлээж байна гээд түүнийг байнга дарамталж, үглэхээс илүүтэй түүнийг дэмжиж, хариуцлага хүлээлгэх нь хамгийн чухал чадварт сургадаг байна. Тиймээс “Ямар хариуцлагагүй юм бэ чи” гэж загнахын оронд хариуцлага гэж юу болохыг та биеэрээ үзүүл. Жишээ нь ажлаасаа 19.00 цагт ирээд хамт тоглоно гэж амласан бол та тэр амлалтад хүрэх ёстой. Хэрвээ хэлсэн цагтаа ирдэггүй, амласан зүйлээ хойшлуулдаг бол таны хүүхэд ч мөн ялгаагүй яг тийм болж төлөвшинө. Хэрвээ амласанаа биелүүлэх боломжгүй бол урьдчилан хүүхдээсээ уучлалт гуйж сур. Тэгвэл таны хүүхэд ч танаас бас уучлалт гуйх болно. 5. Эцэг, эх нь хоорондоо эрүүл харилцаатай байдаг Гэр бүл салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар АНУ-ын сэтгэл судлаач Черлин өөрийн судалгаанд үндэслэн доорхи дүгнэлтийг гаргасан байна. Тэрээр бага насанд нь эцэг эх нь салж ээж аавынхаа аль нэгэн дээр өссөн 2000 гаруй насанд хүрэгсдээс судалгаа авч, ийм дүгнэлтэд хүрчээ. Салалтын дараа бага насны хүүхэд ямар нэг айдсыг мэдэрч өөртөө үл итгэн өөрийгөө буруутай гэж хэмээн боддог байна. Дунд насны хүүхэд бол цочрол, бухимдал, эмзэглэлээ шууд илэрхийлж зөруудэлж эхэлдэг. Эцэгг эх нь салснаас хойш бүр таван жилийн дараа ч өөрийгөө аз жаргалгүй, гээгдэж хаягдсан, гологдсон, ганцаардмал хүн хэмээн мэдэрч зовнин эмзэглэсэн хэвээр байснаа дурссан байна. Түүнчлэн өсвөр наснаасаа эхлэн үеийнхэн болон эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа үргэлж өөрийгөө харьцуулж дорд үздэг, элэг бүтэн амьдралыг мөрөөддөг ч хайр дурлал нь яагаад ч юм бүтэлгүйтэл, золгүйтлээр дуусдаг байсан гэжээ. Тэдгээр хүүхэд нас биед хүрч эцэг эх болсон хойноо ч хүүхдээ сайн хүмүүжүүлж чадах болов уу, Сайн нөхөр, эхнэр болж чадах болов уу Гэсэн маш олон сэтгэл түгшээсэн асуултуудтай амьдардаг болохоо илэрхийлжээ. Үүнээс харахад эцэг эхийн салалтын үр дүн хүүхдээс ул мөргүй алга бололгүй насан туршид хадгалагдан үлдэж, ажил амьдралын эрч хүчийг буруулж байдаг нь тодорхой боллоо хэмээн Черлин онцолсон байна. Түүнчлэн Иллинойс их сургуулийн эрдэмтэн Роберт Хьюс эцэг, эх нь салсан хүүхдээс илүүтэй эрүүл бус харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд илүү дарамтад орж, өөртөө итгэх итгэлгүй болдгийг тогтоожээ. Тухайлбал, эцэг эх нь салсан ч хоорондоо эрүүл харилцаатай байж чадвал хүүхдийн хөгжил, ур чадварт эергээр нөлөөлдөг байна. 6. Тэд хүүхдэдээ бичиг үсэг, тоо эрт заадаг АНУ, Канад, Англи даяар сургуулийн өмнөх насны 35 мянган хүүхдийн дунд явуулсан мета-анализ судалгаагаар математикийг багад нь сургах нь хүүхдийн хөгжил, ур чадварт маш том давуу тал болдгийг тогтоожээ. “Northwestern” их сургуулийн судлаач Грег Данкан “Математикийн ур чадварыг багад нь эзэмшүүлэх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Тооны мэдлэг, дугаар, дараалал зэрэг бусад анхан шатны математикийг багад нь эзэмшүүлэх нь сэтгэн бодох чадвар, аливааг олон талаас нь харах чадварт суралцуулдаг байна. 