Uncategorized

МУГЖ Б.ЭНХБАТ АГСНЫ ОХИН С.БОЛОР: Монголын радио ээжийн минь дууг сонсох гэсэн сонсогчдын хүсэлтэд дарагддаг байлаа

Уянгалаг, намуухан хоолойгоороо ард олныхоо сэтгэлийг хөгжим мэт хөглөж явсан байсан түүнийг Б.Энхбат гэдэг. Тэрээр “Алтан нарны цацраг атган Ариун хөрсөнд соёолон найгасан Амьдрал жаргалын гэгээн бэлгэдэл Алаг цэцэг мөнх дэлгэрэг Энхэрхэн дэлбээг чинь тааланхан Эхийн хайраар чамайг ургуулсан юм” хэмээх “Цэцэгчний хүслэн” дууг яг л цэцэг шиг тансаг хоолойгоор дуулж, үзэгчдийг алмайруулж, нижигнэтэл алга ташуулсаар хорвоогоос буцсан ховорхон заяасан авьяастан билээ. Түүний хүчтэй мөртлөө намуухан хоолой өнөөг хүртэл бид мартаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний уран бүтээл, дахин давтагдашгүй хоолой сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнх дэлгэрч, жаргал мэдрүүлэх нь гарцаагүй биз ээ. 25 настайдаа Монгол Улсын гавьяат жүжигчин болж, олны хайр, энэрэлийг хүртэж, дааж явсан дуучин Б.Энхбат агсны охин С.Болортой ярилцлаа.Таны ээж Дарханы Б.Энхбат нэрээрээ алдаршсан юм билээ. Тэнд хэчнээн жил ажиллаж, амьдарсан бэ?-Ээж минь 1958 онд Улаанбаатар хотод төрж, хүүхэд насаа Төв аймагт өнгөрүүлсэн юм билээ. Эцэг, эхээс тавуулаа. Нэг ах, гурван дүүтэй. Ээж долдугаар ангиасаа дуулах авьяастайгаа мэдэж, мандалин тоглож, олон түмнээс урмыг үг сонсож, дуучин болох мөрөөдөлтэй болсон гэдэг. Миний ээж Хөгжим бүжгийн дунд сургуулийг ёочин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөх жилээ залуучууд эвлэлийн илгээлт аваад Дархан явахыг нь телевизээр харж, Дарханд очих хүсэлтэй болсон юм билээ. Тэгээд сургуулиа төгссөн даруйдаа хүслээ биелүүлж, үеийн охидтойгоо Дарханыг зорьсон байдаг. Тухайн үед ээжийг Дархан хотын “Залуучууд” театрын уран бүтээлчид элэгсэг дотноор хүлээн авч, ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн юм билээ. Ээж минь 1978 оноос Дархан хотод хөгжимчин, дуучин, гоцлол дуучнаар ажилласан болохоор “Дарханаасаа холдоно” гэх бодол сэтгэлд нь багтдаггүй гэж ярьдаг байсан. Ээж Дарханд залуу нас, уран бүтээлийн оргил үеэ өнгөрүүлсэн тул “Дарханы Б.Энхбат” нэртэй болсон.-Үзэгч олон таны ээжийг дуучнаас гадна хөгжимчин гэдгийг мэддэггүй байсан болов уу?-Сонсогчид ээжийг хөгжимчин гэдгийг нь сайн мэддэггүй байсан. Ээж Дарханд очсоныхоо дараа жилээс бригадаар явж, тоглолтод оролцож байсан юм билээ. Тухайн үед дуучин хүрэлцэхгүй байсан учир театрынхан нь “Чи л дуулна даа” гэж хэлсэн цагаас хойш ээжийн минь дуучин болох эхлэл бий болсон гэдэг.Ээж нь тайзан дээр ганцаараа гарч дуулж байсан тухайгаа ярьж байв уу?