7. Тэд хүүхэдтэйгээ байнга харилцаатай байдаг Миннесотагийн их сургуулийн сэтгэл зүйч Ли Рэби “Хүүхэдтэйгээ харилцаагаа байнга хөгжүүлж байх нь тухайн хүүхдийн ирээдүйд маш том өгөөж болдог” гэжээ. Тэрээр 2014 онд 243 хүүхдийн дунд гурван жилийн хугацаатай судалгаа явуулжээ. Хүүхэдтэйгээ байнга харилцаж байх нь түүнийг санал бодлоо илэрхийлэх чадварт сургадаг байна. Энэ бол орчин үед хамгийн чухалд тооцогдох чадваруудын нэг. Та хүүхдийнхээ дэргэд үргэлж байхгүй тул аль болох бага наснаас нь энэ чадварт суралцуулах хэрэгтэй. Үүний тулд хүүхдийн чинь санал, бодол гэр бүлийн дотор чухал гэдгийг харуулах нь зүйтэй. Хүүхдээ ярьж байхад нь анхааралтай сонсож, түүнийг ойлгож байна гэдгээ харуулж, сонирхлыг нь дэмжиж, асуусан асуултад нь тоглоом шоглоомоор хариулахгүй байх хэрэгтэй. 8. Алдаа гаргахад нь загнахаас илүүтэй хүчин чармайлтыг нь үнэлдэг Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач Карол Дуэк “тогтмол сэтгэлгээ” ба “хөгжих сэтгэлгээ” гэдэг ойлголтыг бий болгожээ. Тэрээр олон жил хийсэн судалгааныхаа дүнд хүүхдүүд болон томчууд ч ялгаагүй амжилтыг хоёр өөр хандлагаар авч үздэгийг олж мэдсэн байдаг. Эхнийх нь тогтмол сэтгэлгээ. Энэ нь ой ухаан, бүтээлч чадварыг хүнд угаас заяасан өгөгдөл, амжилт нь эдгээр өгөгдлөөс үүдэн гардаг, хэр ухаантай, ур чадвартай эсэхийг батлан харуулдаг зүйл гэж үзэх хандлага. Нөгөөх нь хөгжих сэтгэлгээ. Энэ нь эсрэгээрээ амжилтыг хүчин зүтгэл талаас харна. Бүтэлгүйтэх юм бол ухаан муутай, ур чадваргүйгийнх биш харин хөгжих, угаас байсан чадвараа улам туршлагажиж сайжруулах боломж гэж хүлээж авна. Гол нь аль талд нь сэтгэлгээ төлөвшихөөс хамаараад ямар нэг хэцүү сорилт тулгарахад өөрийн авьяас чадвараа хөгжүүлэхээр хүчин зүтгэл гаргах эсэхэд нөлөөлж, энэ нь эцсийн дүндээ амжилтад хүрэхэд нөлөөлнө. Тиймээс хүүхэд хөгжих сэтгэлгээтэй болж өсөх, эсэх нь эцэг, эх нь түүнийг магтах, алдаа гаргахад нь ямар хандлага үзүүлснээс шалтгаалдаг байна. Карол Дуэк нэг туршилтаар хүүхдүүдээс шалгалт авч “хөгжих” ба “тогтмол” хандлагатай хоёр бүлэгт хуваагаад эвлүүлдэг тоглоом тоглуулжээ. Хүүхдүүд тоглоомоо өөрсдөө сонгоно. Ингээд харахад “тогтмол” бүлгийнхэн сайн тогловол өөрсдийнх нь ухаантайг баталж өгөх тул илүү амархан тоглоом сонгож тоглож байсан бол хөгжих сэтгэлгээтэй хүүхдүүд суралцах боломж гэж харж илүү хэцүү тоглоомоор тоглосон ялгаа гарчээ. Хүүхдээ ухаантайгаа батлахын төлөө биш хөгжихийн төлөө суралцдаг болгохын тулд миний хүү, миний охин толгой сайтай, ухаантай биш сайн хичээсэн байна шүү, их сайн бэлдсэн байна гэх мэт хүчин зүтгэл талаас нь магтаж урамшуулж байгаарай. Түүнчлэн хүүхэд амжилт, алдаандаа хэрхэн хандаж байна гэдгээс өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусадтай харьцах харьцаа тодорхойлогддог байна. Хүүхдүүд хамт тоглож байгаад хожигдсон нэг нь уурлаж, уйлахад санаа нь зовсон эцэг эх хүүхдээ гэр рүүгээ авч орох нь түгээмэл харагддаг. Гэвч энэ нь хожих нь сайн, хожигдох нь муу гэсэн буруу ойлголтыг хүүхдэдээ суулгаж буйн тэмдэг юм. Хүүхдээ амжилт гаргахад магтаж бай. Харин хожигдоход нь тоохгүй орхиж болохгүй. Хамтдаа хожигдсон шалтгааныг нь хайж ол. Хэрэв бусад хүмүүст тэгж их төвөг учруулаагүй л бол хүүхэд тань хожигдсондоо шаралхаж, уурлаж, уйлахыг нь хориглоод хэрэггүй. Хамгийн гол нь та хүүхдэдээ алдаа гаргасан ч бай, амжилтад хүрсэн ч бай, түрүүлсэн ч бай, хожигдсон ч бай хамаагүй байгаагаар нь хайртай гэдгээ л мэдрүүлэх нь чухал юм. Хүүхэд тань бүтэлгүйтэх юм бол ухаан муутай, ур чадваргүйгийнх биш харин хөгжих, угаас байсан чадвараа улам туршлагажиж сайжруулах боломж гэж хүлээж авна. Тиймээс хүүхдээ алдаа гаргахад нь загнахаас илүүтэй хүчин чармайлтыг нь үнэлж сурах хэрэгтэй. 