-Ээж дуучин мэргэжил эзэмшээгүй ч төрөлхийн авьяастай байсан болохоор 1979 оноос мэргэжлийн түвшинд дуулж эхэлсэн юм билээ. Тэр жилдээ Дарханы театрт болсон “Залуусын золбоо” концертод “Орь залуу нас” дуугаараа оролцож байсан юм билээ. Түүнээс хойш “Цэцэгчний хүслэн”, “Бүүвэй”, “Уянга цагаан хуруу”, “Тогтохоо байлаа”, “Хар торгон хамжаар”, “Цэрэг эрийн гэргийн дуу”, “Аз жаргалын алтан хараацай” зэрэг сэтгэлд хоногшсон дуугаар нь ард түмэнд андахгүй болсон доо. .-Таны ээж 1980-аад онд зохиолын дууны ертөнцөд өөрийгөө тунхаглаж чадсан авьяаслаг эмэгтэй. Танд ээжийнхээ дуунуудыг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?-Ээжийнхээ бүх дуунд дуртай. Ээж чанга, хашхирч биш шаглаж, уярч дуулдаг байсан. Тиймээс ээжийнхээ дууг хэд ч сонссон уйддаггүй. Дахиад л шимтэн сонсмоор байдаг. Ээж минь өөрийнхөө зан чанар шиг аядуу зөөлөн, намбалаг аялгуутай дуулдаг байсан. Дуу бүхнээ өөрийнхөөрөө мэдэрч дуулдаг байсан болохоор ард түмний сэтгэлд илүү хүрдэг байсан болов уу.-Багадаа ээжийнхээ дуулахыг хэр сайн мэддэг байв. Ээжээрээ бахархаж хүмүүст гайхуулдаг байв уу?-Мэдээж, бахархалгүй яахав. Одоо ч “Дарханы Б.Энхбатын охин” гэхээр хүмүүс сайн таньдаг. Гэхдээ байнга гайхуулаад явахгүй л дээ. Ойр тойрныхон, хамт ажилладаг хүмүүс амархан мэдчихсэн байдаг. Ээж минь алтан үеийн гавьяат дуучин болохоор хүмүүс сайн таньдаг юм. Телевизийн нэвтрүүлгээр ээжийн маань тухай, уран бүтээлийнх нь тухай алдар нэртэй хүмүүс дурсан ярьдаг. Түүнийг сонсоод ээжээрээ улам их бахархадаг шүү дээ.Та ээжийгээ хэрхэн дурсан, санадаг вэ?-Ээж минь байхгүй ч гэлээ дууг нь сонсож, уярч явна даа. Ээжийн минь уран бүтээл, дуу хоолой мөнх оршиж байна. 27 настайдаа Монгол Улсын гавьяат жүжигчин болсон гэж бодохоор ямар чадалтай, авьяастай дуучин байсан гэдгийг нь надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.-Ээжийнх нь удамд дуучин байсан уу?-Ээжийн удамд нь дуучин хүн байгаагүй. Цэцэрлэгт байхаасаа мандалин хөгжмөөр тоглодог, Төв аймагт сургуульд байхдаа концертуудад дуулдаг авьяастай хүүхэд байсан юм шиг байна лээ.-Таны ээж залуудаа бурхан болсон юм билээ. Шалтгаан нь юу байсан бэ?-Би 18 настайдаа ээжийгээ алдсан. Ээж минь 2003 онд бөөрний дутагдалд орж, БНХАУ-ын Бээжин хотод бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Санхүүгийн боломжгүй байсан учир 2003 оны тавдугаар сард уран бүтээлч найзууд нь нийлж, хандивын тоглолт хийсэн. Тэр тоглолтонд Монголын алдартай яруу найрагчид, алтан үеийн эстрад, одоогийн рок попын 100 гаруй уран бүтээлч оролцсон томоохон тоглолт болж байсан. Ард түмний сэтгэлийн дэм, тусламжаар эмчилгээний мөнгө нь цугларч, ээж маань хагалгаанд орсон. Тэгээд ээж, аав хоёр Бээжинд тав, зургаан жил амьдарсан. Даанч харамсалтай нь, дархлаа сул байсан дээрээ хатгаа авч, бие нь муудаж, эмчилгээ хийлгэж байгаад 49 насандаа бурхан болсон доо.