9. Амжилт бол мөнгө биш гэдгийг ойлгуулдаг Стэнфордын их сургуулийн судлаач Шон Рэрдон өндөр болон бага орлоготой гэр бүлийн дунд судалгаа хийсэн байна. Ингээд мэдээж, эцэг эхийн санхүү, эдийн засгийн байдал хүүхдийн боловсролын төвшинд нөлөөлдгийг тогтоожээ. Гэхдээ энэ бол та хүүхдийнхээ төлөө мөнгө цуглуулах, санхүүгийн боломжтой байх тухай асуудал болохоос биш хүүхдээ мөнгөтэй бол гэж шаардах тухай биш юм. Амжилт гэдэг мөнгө биш. Зарим эцэг эхчүүд мөнгө бол амжилт гэж хүүхдэдээ ойлгуулснаас одоогийн мөнгийг дээдэлсэн нийгмийн нэг хэсэг үүссэн. Амжилт гэдэг хүнлэг энэрэнгүй сэтгэл. Таныг хөгширсөн хойно хүүхэд чинь танд хүнлэг хандаасай гэж хүсч байгаа бол багаас нь түүнд энэрэнгүй байхыг зааж сурга. Зүгээр үгээр хэлэх биш үзүүл. Хэн нэгэнд хамтдаа тусал. Энэ талаараа ярилц. 10. Тэд хүлцэнгүй байж чаддаг Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач Диана Бумрайдын ахалсан эрдэм шинжилгээний багийнхан 1960 онд хийсэн судалгаагаараа эцэг, эхчүүдийг гурван үндсэн төрөлд хуваан авч үзжээ . Эхнийх нь хүлцэнгүй эцэг, эх: Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдээ залхааж, загнадаггүй. Аливаа асуудалд үүхдийнхээ санаа бодлыг тусгаж авахыг хичээдэг.  Энэ төрлийн эцэг, эхчүүдийн хүүхэд бие даасан, харилцах чадвар өндөр, өөртөө итгэлтэй болон төлөвшдөг байна. Хамгийн гол нь хүүхэд амжилттай, манлайлагч байж чаддаг болохыг тогтоожээ. Захиргааддаг эцэг эх: Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдээ тогтсон нэг стандартын хүн байлгахын хичээдэг, түүнээс гажуудвал загнадаг. Өөрийнхөөрөө байлгахыг эрмэлзсэнээрээ хүүхдээ “байдаг л нэг, энгийн хүн” болгодог. Энэ төрлийн эцэг, эхтэй хүүхдүүд тогтсон стандарттай хүн болдгоос биш амжилттай манлайлагч болж чаддаггүй байна. Эрх мэдэлтэй эцэг эх: Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдээ шууд захиргааддаг.  Өөрөөр хэлбэл, эцэг эхийн үг хууль гэсэн дүрэм баримталдаг. Хүүхдээ үг хэлэхэд нь “Би чамд ингэх хэлж байна”, “Намайг сонс, чи тэгэх хэрэгтэй” гэх зэргээр түүний байр суурийг үгүйсгэх хандлагатай. Ийм эцэг, эхчүүдийн хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй, сул дорой хүн болж өсдөг байна. Бусдаас байнга тусламж эрж, өөрөө асуудлыг толгой мэдэн шийдэх чадваргүй болдог. Тиймээс таны хүүхэд бол та биш гэдгийг ойлгох хэрэгтэй . Таны хүүхэд өөрийн гэсэн биет хэн, өөрийн толгойтой, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй гэдгийг нь эхлээд та өөрөө ойлго. Дараа нь түүнд ойлгуул. Ингэхийн тулд “Би чам шиг жаахан хүүхэд байхдаа ийм байгаагүй, тийм байсан” гэж ярихаа одооноос зогсоо. Оронд нь “Чи юу гэж бодож байна” “Чиний саналыг сонсъё” гэж асуу. Үүний дараа өөрийн саналыг хэлж, ярьж ойлголцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарим зүйлд хүлцэнгүй хандах хэрэгтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!