-Ээжийгээ “Одоо байсан бол” гэж харамсах, хүлээх үе танд байдаг уу?-Тухайн үед үеийнх нь дуучид тайзан дээр гарч дуулахаар “Ээж минь байсан бол ингээд л тайзан дээр зогсох байсан даа” гэж битүүхэн атаархдаг байсан. Би ээжийгээ баярлуулж чадаагүй гэж боддог. Гэхдээ ээж минь тэнгэрээс намайг сайн ханьтай учирч, сайхан амьдарч байгааг хараад баярладаг гэдэгт итгэдэг. Ээждээ залбирч, цай, сүүнийхээ дээжийг өргөж, төрсөн өдөр, бурхан болсон өдрөөр нь зул өргөдөг.Ээж нь дуугаа хэрхэн бэлддэг байсан бэ. Гэртээ дуулах дасгал хийдэг байв уу?-Гэртээ дуу, хоолойны дасгал хийдэггүй байсан. Би дуугаа бэлдээд байсныг нь санадаггүй юм. Гэртээ бие нь өвдөөд хэвтэж байхдаа ёочин хөгжмөө тоглохоороо нүд нь сэргээд л эхэлдэг байсан. Тэрхэн үедээ яг л эрүүл, саруул болсон юм шиг жаргалтай харагддаг байсан.-Та аавынхаа тухай ярьж өгөөч?-Миний аавыг Сүхбаатар гэдэг. Сэлэнгэ аймгийнх. Багш мэргэжилтэй. Дарханаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж, ээжтэй танилцаж байсан юм билээ. Аав минь ээжийг өвчтэй байхад маш их асарсан буянтай. Одоо үр хүүхэд, ач, зээгээ тойруулан сайхан амьдарч байна.-Ээжийнхээ уран бүтээлийн сан хөмрөгийг судалж, эмхэтгэсэн үү. Ойд нь зориулж сан байгуулж байв уу?Ээж урын сандаа 200 гаруй дуутай. Бид гэр бүлээрээ сэтгэлд хоногшсон 10 дууны клип, 18 дууны CD, DVD 2010 онд хэвлүүлж байсан. Ээж минь бурхан болохоосоо өмнөхөн есөн клипээ бүтээж, найруулагч О.Машбат агсан, гэргий МУГЖ Н.Батцэцэг нараар “Үгүйлэн санана” хөрөг нэвтрүүлгээ хийлгэж, бидэнд үлдээсэн. Монголын радио ээжийн минь дууг сонсох гэсэн сонсогчдын хүсэлтэд дарагддаг байсан. “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр ээжийн минь дуунуудыг сонсох гэж хүлээдэг, редакцад нь олон мянган захидал ирж, бүр “Дарханы Энхбатын дуулсан эгшиг дуу эх орны дөрвөн зүг, найман зовхист өдөр бүр уянгалах боллоо” гэсэн нийтлэл гарч байсан. Ээжийнхээ дуунуудыг youtube сувгаар олон мянган үзэлттэй, сэтгэгдэлтэй байгааг хараад баярладаг. Мөн ээжийн дуунуудыг залуучууд шинэчлэн дуулж байна. 2011 онд Дарханд ээжийнхээ найз нөхдийн санаачлагаар “Залуучууд” театрын хамт олон, орон нутгийн удирдлагуудтай хамтран Гавьяат жүжигчин Б.Энхбатын нэрэмжит “Сэтгэлийн аялгуу” дууны уралдаан зохион байгуулж, байр эзэлсэн оролцогчдыг Бээжин хотоор аялуулж байсан. Цаашид ээжийнхээ СD-г шинэчилж, пянз гаргах төлөвлөгөөтэй байна.-Цаг гарган ярилцсанд баярлалаа.-Баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!